| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/01626/и |
| Дугаар | 01969 |
| Огноо | 2018-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 01969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, дүгээр байрны тоотод оршин суух, Олхонууд овогт Лувсанжамбаагийн Янжмаа /РД: /,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, дүгээр байрны тоотод оршин суух Олхонууд овогт Лувсанжамбаагийн Энхсайхан /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Хасбаатарын гудамж, дугаар байрны тоотод оршин суух, Суухун овогт Цэрэнгийн Энхцэцэгт холбогдох,
Зээлийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 21.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Янжмаа, Л.Энхсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Янжмаагийн нэр дээр 2014.07.08-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн 2002, 2003 оны Хонда сивик загварын суудлын автомашин 2 ширхэг, Л.Энхсайхан нэр дээр 2013.09.10-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн, 2004 оны Сузуки свивт загварын суудлын автомашин 2 ширхэгийг тус тус 2014.11.01-ний өдөр иргэн Ц.Энхцэцэгт нэг автомашиныг 7.500.000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингэхдээ гэрээ байгуулсан өдрөө 20.000.000 төгрөг бэлнээр өгөхөөр тохирч, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2015.05.10-ны өдөр төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцоохоор тохирсон боловч урьдчилгаа төлбөрөөс 15.800.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 14.200.000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Бид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, түүнтэй утсаар ярьж байгаад 2017.08.25-ны өдөр гэрээг сунгаж, үлдэгдэл төлбөрөө сар бүр төлөхөөр тохирсон боловч төлөхгүй байна. Иймд иргэн Ц.Энхцэцэгээс автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр 14.200.000 төгрөг, алданги 7.100.000 төгрөг, нийт 21.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч талд өмнө шүүхэд нэхэмжлэл гаргах боломж байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 14.200.000 төгрөг, алданги 7.100.000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.
Хариуцагч уг төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр Л.Янжмаа, Л.Энхсайхан нарын эзэмшлийн Япон улсаас орж ирсэн Хонда сивик автомашин 2 ширхэг, Сузуки свивт автомашин 2 ширхэг тус бүрийн үнэ 7.500.000, нийт, 30.000.000 төгрөгийн автомашиныг Ц.Энхцэцэг худалдан авахаар тохирч, 20.000.000 төгрөгийг 2014.11.01-ний өдөр бэлнээр өгч, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2015.05.10-ны өдөр өгөхөөр, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирчээ. /хх-ийн 5 дугаар тал/
Худалдан авагч Ц.Энхцэцэг 2014.11.01-ний өдөр төлөх 20.000.000 төгрөгөөс 15.800.000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 14.200.000 төгрөгийг сард 1.000.000 төгрөг төлөхөөр тохирч дахин 2017.08.25-ны өдөр гэрээ байгуулжээ. /хх-ийн 6 дугаар тал/
Хариуцагчийн өмгөөлөгч 2014 оны зээлээр худалдах-худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байгаа боловч 2017.08.25-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчаас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардаж байсан баримт авагдсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхцэцэг уг төлбөрийг төлж дууссан гэх боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нар төлбөрийг шаардах эрхтэй байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан алданги төлөх талаар талууд тохиролцжээ.
Иймд хариуцагч Ц.Энхцэцэгээс 21.300.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Янжмаа, Л.Энхсайхан нар олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар Ц.Энхцэцэгээс 21.300.000 төгрөг гаргуулан Л.Янжмаа, Л.Энхсайхан нарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхцэцэгээс 264.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО