Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 595

 

 

 

 

 

 

 

 

 

С.Э, Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Энхмэнд

          нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

         

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 818 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхмэндийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр С.Э, Т.Б нарт холбогдох ......................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. С.Э, 1989 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа мэргэжилтэй, “Их үйлсийн эрэлд ХХК”-ийн “Голдс жим” фитнесийн маркетингийн менежер ажилтай, ам бүл 2, найз охины хамт амьдардаг, ......................... тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:......................../;

 

2. ..................... Т.Б, 1989 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “Зэст ус ХХК”-ийн худалдааны хөрөнгө оруулалт хариуцсан төлөөлөгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ........................ тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:................../;

 

 

С.Э, Т.Б нар нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” баар дотор найз С.Эийн шилэн хүзүү рүү гараараа цохилоо гэх шалтгаанаар З.Төгөлдөрийг татаж унаган, баруун, зүүн гараараа ээлжлэн цохих үед С.Э нь дээрээс нь дэвсэх, хөлөөрөө өшиглөх зэргээр бүлэглэн зодож, түүний биед зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн даланд цус хуралт, дух баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Э, Т.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч С.Э, Т.Б нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “Яллагдагч С.Э, Т.Б нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэж бичин гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, яллагдагч бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан агуулгад нийцэх бөгөөд мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх болно.

Яллагдагч С.Э, Т.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай.

Иймд дээрх ажиллагаануудыг хийсний эцэст, хэргийг зөв зүйлчилж, шүүхэд шилжүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Энхмэнд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана.”... 3.2-т “ яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж заасны дагуу 255 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “ Яллагдагч С.Э, Т.Б нар нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд “найз С.Эийн шилэн хүзүү рүү гараараа цохилоо” гэх шалтгаанаар Т.Б нь З.Төгөлдөрийг татаж унаган, баруун, зүүн гараараа ээлжлэн цохих үед С.Э нь дээрээс нь дэвсэх, хөлөөрөө өшиглөх зэргээр бүлэглэн зодож, түүний биед зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн даланд цус хуралт, дух, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж хуулийн дээрх шаардлагад нийцүүлэн бичсэн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дүгээр хэсгийн 4.1-т “ яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэж заасны дагуу “....Яллагдагч С.Э, Т.Б нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дүгээр зүйлд заасан бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр тус тус зүйлчлэхээр тогтоосугай...” гэж бичсэн нь дээрх хуулийн шаардлагад яллах дүгнэлт нийцсэн гэж үзэж байна.

2. “Минт” баарны дотор хохирогч З.Төгөлдөр нь С.Эийн шилэн хүзүү рүү гараараа цохиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарах шалтгаан болсон, хохирогчийн зүй бус байдлаар эрх чөлөөнд нь халдахад гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт яллагдагч нарын үйлдлээс аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул яллагдагч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагагүй юм.

3. Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан 17 асуудлыг хэлэлцэхээр хуульчилжээ.

Дээрх хэрэгт шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг яллах дүгнэлт хуулийн шаардлага хангасан эсэх, хэргийн зүйлчлэл гэсэн хоёр асуудлыг хэлэлцэх байдлаар урьдчилан хэлэлцүүлгийг хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно, 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг шүүх хуралдааны даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ, 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт шүүх шүүн таслан ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно гэсэн хуулийн заалтуудтай нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлаар хэлэлцүүлэг явуулаагүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 818 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч С.Э, Т.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн материалыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна.

 

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурьдсан ажиллагаанаас гадна шүүгдэгч Т.Бгийн иргэний үнэмлэхний лавлагааг авах, түүнчлэн тухайн хэрэг гарах үед байсан гэх буюу гэрч Ц.Барсбилгүүний мэдүүлэгт /хх 60/ дурьдагдсан “хамгаалагч Ууганбаяр, Хаш-Эрдэнэ” нарыг гэрчээр асууж мэдүүлэг авах зэргээр гэмт хэрэг гарсан байдал, арга, сэдэлт, яллагдагч бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар гүйцэд шалгаж ирүүлэх нь зүйтэй.

 

Дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 818 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Энхмэндийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ -ЭРДЭНЭ