| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2021/0103/З |
| Дугаар | 128/ШШ2021/0286 |
| Огноо | 2021-05-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2021/0286
| 2021 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 128/ШШ2021/... | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар О.Игийн гомдолтой, СБдТхтуб Б.Тд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: З овгийн О.И,
Хариуцагч: СБдТхтуб
байцаагч Б.Т
Гомдлын шаардлага: “СБдТхтуб Б.Тын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 177309 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч О.И, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч СБдТхтуб Б.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарын бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч О.И шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.И миний бие Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт Зонаас нэр дэвшиж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн.
Зон нь дэлхий нийтэд тархсан коронавирус цар тахлын улмаас сонгуулийн сурталчилгааг явуулахдаа иргэд, сонгогчидтой биечлэн уулзаж бөөгнөрөл үүсгэхгүй байх, цаашлаад халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сонгуулийн үр ашиггүй зардлаас татгалзах зэрэг шалтгааны улмаас сонгуулийн сурталчилгааг өөрийн цахим хуудас болон МҮОНРТ-ээс нам, нэр дэвшигчдэд олгосон цагийн хуваарийн дагуу тус телевизээр явуулсан. Үүнтэй холбоотойгоор О.И миний бие сонгуулийн зардлын данс нээгээгүй болно. Зардлын данс нээгээгүй учир түүнийг холбогдох байгууллагад бүртгүүлэх ажиллагаа явуулаагүй.
Гэтэл улсын байцаагч Б.Т нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийг үндэслэн 10 000 000 /арван сая/ төгрөгийн торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Захиргааны акт буюу №0177309 “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож өгнө үү.
... Манай нам бол шинэ нам байгаа. Цахимаар хийж байгаа. Сурталчилгааны үйл ажиллагаанд маш их зардал гардаг учраас шинэ зүйл хийж зардалгүй буюу үр ашиггүй сонгуульд илүү зардал гаргахгүй гэсэн зорилготой байна. Цахимаар хийж болох талаар буюу сонгуулийн системийг өөрчлөх гэсэн бодлого байгаа” гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Иг Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэснийг баримтлаагүй гэсэн. Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Тодруулах юм бол дансаа бүртгүүлээгүй гэдэг үндэслэлээр торгох шийтгэлийн хуудас оногдуулсан. Сонгуулийн тухай хуульд зардлын данс нээх зардлыг зөвхөн данснаас дансанд шилжүүлэх тухай зорилго тусгасан. Бүх нам дэвшигч санхүүгийн хувьд ижил тэгш нөхцөлтэйгөөр өрсөлдөх аль нэг санхүүгийн нөөц чадавхын илүү байгаа зүйлээ ашиглаад давуу байдал олж авахаас сэргийлэх буюу хяналт тавих зорилготой байгаа. Өмнөх болоод одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулиар намын зардлын дээд хэмжээг тогтоогоод нам өөрийн хөрөнгөөс нэр дэвшигчээ санхүүжүүлэх талаар хориглоогүй. Өөрөөр хэлбэр нам нэр дэвшигч хоёр нэг санхүүжилттэй байж нам нь нэр дэвшигчээ санхүүжүүлээд явахыг зөвшөөрсөн. Энэ тохиолдолд нам нь зардлын тайлангаа гаргаад хянуулж байгаа. Нэр дэвшигч нь давхардсан зардлын тайлан гаргаад байх шаардлага байхгүй.
Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нам үйл ажиллагаандаа дараахь нийтлэг зарчмыг баримтална гэж заасан. Мөн хуулийн 5.1.4-д дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхын саналаар шийдвэрлэх гэж заасан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна гэж заасан. 14 дүгээр зүйлийн 14.1-д Нам дор дурдсан эрхтэй байна гэж заасан. 14.1.4-д хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааныхаа зохион байгуулалтын бүтэц, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох гэж заасан. Тийм ч учраас Зон олон намын хувьд сонгуульд оролцох арга хэлбэрийг чөлөөтэй сонгож намын бага хурлаас зөвхөн данс нээж, нэр дэвшигч данс нээлгэх шаардлагагүй, зардал гаргах хэрэггүй гэсэн шийдвэрийг гаргасан. Зон олон намын бага хурлын 2020 оны 5 сарын 02-ны өдрийн тогтоолын 2-т нэр дэвшигчид ямар нэгэн зардал гаргахгүй, 3-д Зон олон намаас МУ-ын их хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид аль нэг банкинд хандивын данс нээлгэхгүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар шийдвэрлэсүгэй, 4-д нэр дэвшигчид сонгуулийн турш ямар нэгэн сурталчилгааны зардал гаргахгүй байхаар шийдвэрлэхээр тус тус заасан. Ийм учраас Зонаас Үндэсний аудитын газарт 2020 оны 6 сарын 19-ний өдөр явцын 30-ний өдөр эцсийн тайланг хүргүүлсэн.
Нэхэмжлэгч сонгуулийн зардлын данс нээгээгүй нь хэргийн материалын 6 дах талд байгаа банкны тодорхойлолт 26 дах талд байгаа Сонгуулийн ерөнхий хорооноос эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн баримт, 61-62 дугаар талд байгаа Зон олон намын дарга н.Одбаярын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. Эдгээрийг нотлох баримтыг шинжлэн судлахад харагдах байгаа. Нэгэнт нэр дэвшигч зардлын данс нээгээгүй тиймээс түүнийг бүртгүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Тийм ч учраас аймаг нийслэлийн татварын хэлтсийн ихэнх нь энэ асуудал дээр зөрчлийн шинж байхгүй гэж үзэж зөрчлөөр торгох шийтгэлийн хуудас бичихгүй байгаа. Дүгнэлт нь Сонгуулийн тухай хуулиар заавал хандивын данс нээж хандив авах талаар үүрэг болгосон диспоцез шинжтэй заалт байхгүй байна. Энэ талаар намын баримт бичгээр тогтоогдож байна гэж бусад татварын хэлтэс үзсэн байдаг. Манай улсын хувьд жишгийн эрх зүйн тогтолцоотой биш юм. Нэг хэргийг шийдсэн шийдвэр хэдий адилхан байсан хэдий ч өөр хэрэг дээр заавал ижилхэн шийдэх алба байхгүй. Үндсэн хуулийн 2.1-д Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэж заасан. Монгол Улсын хэмжээнд бүх шатанд хууль үйлчилж түүнийг нэгдсэн байдлаар ойлгох талаар илэрхийлж байгаа. Татварын ерөнхий хуулийн 74.2-т Монголын татварын алба нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын газар, хэлтэс, тасаг, татварын улсын байцаагч, хураагчаас бүрдэнэ гэж заасан. 77.1-д Татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна гэж заасан. Өөрөөр хэлбэл татварын алба босоо тогтолцоотой юм. Түүний нэгж бүр адил тохиолдолд нэг байдлаар ойлгож тайлбарлах юм. Зонын нэр дэвшигчид бүгд зардлын данс нээгээгүй байхад адил тохиолдлыг аймаг дүүргийн татварын газрууд өөр өөр байдлаар шийдвэрлээд хэргийн материал дээр байгаа шиг яг адилхан маргааныг зөрчлийн хэрэг биш гэж үзээд шийдвэрлэж байхад Сүхбаатар дүүрэг ганцаараа шийдвэрлэж байгаа нь нэгдмэл адил байх зарчмыг алдагдуулж байна.
Дээрх баримтаас дүгнэлт хийж үзэхэд Сонгуулийн тухай хуулиар заавал хандивын данс нээж хандив авах талаар үүрэг болгосон заалт байхгүй. Зон ямар нэгэн байдлаар хандивын данс нээгээгүй. Процессийн алдаанууд байгаа гэж харж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1.2-т холбогдогчийн эрхийг зааж өгсөн. Тухайлбал холбогдогч нь өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг эрхтэй. Гэтэл эдгээр эрхийг эдлэх боломж олгоогүй гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9.1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасан. Мөн хуулийн 6.10.1.2-т эрх бүхий албан тушаалтан шийтгэх зүйл оногдуулах шийдвэр гаргаснаас зөрчлийн хэрэг бүртгэлд дуусдаг гэж заасан. Нэхэмжлэгчид холбогдох зөрчлийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгаад хэргийн материалтай танилцуулаагүй. Дууссан өдөр шийтгэлийн хуудас бичээд шийдвэр гаргасан. Бусад эрх болон боломжууд хаагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно гэж заасан. Гэвч хэргийн материалыг танилцуулаагүй байж байгаа. Хэргийн материалын 59 дүгээр талд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл байх бөгөөд түүнд буюу холбогдогчид танилцуулаагүй байгаа нь харагдаж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1.5-д Энэ бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэл, шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална гэж заасан. Үүнийг дагуу 7 маягтыг ерөнхий прокурор баталсан байдаг. Түүнд холбогдогчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг танилцуулахаар заасан байгаа. Гэтэл холбогдогчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг танилцуулаагүй. Зөрчлийн хэргийг хаахаас өмнө зөрчлийн хэрэгтэй танилцуулж гарын үсэг зуруулаагүй байгаа. Материаллаг болон процессийн хуулиудыг зөрчиж байгаа шинжүүд байгаа учраас улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 177309 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын 06/3212 дугаар албан бичгээр 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Зөрчил шалган шийдвэрлүүлэх тухай гомдол мэдээлэлд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч Очирбат овогтой И нь “Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй” гэх зөрчлийн талаархи гомдол, мэдээлэлтэй танилцаад Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх мэдээллийн дагуу иргэн О.Ид холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн, ажиллагааг явуулсан.
Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 дугаар албан тоотод Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 тоот зөрчил шилжүүлж, шалгуулах тухай албан бичигт Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч О.И нь “Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг “Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй” мэдээллийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2009001907 тоот зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Холбогдогч О.И нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчин нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны мэдээллийг Үндэсний Аудитын газарт бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Холбогдогч УС67111423 регистрийн дугаартай Очирбат овогтой И нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшихдээ сонгуулийн зардлын дансыг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй болох нь Үндэсний аудитын газрын 2020 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/3287 тоот албан тоот албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын өдрийн холбогдогчоос авсан мэдүүлэг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрчийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс Зонаас нэр дэвшигч О.И гэдэг хүнтэй холбоотой Үндэсний аудитын газраас Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо зардлын дансаа бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр энэ мэдээллийг ирүүлсэн байдаг. Түүнтэй холбоотой мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг нээгээд татварын хяналт дор зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн ажиллагааг хийсэн байдаг. Нэхэмжлэгчийг хэргийн материалтай танилцуулж мэдүүлэг авах, эрх үүргийг танилцуулж бүх оролцоог хангасан байдаг.
Маргааны гол зүйл бол данс бүртгүүлээгүй зөрчлийн шийтгэлийн хуудсын зөрчил нь нэр дэвшигч Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо намаас нэгдсэн сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, нэр дэвшигчээс зардал гаргаагүй гэдэг зүйл хэлдэг. Энэ нь өөрөө данс нээгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч маргасан зүйл байхгүй байгаа. Гол асуудал нь Сонгуулийн тухай хуулийн 51.4-д Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан заалтыг хэрэгжүүлээгүй байгаа. Үүнтэй холбоотой Үндэсний аудитын газрын даргын 2020 оны 5 сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, мэдэгдэх мэдээлэх журам гэж батлагдсан. Тус журмын 51.3-д нам эвсэл өөрийн нэр дэвшигчийн сонгуулийн зардалд зориулж олгох намын өөрийн хөрөнгийг нам эвслийн сонгуулийн зардлын данснаас тухайн нэр дэвшигчийн сонгуулийн зардалд шилжүүлэг хийнэ, 6.1-д сонгуулийн зардалд зарцуулах нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөд тус хүний Орлогын албан татварын тухай хуульд заасан орлого хамаарна гэж заасан. Гэх мэтчилэн дансаа бүртгүүлэх зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Сонгуулийн сурталчилгаа хэрэгжүүлэхдээ нэр дэвшигч зардлын дансаа бүртгүүлнэ гэдэг өөрөө УИХ-ын сонгуулийг шударга байлгах, тухайн нэр дэвшигчийн зардлыг дээд хэмжээгээр нь тогтоогоод түүн дотор зардлаа гаргасныг нь сонгуулийн сурталчилгааны дансаар нь бүртгэж тайлангаар хянах зохицуулалттай. Гэтэл нэр дэвшигч өөрөө дансаа бүртгүүлээгүй байгаа нь энэ хууль тогтоомжийг зөрчсөн. Зардлын дансаар хянах зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна. 51.4-д зааснаар нэр дэвшигч сонгуулийн дансаа бүртгүүлээгүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-д заасан сонгуулийн зардлыг бүртгүүлэх журам зөрчсөн гэдэг үндэслэлээр татварын улсын байцаагчаас шийтгэлийн хуудас оногдуулсан. Намын даргын хувьд гэрчийн мэдүүлэг өгөөд явсан байдаг. Ажиллагааны хувьд зөрчил гаргасан зүйл байхгүй. Шийтгэлийн хуудас болон тэмдэглэлийг хууль ёсны дагуу шуудангаар хүргүүлсэн. Ковидтой холбоотой нэхэмжлэгч зусланд байгаа ирэх боломжгүй гэдэг зүйл хэлсэн байдаг. Утсаар холбогдоод хүргүүлсэн байгаа. Хариуцагчийн шийтгэлийн хуудас хууль тогтоомжид нийцэж байгаа учраас шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.
... Нэхэмжлэгч тал намынхаа үйл ажиллагаагаар сонгуулийн зардлыг гаргахгүйгээр үр дүнтэй байхаар зохицуулсан гэж тайлбарлаж байгаа. Түүнийг бид нар үгүйсгээгүй. Гол нь хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой. Дансаа бүртгүүлээд тайлангаа өгсөн бол хууль зөрчсөн үйлдэл болохгүй. Ингээд хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийтгэлийн хуудас оногдуулсан үйлдэл холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү гэж хүсч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр О.Игийн “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 177309 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
СБдТхтуб Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 177309 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигч О.И нь зардлын дансыг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй зөрчил үйлдсэн гэж үзэж 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ[1].
Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 24 дүгээр тойрогт “Зон”-аас нэр дэвшигч О.И нь сонгуулийн зардлын данс нээж, Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй болон “Зон”-ын Бага хурлын 2020 оны 20/02 тоот тогтоолоор “... нэр дэвшигчид ямар нэгэн сурталчилгааны зардал гаргахгүй байх”-аар шийдвэрлэсэн[2], мөн нэр дэвшигч О.И нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зардлын “Х” тайланг, “Зон” нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөн зардлын “Х” тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн[3] нөхцөл байдлууд тогтоогдсонтой хэргийн оролцогчид маргаагүй.
Харин гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчөөс 177309 тоот шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсныг эс зөвшөөрч гомдлын үндэслэлээ “...нэр дэвшсэн намаас олон нийтэд танигдах зорилгоор тодорхой хүмүүсийн нэрийг сонгуульд нэр дэвшүүлж, ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан зардал гаргахгүйгээр сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн бөгөөд зардлын данс нээгээгүй тул бүртгүүлээгүй гэх зөрчил үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байхад торгууль ногдуулсан төдийгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж оролцогчийн эрхийг зөрчсөн тул маргаан бүхий акт нь хууль бус юм” гэж тайлбарлан маргасан.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “сонгуульд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан зардлын данс бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй тул акт хуульд нийцсэн” гэж тайлбарлан гомдлыг эс зөвшөөрсөн.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-т “... нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-т “... нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус зааснаас үзвэл, сонгуульд оролцож буй нам, эвсэл болон нэр дэвшигч нь зардлын дансыг тус тусдаа нээлгэх, улмаар зардлын дансыг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй болох нь хоёрдмол утгагүй тодорхой байна.
Мөн хуулийн дээр дурьдсан заалтад “...сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ, ...” гэж заасан нь нэр дэвшигчээс зардлын шинэ дансыг нээх, эсхүл өөрийн хэрэглэж буй аль нэг дансыг сонгуулийн зардлын дансанд тооцох үүргийг бий болгосон агуулгатай байна.
Гэтэл О.И нь “зардлын данс нээгээгүй учраас бүртгүүлэх данс байхгүй” хэмээн тайлбарлаж, аливаа дансыг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй нь хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... улс төрийн намаас нэр дэвшигчээ санхүүжүүлэхийг хуулиар хориглоогүй бөгөөд О.Иг нэр дэвшүүлсэн нам нь зардлын дансаа нээлгэж бүртгүүлсэн, нам болон нэр дэвшигч нь зардлын тайлангаа гаргаж хүргүүлсэн байхад тус намаас нэр дэвшигчид торгууль ногдуулсан нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны зардал гаргах эсэхээс үл хамааран зардлын дансыг “нээж”, эрх бүхий этгээдэд мэдэгдэж, бүртгүүлээгүй нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч талын “сонгуулийн тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь зөрчил юм” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Хэдийгээр “Зон” болон тус намаас нэр дэвшигч О.И нар нь сонгуулийн зардлын “Х” тайланг гаргаж Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсний зэрэгцээ гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “сонгуулийн зардлын данс нээх, бүртгүүлэх үйл ажиллагаа нь зардлын хяналтыг хэрэгжүүлэх зорилготой тул тайлан гаргаснаар зардал гаргаагүй нь нотлогдож байгаа” гэж тайлбарлаж байгааг үгүйсгэхээргүй боловч маргааны тохиолдолд нэр дэвшигч нь зардлын дансыг нээж, төрийн аудитын байгууллагад бүртгүүлээгүйгээрээ сонгуулийн сурталчилгаанд зардал гаргаагүй болохоо нотлох боломжоо алдсан байх ба төрийн аудитын байгууллагаас сонгуульд нэр дэвшигч зардал гаргасан эсэхийг хянах боломжийг мөн алдагдуулсан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан сурталчилгааны зардал гаргах эсэх нь сонгуульд оролцож буй намын дотоод зохион байгуулалтын асуудал мөн боловч нэр дэвшигчээс зөвхөн “Х” тайлан гаргасан явдал нь түүнийг сонгуулийн зардал гаргаагүй болохыг хангалттай нотолж чадахгүй, мөн төрийн аудитын байгууллагаас нэр дэвшигчийн гаргасан “Х” тайлан нь үнэн зөв эсэхийг шалгаж тогтоох боломжгүй болгожээ.
Иймд гомдол гаргагч талын “зардлын данс нээгээгүй тул дансыг бүртгүүлээгүй гэх зөрчил үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй” тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч татварын улсын байцаагч нь зөрчлийн хэргийн материалыг холбогдогчид танилцуулаагүй үйл баримт тогтоогдож байх боловч гомдол гаргагч талаас хэргийн материалтай танилцсанаар хэнд, ямар гомдол гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай байсан болон уг ажиллагааг хэрэгжүүлээгүйгээс ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар үндэслэл зааж маргаагүйн дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгах цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор “хорио цээрийн” дэглэм тогтоосон байсны зэрэгцээ зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул процессын энэхүү зөрчил нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байна гэж дүгнэлээ.
Мөн гомдол гаргагч талаас “өөр аймаг, орон нутгийн адил эрх хэмжээ бүхий албан тушаалтан нь сонгуулийн зардлын данс бүртгүүлээгүй эс үйлдэхүйг зөрчил биш гэж үзсэн” хэмээн тайлбарлан маргах боловч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаартай[4] тогтоолоор зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, О.И нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй, хуульд тусгайлан зөрчил болохоор заасан эс үйлдэхүй гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ... талаар хуульд заасан журмыг зөрчсөн... хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгоно” гэсэн заалтад нийцсэн шийдвэр болжээ гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг баримтлан О.Игээс гаргасан, “СБдТхтуб Б.Тын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 177309 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ