Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 045

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, улсын яллагч Б.Ботакөз, нарийн бичгийн дарга К.Еркежан, орчуулагч, хэлмэрч А.Еркегүл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Нд холбогдох 1813000160021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б А овогт Он Н, Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1993 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр баг, 0 дугаар гудамж,  тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: БЮ0000

Шүүгдэгч О.Ны холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Н нь 2018 оны 0дүгээр сарын 00-ны өдрийн 00-00 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт ах О.Жын амбаараас хуучин пүүзэн гутал хулгайлан авч өмсөж, улмаар түүний гэрийн байшингийн  цонхыг нь хагалан нэвтрэн орж мөнгө, эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1 .    Шүүгдэгчийн гэм буруугийн талаар :

Шүүгдэгч О.Н нь ээж М.К малын тэжээл авах зориулалтаар ХААН банкны дансандаа байршуулсан 200000 төгрөгийг нь зөвшөөрөлгүйгээр зарцуулснаа нөхөх зорилгоор, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19-24 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах ах О.Жын гэрээс хүн байхгүй үеийг нь ашиглан, хулгай хийхийн тулд амбаараас нь ул мөрөө баллах зорилготой хуучин пүүзэн гутал хулгайлан өмсөж, улмаар түүний байшингийн цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн орж 140000 төгрөгний үнэтэй монетэн хос ээмэг, 120000 төгрөгний үнэтэй монетэн хос ээмэг, 190000  төгрөгний үнэтэй хүзүүний монетэн зүүлт, 22000 төгрөг, 26733,85 төгрөгтэй тэнцэх хэмжээний 11 доллар зэрэг нийт 498733,85 төгрөгний хөрөнгө хулгайлж иргэн С.Хын өмчлөх эрхэд халдан 498733.85 төгрөгний хохирол учруулсан байна. Шүүгдэгч О.Н нь хулгайлж авсан эд зүйлсээ бусдад худалдан борлуулж өөрийн хэрэгцээндээ зарцуулан, 80000 төгрөгийг нь өөрийн Хаан банкан дахь дансанд хийсэн байна. Мөн хулгайлах гэмт хэргийн ул мөрөө арилгах зорилгоор өмсөж явсан пүүзээ тус аймгийн Хөгжимт драмын театрын зүүн урд талд хаяж шатаасан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Шүүгдэгч О.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ах О.Жын гэрт очиход тэдний гэрт хүн байхгүй байсан. ... Би унтлагын өрөөний цонхоор орж тус өрөөнд байсан гоо сайхны эд зүйл тавьсан шургуулгатай шүүгээний дээр хөх өнгийн эмэгтэй хүний гоёлын эдлэл хийдэг хайрцагнаас шигтгээтэй монетэн хос ээмэг 1 ширхэг, мөн бөөрөнхийдүү хэлбэртэй, хээтэй монетэн хос ээмэг 1 ширхэг, мөн эмэгтэй хүний нарийн монетэн зүүлт 1 ширхэг тус тус авсны дараа мөн тус өрөөний хувцасны шүүгээ дотор байсан эмэгтэй хүний цүнхэн дотор байсан түрийвчнээс 22000 гаруй төгрөг, 11 доллар зэргийг тус тус аваад орсон цонхоор буцаж гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
  • Хохирогч С.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “... 2018  оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед нөхөр Жын хамт Өлгий сумын 5 дугаар багийн нутагт “Нур” гэдэг газарт хуриманд очоод байж байгаад шөнө гэртээ 24 цагийн үед ирэхэд манай гэрийн унтлагын өрөөний цонхыг хагалаад хулгайч орсон байсан. Манай гэрээс унтлагын өрөөнд хувцасны шкафанд байсан ээмэг, бөгж хийдэг хайрцагнаас 1 ширхэг хүзүүний алтан гинж, 2 ширхэг ээмэг 4 хос алтан ээмэг, түрийвчэнд байсан 30000 төгрөг, 15 доллар алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-46 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч О.Ны хулгайн гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор пүүзэн гутлыг хаанаас авч өмссөн болон хулгайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн байдал, хулгайн гэмт хэрэг үйлдэхэд өмссөн пүүзээ аймгийн Хөмжимт драмын театрын гадаа аваачиж шатаасан зэрэг үйл явдлыг тогтоосон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-15 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч О.Н нь О.Жын гэрээс хулгайлсан АНУ-ын 5-тын  2 ширхэг долларыг валют арилжааны үйл ажиллагаа явуулдаг К.Сесерхан гэдэг ченжээр төгрөг болгон солиулсныг нотлох хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч О.Н нь ах О.Жын гэрээс хулгайлсан эд зүйлсийг худалдан борлуулж олсон орлого болох 80000 төгрөгийг ХААН банкан дахь өөрийн эзэмшлийн дансандаа байршуулсан болохыг нотлох депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Гэрч О.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... шөнө гэртээ  24 цагийн үед ирэхэд манай гэрийн унтлагын өрөөний цонхыг хагалаад хулгайч орсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
  • Гэрч Т.Асылбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны  01 дүгээр сарын 08-ны өдөр хар өнгийн куртиктэй байсан шиг санагдаж байна. 20-25 орчим насны залуу шигтгээтэй хос ээмэг болон шигтгээгүй хос ээмэг авч ирж худалдсан. Уг ээмэгнүүд 2.2 грамм гарсан ба 88000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/,
  • Гэрч К.Сесерханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2018 оны  01 дүгээр сарын 08-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай валют солих цэг дээрээ сууж байтал 11 цагийн үед гаднаас хар куртиктэй, куртик нь үстэй малгайтай, бор ноосон малгай өмссөн, 20-25 насны туранхайвтар биетэй, залуу орж ирээд 5-тын доллар 2 ширхэг, 1-тийн доллар 1 ширхгийг гаргаж ирж авах уу гэсэн. Тэгээд би 2 ширхэг 5-тын долларыг нь 23000 төгрөгөөр худалдаж авсан... Худалдан авсан 5-тын долларын 1 ширхэг нь хуучин, хиртэй байсан. Би 1-тийн доллар авахгүй гэж хэлэхэд тэр залуу манай валютын цэгээс гараад яваад өгсөн. ... Надад худалдсан 5-тын 2 ширхэг доллар нь Америк доллар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч О.Ны ул мөрөө баллах зорилгоор пүүзэн гутал сольж өмссөн амбаарт үзлэг хийхэд уг амбаар нь цоожгүй болохыг тогтоосон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч О.Ны хулгайлсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх-ийн  80 дугаар хуудас/,
  • Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, эрүүл, өөрийн хийж буй үйлдлээ зөвөөр ойлгох, мэдүүлэг өгөх чадвартай, ямар нэгэн сэтгэцийн өвчингүй , хэрэг хариуцах чадвартайг тогтоосон 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 06 дугаар магадлагаа /ххийн 87-88 дугаар хуудас/,
  • Гэмт хэрэг гарсан үеийн АНУ-ын долларын ханшыг тодорхойлсон Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын албан бичиг /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамааралтай, үгүйсгэх нотлох баримт байхгүй шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад байшингийн цонхнууд хамгаалалтын төмөр торгүй, эд хөрөнгөө хараа хяналтгүй орхисон зэрэг хохирогчийн эд хөрөнгөө хамгаалах хамгаалалт сул байдал болон шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч О.Ны хулгайлах гэмт үйлдэл ах О.Жын гэрээс хулгай хийх үндсэн зорилготой тул амбаараас нь ул мөрөө баллах зорилготой хуучин пүүзэн гутал хулгайлан өмсөж байгааг гэмт хэрэгт бэлтгэж байна, харин түүний байшингийн цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн  орсноор хулгайн гэмт хэрэг эхэлж, хөрөнгө хулгайлж өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулах боломжтой болсноор гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч О.Н нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй байшинд нууцаар орсон, хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад  бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч О.Ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь хүн байнга амьдрах орон байр гэж байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгодог бөгөөд шүүгдэгчийн хууль бусаар нэвтэрсэн ах О.Жын байшин нь энэхүү орон байранд хамаарах юм.

Шүүгдэгч О.Ны үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч С.Хт 498733,85 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/, хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-46 дугаар хуудас/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/, шүүгдэгч О.Ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдэх үеийн Америк долларын төгрөгтэй харьцах ханшаар буюу 2430,35  төгрөг байна гэж тооцлоо /хх-ийн 25 дугаар хуудас/.

Шүүгдэгч О.Ны хулгайлах үйлдлийн улмаас хохирогч С.Хт нийт 498733,85 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо бүрэн барагдуулж өгсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... О.Н нь миний хохирлыг барагдуулж өгсөн” гэх мэдүүлгээр /хх-ийн 46 дугаар хуудас/ болон хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн “... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүй байхгүй. О.Н учирсан хохирлыг барагдуулж өгсөн ба бид сайн дураараа эвлэрсэн” гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж,  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“... Шүүх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхаарах хэрэгтэй. Үүнд: Шүүгдэгч О.Н төлбөр төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг илрүүлэхэд өөрөө оролцож, болсон явдал, хаана юу хийсэн талаар өөрөө  хэлж, зааж өгсөн. Иймд шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан ял оногдуулахыг хүсэж байна. Эцэг нь О нэг хөлөө тайруулсан тахир дутуу хүн байгаа. Хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Бусдын байнгын асрамжид байдаг. Мөн ээж нь хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан тахир дутуу хүн байгаа. Иймд түүнд хорих ял оногдуулахдаа төлбөр төлсөн байдал, хохирогчийн  гомдол  саналгүй гэснийг мөн ар гэрийн байдал зэргийг анхаарч үзээд ялын 1/2 буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна”  гэсэн бөгөөд өмгөөлөгчийн энэхүү өмгөөллийн үгэнд улсын яллагч “Ямар нэгэн тайлбаргүй” гэх саналыг мөн харгалзан үзэж өмгөөлөгчийн дээрх саналыг хүлээн авлаа.

Учир нь шүүгдэгч О.Н нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулж хохиролгүй болгосон байдлаар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг хангаж байх тул шүүх өмгөөлөгчийн саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болох байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, 0140785 дугаартай даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /Х.Он хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувь/, 0100423 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /М.К хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь/ зэрэг  нотлох баримтуудаар үзэхэд шүүгдэгчийн эцэг Х.О, эх нь М.Күлашхан нар нь хөдөлмөрийн чадвар алдагдсан зэрэг ар гэрийн байдлыг, мөн гэрч С.Еркин, Б.Ахтилек нарын шүүгдэгчийн  хувийн байдлын талаар өгсөн мэдүүлэг зэргийг шүүгдэгчид ял халдаахдаа харгалзан үзлээ.

Харин шүүгдэгч нь ул мөрөө баллах зорилгоор хохирогчийн амбаарт нь орж тэнд байсан пүүзэн гутлыг сольж өмсөж гэмт хэрэгт бэлтгэж байгаа байдлыг гэмт хэргийг урьдаас төлөвлөж үйлдсэн гэж үзэж, түүнд ял халдаахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчээс асуусан: “ Та аав, ээжийнхээ эмчилгээнд зориулж хулгай хийсэн гэж ойлгож болох уу” гэх асуултад: Тийм ээ гэж хариулт өгснийг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний хулгай хийх болсон зорилго нь малын тэжээлийн мөнгө дутаасныг нөхөх байсан нь нотлогдсон.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь /хх-ийн 105 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/-аар тогтоогдож байна

Шүүгдэгчийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.

Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД-ийг хэргийн хамт хадгалж, 1 ширхэг өрөөсөн пүүзэн гутлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Нд урьд авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчлөн өнөөдрөөс эхэлж цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авч, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б А овогт Он Ныг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалж, 1 ширхэг өрөөсөн пүүзэн гутлыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
  6. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
  7. Шүүгдэгч О.Нд урьд авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчлөн өнөөдрөөс эхэлж цагдан хорьж, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ