Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Улсын яллагч Т.Нансалмаа,

 Хохирогч О.*******,

 Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,

 Шүүгдэгч О.*******,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Шар толгой овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумад төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр зам ашиглалтын инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын ******* өртөөнд зорчигч тээвэр ажилтай, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Сэлэнгэ аймгийн ******* сум,  4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 67 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,Шар толгой овогт *******гийн *******, /РД:МЮ97061616/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө, 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд согтуугаар О.*******той ялимгүй зүйлээс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 19-ны орой найзуудтайгаа бааранд ороод явж байхад гадаа үүдэн дээр хүмүүс маргаад байсан. Маргаан эхлэхэд би байгаагүй, дараа нь очиж *******той маргаж, цохиж зодсон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө...” гэжээ.           

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.******* мэдүүлэхдээ: “...2022 оны  02 дугаар сарын 19-ны өдөр манай байгууллагын цасны баяр болоод орой найзуудтайгаа бааранд орсон.  Гараад ирэхэд маргаан болж байсан ба нэг залуу намайг шууд цохисон. Би газар унахад эрүү, нүүр рүү өшиглөсөн. Үүний улмаас миний эрүү хугарч хагалгаанд орсон. Үүнээс болж би ажил төрлөө хийж чадахгүй маш их хохирч байна. Ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Миний хувьд гомдолтой байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.******* мэдүүлэхдээ:...Би Пүрэвбаатарын хамтаар Коллектив баарнаас гараад явахдаа үүдэнд зогсож тамхи татсан юм. Бид юм яриад зогсож байхад баарнаас гарч ирсэн үл таних эмэгтэй хүн /би сайн хараагүй/ миний гуя хэсэгт хөлөөрөө өшиглөөд, үргэлжлүүлээд гараараа миний толгойн дагз орчимд нэг удаа цохьсон. Тэгээд би гайхаад “Яаж баигаа пизда вэ?” гэтэл тухайн эмэгтэйтэй хамт явж байсан үл таних саарал куртиктэй залуу нь “Яасан хөөрхөн юм ярьдаг бацаанууд вэ?” гэж хэлэхээр нь би тухайн саарал куртиктэй залуутай маргасан. Маргалдаж байгаад нөгөө саарал куртиктэй залуу намайг эхлээд гараараа миний нүүрний зүүн талын шанаа руу цохиж унагаасан. Тэгээд би газраас босох гэтэл саарал куртиктэй залуу миний цамцнаас зуурч татаад дээрээс дараад байсан ба намайг 2-3 удаа нүүр рүү өшиглөсөн. Би нүүрээ гараараа хамгаалахад дахин эрүү рүү өшиглөсөн. Тэгээд би босоход миний шүд унасан юм шиг мэдрэмж төрж, эрүү мэдээгүй болчихоор нь Пүрэвдоржид хэлж такси дуудан эмнэлэг рүү явж үзүүлэхэд яаралтай Улаагбаатар руу яв гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвбаатар мэдүүлэхдээ: ...Удалгүй баар хаах цаг болоод бид гарцгаасан. ******* эхэлж гараад би хойгоос нь гартал ******* баарны үүдэнд байсан залуучуудтай маргаж байсан. Тухайн залуучууд дундаас хар куртиктэй залуу ******* руу дайраад байсан. Би болиулах санаатай очтол тухайн хар куртиктэй залуутай явж байсан саарал өнгийн куртиктэй залуу намайг “чи яах гээд байгаа юм” гэж хэлээд дайраад байсан. Би “салгах гээд байна” гэж хэлтэл надтай зууралдаад байсан. Би тухайн залууг өөрөөсөө салгаад ******* руу хартал тухайн хар куртиктэй залуу куртикээ тайлаад куртикээ тайлаад *******ийн эрүү орчимд цохиод унагаачихсан. Би ******* руу очоод салгах гэтэл саарал куртиктэй залуу намайг зуураад байсан.Тухайн залуу миний хувцасны энгэр орчимоос зуураад байсан учир би хувцасаа татаж салгаад ******* дээр очих үед куртикээ тайлдаг залуу *******ийн хувцаснаас татаж, чирээд өшиглөөд байсан. Тэгээд тэнд байсан 2 цагдаа тухайн залуусыг салгаад явуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар тал/,

    Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхтөр мэдүүлэхдээ:...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Болдын хамтаар ******* сумын 1, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан. Бид хоёр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 5 дугаар багийн нутагт шилжин ажиллахаар явж байх үед 01 цаг 50 минутын орчимд ******* сумын 6 дугаар баг “Коллектив” нэртэй баарны гадна талд хэдэн залуус маргаж байсан. Бид чиг үүргийн дагуу тухайн маргаж байсан залуусыг салгахаар очих үед наана байсан 3-4 залуусыг салгаж байтал тэдний цаахан талд буюу Коллектив баарны үүдны шатны урд хохирогч гэх залуу болон ******* нар маргаж байсан. Тэгтэл ******* маргаж байсан залуугийн нүүр хэсэгт баруун гараа атгаж байгаад 1-2 удаа цохитол тухайн залуу газарт унасан. Тэгээд бид маргаж байсан залуус болон тухайн зодолдсон 2 залууг салгаад зодуулсан гэх залууг найзууд нь машинд суулгаад аваад явсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр тал/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Болд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Энхтөрийн хамтаар ******* сумын 1, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан. Бид хоёр 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 5 дугаар багийн нутагт шилжин ажиллахаар явж байх үед 01 цаг 50 минутын орчимд ******* сумын 6 дугаар баг “Коллектив” нэртэй баарны гадна талд хэдэн залуус марга- байсан. Бид чиг үүртйн дагуу тухайн маргаж байсан залуусыг салгахаар очих үед наана байсан 3-4 залуусыг салгаж байтал тэдний цаахан талд буюу Коллектив баарны үүдний шатны урд хохирогч болон ******* нар маргаж байсан. Тэгтэл ******* маргаж байсан залуугийнхаа нүүр хэсэгт гараараа цохиж унагасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Идэрбаяр мэдүүлэхдээ: ...Бид тухайн баарнаас гарах үед манай ажлын Бат-Оргил хүнтэй маргаад байсан. Манай Жавхланбаяр гэдэг найз Оюунчимэг ламын хийд чиглэлд хүнтэй яриад алхаж байсан. Би хойноос нь очоод Жавхланбаяоыг дагуүлаад буцаад Коллектив баарны гадаа ирэхэд ******* хэдэн зүс үл таних хүмүүстэй муудалцаад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 96 дугаартай дүгнэлтэнд: “...О.*******ийн биед эрүү хоёр хэсэгт зөрөөгүй хугарсан, эрүү орчим хавантай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн, /хх-ийн 56-57 дугаар тал/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 1 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2 дугаар тал/,

Яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 6-7 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 51-52 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 55-57 дугаар тал/,

Гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-н 89-95 дугаар тал /

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, /хх-ийн 68 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 69 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 76 дугаар тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 77 дугаар тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.******* нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд О.*******той ялимгүй зүйлээс болж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.  

Шүүгдэгч О.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хойшид хохирол төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөол байдал тогтоогдохгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 Шүүгдэгч О.*******д оногдуулсан 350 цагийн хугацаагаар  нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд  тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган О.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд орлогогүй тул торгох ял оногдуулах санал тавьсан шүүгдэгчийн  өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүйг дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.******* нь хохирогч О.*******ийн  эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.*******, түүний өмгөөлөгч нараас эмчилгээ хагалгааны төлбөр, замын зардал, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү, тэтгэмж зэрэг нийт 6.174.227 төгрөг нэхэмжилсэн байна.

Үүнийг шүүх хянаж үзээд хагалгааны төлбөр 552.000 төгрөг, эмчилгээний болон замын зардал 630.900 төгрөг, бүгд 1.182.900  төгрөгийг шүүгдэгч О.*******оос гаргуулж хохирогч О.*******т олгох, Харин ажилгүй байсан хугацааны цалин, мөн цалингийн зөрүү, тэтгэмж гэж нэхэмжилсэн 4.991.327 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтыг  бүрдүүлэн, мөн  хохирогч О.******* нь  энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай  бүрд нь  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирол төлөх хугацааг авч 2022 оны 06 дугаар сарын 09-нд хохирогч О.*******т 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн ба шүүгдэгч, хохирогч харилцан тохирч 2022 оны 06 дугаар сарын 30-ны дотор нэмж 2.000.000 төгрөг хохиролд төлөхөөр бичгээр баталгаажуулсан байна.

Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нараас шийтгэх тогтоолд   2022 оны 06 дугаар сарын 30-нд 2.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсоныг тусгуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зөв гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримт байхгүй дурьдаад шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шар толгой овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн *******ыг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.*******д оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин олгохгүйгээр хийлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч О.******* нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны дотор хохирогч О.*******т 2.000.000 төгрөгийн хохирол төлөхөөр тохиролцсоныг дурьдсугай.

6.Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Хохирогч О.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны  төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.       

 

 

 

           ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ