Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/01521

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсан гудамж, Оргил стар хотхон 58-85 тоотод оршин суух  Бунь дарь овогтой Золбаярын Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их монгол улсын гудамж, Тайм скуэр хотхон, 501-501б тоотод байрлах Эко гэр цэцэрлэгт холбогдох 

   Цэцэрлэгийн төлбөрийн үлдэгдэл 3.352.637 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч З.Буяндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч төлөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“З.Буяндэлгэр нь анх 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн биеэр Эко гэр цэцэрлэг дээр очиж уулзан, 2 хүүхдээ уг цэцэрлэгт явуулахаар ярилцаж, тохиролцсон бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус цэцэрлэгийн ХААН банкин дахь 5021529433 тоот дансанд 2 хүүхдийнхээ эхний 3 сарын төлбөр болох 5.215.500 төгрөгийг шилжүүлсэн. Энэ төлбөр бол уг цэцэрлэгт 2 хүүхдээ зэрэг өгч, төлбөрийг нь төлж байгаагийн хөнгөлөлт гэж 5 хувийг хасаж тооцсон дүн юм. Ингэж төлбөрийг тохиролцсон болон хүүхдээ цэцэрлэгт явуулж эхлэх талаар надтай огт гэрээ байгуулаагүй, зөвхөн 2 хүүхдийн анкет бөглүүлж авсан бөгөөд түүн дээр нь хүүхдүүдийн зураг ч байхгүй. Гэрээгээ өгөөрэй гэж би хэд хэдэн удаа хэлж байсан ч өгдөггүй байсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн миний 2 хүүхэд уг цэцэрлэгт явж эхэлсэн боловч 4 хоногийн дараа бага охин Ц.Цэрэндолгор нь гүйлгэж, бөөлжиж эхэлсэн тул эмчид үзүүлэхэд цэцэрлэгт явуулж болохгүй гэрээрээ эмчил гэсний дагуу үргэлжлүүлэн цэцэрлэгтээ явах боломжгүй болсон. Цэцэрлэгийн захиралд энэ тухайгаа мэдэгдэж, төлбөрөө буцааж авах талаар хэлэхэд ахынх нь төлбөрийг дараагийн улиралын төлбөрт шилжүүлж болно, эсвэл дулаан орохоор өөрийг нь үргэлжлүүлэн явуулж болно гэж тайлбарласан. Тухайн үед ингээд үргэлжлүүлээд хүүхдүүдээ явуулна гэсэн ойлголт авсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орой хүү Ц.Цогдэлгэр маань мөн өндөр халуурч, гэртээ ирсэн тул маргааш нь эмчид үзүүлэхэд 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл магадлагаа бичиж өгсөн. Ингээд гэрээрээ эмчилж, эдгээгээд 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс цэцэрлэгтээ дахин явж эхэлсэн боловч 4 хоногийн дараа дахин өндөр халуурч, эмчид үзүүлэхэд өвчлөл нь хурц явагдаж байгаа тул мөн гэрээрээ эмчилгээ хийлгэхийг зөвлөсний дагуу 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл акт авч, гэрээрээ эмчилгээ хийлгэж, эдгээд 3 дугаар сарын 02-ны өдрөөс цэцэрлэгтээ явж эхэлсэн боловч дахин 2 хоногийн дараагаас халуурч, 3 дугаар сарын 04-ний өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл акт авсан. Тухай бүрт нь би эмчийн актыг цэцэрлэгт нь аваачиж өгдөг байсан бөгөөд ингэхдээ гэрээгээ өгөхийг шаардахад хүүхдээ эмчлүүлээд үргэлжлүүлээд цэцэрлэгт нь хамруулж болно, акктай тохиолдолд төлбөр дараа сард нь шилжинэ гэж хэлдэг байсан. Ийнхүү 2 хүүхдээ гэрээр эмчилж, цэцэрлэгт нь явуулахгүй байж байгаад 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс хамтад нь дахин цэцэрлэгт нь явуулж эхэлсэн боловч 5 дугаар сарын 05-ны өдөр 2 хүүхэд маань дахин халуурч гэртээ ирсэн тул эмчид үзүүлэхэд өвчлөл нь хурцаар явагдаж байгаа учраас дахин цэцэрлэгт битгий өг гэж дүгнэлт гаргасны дагуу дахин цэцэрлэгт нь явуулаагүй. Хүүхдүүдийн маань цэцэрлэгт явсан өдрүүд нь тус цэцэрлэгийн ирцийн дэвтэрт бүрэн бүртгэгдсэн бөгөөд нийтдээ охин Ц.Цэрэндолгор нь 8, хүү Ц.Цогдэлгэр нь 38 хоног л явсан боловч эмчийн дээрх дүгнэлтээр одоо нэгэнт цэцэрлэгт үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тул лэнэ учир байдлаа цэцэрлэгийн захиралд хэлж, яваагүй хугацааны төлбөрөө буцааж авъя гэдгээ амаар болон бичгээр хандаж илэрхийлсний хариу гэрээгээ нөхөж байгуулъя, бэлэн мөнгө буцаан олгохгүй, 2 хүүхдийг чинь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний хооронд болох зуны сургалтанд үнэгүй суулгая, гэх зэргээр төлбөрийн үлдэгдлийг буцааж олгохоос татгалзсан хариуг удаа дараа амаар өгч байна. Нийт цэцэрлэгт явах 90 хоногоос хүү Ц.Цогдэлгэр 38, охин Ц.Цэрэндолгор нь нийт 8 хоног л явсан байна. Иймээс хүүхэд тус бүрийн явсан өдрүүдэд оногдох хоногийн төлбөрийг нь суутгаж, үлдэгдэл 3.352.637 төгрөгийн төлбөрийг буцаан олгуулахаар нэхэмжилж байна. Хөнгөлөлт эдэлсэн 5 хувийг хасаад, 3 сар буюу 90 хоногоос амралтын хоногийг хасч, цэцэрлэгт явсан өдрүүдийн төлбөрийг мөн хасч, үлдэгдэл нэхэмжлэх төлбөрийг тооцвол охин Ц.Цэрэндолгор нь 2.508.000 буюу 66 хоног гэж тооцоход нэг өдрийн 38000 төгрөг бөгөөд цэцэрлэгт явсан 8 хоногийн төлбөрийг тооцоход 304.000 төгрөгийг төлж, үлдэх 2.204.000 төгрөг, хүү Ц.Цогдэлгэр нь 2.707.500 буюу 66 хоног гэж тооцоход нэг өдрийн 41.022 төгрөг бөгөөд цэцэрлэгт явсан 38 хоногийн төлбөрийг тооцоход 1.558.863 төгрөгийг төлж, үлдэх 1.148.637 төгрөг болж байна. Төлбөрөө буцаан төлөхийг удаа дараа шаардсан. Гэрээгээ байгуулаагүй байж мөнгөө буцааж авахыг хүсэхэд зуны сургалтанд явуулъя гэсэн. Төлбөрийг харилцан тохирсон боловч албан ёсоор хуульд нийцсэн гэрээг байгуулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хүүхдээ цэцэрлэгт явах эрх хангагдаагүй гэж байна. Иймд Эко гэр цэцэрлэгээс 3.352.637 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Эко гэр цэцэрлэгийн эрхлэгч Г.Ууганжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ”...Манай цэцэрлэг Хан-Уул дүүргийн 11-р хороо Ривер Гарден хорооллын өргөтгөл, Тайм скуэр хотхоны 501, 501Б тоотод 2015 оны 06 сараас одоог хүртэл сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж байна. Манай цэцэрлэг хүүхэд хөгжүүлэх олон төрлийн дугуйлан хичээллүүлдэг, хүүхдэд амин дэмтэй, эко органик хоол хүнсээр тогтмол үйлчилдэг. Хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг цэцэрлэгээс бэлддэг төдийгүй тухайн ангийн нэг хүүхэд ирээгүй ч бүх үйл ажиллагаа хэвийн явагддаг, багш, ажилчдын цалин хөлсийг бүрэн олгодог тул хүүхдийн төлбөрийг цэцэрлэгт явсан өдрөөр бус улирлаар тооцдог. Эцэг эхчүүд манай цэцэрлэгийг сонгон хүүхдээ өгөхийг хүсдэг нь тэдний хүсэл, шаардлагаас шалтгаалдаг бөгөөд манай цэцэрлэгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төлбөрөө төлдөг. Бид бүх эцэг эхчүүдэд төлбөр буцаах боломжгүй талаар тайлбарлаж, хүүхдийг хүлээн авдаг. Эцэг эхтэй байгуулах гэрээний хувьд бидний зүгээс гарын үсэг зурж, 2 хувь гэрээ өгч явуулсан боловч баталгаажуулж буцааж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн хүүхдүүд нь 2015 оны 11 сарын 09-нөөс 2016 оны 05 сарын 09-ний хооронд цэцэрлэгт явсан. Цэцэрлэгт явсан хоног болон өдрүүдэд маргахгүй. Гэрээ байгуулаагүй гэж байна. Хичээлийн жилээр гэрээ байгуулдаг. 2015 оны 06 сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингэхдээ эцэг, эхтэй тохиролцоод аман байдлаар гэрэ байгуулаад эцэг, эхэд нь гэрээг гэр рүү нь өгч явуулдаг. Хичээлийн эрхлэгч Г.Ууганжаргал нь анги удирдсан багшаас хүүхдүүдийг байнга асуудаг байсан. Хүүхдүүд цэцэрлэгтээ ирэхгүй байсан талаар нэлээн ярилцсан. Боловсролын тухай хуулийн 14.2-т зааснаар талууд гэрээ байгуулах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс явсан өдрийг тооцон хассан нь үндэслэлгүй. Боловсролын тухай хуульд өдөр өнжүүлэх үйлчилгээг тодорхой заасан байгаа. Харин сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 4.1.4-т зааснаар Эко гэр цэцэрлэг бол өдөр өнжүүлэх бус сургалтын байгууллага юм. Тус цэцэрлэг нь хүүхдийг хөгжүүлэх цогц хөтөлбөртэй. Сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлддэг. Нэг хүүхэд ирээгүй байсан ч үйл ажиллагаа хэвийн явагддаг. Хэрвээ хүүхдүүдийг өдрөөр авдаг байсан бол сургалтын болон хичээлийн хэрэглэгдэхүүнийг бүтэн жилээр авах шаардлагагүй. Иймээс төлбөр буцаах үндэслэлгүй, хүүхдүүдийг сургуулийн өмнөх агуулга стандартын дагуу бэлддэг. Нэхэмжлэгчийн зүгээс Ц.Цэрэндолгорын өвдсөнийг хэлэхэд ахынх нь төлбөрт шилжүүлж болно гэсэн. Ц.Цогдэлгэр бол өвчтэй гэх шалтгаанаар олон хоног ирээгүй нь биднээс шалтгаалаагүй. Харин ч бид 2 хүүхдийн төлбөрийг 1 хүүхдийн 1 улирлын төлбөр болгон уян хатан байсан. Мөн түүнчлэн 2 хүүхдээ зэрэг өгч байгаа хэмээн 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэн 5.215.500 төгрөг авсан. Энэ хугацаанд харин ч манай цэцэрлэг хохиролтой байсан. Нэг ангид 20 хүүхэд явдаг. Энэ хүүхдийг явна гэдэг үднээс орон тоог хадгалж байсан. Тийм ч учраас Эко гэр цэцэрлэг болон З.Буяндэлгэрийн хооронд ямар нэг төлбөр байхгүй. Энэ харилцаа бол Иргэний хуулийн 343, 359, 281-г гэрээний хэлбэрийг агуулсан холимог төрлийн гэрээ гэж бодож байна. Талуудын хооронд хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанд тооцож байна. Учир нь нэхэмжлэгч төлбөрийг төлсөн. Хүүхдийг цэцэрлэгт хамруулах учраас хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсанд тооцох нь илүү үндэслэлтэй гэж үзэж байна. Талуудын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй” гэв.

 

         Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

                                                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч З.Буяндэлгэр нь хариуцагч “Эко гэр” цэцэрлэгт холбогдуулан хүүхдүүдийн сургалтын төлбөрт 3.352.637 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь “...цэцэрлэгт хоёр хүүхдээ явуулж эхэлтэл хүүхэд өвдсөн учир хүүхдүүдийн сургалтын төлбөрт төлсөн үлдэгдэл 3.352.637 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон, харин хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Бидний хооронд гэрээ байгуулаагүй, ...мөн хүүхдүүд өвчтэй гэх шалтгаанаар олон хоног цэцэрлэгтээ ирээгүй нь биднээс шалтгаалаагүй учир мөнгийг өгөхгүй гэж маргажээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

           Зохигчид гэрээнд гарын үсэг зураагүй боловч талуудын хооронд сургуулийн өмнөх боловсрол сургалтын аман гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

          Нэхэмжлэгч З.Буяндэлгэр, хариуцагч Эко гэр цэцэрлэгтэй 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол сургалтын аман гэрээ  байгуулж, Уг аман гэрээнд хүү Ц.Цогдэлгэр, охин Ц.Цэрэндолгор нарыг Эко гэр цэцэрлэгт явуулахаар, хариуцагчийн дансанд хүү Ц.Цогдэлгэрийн төлбөрт 2.707.000 төгрөг, охин Ц.Цэрэндолгорын төлбөрт 2.508.000 төгрөг нийт 5.215.500 төгрөгийг тус тус хийхээр харилцан тохиролцжээ.

 

          Мөн нэхэмжлэгч З.Буяндэлгэр, хариуцагч Эко гэр цэцэрлэг нар нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол сургалтын аман гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хаан банкны 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн орлогын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч хүүхдүүдээ цэцэрлэгт явуулсан, хариуцагч цэцэрлэгийн төлбөрт 5.215.500 төгрөг хүлээн авсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно. /хх 34-р хуудас/

 

          Нэхэмжлэгчийн охин Ц.Цэрэндолгор 8 хоног, хүү Ц.Цогдэлгэр 38 хоног “Эко гэр” цэцэрлэгт явсан талаар зохигчид маргаагүй ба Ц.Цэрэндолгор Ц.Цогдэлгэр нарын бие өвдөж байсан болох нь “Sos medica mongolia ub international clinic” эмнэлгийн эмчийн тодорхойлолт, мөн эмнэлгийн тэмдэглэл, гэрч ангийн багш Б.Мягмарсүрэнгийн мэдүүлсэн”...Цогдэлгэрийн хувьд ээж нь өвчтэй гэж хэлж байсан учраас журнал дээр өвчтэйгээр тэмдэглэж явсан... гэх” мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх 30, 32, 42-43 хуудас/

        

Нэхэмжлэгчийн хүү Ц.Цогдэлгэр, охин Ц.Цэрэндолгор нар нь цэцэрлэгтээ явах боломжгүй болсны улмаас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан тухайгаа хариуцагчид мэдэгдэн, цэцэрлэгийн сургалтын төлбөрт төлсөн үлдэгдэл 3.352.637 төгрөгөө буцаан авах хүсэлт гаргасан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн зүгээс охин Ц.Цэрэндолгор өвдсөн, цэцэрлэгт явуулахгүй төлбөрийг авна гэж хэлэхэд хариуцагч Эко гэр цэцэрлэг охины төлбөрийг ахынх нь төлбөрт шилжүүлж болно гэж ярилцсан ...гэх” шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр буцаан авах тухай өргөдөл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 31-р хуудас/

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.  

 

Нэхэмжлэгч аман гэрээнээс татгалзсан тухайгаа амаар болон бичгээр мэдэгдэж байсныг хариуцагч байгууллага тайлбар болон баримтаар үгүйсгээгүй. Мөн гэрээ байгуулаагүй, Ц.Цогдэлгэр бол өвчтэй гэх шалтгаанаар олон хоног ирээгүй нь биднээс шалтгаалаагүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй баримт, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч цэцэрлэгийн жилийн зардлын баримт 6 ширхэгийг авчирч өгсөн ба эдгээр баримтууд нь хариуцагчийн татгалзсан тайлбарыг нотолж чадахгүй болно.

Иймд хариуцагч Эко гэр цэцэрлэгээс охин Ц.Цэрэндолгор /2.204.000 төгрөг/, хүү Ц.Цогдэлгэр /1.148.637 төгрөг/ нарын цэцэрлэгт яваагүй хоногийн үлдэгдэл төлбөр 3.352.637 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Буяндэлгэрт олгохоор шийдвэрлэлээ.

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эко гэр цэцэрлэгээс 3.352.637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Буяндэлгэрт олгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Буяндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Эко гэр цэцэрлэгээс 68.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

      3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.САНСАРМАА