| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/02532/и |
| Дугаар | 02239 |
| Огноо | 2018-07-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 02239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 73/10-44 тоотод оршин суух оршин суух, Сартуул овогт Батдоржийн Тунсаг, /РД:ТЯ95082509/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэ:г, 4 дүгээр хороо, Голден парк 105 дугаар байрны 120 тоотод оршин суух, Тугчин овогт Болдбаатарын Батбилэг, /РД:УК91032334/-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Тунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунсаг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Тунсаг миний бие нь 2016 онд Б.Батбилэгтэй танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Дагвадорж төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Б.Дагвадоржид хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэгийг сар бүр өгөхийг зөвшөөрч байна. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцож боломжгүй байна. Иймд хэргийг хариуцагч Б.Батбилэг миний эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар: Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунсаг нь хариуцагч Б.Батбилэгт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Б.Тунсаг, Б.Батбилэг нарын дундаас 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Дагвадорж төрсөн болох хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Дагвадорж нь эх Б.Тунсагтай хамт амьдарч байх бөгөөд түүний асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Дагвадоржийг эх Б.Тунсагийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Батбилэгээс 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөо төрсөн хүү Б.Дагвадоржийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй,
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тунсагт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО