Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 594

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ч.Батбаяр,

          шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

          нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/685 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Х, түүний өмгөөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Хт холбогдох ................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Х, 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../;

 

Д.Х нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ногоон зоорийн хашаанд өөрийн жолоодож явсан 84-16 УБВ улсын дугаартай, “Тоёото Марк-2” загварын тээврийн хэрэгслээ орхиж явахдаа бусад хүн тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх арга хэмжээг бүрэн гүйцэт аваагүйн улмаас тээврийн хэрэгслийн арааг 5 настай, эрэгтэй Э.Мөнх-Эрдэнэ хөдөлгөж, улмаар тээврийн хэрэгсэл хойшоо өнхөрч, автомашинаас Э.Мөнх-Эрдэнэ буух үедээ дайрагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Орги тайж овогт Даваацэрэнгийн Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Хыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Д.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэргийн улмаас Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Хаас эмчилгээний зардалд 3.448.700 төгрөгийг гаргуулж Л.Эрдэнэбаатарт олгох, Л.Эрдэнэбаатар нь цаашид гарах эмчилгээний зардалаа жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний  бие анх удаа хөнгөн гэмт хэрэг санамсар болгоомжгүйгээр үйлдсэн бөгөөд гэм буруугаа чин сэтгэлээсээ ухамсарлаж ойлгож маш их гэмшиж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санамсар болгоомжгүйгээс хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, тодорхой эрхэлсэн ажилтай, эхнэр, 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Миний эхнэр Ш.Сувд-Эрдэнэ одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй бага насны 2 хүүхэдтэй тул сургууль, цэцэрлэгт зөөж байдаг. Миний ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явдаг, анх удаа гэмт хэрэгт шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулсан, гэм буруугаа чин сэтгэлээсээ ухамсарлан ойлгож байгаа байдлыг минь харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30- ны өдрийн 685 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ЭХХШТХуулийн 38,1 болон 38,2-р зүйлүүдийг үндэслэн дараах гомдол гаргаж байна

1. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3-р зүйлийн 1-р зүйл заалтаар 1 жилийн ялыг нээлттэй хорих эдлэхээр шийтгүүлжээ. Д.Х нь анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэж гэм буруугаа чин сэтгэлээсээ хүлээн гэмшиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,5 дугаар зүйлийн 1.1 зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй тодорхой эрхэлсэн ажилтай,эхнэр 2 хүүхэдтэй.

2, Хөнгөн гэмт хэрэгт анх удаа шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн хэргийн нөхцөл, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулсан, гэм буруугаа чин сэтгэлээсээ, ухамсарлан ойлгосон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалтыг хэрэглэх боломжтой тул энэ заалтыг миний үйлчлүүлэгчид хэрэглэж нийгмээс тусгааралахгүйгээр /нийгэмшүүлэн/ шийтгэл оногдуулж тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв. 

 

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч анхан шатны шүүхийн шатанд хохирлоо төлөөгүй байсан. Давж заалдах гомдолдоо тэнсэж өгөх талаар дурдсан байна. Энэ талаар тусгайлан гаргах санал байхгүй... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Д.Х нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ногоон зоорийн хашаанд өөрийн жолоодож явсан 84-16 УБВ улсын дугаартай, “Тоёото Марк-2” загварын тээврийн хэрэгслээ орхиж явахдаа бусад хүн тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх арга хэмжээг бүрэн гүйцэт аваагүйн улмаас тээврийн хэрэгслийн арааг 5 настай, эрэгтэй Э.Мөнх-Эрдэнэ хөдөлгөж, улмаар тээврийн хэрэгсэл хойшоо өнхөрч, автомашинаас Э.Мөнх-Эрдэнэ буух үедээ дайрагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал /хх 2-3/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11/, өвчний түүх /хх 16-18/, хохирлын баримтууд /хх 114-118/,

гэрч, хохирогч Л.Эрдэнэбаатарын “...манай хүү Мөнх-Эрдэнэ автомашин байсан газрын ойролцоо газар хэвтэж байсан. Би хүүгээ өргөж аваад нуруу нь товшсон бөгөөд манай хүү Мөнх-Эрдэнэ дугарч чадахгүй аваа би үхлээ гэсэн. ...” гэх /хх 29, 76, 90, 107-110/,

гэрч Б.Батхүүгийн “...манай эхнэр автомашин чинь урхаад байна гэхэд жолооч бид 2 гарсан бөгөөд намайг харахад хүүүхэд автомашины цаана нүүр нь шороо болчихсон, дуу нь гарахгүй, суунга байдалтай байсан...” гэх /хх 30-31/,

гэрч Г.Бадамхандын “...автомашин хойш ухарч агуулахын хана очиж мөргөсөн бөгөөд намайг харахад хүүхэд уйлаад сууж байсан. Автомашин хүүхдийг дайраагүй байх, хаалгаараа цохьчихсон болов уу гэж бодсон...” гэх /хх 32-33/ мэдүүлгүүд,

“...Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, хэвлийн битүү гэмтэл, элэгний 7, 8 дугаар сегмент задрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, эрүү, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоодлоо, дээр гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8391 тоот дүгнэлт /хх 34-35/,

“...бүрэн бус тээврийн хэрэгсэл. ... Т.Марк-2 маркийн 84-16 УБВ улсын дугаартай автомашины жолооч Д.Х нь тээврийн хэрэгслээ орхиж явахдаа бусад хүн тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх арга хэмжээг бүрэн гүйцэт аваагүй байх үндэслэлтэй. Т.Марк-2 маркийн 84-16 УБВ улсын дугаартай автомашины жолооч Д.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д “жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэглээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 7 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн...” болохыг тогтоосон Техникийн шинжээчийн 37006 тоот дүгнэлт /хх 38-44/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Хыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан “...нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Шийтгэх тогтоолд дурдагдсан 3.448.700 төгрөгний хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө Д.Х төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/685 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Д.Х нь 3.448.700 төгрөгийг хохирогч Л.Эрдэнэбаатарт төлсөн болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

        

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ