Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 142

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, нарийн бичгийн дарга К.Еркежан улсын яллагч М.Отгонжаргал шүүгдэгч Х.Р шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Х.Рт холбогдох 1813002470173 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Х.Р: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Н- овогт Х-ны Р, 1972 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын  дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:000000.

        Шүүгдэгчийн холбогдсон хэрэгийн:

Шүүгдэгч Х.Р нь иргэн Б.Бы толгой руу чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Р нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Улаанхус сумын 4 дүгээр багт байрлах “Гурван булаг” гэх газарт хэрүүл маргааны улмаас иргэн Б.Бы толгойны дагзны хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......Тухайн өдөр би адуу малаа үзэх гэж гэрээсээ гараад явж байгаад түсдаа гарсан миний хүү болох Тнтэй тааралдсан юм. Тухайн үед миний хүү Тн нь үхрээ үзэх гэж ирж байсан юм байна. Тэгээд бид хоёр үхэр малаа үзчээд Хайрахт гэх газарт байдаг Н гэдэг залуугийн гэрт очсон юм. Нийн гэрт цай ууж сууж байхад тэдний хөрш болох Рашат гэгч түүний хүү болох Р, Р нар орж ирсэн юм. Тэгээд цай уугаад сууж байхад Рашат надад "Чи миний азаргыг унуулсан байна" гээд над руу дайрсан ба би " тэр азаргыг чинь би мэдэхгүй, өөр хүн унасан байх" гэж хэлсэн юм. Тэгж байхад Р согтуу сууж байсан ба миний хүү болох Тнтэй ямар нэгэн зүйлийн талаар маргалдаад сууж байгаад Р миний хүү рүү дайрахад Рашат Рийг барьж аваад би  өөрийн хүү болох Тнийг барьж авсан. Тэгээд тэр айлаас гарч явж байхад Р араас морьтой давхиж ирээд миний хүү Тн бид хоёр луу чулуу шидэж эхэлсэн ба миний хүүгийн унаж явсан морь нь сургаж явж байгаа догшин морь байхаар нь хүү минь унаад гэмтэх бий гээд хүүгээ хамгаалах гэхэд Рийн шидсэн чулуу нь миний толгойны дагз хэсгийг оносон ба би мориноос уначихсан юм. ... Тэгээд би босоод дахиад морио унасан ба би Р руу дайрах гэхэд хүмүүс ирж бариад авсан юм. Тэгээд сумын төв орж эмнэлэгт очиж толгойндоо оёдол тавиулаад цагдаад мэдэгдсэн юм. Миний бие Х.Рт хохирлын талаар ямар нэгэн маргаангүй. Нэхэмжлэх зүйлгүй болно. Эрүүл мэндийн хувьд сайн байгаа ямар нэгэн зовуур байхгүй юм. Х.Рийн үйлдэлд холбоотой ямар нэгэн гомдолгүй, прокурор болон шүүх хуралд очихгүй гэдгээ хэлье. Х.Рт хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсье” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Тний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр миний хөрш болох Хамитын хамт үхэр малаа хайж гарч явж байгаад замдаа миний аав болох Б.Бтай уулзсан юм. Тэгээд тэр хавьд зусдаг Н гэдэг залуугийн гэрт очсон юм. Тэгээд Нийн гэрээс цай ууж байхад Рашат, Р, Р нар ирсэн юм. Тэгээд Р нь манай аав болох Бд "чи миний азаргыг хүнд унуулсан байна" гэж маргаан үүсгэсэн юм. Тэгээд аав бид хоёр морио унаад явж байхад Р араас морьтой давхиж ирээд "Та нарыг ална гэж" мориноос буугаад аав бид хоёр луу чулуу шидэж эхэлсэн юм. Рийн шидсэн чулууны нэг нь манай аавын толгойн тус газар оносон юм. Р нар манай аавд манай азаргыг та нар хүнд унуулсан байна" гэж хэлсэнээс болж уг асуудал гарсан. Мөн Р нар согтуу байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
  • Гэрч Р.Рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр бид нар гэртээ айраг ууж сууж байхад манай хөрш айл болох Нийнх айраг уугаарай гээд дуудахаар нь бид нар Нийн гэрт очсон юм. Нийн гэрт очиход Б болон Бы хүү нь болох Тн нар сууж байсан. Тэгээд орж айраг ууж сууж байхад

Б гуайтай манай ах Р хоёр нэг азаргын талаар маргалдаж эхэлсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа бүгдээрээ гадуур гарсан ба Б Р нар нэг нэгрүүгээ дайралдсан ба гадаа байсан хүмүүс салгаж авцгаасан юм. Р нь гэрийнхээ хажууд байсан морио унаад Бы араас давхиж байсан. Би араас нь мотоциклтой очсон ба би очиход үйл явдал болоод өнгөрсөн байв. Би очиход Бы толгойноос цус гарч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 342 дугаартай “Иргэн Б.Бы биед тархи доргилт толгойн дагзны хэсэгт хүрэн өнгийн тав тогтсон няцарсан шархтай, уг шарханд мэс заслын 2 ширхэг оёдол тавъсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт   /хавтаст хэргийн 29 дугаар хуудас /

  • Шүүгдэгч Х.Рийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхи

хэлэлцүүлэгт өгсөн, “...Миний бие 2018 оны 07 дугаар сарын 28-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт "Хайрагт" гэх газарт зусаж байсан Н гэх айлын цайллаганд очсон. Уг цайллагад тэр хавьд зусаж байсан айлуудын ихэнх хүмүүс очсон байсан. Цайллаганы үеэр миний аавын төрсөн дүү болох Рашат, Б.Б гэх хүмүүс хоорондоо ямар нэгэн зүйлийн улмаас маргалдаж байсан. Тухайн үед яг ямар учраас маргалдсан эсэхийг би мэдэхгүй байна. Тэгээд маргалдаж байгаад Б.Б нь өөрийн нь хүү нь болох Тний хамт гараад явсан. Тэр үед нь би Б.Бы араас дагаж гарсан. ... Б.Б морьтой над руу дайрж байх үед урдаас нь нэг удаа, дараа нь морь эргэж явахад хойноос нэг удаа чулуу, шороо шийдсэн байсан. ...миний Б руу цацаж байсан чулуу, шороо нь Бы толгойн ар хэсэг буюу хүзүү хэсэгт нь онож, улмаар толгой нь хагарсан байсан. Болсон асуудал энэ юм. ...Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Х.Рийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Рийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэ үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Х.Рийг 465000 төгрөгөөр торгох санал, дүгнэлт гаргасан боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, зэвсгийн чанартай буюу чулуугаар хохирогчийн толгойн дагзны тус газарт цохисон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 600000 төгрөгийн торгох ял оногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 465 нэгж нь 465000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Х.Рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2  дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Н овогт Х-ы Рийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Рийг 600000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Р нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Рийн иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт буцаан олгосугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.ДАУРЕНБЕК