| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2016/01535/и |
| Дугаар | 183/ШШ2017/01616 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2017/01616
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа би
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, эмнэлэгийн 9 дүгээр гудамж 408 тоотод байрлах “Мосол” ХХК /РД:5004462/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД, 40 дүгээр байрны 14 тоотод байрлах “Рок Волл” ХХК /РД:5074665/-д холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.393.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мосол” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Манай “Мосол” ХХК нь барилгын материал худалдах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Рок Волл” ХХК-ийн хүсэлт гаргасны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрэ байгуулж, “Рок Волл” ХХК-ийн хүсэлт гаргасны дагуу зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж “Рок Волл” ХХК-д барилгын материал болох гадна эмульс үүнд: 18 литртэй гадна цагаан эмүльс 8 сав нэг бүрийн үнэ 254.000 төгрөг нийт 2.032.000 төгрөг, NR1028 кодтой 18 литртэй гадна эмульс 5 сав нэг бүрийн үнэ 240.000 төгрөг нийт 1.200.000 төгрөг, NR5048 кодтой 18 литртэй гадна эмульс 10 сав нэг бүрийн үнэ 121.000 төгрөг, нийт 1.210.000 төгрөгийн үнэ бүхий нийт 4.682.000 төгрөг барааг хүлээлгэн өгсөн. Гэрээгээр барилгын материал худалдан авагч тал болох “Рокволл” ХХК нь худалдан авсан зүйлийн төлбөр 4.682.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдагч тал “Мосол” ХХК-д бүрэн төлөхөөр байсан боловч 1.800.000 төгрөгийг төлж үлдэгдэл 2.882.000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд “Рок Волл” ХХК-иас үндсэн төлбөр 2.882.000 төгрөг, гэрээний 4.7-д заасны дагуу алданги 1.441.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг нийт 4.393.200 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Рок Волл” ХХК-ийн захирал Б.Наранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Рок Волл” ХХК нь Барилгын гадна фасадны үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Мосол” ХХК-иас 4.682.000 төгрөгийн гадна фасадны эмульсийг зээлээр авч 1.800.000 төгрөгийг төлж үлдэгдэл 2.882.000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. “Мосол” ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн төлбөр болох 2.882.000 төгрөгийг, алданги 1.441.000 төгрөг, шүүхийн зардал 70.200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. “Рок Волл” ХХК нь сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд ямар нэгэн ажил гүйцэтгээгүй байгаа тул 2017 оны 8 дугаар сарын 30-нд бүх төлбөрийг төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:
“Мосол” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Рок Волл” ХХК-д холбогдох 4.393.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч компанийн захирал Б.Наранчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч миний бие хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мосол” ХХК нь хариуцагч “Рок Волл” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.393.200 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч “Рок Волл” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.393.200 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Мосол” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Рок Волл” ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4.393.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Рок Волл” ХХК нь 4.393.200 төгрөгийг нэхэмжлэгч “Мосол” ХХК-д 2017 оны 8 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.250 төгрөгнөөс 42.625 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2603030349 тоот данснаас, хариуцагч “Рок Волл” ХХК-иас 42.625 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, 42.625 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.САНСАРМАА