Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00648

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж, 373 тоотод оршин суух Чонод овогтой Цэдэндоржийн Болорын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Эрэл ХХК-ийн байранд байрлах “Ариг” Банк ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 14/45 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, 14/45 дугаартай санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 19.009.670 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүрэлбаатар, М.Толхын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Ц.Болор нь 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ц.Оюунчимэгээс 53-45УНА улсын дугаартай автомашиныг хорин сая төгрөгөөр худалдаж авахдаа мөнгө дутсаны улмаас тухайн үеийн “Эрэл” буюу  одоогийн “Ариг” банк ХХК-ийн Нийслэлийн Баянгол дүүргийн хуучнаар Москва комплекс дэх одоогийн мөн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, “Алтан төгрөг” төв, 1 дүгээр давхарт байрлаж буй салбараас санхүүгийн туслалцаа хүсчээ. Тус банк ч хүсэлтийг нь сонсоод 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр банкныхаа дансанд зургаан сая төгрөг урьдчилж тушаалгаад санхүүгийн түрээсийн гэрээ, санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ гэх 2 гэрээ байгуулсан байна. Мөн банк анх хүү гэж 253.920 төгрөг бэлнээр төлүүлж авсан байна. Улмаар Ц.Болор, түүний нөхөр Ж.Батбилэг нар нь гэрээнд зааснаар нь түрээс, түрээсийн хүү гэх байдлаар хуваарийн дагуу 2015 оны 11 дүгээр сарыг дуустал 12.555.750 төгрөг төлжээ. Улмаар мөнгөний боломжгүй болсон учир 2016 оны 6 дугаар сар хүртэл төлөөгүй байна. Харин энэ 6 дугаар сарынхаа 07-ны өдөр Ж.Батбилэг нь төлөх ёстой найман сая төгрөгөө өгөхөөр очтол банк машиныг нь бусдад худалдсан байжээ. Ийнхүү тус банк дээрх иргэдийн мөнгөний гачигдалтай байдлыг ашиглан Монгол Улсын Иргэний хууль, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн олон заалт зөрчсөн гэрээ байгуулж хохироосон байна. Монгол Улсын Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар түрээслүүлэгч түрээсийн зүйлийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авсан байх ёстой. Гэтэл иргэн Ц.Оюунчимэгээс 53-45 УНА улсын дугаартай автомашиныг түрээслэгч болж буй “Ариг” банк ХХК биш харин иргэн Ц.Болор худалдан авсан нь автомашиныг түрээслэгч болж буй “Ариг” банк биш харин иргэн Ц.Болор худалдан авсан нь автомашин худалдах, худалдан авах гэрээ болон иргэн Ц.Болор тус банкны дансанд урьдчилж 6.000.000 төгрөг төлснөөр нотлогдоно. Хэрэв банк уг автомашиныг иргэн Ц.Оюунчимэгээс худалдан авсан бол тийнхүү худалдах, худалдан авах гэрээ нь Монгол Улсын Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээ нь салшгүй хэсэг болох ёстой. Мөн хариуцагч нь санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ гэх Монгол Улсын Санхүүгийн түрээсийн тухай хуулийн заалтыг зөрчсөн хэлцэл хийсэн байна. Ийнхүү банк нь хууль зөрчсөн хэлцэл байгуулж хохироосон байх тул иргэн Ц.Болор нь тус банкинд төлсөн 19.009.670 төгрөгийг буцаан олгохыг хүсэхэд тодорхойгүй шалтгаанаар зөвшөөрөхгүй байгаа аж. Ц.Болор, Ж.Батбилэг нар нь тээврийн хэрэгсэлийн даатгалыг банкны шаардсаны дагуу 3 жилээр Практикал даатгалд төлсөн тул 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ногдох 200.000 төгрөгийг мөн нэхэмжилж байгаа нь энэ 19.009.670 төгрөгт багтаж байгаа болно. Иймд хариуцагч “Ариг” банкны иргэн Ц.Болортой байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 14/45 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, мөн өдрийн 14/45 дугаартай санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь тус тус Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байгааг тогтоолгох, иргэн Ц.Болорт 19.009.670 төгрөгийг хариуцагч “Ариг” банкнаас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу буцаан олгуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч “Ариг” банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Толхын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Зээлдэгч Ц.Болор, Ж.Батбилэг нар 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр тус банкнаас Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 14.600.000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш 2015 оны 2 дугаар сар хүртэл зээлээ хэвийн төлсөн ба 2014 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрийн хуваарь зөрчиж эхэлсэн. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн төлөлтийг 2015 оны 4 дүгээр сарын 09-нд төлсөн. Зээлдэгч Ц.Болортой утсаар холбогдож учир байдлыг асуухад боломжгүй байгаа удахгүй төлнө гэсээр утсаа ч авч хариу өгдөггүй болсон... Ж.Батбилэгтэй утсаар ярихад төслийн зээл авах гэж байгаа, Ц.Болор урагшаа бараанд явсан удахгүй төлнө гэсэн тайлбар өгсөн боловч зээл төлөгдөөгүй, ирж уулзахгүй, амьдарч буй хаягаа ч өгөөгүй...  Үлдэгдэл  зөрчлөө 2015 оны 7 дугаар сарын 09-нд арилгана гэсэн боловч мөн л төлөөгүй. Тиймээс 2015 оны 7 дугаар сарын 20-нд Хороолол харилцагчийн Өргөөний захирал, 2 эдийн засагчийн хамт Бэлхэд амьдарч байгаа гэрт очиж зээлийн барьцаа болох автомашиныг хураан авсан. Зээлийн төлөлтийг хийхгүй бол зээлийн гэрээний 4.2 заалтын дагуу зээлийн гэрээ цуцлах болсноо мэдэгдсэн. Батбилэг 2015 оны 8 дугаар сарын 12-нд бүх зөрчлөө арилгаж, 2015 оны 8,9,10 сарын зээлийн төлөлтүүдээ банкны тавьсан шаардлагын дагуу урьдчилан төлсөн. Бид машиныг бүрэн бүтэн байдлаар Ж.Батбилэгт хүлээлгэж өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс зээл төлөлт мөн л зөрчигдөж эхэлсэн ба үүнээс хойш 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл буюу 2 сарын хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй. Удаа дараа утасдаж, мессежээр мэдэгдэл явуулсан боловч ямар ч хариу бидэнд өгөөгүй юм....өөрийн зөвшөөрөлтэйгээр банкны дэмжих байранд машиныг хүргэж өгч хураалгасан. Тухайн үеийн он сар өдөртэй, Ж.Батбилэг машин хураалгах үеийн баталгаажуулсан зураг байгаа. Үүнээс хойш дахиж удаа дараа утасдаж, мэдэгдэж 2016 оны 4 дүгээр сар хүртэл ямар ч төлөлт хийгээгүй. Бүх утсанд нь залгаад ч дуудлага авахгүй байсан тул мессежээр машин борлуулах болсныг мэдэгдэхэд Ц.Болор өөрийн биеэр хорооллын салбарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ирж 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл зээлээ төлөхгүй бол машиныг борлуулж зээлээ барагдуулахад гомдолгүй гэсэн гар хүсэлт бичсэн ба тус хүсэлтэд банкны зүгээс өгөгдсөн хугацаанд зээл төлөөгүй тохиолд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж барьцаа борлуулж банк хохиролоо барагдуулах талаар тодорхой тусгаж танилцуулан гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Иймээс 2016 оны 4 дүгээр сараас эхлээд автомашин худалдах зарын сайтуудаар зар байршуулан 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр буюу 1 сар гаруйн дараа тус автомашиныг үнэлгээ хийлгүүлэн, зах зээлийн үнээр борлуулсан. Банкнаас зээлдэгч нартай уян хатан хандаж, хэдийгээр банкинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байсан ч зээлдэгч нарыг бүхий л боломжоор хангаж ажилласан байна. Нөгөө талаар банк нь тухайн банкинд итгэж хадгаламж байршуулдаг иргэдийн мөнгөн хөрөнгөөр зээлийн үйл ажиллагаа явуулдаг учир хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг мөн хамгаалж, ажиллах үүрэгтэй юм. Ийм учир дээр арга хэмжээг авахаас өөр аргагүй байсан болно. Иймд тус банкнаас зээлдэгч иргэн Ц.Болорын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэн Ц.Болорын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаа зүйл бодит байдалтай огт нийцэхгүй байна. Жишээ нь: Мөнгө дутсан учраас банкинд хандсан гэж байна. Мөнгө дутсан гэвэл ихэнх хэсэг мөнгө өөрт нь байгаад бага хэмжээний мөнгийг банкнаас авсан байх ёстой гэтэл өөрөө 6.000.000 төгрөгтэй 14.000.000 төгрөг хүсэж банкинд хандсан байдаг. Мөн гэрээ байгуулсан өдөр хүү гэж 253.920 төгрөг авсан мэт бичсэн байна. Энэ нь зээл олгосноос хойш 1 сарын дараа төлсөн байдаг. 2015 оны 11 дүгээр сарыг дуустал зээлээ төлсөн гэдэг энэ нь 2015 оны 11 сар хүртэл төлсөн байдаг түүнээс хойш огт зээл төлөөгүй. Банкнаас зээлдэгч   Ж.Батбилэг, Ц.Болор нарын хүсэлтийн дагуу зээл олгосон. Зээлийг тухайн зээлдэгчид харилцах буюу зээлийн данс нээгээд дансанд нь мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээл олгосон гэж тооцно гэсэн хуулийн заалт байгаа. Тиймээс банк иргэдийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгууулж үүн дээр үндэслэн мөнгө шилжүүлж зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй. Үүн дээр зөвхөн зээлээ төлөх үүрэг биш, хаягаа нуун далдалсан, зээлийн төлөлтөө дандаа араасаа хүн явуулж эд хөрөнгө хураах дээрээ тулж байж төлдөг. Зээлээ төлөхгүй байхаар нь удаа дараа уулзсан хамгийн сүүлд 2016 оны 4 дүгээр сард уулзаад зээлээ цуцаллаа гэхэд 7 хоногийн хугацаа өгөөч гэсэн хэрнээ төлөөгүй. Сүүлд уулзахад бичгээр тохиролцсон зээлээ төлөхгүй бол машиныг зарж борлуулж, зээлийн үүргийн гүйцэтгэл хангахад гомдолгүй гэсэн тохиролцоо байгаа. Тэгээд зээлээ төлөхгүй байхаар нь зээлийн гэрээг цуцалсан. Манайхаас 2016 оны 5 дугаар сарын 7-ноос эхлээд машиныг нь зарах зар өгөөд 5 дугаар сарын 31-нд худалдан борлуулсан байдаг. Ингэж борлуулахдаа мэргэжлийн байгууллагаар үнэлгээ гаргуулж худалдсан. Нэхэмжлэгч тал даатгалын мөнгө нэхдэг даатгалын мөнгө нь даатгалын байгууллагын дансанд шууд ордог учир манай банктай холбоогүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Санхүүгийн түрээсийн гэрээ нь мөнгөн хөрөнгө байна гэхдээ авто машин бол мөн үүнийгээ барьцаалахгүй байх байсан гэж зөрчилдөөнтэй юм яриад байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т ямар тохиолдолд хууль зөрчсөн гэж үздэг вэ гэхээр хуулийн хориглосон заалтуудыг зөрчсөн бол хууль зөрчсөн гэж үздэг. Нэхэмжлэгч тал гэрээний хэлбэр талаас нь ярьж гэрээний нэрэнд ач холбогдол өгч байна. Тухайн гэрээнд маргаан гарсан тохиолдолд гэрээний агуулга нь маш чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайн гэрээ нь агуулгаараа хуульд нийцэж байвал тэр гэрээ нь хүчин төгөлдөр. Гэрээ байгуулахад үндэслэл болсон хуулийн заалтууд байна. Үүнд: Монгол Улсын иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хууль байна. Гэрээний зорилго нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомжуудыг үндэслэн санхүүгийн түрээсийн зээл олгох, зээлийг буцаан төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна гэсэн байдаг. Уг гэрээний агуулгыг авч үзэхээр үндсэндээ зээлийн гэрээний заалтууд байдаг. Гэрээний 1.1-дэхь хэсэгт 14.600.000 төгрөгийг зээлсэн хүүний хувьд нэхэмжлэгч тал буруу ойлгож байна. Энэ нь жилийн 27.6%-ийн хүүтэй, сарын 2.3%-ийн хүүтэй байгаа банкнуудын хувьд бол зээлийн хүүгээ олон нийтэд мэдээлдэг журамтай. Тиймээс манай банк зээл өгсөн зээлдэгч өөрөө манай банкыг сонгож ирсэн. Зээлийнхээ төлбөрийг төлөх гээд ирсэн машин зарсан байсан гэж үндэслэлгүй тайлбар хэлж байна. Машин худалдан борлуулсны 2 сарын дараа зээлдэгч ирсэн бөгөөд тэр үед ямар нэг гомдол санал гаргаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

                                                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ц.Болор нь хариуцагч Ариг банк ХХК-д холбогдуулан 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 14/45 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, 14/45 дугаартай санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 19.009.670 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь “...хариуцагч байгууллага Санхүүгийн түрээсийн тухай хуулийг зөрчиж хэлцэл хийсэн тул санхүүгийн түрээсийн гэрээ, санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ зэргийг хүчин төгөлдөр бусд тооцож, 19.009.670 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон, харин хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Бидний хооронд санхүүгийн түрээсийн гэрээ, санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ байгуулагдсан боловч гэрээний агуулга нь бол зээлийн гэрээ юм” гэж маргажээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

           Зохигчид 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14/45 тоот санхүүгийн түрээсийн гэрээ, санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ тус тус байгуулж, үүгээр Ц.Болор нь 14.600.000 төгрөгийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сар буюу 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаатай зээлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон худалдан авсан 53-45 УНА улсын дугаартай Mitsubishi pajero маркийн цагаан өнгийн 2004 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, Y63W0400314 арлын дугаартай автомашины эзэмших эрхийг “Ариг” банк ХХК-д шилжүүлж, уг автомашиныг барьцаалсан санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нэртэй гэрээг байгуулсан байх ба уг гэрээг Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ц.Болор нь “Ариг” банк ХХК-иас 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зээл авсан талаараа маргаагүй болно. 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээ гэж байгаа хэдий боловч гэрээний агуулгаараа бол зээлийн гэрээ гэж дүгнэхээр байна.

Учир нь  Иргэний хуулийн 312.1 дэх хэсэгт Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтанд эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.      

Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хууль болон Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч 14.600.000 төгрөгийг хүлээн авсан, үүнийг гэрээнд заасан автомашин худалдан авах зориулалтаар зарцуулсан боловч гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн зэрэгт зохигчид маргаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 56.1.1, 56.5 заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар “2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 14/45 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, 14/45 дугаартай санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг” хүчин төгөлдөр бусд тооцуулж, 19.009.670 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Болорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.САНСАРМАА