Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 104

 

2016.10.12                                                                                                                            №104
       
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2016/0114/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй  хийсэн  хуралдаанд

Улсын яллагч:                                       Ц.Цэен-Ойдов,
Иргэдийн төлөөлөгч:                           Ж.Энхтуяа,
Нарийн бичгийн дарга:               А.Цэрэндулам,
Хохирогч:                       Д.Ганбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:               Д.Оюунцэцэг,         
Шүүгдэгч:                       С.Нарансолонго нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Хэнтий аймгийн Хэрлэн  суманд 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа Хурх захад ногооны лангуу түрээслэж ажилладаг, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 2-р баг Өлзийтийн 5-р гудамжны 11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Бөөрдөн овогт Соёлмаагийн Нарансолонгод /РД:СЭ86070968/ Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201623000166  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.Нарансолонго нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 01-ний шөнө 00 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 30-р гудамжны 02 тоотод оршин суух иргэн Д.Нарангэрэлийн гэрт бусадтай хувийн сэдэлттэй маргааны улмаас иргэн Д.Ганбаатарыг зүүн 7-8-р хавирганы орчимд  хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
     Хохирогч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Би 2016 оны 6 сарын 01-ны өдөр 21 цаг өнгөрч байх үед миний таньдаг ах Баярсайхан над руу залгаад нэг такси бариад “Золжигүүр” дэлгүүрийн хойд гудамжаар хүрээд ир би өөдөөс чинь алхаж байя гэсэн. Тэгээд би такси бариад хэлсэн газарт нь очиход Баярсайхан ах Нарангэрэл эгчтэй хамт явж байсан. Таксинд суугаад Хэрлэнгийн гүүрний орчмоос хүн авна гээд явсан. Хэрлэнгийн гүүрний урдаас 2 махлаг тарган эмэгтэй, 1 залуутай суусан. Тэгээд Хэрлэн сумын 1-р баг, Хийдийн 30 дугаар гудамжны 02 тоотод орших Нарангэрэл эгчийн гэрт нь ирээд таксигаа явуулсан. Тэгээд Нарангэрэл эгчийн гэрт Баярсайхан ах, Нарангэрэл эгч, Хэрлэнгийн гүүрнээс суудаг 2 махлаг эмэгтэй, 1 залуугийн хамтаар бид зургуулаа орсон. ... Нарансолонго архиндаа согтоод тэнд архи хундгалж байсан Баярсайхан ахад хандан эхнэр хүүхдээ зовоодог, би бол бөө хүн, чамд би үзүүлнэ гэх зэргээр чанга дуугаар орилж Баярсайхан ахыг барьж аваад шанаанд нь 1 удаа нүүрэнд нь цохиод авсан. Тэгээд Баярсайхан ахыг заамдаж аваад дахиад ноцолдоод байхаар нь би тухайн гэрийн зүүн орон дээр нь сууж байгаад араас нь Ууганбаяр бид 2 босоод очиход Баярсайхан ахыг Нарансолонго заамдаж байснаа тавиад эргэж хараад намайг 1 удаа зүүн шанаанд 1 цохиод авсан. Тэгснээ намайг чи муу юу юм бэ гэсэн. Энэ үед Баярсайхан ах Ууганбаяр нар Нарансолонгыг бариад авсан. Би үүдэнд очиж зогсоод Баярсайхан ахаа би явлаа наад эмэгтэй чинь агсан тавиад байна гэж хэлээд гэрээс нь гарсан. Намайг гарахад Нарансолонго миний араас яасан их зантай хулгайч вэ гэж хэлсэн. Тэгээд хашаанаас гараад хойшоо яваад Нарангэрэл эгчийн гудамжнаас өнгөрөөд шороон зам дээр 200-гаад метр явсан хойно араас 1 хүн гүйгээд ирж байгаа нь сонсогдохоор нь би Баярсайхан ахыг л араас ирж байна даа гэж санаад алхаж байтал цээжний зүүн талаар 1 хүнд юмаар цохиод авах шиг болсон. Тэгээд эргээд хартал Нарансолонго байсан. Над руу нэг ухасхийгээд дайрахаар нь баруун гараараа Нарансолонгын хутга барьж намайг цээжний зүүн хэсэг рүү хутгалсан гарыг нь барьж аваад зүүн гараараа толгой руу нь тулаад болио чи намайг хутгалчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгтэл нэг гараараа миний багалзуур хоолойг барьчихаад байхад нь 2 хүн Нарангэрэл эгчийн хашаанаас гарч ирээд С.Нарансолонгыг салгахад С.Нарансолонго эргээд урагшаа гүйчихсэн. Тэгээд би сугаа бариад үзтэл цус олгойдож байхаар нь би шууд буцаж гүйгээд Нарангэрэл эгчийнд ороход Нарангэрэл эгч, Баярсайхан ах, Нармандах, Ууганбаяр нар байсан. Нарансолонго байгаагүй. Би тэдэнд Нарансолонго намайг хутгалчихлаа намайг яалаа гэж хутгалж байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Нарангэрэл эгч гэр дотроо шүүгээгээ уудлаад энд байсан хутга алга болчихлоо, аавын маань хийсэн хутга алга болчихлоо гэж хэлсэн. Би намайг гэрт хүргээд өг гэсэн. Миний цээжээр өмсөж байсан цамцыг би тайлаад тэд нар орны даавуугаар цээжний шархыг боож өгсөн. Миний шархыг Нарангэрэл, Баярсайхан, Ууганбаяр, Нармандах нар боож өгсөн. Намайг шархаа боолгоод орон дээр цээж нүцгэн сууж байхад Нарансолонго гаднаас орж ирээд намайг эхнэр хүүхдээсээ салсан арчаагүй амьтан хохино чамайг би хутгалсан юм. Чи муу намайг үснээс зулгааж чирсэн, миний шээс өмдөндөө гоожсон. Чи намайг зоддог хэн бэ гэж агсарсан. Миний хувьд Нарансолонгын биед цохиж гэмтэл учруулсан ямар ч асуудал байхгүй, үүнийг тэнд хамт байсан хүмүүс бүгд гэрчилнэ. Ийм асуудал болсон. ... Нармандах болон би Нарансолонгын биед нэг ч удаа гар хүрч зодсон асуудал байхгүй. Бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал ч байхгүй. Нарансолонго надад 600 гаруй мянган төгрөг өгсөн. Одоо биеийн байдал дунд зэрэг байна. Гомдолтой зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-46-48 х/
Гэрч Э.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: Миний эхнэр Г.Нармандах 2016 оны 6 сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх хотын төвд очиж эх үрсийн баярын өдрөөр Алдарт эхийн 2-р одонгоор шагнуулсан юм. Эхнэр бид хоёр шагналаа аваад аймгийн төвд ирээд гэртээ байж байтал хадам ээж Нарангэрэл утсаар залгаад Хурх захад хүрээд ир гэсэн учир би эхнэрийнхээ хамтаар такси бариад 18 цагийн үед Хурх захын хойно очиход хадам ээж Нарангэрэл,  Нарансолонго нар угтан авч баяр хүргээд дотогшоо орцгоосон. Хурх захад хэсэг хугацаагаар байж байгаад С.Нарансолонго эхнэрт 0.75 граммын “Могуль” архи 1 шилийг, 1 том боргио пиво авсныгаа өгөхөөр нь хамтдаа Хэрлэн голын эрэг дээр очиж ууя гээд 19 цагийн үед С.Нарансолонго болон эхнэр Г.Нармандах бид гурав Хэрлэн голын урд эрэгт очоод 1 том боргио пиво хувааж уусан. Тэгээд байж байхад хадам ээж эхнэр рүү залгаад хүрээд ир гэхээр нь тэгье гэж эхнэр хэлээд ээжийг такси бариад ир гэж хэлсэн. Удалгүй орой харуй бүрий болох үед хадам ээж Нарангэрэл хамтран амьдардаг Баярсайхан ах, бас нэг танихгүй залуугийн хамтаар такситай Хэрлэнгийн гүүрний урд ирсэн тул бид гурав суугаад Хийдийн 30 р гудамжны 02 тоот хашааны үүдэнд бууцгаасан. Гэрт ороод Баярсайхан ах, хадам ээж Нарангэрэл нар Ерөөл архи задалж эхнэрийн одонг стаканд хийгээд дээрээс нь архи хийгээд бүх хүмүүст хийж өгсөн. Тухайн архи талдаа орох үед Г.Нармандахыг хадам ээжтэй хамтран амьдарч байгаа Баярсайхан ахтай ойр зуурын юм ярьж байхад нь Нарансолонго Баярсайхан ахад хандан чиний Нарангэрэл эгчийг авч явж байгаа чинь хаана байна, ингэж авч явдаг юм уу гэж их түрэмгий агсарсан байдалтай чанга дуугаар хэлээд Баярсайхан ахыг шууд алгадсан. Хажуунаас нь Д.Ганбаатар гэх танихгүй залуу Нарансолонгод хандан чи ах настай хүнийг загналаа, хүний хувийн амьдрал чамд хамаагүй, ярих ярихгүй зүйл ярилаа гэхэд Нарансолонго хуц чамд хамаагүй, чи юу юм гээд Ганбаатар руу дайраад барьж авч цохичих гээд зүтгээд байхаар нь Баярсайхан ах бид нар Нарансолонгыг болиулсан. Тэгтэл хадам ээж Нарангэрэл Ганбаатарыг одоо ингэж хүнтэй маргаж байхаар харь харь, гэр рүүгээ яв аа гэсэн. Тэгэхээр нь би Ганбаатараас болон Нарансолонгоос та хоёр одоо ямар учиртай юм бэ? урьд нь бие биенийгээ таньдаг байсан юм уу, хоорондоо хэрэлдээд байх юм гэхэд хоёулаа хоёр биенийгээ танихгүй гэж байсан. Тэгээд Д.Ганбаатар харилаа гэж хэлсэн. ... Нэг мэдэхэд Нарансолонго бас гараад явчихсан байсан удалгүй ойролцоогоор 2,3 минутын дараа Ганбаатар хутгалуулчихлаа гээд гэрт ороод ирсэн. Хэн яалаа гэж хутгалсан юм бэ гэхэд нөгөө нэг бүдүүн хүүхэн чинь хутгалчихлаа гэж хэлж орж ирсэн. Тэгээд хадам ээж гадаа байсан учир гараад би хадам ээжид Нарансолонго чинь Ганбаатарыг хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгтэл хадам ээж сандраад яахав яахав ээ гээд л орж гараад байсан. Гэрт ороод байж байхад Нарансолонго гаднаас гэрт орж ирээд Ганбаатар руу хэл амаар дайрч эхэлсэн. Нарансолонгыг гэрт орж ирээд агсан тавиад эхлэхээр нь би гэрийн урд хэсэгт сууж байгаад өөрийнхөө Samsung S-3 маркийн цагаан эрээн корпустай гар утсаар энэ байдлыг бичлэг хийж баримтжуулж хадгалсан. Энэ бичлэг хийх үед Нарансолонгын биед ямар ч гэмтэл шарх байгаагүй. Үсээ задгай тавиад уйлсан байсан. Нарансолонго бүх хүмүүс рүү дайраад байсан гэсэн мэдүүлэг /хх-22-24/
Гэрч Д.Нарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: Нарансолонго нэг мэдсэн чинь манай нөхөр Баярсайханд чи миний эгчийг дарамталдаг гэж хэлээд давлаад, агсараад байсан. Баярсайхан за миний дүү суу суу, миний дүү согтчихсон юм уу гэж байсан. Нарансолонго шаргал плажтай байсан Ганбаатар гэх залууг цохиод авч байсан. Нөгөө залуу нь уурлаад босоод ирж байсан. Тэгтэл Ганбаатар би явлаа гэж хэлж байсан. Охин Нармандах бөөлжих гэхээр нь  би охиныгоо гэрээс авч гараад бөөлжүүлээд эргээд гэрт ороход Ганбаатар зүүн орон дээр сууж байсан хүн гараад ороод ирэхэд баруун орон дээр суучихсан намайг хутгалчихлаа гэх шиг болсон. Тэгэхээр нь би юу болов, яав гэхэд баруун гараа харуулахад гар нь нил цус болсон байсан. Баярсайханы гар бас цус болсон байсан. Намайг охиноо бөөлжүүлээд гэртээ ороход Баярсайхан, Ганбаатар, Ууганбаяр, нар байсан байх би Ганбаатарын цусыг хараад л шууд шоконд орсон. Ганбаатараас хэн чамайг хутгалчихваа гэж асуухад танай хашаанаас гарах гэж байхад нэг юм цохьчих шиг болсон чинь сая энд агсараад байсан таны эмэгтэй дүү чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Би гэртээ ороод гэрийн зүүн урд хэсэгт байдаг гал тогооны шар шүүгээний зүүн талын шургуулганд байсан модон бариултай, гар хийцийн хутга маань байна уу гээд үзэхэд алга болсон байсан. Манайд өөр хутга байхгүй юм. Ганц байсан хутга маань байхгүй болсон байсан. Тэгээд өөрийнхөө 98801449 дугаараар Нарансолонгын ээж Соёлмаа руу залгаад танай охин чинь манайд хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл ээж Соёлмаа нь Нарансолонгын том охин Эрдэнэсувдтай нь цуг манайд ирсэн гэсэн мэдүүлэг /хх-14-15 х/
Гэрч Д.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: Нармандах надад хандан та миний ээжийг хайрлаж явдагт чинь баярладаг шүү гээд баруун орны дээд хэсэгт суугаад уйлсан. Гэтэл Нарансолонго чи хэзээ миний эгч Нарангэрэлийг хайрлаж байсан юм гэж хэлж уурлаж агсарч эхэлсэн. Намайг баруун орон дээр сууж байхад зүүн хацарт хоёроос гурван  удаа Нарансолонго алгадсан. Алгадаж байхдаа миний эгчийг чи хэзээ хайрлаж байсан юм гэж хэлээд л алгадаад байсан. Нарангэрэл, Нармандах нар Нарансолонгыг надаас холдуулж татаж авсан. Тэгтэл  Ганбаатар Нарансолонгод хандан чи миний ахыг яагаад алгадаад байгаа юм гэж хэлэхэд Нарансолонго чамд хамаагүй гэж хэлээд Ганбаатар руу очоод барьж аваад тавихгүй байсан. Тэгэхээр нь би очиж салгаад Ганбаатарыг одоо миний дүү харь, яв гээд гэрээс гаргасан. Тэгээд Ганбаатар гараад явчихсан. Нарансолонго, Нармандах, Нарангэрэл, Ууганбаяр нар гарсан. Намайг гэртээ ганцаараа байж байтал Ганбаатар гаднаас Нарансолонго намайг хутгалчихлаа гэж хэлээд орж ирсэн. Тэгж орж ирэхдээ Ганбаатар цээжээрээ нүцгэн зүүн байх хавирганы орчимд цээжнээс нь цус гоожиж цус нь урссан байдалтай орж ирсэн. Араас нь Ууганбаяр, Нармандах нар орж ирсэн. Ганбаатар надад Нарансолонгыг хутгалчихлаа гэж хэлэхдээ тухайн үед Нарансолонгын нэрийг нь мэдэхгүй, таньдаггүй байсан тул надад хандан авгайгийн чинь дүү бүдүүн хүүхэн намайг хутгалчихлаа гэж хэлсэн юм. ...  Ганбаатарын цусыг нь боож байхад гаднаас Нарансолонго орж ирэхээр нь бид нар бүгд яагаад чи хүн хутгалчихаж байгаа юм гэж асуухад Нарансолонго үс нь задгай, өөрөө согтуу яадаг юм гэсэн. Таныг ч гэсэн ална шүү гээд чангаар орилж бахираад байсан. Энэ муу чинь намайг зодсон. Тэгээд би хутгалчихсан юм гээд бахираад байсан. Ингэж бахирах үедээ над руу ихэнхидээ дайрах маягтай байсан. Нарансолонго тухайн үед бүр улангассан юм шиг бүх хүмүүс рүү агсраад дайраад үг авахгүй байсан гэсэн мэдүүлэг. /хх-20-21х/
Шүүгдэгч С.Нарансолонгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Нармандахыг алдарт эхийн одон авсан гэхээр нь тэмдэглэх гээд Хэрлэн голын зүүн талд нэг шил архи, хоёр том пиво бэлдсэн байсныг гаргаж өгөөд, Нармандахын гэр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 30-р гудамжны 02 тоотод Нармандахын гэр рүү очиж, Баяраа ах, Нараа эгч, Д.Ганбаатар нар биднийг Хэрлэн голын гүүрнээс ирж авсан юм. Ингээд зургуулаа Нарангэрэлийн гэр рүү Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 30-р гудамжны 02 тоотод очиж хоорондоо жаахан юм ярьцгааж суусан. Нармандах, Баярсайхан нар хоорондоо ээжийгээ яриад сууж байсан. Тэр үед би халамцуу байсан болохоор эгчийгээ өмөөрөх гээд миний эгчийг ингэж хайрладаг юм уу гэж хэлээд байж байтал миний 3 настай хүүхдийг алга болсон байна цагдаа дээр ирж ав гэхээр нь миний сэтгэл үймэрч, юу хийснээ ч мэдэхгүй ийм зүйл болсон. Гэм буруутай гэдгээ мэдэж байгаа гэсэн мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №138 тоот
1.Д.Ганбаатарын биед цээжний зүүн хэсгээр цээжний хөндий руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралдалт /500/ мл, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул хүнд зэрэгт хамаарна  гэсэн дүгнэлт зэрэг нотлох болно.

Шүүгдэгч С.Нарансолонго нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 01-ний шөнө 00 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 30-р гудамжны 02 тоотод оршин суух иргэн Д.Нарангэрэлийн гэрт бусадтай хувийн сэдэлттэй маргааны улмаас маргалдан иргэн Д.Ганбаатарыг зүүн 7-8-р хавирганы орчимд  хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Ганбаатар нь шүүгдэгч С.Нарансолонгоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртлэх насны  хүүхэдтэй эх байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.
Харин шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297,  298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бөөрдөн овогт Соёлмаагийн Нарансолонгыг согтуугаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нарансолонгыг 05  /таван/  жил 01 /нэг/  сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Нарансолонгод оногдуулсан 05  /таван/  жил 01 /нэг/  сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба  түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Нарансолонгод 05 жил 01 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02  жилийн  хугацаагаар хойшлуулж,  энэ хугацаанд ялтан С.Нарансолонгод хяналт тавихыг  Хэнтий аймгийн цагдаагийн газарт үүрэг болгосугай.
7.Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Нарансолонго нь хүүхдээ хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Нарансолонгод авсан батлан даалтын  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.МӨНХТУЛГА


   ШҮҮГЧИД                            Д.ГАНЗОРИГ


 Л.УЯНГА