Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 047

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,

Улсын яллагч Х.Өрен,

Шүүгдэгч М.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өренээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000870050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Шеруши санырау овгийн Мунсызбай овогтой Е, 1970 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн              1-03 тоотод оршин суудаг, урьд 1994 оны 04 дүгээр сарын 09-нд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. /Регистрийн дугаар БЛ0000/

Шүүгдэгч М.Еын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Е нь Сын Сыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.    Шүүгдэгч М.Еыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Е нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Малын зах дотор байрлах иргэн Б.Балжасын биллярдны газарт Сын Сыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Шүүгдэгч М.Еын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие Малын захад малын ченж хийдэг.  2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед малын захын дотор байрлалтай Балжас гэх хүний ажиллуулдаг биллярдны тоглоомын газарт биллярдны ширээнд Балжас, Баяр бид гурав цаг өнгөрүүлэх гээд хөзөр тоглоод сууж байхад гаднаас С.С, Бахытхан нар орж ирсэн. С.С нэлээн согтуу байсан ба Бахытхан эрүүл байсан. Тэд орж гараад байсан ба 20 цагийн үед С.С миний хажууд биллярдны ширээнд гараад суугаад миний хөзрийг хараад байсан. Тэгээд би С.Сд “Чи битгий хөзөр хараад бай. Би хожигдоод байна.” гэхэд. Харахаар чиний хөзөр өөрчлөгдөх юм уу? шодой минь гэхээр нь би “Үхсэндээ шодой гээд байгаа юм вэ? чи шодой модойгоо эхнэртээ очиж хэлээрэй” гэж хэлэхэд надад салаавч гаргаад ам руу минь тулгахаар нь би зүүн гараараа цохих үед чухам хаана хүрснийг мэдэхгүй ойролцоогоор нүдний хавьцаа хүрсэн ба С.С сууж байсан биллярдны ширээнээс газар руу унасан. Босож ирээд намайг заамдаж авахаар нь би ч гэсэн барьж авахад Бахытхан, Баяр нар салгаж авсан. Балжас ширээний цаад талд байсан. Тэгээд намайг Бахытхан аваад гадагшаа гаргаад намайг “Чи яв, согтуу хүнтэй зууралдаад яах гэсэн юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн. Би тухайн үед С.С руу харахгүйгээр гараа савах үед нүдэнд нь миний гар хүрээд газар унасан юм шиг байна. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан хүлээн зөвшөөрч байна. Хохирогч 100000 /нэг зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн ба төлж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
  • Хохирогч С.Сын мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “...2018 оны  03 дугаар сарын 05-ны өдөр гадуур найзынхаа гэрт очиж 1 шил 0,5 литрийн архийг найзын хамт хувааж уугаад тэднийхээс гараад Өлгий сумын 13 дугаар багт байрлах малын зах дээр ирсэн. Малын зах дотор иргэн Балжас гэх хүний биллярдны тоглоомын газар ирэхэд Балжас, Баяр, Бахытхан нар хөзөр тоглоод сууж байсан. Би тэнд 20 цаг хүртэл орж гараад явж байгаад 20 цагийн үед хөзөр тоглож байсан Еын зүүн талд нь биллярдны ширээн дээр сууж байгаад хөзрийг нь харсан чинь Е надад “Битгий миний хөзрийг хараад бай” гэхээр нь би “Харахад яадаг юм. Намайг харахаар 3 хөзөр өөрчлөгдчих үү” гэхэд надад "Чамайг цохиод унагаах уу" гэсэн. Би тэгэхгүй юу гэхэд зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би согтуу байсан тул биллярдын ширээнээс газар унасан. Босоод ирэх үед миний хавирган хэсэгт цохисон. Тэр үед Бахытхан, Баяр нар Еыг салгаж аваад гараад явсан. Миний хамраас цус гарчихаар Балжас надад ус авч ирж миний хамраас гарсан цусыг угааж өгсөн.

... М.Е надаас уучлалт гуйж эмчилгээ хийлгээрэй гэж бэлнээр 100000 төгрөг өгсөн. Би М.Еыг уучилж байна. Бид хоёр сайн дураар эвлэрч би түүнийг уучилсан. Надад гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

  • Гэрч Б.Балжасын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Малын зах дотор талд биллярдны тоглоомын газар ажиллуулдаг. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус биллярд тоглоомын газрын дотор талд Баяр, Е бид гурав биллярдны ширээнд хөзөр тоглож байсан. 18 цагийн үед гаднаас С, Бахытхан нар орж ирсэн ба нэг хэсэг орж гараад явж байсан. 20 цагийн үед С биллярдны ширээнд Еын хажууд суугаад тэд хоорондоо маргалдсан шинжтэй суугаад байхаар нь би хоорондоо наргиж байгаа юм бол уу гэж бодсон. С Е руу салаавч гаргаад хоорондоо миний хөзрийг харчихлаа гэх мэтээр ярилцаж байсан. Тэгээд Е С.С руу чамайг цохиж унагаах уу гэж байхад С салаавч гаргасан. Тэр үед Е цохисон уу, түлхсэн үү сайн анзаарсангүй. С.С ширээний ирмэгт сууж байгаад газар унасан. Би биллярдны ширээг тойроод очих үед С.Сын хамраас нь цус   гарч, зүүн талын шанаа хэсгээрээ шороо болж шалбарсан байхаар нь гадагшаа    гараад ус авч ирээд С.Сын нүүрийг угаалгасан. Тэр үед Еыг Бахытхан аваад гадагшаа гараад буцаад С.С нүүрээ угааж байхад хүрч   ирсэн. Тэгээд Бахытхан Сыг дагуулаад гэрт нь хүргэж өгнө хэмээн яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
  • Гэрч Х.Бахытханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед Е “Би чамайг цохиж унагаах уу” гэхэд дахиж салаавч гаргасан ба Е биллярдны ширээн дээр сууж байсан С.Сыг цохисон уу, түлхсэн үү сайн анзаарсангүй тэр үед С.С ширээнээс газар руу зүүн талын нүүр хэсгээрээ унасан. Тэгээд С.С босож ирээд Еыг барьж авахад би Еыг салгаад тухайн газраас гадагшаа гаргасан. С.Сыг Баяр барьж авсан. Би Еыг гаргаад таксинд суулгаж өгөөд чи гэртээ харь гэж явуулсан. Буцаж биллярдны газарт ирэх үед Балжас С.Сын гарт нь ус хийж нүүрийг нь угаалгаж байсан ба  надад С.Сын гэрийг мэдэх үү? гэхээр нь би мэднэ гэж С.Сыг дагуулаад такси аваад гэрт нь хүргэж өгөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
  • Гэрч Б.Баярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед Е “Чамайг цохиж унагаах уу” гэж хэлсэн. Дахиж салаавч гаргахаар нь С.Е   ширээн дээр сууж байсан С.С руу зүүн талын гараа савсан үед С.С газар унасан.

Газар унаад босоод ирэх үед зүүн талын нүд хэсгээрээ улайсан,    шалбарсан, шороо болсон байдалтай босоод ирсэн. Тэгээд С.С босож ирээд Еыг заамдаж барьж авахад Е ч гэсэн барьж авсан. Тэр үеэр би Еыг боль гэж татах үед Бахытхан Еыг салгаж аваад гадагшаа  гаргаад явуулсан. Харин Балжас С.Сыг барьж авсан. С.Сын нүүрнээс нь цус гарсан байхаар нь Балжас ус авч ирээд өгье гээд гарахаар нь би ч гэсэн гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35р хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Еын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Е нь хохирогч С.Сын зүүн нүдэнд гараа савж цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 148 дугаартай: “...Иргэн С.Сын биед тархины доргилттой, даралттай, зүүн нүдний салстад цус харвасан, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай,  зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, духны зүүн талд  хөх ягаан туяатай цус хуралттай, элэгний харалдаа хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Еын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Еын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Сын эрүүл мэнд хөнгөн хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч М.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дуга зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үүссэн хор уршиг болох эмчилгээний зардлыг шүүгдэгч М.Е төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Еыг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг бүрэн барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

%1.    Шүүгдэгч М.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч М.Еын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэ үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч М.Ед хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1 , 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шеруши санырау овгийн Мунсызбайгийн Еыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

М.Еыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ед оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Еын 01217675 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх, Е 1547131 дугаартай гадаад паспорт зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
  5. Шүүгдэгч М.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БаянӨлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч М.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ