Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 050

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, улсын яллагч, хяналтын прокурор М.Фарида, нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг, иргэний нэхэмжлэгч Б.К, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр, шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гад холбогдох 181300028036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, 1982 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 04  дүгээр баг, Бугын гол гэх газарт оршин суух хаягтай, ам бүл-6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, 2007 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, И овгийн Н-ийн Г, РД:000

Шүүгдэгч Н.Гын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, улмаар уг модыг тус сумын иргэн К.Аы “Портер” маркийн 06-78 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1 .    Шүүгдэгчийн гэм буруугийн талаар :

Шүүгдэгч Н.Г нь шунахайн сэдэлтээр, өөрийн гэрийн гал түлэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улиастайн арал гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр гар хөрөө, сүх ашиглах 5 ширхэг мод тайрч,  хууль бусаар мод бэлтгэж улмаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр уг модыг тус сумын иргэн К.Аы “Портер” маркийн 06-78 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж өөрийн хашаандаа буулгасан байна.

Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Иргэний нэхэмжлэгч Б.Кий мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Н.Г Бугат сумын Улиастай арал гэх газраас зөвшөөрөлгүй дур мэдэн мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй Күнтуганы Аы портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Н.Гын гэрийн гадаа буулгасан байна. Хэрэг үйлдсэний улмаас байгаль орчинд хохирол учирсан байна. Би манай байгууллага болон Бугат сумыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож учирсан хохирлыг нэхэмжлэх болно. Шинжээчийн дүгнэлтээр бодит хохирол нь 2.184  метр куб мод буюу 131040 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлт гарсан байна.  Байгаль  орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлнэ гэсэн заалттай учир би учирсан хохирлыг хуулийн дагуу 3 дахин нэмэгдүүлэн 393120 төгрөгийг нэхэмжилсэн. Н.Гаас 393120 төгрөгийг төлүүлж авсан, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
  • Гэрч К.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хөрш айлын залуу Н.Г 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай гэрт ирээд гэрт түлээ буулгаад өгөөч гэж гуйсан, дараалан 2 өдөр ирсэн мөн утсаар ч гэсэн түлээ буулгаад өгөөч гэж гуйхаар нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би түлээ буулгаж өгөхөөр болоод Улиастай арал буюу Бугат гэдэг газарт хоёр хүүхдээ дагуулаад очсон бид очиход Г овоолоод бэлдчихсэн байсан байна. Овоолж бэлдсэн хус модыг ачсан. Тэр үед Жалдетийн хүүхэд нь ирж гар утсаар зураг авсан. Би тэр үед зураг авч байгаа залууд би энэ залуугийн гуйлтаар ирсэн зураг авч яах гэсэн юм бэ ? гэж хэлсэн чинь та нар эндээс яагаад мод бэлтгэж авч байгаа юм гээд хэлээд яваад өгсөн, бид цагдаад өгнө гэж бодоогүй би модыг ачиж Н.Гын гэрт буулгаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
  • Гэрч Ж.Мырзабекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны  01 дүгээр сарын 17-ны өдрийн үдээ хойш хэдэн цаг гэдгийг мэдэхгүй байна үхрээ хайгаад явж байхад Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улиастайн арал гэх газар жолооч Мерей буюу К.А өөрийнхөө портер машинд Наяагийн Гын хамтаар бэлдсэн хус мод ачиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  • Насанд хүрээгүй гэрч А.Кадирбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “...Хөрш залуу Н.Гын бэлдсэн түлээг ачиж Н.Гын гэрт буулгаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Насанд хүрээгүй гэрч А.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “...Н.Гын түлээг ачиж өгөхөөр Улиастай арал гэх Кадирбек бид хоёр очсоны дараа Н.Г ганцаараа урьд нь бэлдсэн модоо ачиж байхаар нь түлээг ачилцаж тусалсан, нэг залуу ирээд та нарын зургийг дарлаа шүү гэж хэлсэн. Бид Гын түлээг буулгах үед орой болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Баян-Өлгий аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газрын шинжээч Б.Хасымын модны экологи эдийн засгийн үнэлгээ хийсэн тухай 2018 оны 02 дугаар сарын 21 -ний өдрийн дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны  01 дүгээр сарын 14-ний өдөр би өөрөө ганцаараа өглөөний 10 цагаас оройн 17 цаг хүртэл өөрийнхөө гар хийцийн хөрөө, сүхтэйгээ Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улиастайн арал гэх газраас дандаа хуурай 5 модыг унагааж жижиглэн, мөн ойгоос хуурай модуудыг түүж бэлдсэн, бэлдэхдээ гоожин буюу эрхийн бичиг аваагүй бэлдсэн үнэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Н.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, мод тээвэрлэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1000000-1500000 төгрөг үнийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн” тухай мэдүүлэг зэрэг болно.

Тус хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд мөрдөгч нь шүүгдэгчийн бичиг үсэг мэдэхгүй байдлыг харгалзан “Хууль ёсны төлөөлөгч тогтоох тухай” тогтоол үйлдэж түүний хууль ёсны төлөөлөгчөөр Н.Ганзоригийг тогтоосон бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад  түүний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж өмгөөлөгч оролцуулсан байна. Монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй хүнд заавал хууль ёсны өмгөөлөгч томилж оролцуулах хуулийн зохицуулалт байдаг. Гэтэл хууль ёсны төлөөлөгч гэж хуульд заагаагүй үндэслэлээр байлцуулж мөрдөн шалгах ажиллагаа хийсэн нь боловч мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч оролцуулж, хавтаст хэргийн материалтай танилцуулан дээрх зөрчлийг арилгасан байна. Мөн энэ талаар өмгөөлөгч, шүүгдэгч нар ямар нэгэн гомдол саналгүй тухайгаа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн, шүүх хуралдаанд бичиг үсэг мэдэхгүй шүүгдэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож хавтаст хэргийг шинжлэн судлахад оролцсон зэргийг харгалзан шүүх хэргийг ахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, дээр дурдагдсан зүйлээс өөрөөр хууль зөрчсөн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамааралтай, үгүйсгэх нотлох баримт байхгүй шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг хангасан, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Н.Г нь шунахайн сэдэлтээр, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 14-ний Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улиастайн арал гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, улмаар уг модыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн К.Аы “Портер” маркийн 06-78  БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж гэрийнхээ гадаа буулгасанаар гэмт хэрэг тус тус төгссөн байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

 Шүүгдэгч Н.Г нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улиастайн арал гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2.184 м3 хус мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

Иймд шүүгдэгч Н.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Гын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас ойн санд 131040 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Гын зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 131040 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 393120 төгрөг болгож төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан Төрийн банкны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4  цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгчийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.

Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэн Х.Аы 01167369 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0749644 дугаартай татварын гэрчилгээ зэргийг тус тус өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” , 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж “Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр иштэй сүх 1 ширхэг, гар хөрөө 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэрэгцээнд шилжүүлж, албадлагын арга хэмжээний биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгч Н.Гын эзэмшлийн 1 ширхэг үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн К.Аы өмчлөлийн 1000000  төгрөгийн үнэ бүхий 0678 БӨТ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч К.Ад шилжүүлж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 1000000 төгрөгийг шүүгдэгч Н.Гаас гаргуулан улсын орлого болгохыг, тус аймгийн Цагдаагийн газрын хашаанд байх шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдэж олсон 2.184м3  хуурай модыг хурааж, худалдан борлуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Н.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ит овогт Н Гыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэн тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4  цагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр иштэй сүх 1 ширхэг, гар хөрөө 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэрэгцээнд шилжүүлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Гын эзэмшлийн 1 үхрийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн К.Аы өмчлөлийн 1000000 төгрөгийн үнэ бүхий 0678 БӨТ улсын дугаартай

Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч К.Ад шилжүүлж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 1000000 төгрөгийг шүүгдэгч Н.Гаас гаргуулж улсын орлого болгохыг, 2.184м3  хуурай модыг худалдан борлуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

  1. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ

өөрт нь буцаан олгож, №01167369 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №0749644  дугаартай татварын гэрчилгээ зэргийг иргэн К.Ад буцаан олгосугай.

  1. Шүүгдэгч Н.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ