Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 048

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, улсын яллагч, хяналтын прокурор М.Фарида, нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг, орчуулагч, хэлмэрч Т.Маншүк шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди, шүүгдэгч К.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Хулгайлах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Тт холбогдох 1813000610037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, компьютер програмист мэргэжилтэй, тус аймгийн хөгжимт драмын театрт драмын жүжигчин ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгой, 18 гудамж, 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, М хул овогт К-ийн Т, РД:БЮ0.

Шүүгдэгч К.Тын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Т нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус аймгийн Дэлүүн сумын нутаг дэвсгэрт байрлах “Ел нур” үйлчилгээний төвд үсэглэлийн баярын үйл ажиллагааны үеэр хөтлөгч хийж байхдаа тэнд байсан цэнхэр өнгийн хуучин ашиглаж байсан “Acer i3” маркийн зөөврийн компьютер буюу нөүтбүүкийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1 .    Шүүгдэгчийн гэм буруугийн талаар :

Шүүгдэгч К.Т нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг дэвсгэрт байрлах “Ел нур” үйлчилгээний төвд үсэглэлийн баярын үйл ажиллагааны үеэр хөтлөгч хийж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Ел нур” үйлчилгээний төвийн хөгжмийн аппаратуудын дэргэд байсан Б.Аын өмчлөлийн 350000 төгрөгийн үнэтэй цэнхэр өнгийн “Acer i3” маркийн зөөврийн компьютер буюу нөүтбүүкийг амар хялбар аргаар мөнгөтэй болох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төлөх зорилгоор, шунахайн сэдэлтээр, санаатайгаар хулгайлан авч, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Бес Арыс-2” нэртэй ломбардад 110000 төгрөгөөр тавьсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “... Миний алдагдсан зөөврийн компьютер буюу нөүтбүүк бол “Асег i3” маркийн цэнхэр өнгийн батерейгүй хуучин нөүтбүүк байсан юм. Уг нөүтбүүкийг миний нөхөр болох Ж.Серикжан нь 2015 онд 900000 төгрөгөөр худалдан авч байсан юм байна. Би хулгайд алдсан нөүтбүүкээ хүлээж авсан. Одоо надад К.Таас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20,

40-41  дүгээр хуудас/,

  • Гэрч Б.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ажилладаг “Бес Арыс-2” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт “Асег i3” маркийн цэнхэр өнгийн нөүтбүүкийг үл таних туранхай биетэй, бор царайтай залуу ирж 110000  мянган төгрөгөөр нэг сарын хугацаатай барьцаанд тавьсан ба өдөр  16 цагийн үед мөнгө төлөөд буцаагаад авсан. ...тухайн нөүтбүүкийг миний өөрийн нөүтбүүк, зай нь байхгүй, цэнэглэгчээр ажилладаг, одоогоор форматалсан байгаа гэж  хэлээд  барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч К.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд үсэглэлийн баярын арга хэмжээ дуусаж явах болоход тус “Ел нур” үйлчилгээний төвийн хөгжмийн аппаратуудын дэргэд хамт байсан “Асег i3” маркийн цэнхэр өнгийн нөүтбүүкийг өөрийн хувцас хунираа хийж очсон цүнхэнд хийж аваад явсан. ... Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3-60 айлын орон сууцанд байдаг “Бес Арыс-2” нэртэй ломбардад очиж уг нөүтбүүкийг 110000 төгрөгөөр барьцаанд тавьсан.  ... Би “Ел   нур” үйлчилгээний төвөөс нөүтбүүк хулгайлах үед согтуу байсан болохоор миний нөүтбүүк хулгайлж авсныг үзэж харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. … хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч К.Тын хулгайлсан зөөврийн компьютерийн өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч К.Тын хулгайлсан зөөврийн компьютерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/, -  Шүүгдэгчийн хулгайлсан зөөврийн компьютерийг “Бес арыс-2” ломбардад барьцаанд тавьсныг нотлох барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 10 дугаар хуудас/, -  Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233  дугаартай тогтоолын хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт байхгүй шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад эд хөрөнгөө хараа хяналтгүй орхисон хохирогчийн хайхрамжгүй байдал болон шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, эрүүл саруул ухаанаар сэтгэхэд архи согтууруулах ундаа уусан байдал зэрэг нөлөөлсөн байна.

Шүүгдэгч К.Т нь “Ел нур” үйлчилгээний төвд байсан цэнхэр өнгийн хуучин ашиглаж байсан “Acer i3” маркийн зөөврийн компьютерийг авч, өөрийн цүнхэндээ хийснээр хулгайн гэмт хэрэг эхэлж, гэртээ авч ирснээр өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулах боломжтой болсноор гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч К.Т нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй, хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч К.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч К.Тын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч

Б.Ат 350000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-47 дугаар хуудас/, хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20, 40-41 дүгээр хуудас/ зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ. Учир нь хохирогч нь 2015 онд зах зээлийн үнэлгээгээр уг нөүтбүүкийг 900000  төгрөгөөр худалдан авч байсан, хохирогчоос нөүтбүүкийг 220000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэдүүлэг, шинжээчийн 024 дугаартай дүгнэлтэнд 2011 онд 500000 төгрөгөөр худалдан авсан нөүтбүүк 220000 төгрөг, харин 2018 онд 900000 төгрөгөөр худалдан авсан нөүтбүүк 350000 төгрөг гэх дүгнэлт, нөүтбүүкийн гэрэл зургууд, нөүтбүүкийн хурд, багтаамж, хүчин чадал болон батерейгүй зэргийг харгалзан шинжээчийн 350000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ үндэслэлтэй гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаартай тогтоолоор баталсан “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам” нь аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн хөрөнгийн үндсэн хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацаа, элэгдлийг тооцоход баримтлах журам боловч шүүх харгалзан үзлээ. Өөрөөр хэлбэл уг журмын 2 дугаар хавсралтын 94-д “Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, програм хангамж” нь 4 жил тутамд 25 хувийн элэгдэлтэй байхаар зааснаас үзвэл 2015 онд 900000 төгрөгний үнэтэй нөүтбүүк 2018 онд буюу 3 жилийн хугацаанд 168750 төгрөгний элэгдэл хорогдол үүсч, 731250 төгрөгний үнэтэй байхаар байна. /25*900:100= 22500, 22500*3:4= 168750, 900000168750= 731250 /.

Гэвч тус нөүтбүүкний батерей байхгүй зэрэг дутагдлыг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч К.Тын хулгайлах үйлдлийн улмаас хохирогч Б.Ад нийт 350000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо хулгайлсан эд зүйлийг буцаан өгөх замаар бүрэн барагдуулж өгсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хулгайд алдсан нөүтбүүкээ хүлээж авсан. Одоо надад К.Тд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлгээр /хх-ийн 19-20 дугаар хуудас/ нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулан, хуульд заасан хорих ялаас чөлөөлж, тэнсэж, албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч К.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө эрүүл саруулаар удирдан жолоодох чадваргүй болж ахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно”, 3 дахь хэсэгт “Шүүх дараах хязгаарлалтыг тогтооно”, 3 дахь хэсгийн 3.3-т “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэж зааснаар түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч К.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн болох нь түүний яллагдагчаар өгсөн: “...найзуудтай хамт тус найранд архи дарс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм” /хх-ийн 31-32 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүйг дурдаж байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь /хх-ийн 33 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/-аар тогтоогдож байна

Шүүгдэгчийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ

хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзлээ.

 Харин уг гэмт хэргийг урьдаас төлөвлөж үйлдсэн, эрүүл болсон үедээ ч гэсэн мэдсээр байж ломбардад тавьж байгаа зэргээс үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1 заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болохыг дурдаж байна.

Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх өөрт нь буцаан олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч К.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 6, 7, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М овогт К-ийн Тыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Тт хорих ялаас чөлөөлж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Ерөнхий хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3т зааснаар шүүгдэгч К.Тт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Т нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.
  7. Шүүгдэгч К.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ