Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 062

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, улсын яллагч, хяналтын прокурор Х.Өрен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан, иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөндорж шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр шүүгдэгч Б.Е-О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Хулгайлах” гэмт хэргүүдэд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

2.4- д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Е-От холбогдох 1813000340028  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У овогтой Бийн Е-О, 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс У, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 0 дугаар багт оршин суудаг,  урьд нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2-т зааснаар эцэг эхийн хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар 0000

Шүүгдэгч Б.Е-Оын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Е-О нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр багийн иргэн “Бүргэд” гудамжны 1001 тоотод оршин суух иргэн Х.Бийн байшинд 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн “SНАRР” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, “NОКIА 105” маркийн гар утсыг хулгайлж “Мустанг-5” маркийн

30-62  БӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч явсан,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн С.Сын өвлийн байшингийн цонхоор 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж “Нокиа” маркийн хуучин хэрэглэж байсан хар өнгийн гар утас 1 ширхэг, “Нокиа” маркийн хуучин хэрэглэж байсан цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг, бэлэн 80000 төгрөг, шаргал өнгийн зүүлт 1 ширхэг, шаргал өнгийн 2 ширхэг хос ээмэг зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүгдэгч Б.Е-О нь 2018  оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн “Бүргэд” гудамжны 1001 тоотод оршин суух Х.Бийн байшинд амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын гэрт нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж байшингийн хаалганы цоожийг чулуугаар цохиж эвдэн орж 750000-800000 төгрөгийн үнэтэй 39  инчийн “SНАRР” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, 40000-50000 төгрөгийн үнэтэй “ИОКIА 105" маркийн гар утсыг хулгайлж Б.Мөнгөндоржийн өмчлөлийн “Мустанг 5” маркийн 30-62 БӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Өлгий сумын 4 дүгээр багт байрлах үл таних айл болон “Амина” гэх дэлгүүр лүү авч явсан байна. Улмаар зурагтыг үл таних айлд эргэж ирж авах зорилгоор үлдээж, хэсэг хугацааны дараа “Тирлик” захад аккумляторын ченж хийдэг эмэгтэйтэй тохиролцон уг зурагтыг 200000 төгрөгөөр худалдсан, мөн гар утсыг Өлгий сумын 4 дүгээр багт байрлах “Амина” гэх дэлгүүрт 5000 төгрөгийн барьцаанд тавьж мотоциклдоо бензин хийсэн байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Шүүгдэгч Б.Е-Оын хохирогч Х.Бийн гэрт хэрхэн нэвтэрч,

750000-800000 төгрөгийн үнэтэй 39  инчийн “SНАRР” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, 40000-50000 төгрөгийн үнэтэй “ИОКIА 105" маркийн гар утсыг хулгайлсан гэх үйл явдлыг тодруулсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /ххийн 6-9 дүгээр хуудас/,

  • Хохирогч Х.Бийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах, албадлагын арга хэмжээг хангах зорилгоор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан Мустанг-XY150 маркийн улаан өнгийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн, 30-62 БӨЗ улсын дугаартай мотоциклыг битүүмжилсэн тухай тэмдэглэлээр /хх-ийн 82-84 дүгээр хуудас/
  • Хохирогч Х.Бийн “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өглөө 11 цаг 30  минутын үед аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Цэвэр агаар, эрүүл бие” сэдэвт арга хэмжээнд оролцох зорилгоор эхнэр хүүхдээ Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хадам аавын гэрт хүргэж, өөрөө Толбо нуур луу явсан. Ингээд орой 17 цаг 50 минутын үед гэрт ирэхэд хашааны гүйдэг төмөр хаалга онгорхой, мөн гэрийн хаалгыг харахад онгорхой байсан тул ойртож ирээд үзэхэд цоожийг зүүн талын сүүжтэй хамт эвдэж, хатуу мохоо зүйлээр цохисон байдлыг харж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ингээд эхнэрээ дуудаж гэрт байгаа эд зүйлийн бүрэн бүтэн байдлын хамт шалгахад зочны өрөөнд байсан 39 инчийн, хар өнгийн “Sharр” маркийн хавтгай /лед/ зурагт алга болсон байсан гэж мэдүүлсэн ба 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн өгсөн мэдүүлгээр миний бие хулгайд алдсан зурагт болон гар утсаа эргүүлж авсан бөгөөд зурагтыг 750000-800000 төгрөгөөр, гар утсыг 40000-50000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаар маргах зүйлгүй. Надад өөр учирсан хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/
  • Иргэний нэхэмжлэгч Д.Паризагийн “..Миний бие Б.Е-О гэгчээс  200000 төгрөгөөр SНАRР маркийн 39 инчийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагтыг худалдаж авснаас болж 200000 төгрөгөөр хохирч байна. Зурагтыг цагдаагийн байгууллагаас хулгайн эд зүйл гэж хурааж авсан. Миний бие гэм буруутай этгээд болох Б.Е-Ооос нэхэмжлэх болно ” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
  • Иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөндоржийн “Шүүгдэгч Б.Е-Оын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан Мустанг-XY150 маркийн улаан өнгийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн, 30-62  БӨЗ улсын дугаартай мотоциклыг би Кенжебек гэх залуугаас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр худалдан авч, 960000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь үлдсэн 40000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгч мотоциклыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул миний бие битүүмжилсэн байгаа мотоциклыг өөрөө эргүүлж авах хүсэлтэй байна. Одоо Кенжебек бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
  • Гэрч Д.П-гийн “...Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Тирлик” зах дээр наймаа эрхлээд зогсож байхад улаан өнгийн мотоцикл, улаан өнгийн дуулга буюу хамгаалалтын малгайтай, бор өнгийн хувцастай үл таних залуу ирж манай ойролцоо наймаа эрхэлдэг бүх хүмүүс рүү очиж “би хүнд өгөх өртэй, тэрнийг нэхээд байна та нар надаас нэг зурагт худалдаж аваач, бүр болохгүй бол түр байлгаж байгаад авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй зурагтыг чинь авч чадахгүй гэхэд та итгэхгүй бол манай гэрт очиж үзээч, одоо зурагт гэрт байгаа гээд гуйхаар нь өрөвдөөд хамт түүний мотоциклтой 4 дүгээр багт байрлалтай нэг айлд очиж цуг зурагтыг аваад Б.Е-Ооор хүргүүлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
  • Гэрч М.Бекболатын “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үдийн цайны үеэр би хөлсний ажил хийж ирээд 4 настай дүүгийн хамт цайгаа уугаад сууж байхад гаднаас үл таних залуу гэрийн хаалгаар шагайж та наашаа гараад ирээч гэж хэлэхээр нь би гарч очиход тэр залуу үүдний өрөөнд хар өнгийн хавтгай зурагт авч ирээд тавьчихсан зогсож байсан. Тэр надад би энэ зурагтыг гэр лүүгээ мотоциклоор авч явах гэхээр унаад болохгүй байна. Би сая 2-3 удаа унагааж авлаа. Та гэрт оруулаад асаж байгаа эсэхийг шалгаж өгөөч гэхээр нь зурагтыг асааж үзэхэд асаж байсан. Тэр залуу надад за ашгүй дээ зурагт асаж байгаа юм байна, энэ зурагт танай гэрт байж байг, би машин авч ирэхгүй бол мотоциклоор авч явах гэхээр боломжгүй юм байна гэсэн. Тэр залуу өөрийн нэрээ надад хэлээгүй бөгөөд харахад монгол залуу байсан ба надад казах хэлээр харьцаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хажуудаа 40-45 насны нэг эмэгтэй хүн дагуулж ирээд уг зурагтыг нэг эгчид асааж үзүүлээд манай гэрээс авч явсан. Мөн зурагтыг хаанаас авч ирж байгаа болохоо, яах гэж байгаагаа ч тодорхой хэлээгүй. Би зурагтыг мотоциклоор авч явах боломжгүй болохоор замд манай гэрт түр тавьсан байх гэж бодсон” гэх мэдүүлэг /ххийн 22-23 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Е-О нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх хуулиар олгогдсон эрхтэй боловч тэрээр өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн  “...Миний бие 2018  оны 02 дугаар сарын эхээр Өлгий сумын 4 дүгээр багт байдаг нэг айлд өөрийн Мустанг-5 маркийн улаан өнгийн, 30-62 БӨЗ маркийн мотоциклоор очиж хаалганы цоожийг чулуугаар цохиж эвдэж орж хар өнгийн Sharр маркийн хавтгай LCD маркийн зурагт, Nокiа-105 маркийн хар өнгийн гар утсыг хулгайлж зурагтыг “Тирлик” зах дээр наймаа хийдэг Перизат гэгч эмэгтэйд 200000 төгрөгөөр худалдсан. Харин гар утсыг “Амина” гэх дэлгүүрт 5000 төгрөгийн барьцаанд тавьж мотоциклд бензин хийсэн. Өөрөөр хэлбэл гар утсыг хэнд ч зараагүй надад байсан. Хулгайлж авсан зурагт болон гар утсыг хохирогч буюу эзэнд нь эргүүлж өгч хохирогчоос уучлалт гуйсан. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Иймд надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.2 Мөн шүүгдэгч Б.Е-О нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр БаянӨлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн С.Сын өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Нокиа” маркийн хуучин хэрэглэж байсан хар өнгийн гар утас 1 ширхэг, “Нокиа” маркийн хуучин хэрэглэж байсан цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг, бэлэн 80000 төгрөг, шаргал өнгийн зүүлт 1 ширхэг, шаргал өнгийн 2 ширхэг хос ээмэг зэргийг хулгайлсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хохирогч С.Сын “...Миний бие 2 хүүхдийн хамт Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед хүүхдүүдийн хамт айлын цайллаганд яваад 14 цаг 30 минутанд гэртээ ирэхэд манай байшингийн унтлагын өрөөний цонхоор хулгай орсон байдалтай, хагас онгорхой байсан. Ингээд гэр лүгээ ороход том өрөөний буйдан дээр байсан цэнхэр өнгийн Нокиа маркийн гар утас 1 ширхэг, мөн унтлагын өрөөнд байсан хар өнгийн Нокиа маркийн гар утас 1 ширхэг, охин болох С.Еркегүлийн цүнхэнд байсан гоёлын ээмэг, зүүлт 1 ширхэг, бэлэн 80000  /наян мянган/ төгрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан учир Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/
  • Хохирогч С.Еркегүлийн “...Би аав С.С, нөхөр Берикбол нарын хамт Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 21ний өдөр 13 цагийн үед аав С, нөхөр Берикбол нарын хамт айлын цайллаганд очиж тэнд байж байгаад 14 цаг 30 минутад гэртээ ирэхэд манай байшингийн унтлагын өрөөний цонхоор хулгай орсон байдалтай, хагас онгорхой байсан. Тэгээд бид гурав гэр лүгээ ороход том өрөөний буйдан дээр байсан цэнхэр өнгийн Нокиа 0168 маркийн гар утас 1 ширхэг, мөн унтлагын өрөөнд байсан хар өнгийн Нокиа 0168 маркийн гар утас 1 ширхэг, миний цүнхэнд байсан ээмэг, зүүлт 1 ширхэг, бэлэн 80000 /наян мянган /төгрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
  • Гэрч У.Балжиннямын “...Б.Е-О нь 1999 оны 03 дугаар сарын 02ны өдөр төрсөн 19 настай. Бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй. Б.Е-Оыг 2000 онд миний ээж Баяраа гэх хүн үрчилж авсан бөгөөд Баар овоглож явдаг. Ээж болох Баяраа нь 2001 онд нас барсан. Манайх ам бүл 5лаа, нөхөр Мөнгөндорж, хүү Б.Е-О, охин Ариунзаяа, охин Аминзул нарын хамт Бугат сумын 3 дугаар багт оршин суудаг. Нөхөр маань хэвтрийн дэглэмтэй, архаг хууч өвчтэй, эмчийн хяналтанд байдаг юм. Б.Е-О маань төлөв даруу, цайлган сэтгэлтэй төлөвшсөн хүүхэд байсан юм. Баяраа эмээ нас барснаас хойш Б.Е-О нь бидний үгэнд орохгүй, гадуур тэнэж, хулгайн хэрэгт холбогдож байгаа юм” гэх мэдүүлэг

/хх-ийн 17 дугаар хуудас/

  • “Мөнх-эстимэйт” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин, шинжээч Х.К-тын “Нокиа 0168 ” маркийн товчлууртай, хуучин гар утас болон шаргал өнгийн цагаан шигтгээтэй ээмэг, кулонтой зүүлт /эмэгтэй гоёлын/-ийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-ийн 22-25 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Б.Е-О өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх хуулиар олгогдсон эрхтэй боловч тэрээр өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би 15 цагийн үед гэрээсээ гараад, аав Мөнгөндоржийн “Мустанг” маркийн мотоциклоор “Тирлик” захын хойд талд байрлах гэр хорооллын гудамжаар явж байгаад нэг хашаа руу ороход улаан тоосготой, нэг давхар өвлийн байшин байсан ба хажууд нь ойртож очиход хаалга нь хаалттай, далд цоожтой эзгүй, хүнгүй байсан. Тэгээд би байшингийн хойд талын вакуум цонхыг гараараа цааш нь түлхэхэд онгойсон бөгөөд цонхоор дотогшоо нэвтрэхэд унтлагын өрөө байсан. Уг өрөөнд байрлах ор нь дээр цэнхэр өнгийн Нокиа маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн Нокиа маркийн гар утас 1 ширхэг, мөн тус өрөөнд байрлах шүүгээнд байсан эмэгтэй хүний шаргал өнгийн ээмэг, зүүлт болон бэлэн 80000 төгрөг зэргийг хулгайлж аваад буцаж уг цонхоор гадагшаа гарсан. Тэгээд би гудамжинд явж байхад цагдаа нарт баригдсан. ...Миний хулгайд орсон айлын эзнийг С гэдгийг дараа нь сонсож мэдсэн юм. Гудамжаар явж байхад уг айл нь эзгүй, байшингийн хаалга, цонх нь хаалттай, түгжээтэй байсан болохоор дотогшоо нэвтрээд хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Е-Оын хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүх шинжлэн судалсан.Үүнд:

  • Гэрч У.Балжиннямын мэдүүлэгт: “...Б.Е-О нь миний хүү бөгөөд БаянӨлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин  суудаг, эрхэлсэн ажилгүй, айлын ганц хүү, доороо 2 эмэгтэй дүүтэй. Аав нь хэвтрийн дэглэмтэй, архаг хууч өвчтэй, эмчийн хяналтанд байдаг, өрхийн амьжиргааны түвшин доогуур, нэн ядуу айл юм...” гэх /хх-ийн

17-18  дугаар хуудас/,

  • Гэрч Б.Алтанцэцэгийн: “...Б.Е-О нь миний найз залуу бөгөөд одоогоор миний бие 8 сартай жирэмсэн. Б.Е-О айлын ганц хүү нь бөгөөд төлөв даруу, цайлган сэтгэлтэй төлөвшсөн хүүхэд байсан. Сүүлийн үед хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэгт холбогдсон.  Тэдний ямар нэгэн эд хөрөнгөгүй, эрхэлсэн ажилгүй, өрхийн амьжиргааны түвшин доогуур орлоготой нэн ядуу айл бөгөөд аав нь өвчтэй, асаргаанд байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
  • Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 218 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 164 тоот албан бичигт: “...Б.Е-Оын нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх /хх-ийн 40 дүгээр хуудас/
  • Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015  оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаартай тогтоолоор “Хулгайлах” гэмт хэрэгт буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эцэг эхийн хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн БаянӨлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 89 дугаартай тогтоолоор Хулгайлах гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан /хх-ийн 46-48, 60 дугаар хуудас/,
  • Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 209 дугаартай шийтгэврээр “Хулгайлах” зөрчил үйлдсэн тул 30 цагийн албадан  сургалтад хамруулж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан /хх-ийн 71 дүгээр хуудас/
  • Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн У овогт Бийн Е-О /Б0/ нь нийт 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн ба 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх үлдэгдэлтэй байна гэх Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  дарга, дэд хурандаа

С.Ганбатын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/362 дугаартай албан бичиг,

  • Тус сумын 3 дугаар багийн иргэн Баяраа овогтой Е-О нь аав, ээж, дүү

нарын хамт амьдардаг. Эмээ нь нас барснаас хойш аав, ээжийнхээ үгэнд ордоогүй, гэр орондоо нэг их тогтдоггүй, эрсдэлтэй хүүхдийн нэг болохыг тодорхойлов. Урьд нь удаа дараа ял шийтгүүлж байсан, ямар нэгэн эд хөрөнгө байхгүй болно гэх /хх-ийн 56 дугаар хуудас/ Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Засаг дарга А.Жанатын тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

 Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус 2 үйлдэл нь хоёулаа төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Б.Эрдэн-Оын үйлдсэн дээрх хоёр үйлдэл нь тус тусдаа эхлэл төгсгөл, зорилго сэдэлттэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн, халдлагын объект тусдаа, учруулсан хохирол салангид байх тул нэг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч Б.Е-О нь энэхүү хууль бус үйлдлүүдээ амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын гэрт нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар, бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч бусдад учруулсан өөрийн өрийг дарахын тулд энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч С.С, С.Еркегүл, Х.Баймырза нарт хохирол учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э-О нь 2018 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Баян-Өлгий

аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах иргэн С.Сын өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарах тул тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний эдгээр шинжид үндэслэн шүүхээс Баян-Өлгий аймгийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Мөн Шүүгдэгч Б.Е-О нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр БаянӨлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Бүргэд гудамжны 1001 тоотод оршин суух иргэн Х.Бийн байшинд амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж байшингийн хаалганы цоожийг чулуугаар цохиж эвдэж орж 750000-800000 төгрөгийн үнэтэй 39  инчийн “SНАRР” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, 40000-50000 төгрөгийн үнэтэй “ИОКIА 105" маркийн гар утсыг хулгайлж Б.Мөнгөндоржийн өмчлөлийн “Мустанг 5” маркийн 30-62 БӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын 4 дүгээр багт байрлах үл таних айл болон “Амина” гэх дэлгүүр лүү авч явсан байна. Энэхүү үйлдлээ хэрэгжүүлэхдээ машин механизм буюу мотоцикл ашиглаж үйлдсэн тул тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний эдгээр шинжээр нь шүүхээс Баян-Өлгий аймгийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Е-Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар “Машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Е-Оын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж 750000 төгрөгийн үнэтэй 39  инчийн “SНАRР” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, 40000 төгрөгийн үнэтэй “ИОКIА 105" маркийн гар утсыг хулгайлснаас хохирогч Х.Баймырзад 790000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, эд зүйлсийн зураг зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж үзлээ.

Хохирогч Х.Баймырзад мөрдөн байцаалтын шатанд 39 инчийн “Sharp” маркийн зурагт, “Nokia-105” маркийн гар утас биет байдлаар нөхөн төлөгдсөн /хх-ийн 97 дугаар хуудас/ зэргийг үндэслэл болгож шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч С.С нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн 9 дүгээр хуудас/ цэнхэр өнгийн Нокиа маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн Нокиа маркийн гар утас 1 ширхгийг тус бүрийг нь 40000 төгрөг, нийт 80000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч “Мөнхэстимэйт” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин, шинжээч Х.Калимат нь “Нокиа 0168” маркийн товчлууртай, хуучин гар утас 20000 төгрөг, шаргал өнгийн цагаан шигтгээтэй ээмэг, кулонтой зүүлт 50000 төгрөгийн үнэтэй гэж тогтоосон байна. /хх-ийн 22-25 дугаар хуудас/

Шүүх хуульд зааснаар, тусгай мэдлэгийн хүрээнд үнэлгээ тогтоосон эрх бүхий шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Е-Оын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч С.С, С.Еркегүл нарт 170000 төгрөгийн хохирол учирсан боловч эдгээр хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр /хх-ийн 11-15 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 67-68 дугаар хуудас/ зэргийг үндэслэл болгож шүүгдэгчийг хохирогч С.С, С.Еркегүл нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх иргэдэд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэснээр шүүгдэгч Б.Е-Оын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хохирогч  Х.Бийн гэрээс хулгайлсан 750000 төгрөгийн үнэтэй 39  инчийн “SНАRР” маркийн хавтгай дэлгэцтэй зурагтыг Д.Паризад худалдсанаас болж иргэний нэхэмжлэгч Д.Паризад 200000 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзлээ.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Д.Паризагийн мэдүүлэг /хх-ийн 17  дугаар хуудас/, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Д.Паризад төлөх төлбөртэй байна.

Хохирогч Х.Баймырзад бага хэмжээний хохирлоос дээш буюу 790000 төгрөгийн хохирол учирсан байна. Харин хохирогч С.С, С.Еркегүл нарт 170000 төгрөгийн, нийт 960000  төгрөгийн хохирол учирсан байна.

Харин иргэний нэхэмжлэгч Д.Паризад 200000 төгрөгийн хор уршиг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөндоржид 750000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклын хор уршиг учирсан байна.

Шүүгдэгч Б.Е-Оын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Мустанг-XY150 маркийн улаан өнгийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн, 30-62 БӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөндоржийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Шүүгдэгч Б.Е-Оын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан Мустанг-XY150 маркийн улаан өнгийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн, 30-62 БӨЗ улсын дугаартай мотоциклыг би Кенжебек гэх залуугаас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр худалдан авч, 960000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь үлдсэн 40000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгч мотоциклыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Мотоциклын бичиг баримт нь Кенжебекийн өөрт нь байгаа......” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 28-

29  дүгээр хуудас/,

Гэрч С.Кенжебекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний бие Б.ЕОын аав нь болох Б.Мөнгөндорж гэдэг хүнд мотоциклоо 2018 оны 01 дүгээр сарын 17ны өдөр 1 сая төгрөгөөр худалдаж, бэлнээр 960000 төгрөгийг авсан ба үлдэгдэл 40000 төгрөгийг өгвөл мотоциклын гэрчилгээг Б.Мөнгөндоржийн нэр дээр шилжүүлж өгнө. Би мотоциклыг Б.Е-От худалдаагүй, бүх тооцоог Б.Мөнгөндорж хийж, худалдаж авсан учраас түүний өмч мөн. Одоо мотоциклын гэрчилгээ нь надад байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Иймд хэрэгт битүүмжилж шүүгдэгч Б.Е-От хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэж, “Мустанг XY150” маркийн 30-62 БӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөндоржид олгохоор шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

2 . Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай :

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Е-Оын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.Е-О нь үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж шүүх үзлээ.

Харин урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь хавтаст хэргийн 106-107 дугаар/ хуудсанд авагдсан нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтны ажилласан цагийн бүртгэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-67 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүйг тэмдэглэж байна.

Шүүгдэгчийн удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг, мөн иргэний нэхэмжлэгч Д.Паризад учирсан хохирлыг төлөөгүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.8-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь эрхэлсэн ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, айлын ганц хүү, доороо 2 эмэгтэй дүүтэй, аав нь хэвтрийн дэглэмтэй, архаг хууч өвчтэй, эмчийн хяналтанд байдаг, өрхийн амьжиргааны түвшин доогуур, нэн ядуу айл, төлөв даруу, цайлган сэтгэлтэй төлөвшсөн хүн, ямар нэгэн эд хөрөнгөгүй бөгөөд урьд нь эцэг эхийн хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялаа эдэлж дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн. Мөн урьд нь 30 цагийн албадан сургалтад хамруулж, 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-тГэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгч нь 19 настай /БГ99030211/ болох нь хэрэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Е-От эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Е-От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан, мөн гэмт хэрэгт шалгагдаж байхад дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан хорих ялыг гэмт хэрэг тус бүрд нь ялгамжтай оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Ингэхдээ Шүүгдэгч Б.Е-Оын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, цагдан хоригдсон хугацаа зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чана, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”,  1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол  тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар гэмт хэрэг тус бүрд нь хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Е-Оын 2018  оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн “Бүргэд” гудамжны 1001 тоотод оршин суух Х.Бийн байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлан, мотоциклоор авч явсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн С.Сын өвлийн байшингийн цонхоор 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй юм.

Шүүгдэгч Б.Е-О нь урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй болох нь ялтны ажилласан цагийн бүртгэл /хх-51-53/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичиг /хх-59/ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасныг үндэслэн энэхүү тогтоолоор оногдуулсан хорих ял дээр 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 67, 109-11 дүгээр хуудас/ оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 120 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 120 цагийн ажлыг 15 хоногоор тооцож хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сар 15 хоногийн хоногийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэж шүүгдэгч Б.Е-Оын хадгалалт, хамгаалалтанд байгаа Б.Мөнгөндоржийн эзэмшлийн “Мустанг XY150” маркийн 30-62 БӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдож байх хэдий ч тухайн тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж зааснаар тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Мөнгөндоржид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 750000 /хх-ийн 88 дугаар хуудас/ төгрөгөөс иргэний нэхэмжлэгчид олгох 200000  төгрөгийг хасаж тооцон шүүгдэгч Б.Е-Ооос гаргуулж 550000 төгрөгийг улсын орлогод орлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Е-Оын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Мустанг-XY150 маркийн улаан өнгийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн, 30-62 БӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөндоржид олгож, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Е-Оын баривчлагдаж, цагдан хоригдсон буюу  2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 36 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.С, С.Еркегүл, Х.Баймырза нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Д.Паризад 200000 төгрөгийн төлбөртэй болно. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйл шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч Б.Е-От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг дангаар болон давхардуулан авч болно. Энэ зүйлийн 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Е-От урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У овгийн Б овогтой Е-Оыг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Мөн “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч,  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1т зааснаар шүүгдэгч Б.Е-Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Е-Оыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Е-От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1  жил 1 сарын жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Е-От энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Е-От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 120 /зуун хорин/ цагийн ажлыг 15  хоногоор тооцож хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаатай хорих ялаар тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-От оногдуулсан 2 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-Оын цагдан хоригдсон 36 хоногийг хорих ялын 36 хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Е-От урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  6. Шүүгдэгч Б.Е-Ооос 200000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.П-д олгож, “Мустанг XY150” маркийн 30-62 БӨЗ улсын дугаартай мотоциклыг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөндоржид олгож, шүүгдэгч нь хохирогч С.С, С.Е, Х.Б нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, “Мустанг XY150” маркийн 30-62 БӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөндоржид олгосугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Е-Оын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, иргэн Б.Мөнгөндоржын эзэмшлийн “Мустанг XY150” маркийн 30-62 БӨЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Мөнгөндоржид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 750000 төгрөгөөс иргэний нэхэмжлэгчид олгох 200000 төгрөгийг хасаж тооцон, 550000 төгрөгийг шүүгдэгч Б.Е-Ооос гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Д.АЗЖАРГАЛ