Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 01750

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  хороо,  байрны  тоотод байрлах, /РД-/, Самдунг интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  хороо, бичил хороолол,  байрны  тоотод оршин суух, эмэгтэй, /РД:ЧЖ/,  Лхагважавын Алтанчимэгт холбогдох,

 

Сонгинохайрхан дүүрэг, 2-р хороо, Орбитын 36-625 тоотод байрлах, Л.Алтанчимэгийн өмчлөлийн 360 м.кв газарт байрлаж байгаа машин хадгалах агуулахын 2,3 давхрын өргөтгөл барилгыг гэрээнд заасан хугацаанд Самдунг интернэшнл ХХК-нд эзэмшүүлэх үүргээ биелүүлэхийг Л.Алтанчимэгт даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Самдунг интернэшнл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНСУ-ын Самдунг интернэшнл ХХК нь Монгол Улсад нийгмийн халамж үзүүлж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл явуулах зорилгоор Самдунг олон улсын салбар төлөөлөгчийн газар гэсэн нэртэй төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нээж, иргэн Л.Алтанчимэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах, түүний өмчлөлийн 360 м.кв газар дээр байгаа автомашин хадгалах агуулах дээр 2, 3 давхарын өргөтгөл хийж, уг барилгыг Иннова констракшн ХХК-иар 2013-2014 онд бариулсан. Уг барилга нь БНСУ-ын засгийн газрын байгууллаг Койкагийн хөрөнгөөр баригдсан. Барилгын газрын өмчлөгч Л.Алтанчимэг, түүний нөхөр М.Төмөр нар гэрээний үүргээ зөрчин 2015 оны 05 дугаар сараас сургуулийн үйл ажиллагааг тасалдуулж байсан тул Самдунг интернэшнл ХХК 2015 оны 07 дугаар сард гэрээнээс татгалзаж, барилгад оруулсан хөрөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүх гэрээ цуцлах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Шүүх талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн боловч Л.Алтанчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээс Самдунг интернэшнл ХХК нь барилгыг эзэмшин үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.

Иймд Л.Алтанчимэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах 360 м.кв газар дээр байгаа автомашин хадгалах агуулах дээр 2, 3 давхарын өргөтгөлийн барилгыг нийгмийн халамж үзүүлэх зорилгоор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн зориулалтаар гэрээнд заасан хугацаанд Самдунг интернэшнл ХХК-д эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлэхийг Л.Алтанчимэгт даалгаж өгнө үү. Самдунг интернэшнл олон улсын салбар төлөөлөгчийн газар төрийн бус байгууллагыг 2016 оны 02 дугаар саырн 19-ний өдөр Самдунг интернэшнл ХХК болгон өөрчлөн байгуулж, улсын бүртгэл бүртгүүлсэн болно гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Самдунг интернэшнл олон улсын салбар төлөөлөгчийн газартай 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхнэр бид 2 эзэмшлийн граж дээр 2, 3 давхарыг барихаар тохирсон. Тохиролцохдоо 2 эксковатор өгнө, Монголд оруулж ирсэн бүх юмны ашгийн 50 хувийг өгнө гэх мэтээр амлаж байсан. Амлалтанд нь хууртаж бүтэн 1 жилийн хугацаанд цалингүй, орлого олох хугацаагаа алдаж, мөн 2, 3 давхарын барилгад өөрийн 23 сая төгрөгөө оруулсан. Хамтын ажиллагааны гэрээнд уг барилгын ажил дууссан цагаас хойш гэж тодорхой бичсэн ба одоо ч барилгын ажил дуусаагүй байна. Энэ гэрээний нэр нь хамтын ажиллагааны гэрээ нэртэй, харин 15 жил шууд эзэмшинэ гэсэн гэрээ биш. Мөн 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгээр буюу нийт 15 жилийн хугацаатай Самдунг интернэшнл эзэмшихээр гэрээ хийнэ гэсэн байдлаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д эд хөрөнгө эзэмших эрх нэхэмжлэгч тал олж аваагүй байхад энэ заалт хэрэгжихгүй, барилга бүрэн баригдаагүй байхад шууд эзэмшигч болох нөхцөл байхгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 заалт эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний үндсэн дээр эзэмших нөхцөлд яригддаг урьдчилсан нөхцөл байдаг. Энэ гэрээнээс гадна түрээсийн, эд хөрөнгө хөлслөх, хадгалалтын, барьцааны, ажил гүйцэтгэх, даалгаварын, тээвэрлэлтийн гэрээнүүд хэрэглэгддэг заалт юм. Бидний хооронд ийм төрлийн гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2015.07 сард гэрээнээс татгалзаж, барилгад оруулсан хөрөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байна. Гэрээнээс татгалзсан тул эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Гэрээнээсээ татгалзсанаа шүүх болгон дээр хэлдэг байж татгалзсан гэрээнийхээ дагуу нэхэмжлэл гаргаж, олон удаа цаг гарздаж байна. Нийгмийн халамж үзүүлэх барилга нь бүрэн баригдаагүй байхад хуулийн дагуу зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Самдунг интернэшл ХХК Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах 360 м.кв газар дээр байгаа автомашин хадгалах агуулах дээр 2, 3 давхарын өргөтгөлийн барилгыг хамтран ажиллах гэрээний дагуу эзэмшүүлэхийг Л.Алтанчимэгт даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нь хамтын ажиллагааны гэрээнээс татгалзсан тухайгаа хэлдэг мөртлөө, уг гэрээнээс татгалзсаны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Самдунг интернэшнл ХХК анх 2013.10.01-ний өдөр БНСУ-д төвтэй Самдунгийн олон улсын төлөөлөгчийн газар нэртэй төрийн бус байгууллагаар үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Самдунг интернэшнл ХХК болгон өөрчлөн байгуулж, Самдунгинтернэшнл ТББ-ын эрхэлж буй үйл ажиллагааг Самдунг интернэшнл ХХК хариуцан үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 113 дугаар тал/

Самдунг интернэшнл олон улсын салбар төлөөлөгчийн газар Л.Алтанчимэгтэй 2014.07.01-ний өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулан, Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо Орбитын 36-625 тоот 360 м.кв граж дээр 2-3 давхарын барилгыг барьж, уг ажил дууссан цагаас хойш 5 жилээр 3 удаа сунгахнөхцөлтэйгээр буюу нийт 15 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулжээ. /хх-ийн 39 дүгээр тал/

Самдунг интернэшнл ХХК тус байрны 2 дугаар давхарт 2014-01-01 өдрөөс МСҮТ хичээллүүлж байсан боловч 2015 оны 05 сараас хариуцагчийн нөхөр байрны цахилгааныг таслах зэргээр нэхэмжлэгчийн явуулж байсан үйл ажиллагаанд нь саад учруулсны улмаас нэхэмжлэгч хамтран ажиллах уг гэрээнээс татгалзаж, барилгын 2,3 дугаар давхарыг барихад 2013-2014 онд зарцуулсан хөрөнгөө хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх зохигчийн байгуулсан хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч Л.Алтанчимэг гэрээний үүргээ зөрчсөн нь нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэгчийг уг гэрээнээс татгалзах эрхгүй байна гэж үзэж шийдвэрлэсэн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй, хамтран ажиллах гэрээг нэхэмжлэгчийн төлөөлөгч дуусгавар болгосон, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг зөвшөөрөхгүй байгаа, архидах, ашиг олох, завхайрах зорилгоор үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч шүүх зохигчийн энэ тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгчид уг байранд үйл ажиллагаа явуулах боломжийг хариуцагч олгоогүй, үйл ажиллагаа явуулуулахаас татгалзсаар байсны улмаас нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж, шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан, 2015 онд шүүхэд хандсан цагаас хойш нэхэмжлэгчид барилгын өргөтгөсөн хэсгийг эзэмшүүлээгүй байдал хэрэгт байгаа баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хамтран ажиллах дээрх гэрээнд барилгын ажлыг дууссан нөхцөлд Самдунг интернэшнл ХХК нь 5 жилийн хугацаагаар, 3 удаа сунгах нөхцлөөр нийт 15 жилийн хугацаанд 2, 3 дугаар давхарыг эзэмшихээр тохирсон байгаа байх бөгөөд хариуцагч барилгын 3 дугаар давхрын барилгын ажлыг дуусгах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй, ашиглалтад орсон 2 дугаар давхарыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжийг олгохгүй, гэрээний дагуу эзэмших, ашиглахад саад учруулж байгаагаас нэхэмжлэгч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх, гэрээнд заасан зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт заасны дагуу барилгын 2,3 дугаар давхарыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 476 дугаар зүйлийн 476.1., 478 дугаар зүйлийн 478.1.-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо Орбитын 36-625 тоотод байрлах автомашин хадгалах агуулах дээрх 2, 3 давхарыг хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу Самдунг интернэшнл ХХК-ны эзэмшилд шилжүүлэхийг Л.Алтанчимэгт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Алтанчимэгээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Самдунг интернэшнл ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                               Г.СОЛОНГО