Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 01937

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хурдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8-2 тоотод байрлах Прогресскапитал ББСБ ХХК /РД: 5366283/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-131 тоотод оршин суух, Хэрээд овогт Орломын Мөнхбаярт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 140.132.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасансүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Идэрмөнх, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Мөнхбаяр нь 2017.11.30-ны өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө, 107 дугаар байрны 211 тоот 139 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаа болгон 120.000.000 төгрөгийг зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Хариуцагч нь 2017.12.22-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 2.800.000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд О.Мөнхбаяраас үндсэн зээл 120.000.000, зээлийн хүү 17.500.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.632.000 төгрөг нийт 140.132.000 төгрөг гаргуулан, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, 107-211 тоот 139 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Мөнхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017.09.15-нд Да хүрээ зах дээр Оргилбаяр, Мөнх-Эрдэнэ нар машин сонирхож хүмүүстэй ярилцахад нилээн хэдэн машин авна гэсэн. Ингээд Приус-20 маркийн цэнхэр машин 13 сая, Приус-30 машин 16 сая, Алпард 17 сая, Рав-4 24 сая, харрейр 28 сая тооцож, нийт 98 сая төгрөгийн үнэтэй машин авахаар тохироход яг одоо мөнгө байхгүй байна 7-14 хоногийн дотор мөнгө орж ирнэ барьцаанд байраа тавина, гэрчилгээг шилжүүлж өгнө гээд ярилцаад явсан. Маргааш нь нотариат дээр байр худалдах-худалдан авах гэрээ хийх гэтэл Оргилбаяр, Мөнх-Эрдэнэ нар худалдах-худалдан авах гэрээ хийж баахан мөнгө гаргаж байхаар бэлэглэлийн гэрээ хийе гэхээр нь итгээд бэлэглэлийн гэрээ хийсэн. Ингээд Оргилбаяртай 98 сая төгрөгийн гэрээг ямар ч хүү тооцохгүйгээр сарын хугацаатай хийгээд сар хэтэрсэн тохиолдолд хоног тутам 1 хувийн алданги тооцохоор тохирсон. Сарын дараа холбогдоход утсаа авахгүй, уулзахаар 7 хоногийн дараа бүтээнэ гэсээр 2 сар болсон. Мөнх-Эрдэнэ, Оргилбаяр нартай уулзахад та наад байраа банк юм уу банк бусд тавиад мөнгө гаргаж ав гэсэн тул банк бус санхүүгийн байгууллага дээр очиход бэлэглэлийн гэрээтэй гэрчилгээнд зээл олгохгүй гэсэн. Ингээд тэр хоёртой дахин уулзаад худалдах-худалдан авах гэрээ хийхээр болоход Мөнх-Эрдэнэ та надад унах машин өгчих, банк бус санхүүгийн байгууллагаас нэмээд зээл авчих гэхээр нь 2005 оны Тоёота Алфард маркийн машиныг 18 сая өгөхөөр тохирч Прогресскапитал ББСБ-с 120 сая төгрөгийн зээл авсан. Ингээд Мөнх-Эрдэнэ, Оргилбаяр нарт сар болгоны 20-нд төлөлтөө хийж байгаарай гэж хэлээд Япон явсан. Мөнх-Эрдэнэ нь зээлийн гэрээний хүүд 2 сая гаран төгрөг төлөөд дараа сарын хүү төлөхгүй алга болсон байсан. Одоогийн байдлаар Оргилбаяр нь Мөнх-Эрдэнэд холбогдуулж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулж байгаа бөгөөд миний бие тус хэрэгт гэрчээр оролцож байгаа. Иймд уг банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийг Оргилбаяр, Мөнх-Эрдэнэ нар төлөх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

О.Мөнхбаяр нь Прогресскапитал ББСБ ХХК-тай 2016 оны 11 дугаар сарын 30-ны өдөр 15-17110536 тоот зээлийн гэрээ байгуулж, 120.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авчээ.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө 15-17110536 тоот Баталгаат ипотекий гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүрэг, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө гудамж, 107 байр 211 тоот 3 өрөө 139 м.кв орон сууцыг барьцаалсан байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан бусад үүрэг гүйцэтгэгчээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлага хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ /ипотек/-г байгуулсан гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 140.132.000 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 107 дугаар байрны 211 тоот, 139 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч О.Мөнхбаяраас нэхэмжилж шүүхэд ханджээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, өөрийн татгалзлыг ...миний борлуулж байсан автомашиныг худалдан авсан Оргилбаяр, Мөнх-Эрдэнэ нар уг зээлийг хариуцана гэж үндэслэлээ заасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд татгалзалтай холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд н 451 451.1.- гэж шүүхээс үзлээ.

 

Учир нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заажээ. Өөрөөр хэлбэл, аливаа гэрээний харилцаанд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч этгээдэд хүлээлгэн өгснөөр талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болох боломж, нөхцөлийг дээрх хуулийн заалтаар зохицуулсан.

 

Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэж Прогресскапитал ББСБ ХХК нь хариуцагч О.Мөнхбаяраас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч О.Мөнхбаяраас 140.132.000 төгрөгийг гаргуулж, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч О.Мөнхбаяраас 14.132.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчПрогресскапитал ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 107 дугаар байрны 211 тоот, 139 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 858.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Мөнхбаяррас 858.610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

  ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО