Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 130

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Еркегүл,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр,

Орчуулагч А.Еркегүл

Шүүгдэгч Б.О, Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813001280140 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, С байбол овгийн Бийн О, 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт БаянӨлгий аймгийн Цэнгэл сумын  дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 0.

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, С рысхул овгийн Нгийн Ж, 1993 оны 10 дугаар сарын 28-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах эгч дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын  дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 0

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О, Н.Ж нар нь бүлэглэж “MONEL LEDTV” маркийн өнгөт зурагтыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О, Н.Ж нар нь бүлэглэж 2018  оны 0дугаар сарын дунд үеэр иргэн Л.Еий байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн хавтгай дэлгэцтэй “MONEL LEDTV” маркийн өнгөт зурагтыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Л.Еий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2018 оны 03  дугаар сарын 26-ны өдөр Цэнгэл сумын таксийгаар Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах байшин руу очиход, байшингийн гадна талын хаалга онгойлогдсон, цоожийг эвдэж онгойлогдсон байдалтай байсан. Мөн амбаар хаалганы цоожийг эвдэж онгойлогдсон байдалтай байсан. Би гайхаад гэр лүү орход том өрөөнд байдаг хавтгай зурагт байхгүй байсан. Бусад эд зүйл бүгд бүрэн бүтэн байсан. Мөн амбаар руу ороход 5 хонины мах, 3 ямааны мах байхгүй байсан, бусад эд зүйл бүгд бүрэн бүтэн байсан. Миний хулгайд алдагдсан гэх зурагт “MONEL LEDTV” маркийн хар өнгийн 32 инчийн хавтгай зурагт байсан. 5 хонь болон 3 ямааны мах боорцолсон мах юм. Энэ хэргийн улмаас нийт 700000 төгрөгийн хохирол учирсан ба Н.Ж, Б.О нар надаас уучлалт гуйж, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, энэ хэргийн улмаас учирсан нийт 700000 төгрөгийн хохирлыг Н.Ж, Б.О нар бэлэн мөнгөөр сайн дураараа төлж өгсөн. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 33-36 дугаар хуудас/.

  • Шүүгдэгч Н овогтой Жын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын дундуур яаг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, Цэнгэл сумын 8 дугаар багийн иргэн Б овогтой Оы хамт Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ленхан овогтой Еий эзгүй байшингийн гадна талын хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн, хар өнгийн, “MONEL LEDTV” маркийн хавтгай зурагтыг авч, гадна талын цоожийг буцаад цоожилж, Б.Оы эзэмшилийн саарал өнгийн "Ексел" маркийн машиныг ашиглан авч явсан. Хохирол төлбөрийг нь төлж барагдуулсан байгаа. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас болон тэмдэглэл/.
  • Шүүгдэгч  Б овогтой Оы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, Цэнгэл сумын 8 дугаар багийн иргэн Н овогтой Жын хамт Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ленхан овогтой Еий эзгүй байшингийн гадна тапын хаалганы цоожийг гараараа татаж, онгойлоод, 32 инчийн, хар өнгийн, “MONEL LEDTV” маркийн хавтгай зурагтыг авч, гадна талын цоожийг буцаад цоожолж, миний саарал өнгийн "Ексел" маркийн машинтай авч явсан юм. Ж бид хоёр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Энэ хэргийн улмаас учирсан хохиролыг барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/.
  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт байдаг иргэн Л.Еий хулгай орсон гэх байшинд хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-17 дугаар хуудас/.
  • Яллагдагч Н.Жаас хураан авсан зурагтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/.
  • Н.Ж нарын хулгайлсан зурагтыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 26-29-р хуудас/.
  • 2018 оны 06 дугаар сарын 16-ний өдөр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  үзлэг хийх явцад бэхжүүлэн авсан  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Ж, Б.О нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахай сэдэлттэйгээр, шууд санаатайгаар хүн байнга амьдрах байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, бусдад мэдэгдэлгүй, хаалганы цоожийг нь эвдэн орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нар нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахай сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Л.Ед хохирол учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Ж, Б.О нар хохирогч Л.Еий байшингийн хаалганы цоожийг нь эвдэж хууль бусаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийг үйлдэхдээ Б.Оы эзэмшлийн саарал өнгийн 8578 БӨА улсын дугаартай “Ексел” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж авч явсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь хүн байнга амьдрах байранд хамаарна.

 Гэмт хэргийг үйлдэхэд ашигласан саарал өнгийн 8578 БӨА улсын дугаартай “Ексел” маркийн тээврийн хэрэгсэл нь М.Махпар гэгчийн нэр дээр бүртгэлтэй боловч шүүгдэгч Б.О нь иргэн Махпараас худалдан авсан болох нь гэрч М.Махпар болон худалдан авсан О нарын мэдүүлгээр батлагдаж байх тул уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь шүүгдэгч Б.О байна.

Энэхүү гэмт санаагаа хэрэгжүүлэхэд Л.Еий гэрээс 32  инчийн, хар өнгийн, “MONEL LEDTV” маркийн хавтгай зурагтыг авч явахад хүндрэлтэй, хүнд тул гэмт хэргийг хялбарчлах, учрах саадыг арилгах, гэмт хэргийн газраас хурдан зугтах зорилготой Б.Оы эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан байна. Тиймээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Н.Ж, Б.О  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар “Машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ж, Б.О нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Еий өмчлөх эрхэд халдаж 700000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, эд зүйлсийн зураг зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв байна.

Хохирогч Л.Ед мөрдөн байцаалтын шатанд 32 инчийн, хар өнгийн, “MONEL LEDTV” маркийн хавтгай зурагтыг биет байдлаар нөхөн төлөгдсөн зэргийг үндэслэл болгож шүүгдэгч нарыг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

2 . Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай :

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Ж, Б.О нарт хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Н.Ж, Б.О  нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай,  харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан “...бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч тус бүрд байгааг дурьдаж байна.

Шүүгдэгч нар урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа хэдий ч уг гэмт хэргийг урьдаас төлөвлөж санаатайгаар хийсэн байх тул тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүйг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Ж, Б.О  нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ж, Б.О  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа болон шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан хорих ялыг шүүгдэгч тус бүрд нь оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Ингэхдээ шүүгдэгч нарын  хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан гэмшиж буй байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно”,  1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар гэмт хэрэг тус бүрд нь хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О, Н.Ж нарын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь хохирогч Л.Ед төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Б.О, Н.Ж нарын иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, АЯ№0336893 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0029440 дугаартай Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О, Н.Ж нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Н.Оы эзэмшил, өмчлөлийн иргэн М.Махпарын нэр дээр бүртгэлтэй 450000 төгрөгийн үнэтэй саарал өнгийн 8578 БӨА улсын дугаартай “Ексел” маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож, мөн шүүгдэгч Б.Оы 1 тооны үхэр, шүүгдэгч Н.Жын 2 тооны үхэр зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, “Ексел” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8,

36.10 , 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С байбол овгийн Бийн О, С рысхул овгийн Нгийн Ж нарыг “машин механизм ашиглаж, Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.О, Н.Ж нарын тус бүрийг 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Н.Ж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5- д зааснаар шүүгдэгч Б.О, Н.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Н.Оы эзэмшил, өмчлөлийн иргэн М.Махпарын нэр дээр бүртгэлтэй 450000 төгрөгийн үнэтэй саарал өнгийн 8578 БӨА улсын дугаартай “Ексел” маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оы 1 тооны үхэр, шүүгдэгч Н.Жын 2 тооны үхэр зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Оы “Ексел” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч Б.О,

Н.Ж нарын иргэний цахим үнэмлэх 2ш, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 2ш, АЯ№0336893 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0029440 дугаартай Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  2. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О, Н.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                А.ДАУРЕНБЕК