Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 040

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, улсын яллагч Х.Өрен, нарийн бичгийн дарга К.Еркежан, орчуулагч, хэлмэрч А.Еркегүл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди, шүүгдэгч Б.Е нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ед холбогдох 1813000120026 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч Б  овогт Б-ийн Е, Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1992 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын  дугаар баг, Х т гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:Б000

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Е нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаантолгой гэх газарт засмал зам дээр өөрийн эзэмшлийн “Санг-Ионг истана” маркийн 19-11 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, Х.Егийн жолоодож явсан Тоуота Ландкрузер-80 маркийн 9791 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тухай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан У.Мы эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Аы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Е нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Улаантолгой гэх газарт засмал зам дээр өөрийн эзэмшлийн “Санг-Ионг истана” маркийн 19-11 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад үзэгдэх орчин хязгаарлагдмал цасан шуургатай, зам цасаар бүрхэгдсэн, хальтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан яваагүйн улмаас зам дээр адуу гарч ирэхэд тойрч гарах, зогсоох үйлдэл хийж замын эсрэг урсгалд орон, өөдөөс ирж явсан иргэн Х.Егийн “Тоуота ландкрузер-80” маркийн 97-91 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар “Иргэн замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” гэснийг, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1д зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 7.15-д заасан “саадыг тойрон гарахдаа өөдөө яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж, “Санг-Ионг истана” маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан  У.Мы эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Аы эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учруулсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Шүүгдэгч Б.Еы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 103-104,105-107 дугаар хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
  • Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15 дугаар хуудас/,
  • Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,
  • Хохирогч Ш.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн

31-34  дүгээр хуудас/,

  • Хохирогч У.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-

39  дүгээр хуудас/,

  • Хохирогч Х.Егийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн

41-42 , 44-45 дугаар хуудас/,

  • Гэрч И.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 4647  дугаар хуудас/,
  • Гэрч Х.Аы мөрдөн байцаалтын  шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-  50 дугаар хуудас/,
  • Гэрч С.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 51- 53  дугаар хуудас/,
  • Гэрч А.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн  54-55 дугаар хуудас/,
  • Гэрч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-

58  дугаар хуудас/,

  • Гэрч Х.Еий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-  60 дугаар хуудас/,
  • Гэрч Е.Кгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн  61-62 дугаар хуудас/,
  • Гэрч А.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн  63-64 дүгээр хуудас/,
  • Гэрч Х.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 6566  дугаар хуудас/,
  • Шинжээчийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/,
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаар дүгнэлт /хх-ийн 75 дугаар хуудас/,
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаар дүгнэлт /хх-ийн 79 дугаар хуудас/,
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаар дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/,
  • 03 дугаартай ослын дүгнэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/,
  • 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 001 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 02 дугаартай дүгнэлтэнд /хх-69/ болон

зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэлд /хх-16/ дурдагдсан шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь тухайн үед шүүгдэгч нь зам дээр гарч ирсэн адууг тойрон гарах үйлдэл хийж эсрэг урсгалд орж, өөдөөс нь ирж явсан машинтай мөргөлдсөн байна.

Шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Ш.Аы биед аарцагны битүү гэмтэл, сүүжний дэлбэнгийн зөрсөн хугаралт, сүүж ясны урд хамрын дээд доод сүүжний хэсгийн мөчрийн хугаралттай, ташаа ясны салааны хугаралттай, зүүн шилбэний хугаралттай  зэрэг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-т заасан “гэмтлийн улмаас үлдэц, уршигтай, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан”, мөн журмын 3.6- д зааснаар сүүж ясны тогооны хугарал нь хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр, тогтонги байдлаар алдагдсан зэргээр гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна.  Харин иргэн У.Мы биед баруун ба зүүн хөлний дунд чөмөгний хугаралттай зэрэг гэмтлүүд нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар амь насанд аюултай шинж агуулаагүй, эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан гэмтэл байх тул хүндэвтэр зэрэгт хамаарах юм.

Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Гэмт хэрэг гарахад хууль, дүрмийг үл хайхарсан шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Еы хууль бус үйлдлийн улмаас У.Мы эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Аы эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учруулсан боловч шүүх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах нь зүйтэй гэж үзэн, түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон Эрүүгийн хуульд заасан аль хүнд гэмт хэргийн зүйл ангиар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Еы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар уг гэмт хэргийн улмаас хохирогч

Ш.Аы эрүүл мэндэд хүнд гэмтэл, хохирогч У.Мы эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба гэмт хэргийн улмаас У.Мд 3396250 төгрөгний, иргэний нэхэмжлэгч Х.Ед 2000000 төгрөгийн хор уршиг тус тус учирсныг шүүгдэгч хохирогч нар харилцан тохиролцож /хх-141-144/, хохирогч Ш.А нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүхээр шийдвэрлүүлэх хохирол төлбөргүй болсон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Ед 2000000, У.Мд 1100000 төгрөг өгч, үлдсэн төлбөрийг төлөхөө илэрхийлэн харилцан гэрээ байгуулсан байна. Иймд шүүгдэгч Б.Еыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

Хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн үлдэц, хор уршигийн улмас эмчилгээ хийлгэх шаардлагатай болбол мөн иргэний нэхэмжлэгч нь өөрийн автомшинд учирсан хор уршгийг арилгах бол нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

2.    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирол төлсөн, өөрийн гэм бурууг ухамсарлан гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 3-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Еы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж болох хорих ялаас нь чөлөөлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих..ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэснийг баримтлан 7.3  дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ед 1 жилийн хугацаанд оршин суух газар, сургууль, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Ед оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаанд хүчингүй болгож, холбогдох байгууллага, албан тушаалтан нь ялын биелэлтэнд хяналт тавих ёстой.

Шүүгдэгч Б.Еаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Е нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч нар цаашид эрүүл мэндийг эмчлүүлэхэд, эд хөрөнгөнд  учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Еы иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт зэргийг эрүүгийн хариуцлагын биелэлтийг хангах зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Б.Еы өмч  Баян-Өлгий аймгийн Толбо сумын төвд байрлах Ү-0210000015 улсын бүртгэлийн дугаартай  4 өрөө байшин, 32 инчийн Hitachi маркийн өнгөт зурагт, Nissan wingroad маркийн 7956 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар з ү й л ү ү д и й г з а а с н ы г т у с т у с у д и р д л а г а болгон                                                                                 ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Бовогт Б-ийн Еыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т зааснаар шүүгдэгч Б.Еыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж, түүнийг хорих ялаас чөлөөлж, 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ед 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Ед оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  6. Шүүгдэгч Б.Еаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Е нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  25.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Еы өмч  Баян-Өлгий аймгийн Толбо сумын төвд байрлах Ү-0210000015 улсын бүртгэлийн дугаартай  4 өрөө байшин, 32 инчийн Hitachi маркийн өнгөт зурагт, Nissan wingroad маркийн 7956 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
  9. Шүүгдэгч Б.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ед иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ