| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/07998/и |
| Дугаар | 02061 |
| Огноо | 2018-06-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 02061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Хангайн дугаар гудамж тоотод оршин суух, Гүрдоржийн Цэцэгсүрэн /РД: ИН/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, байрны тоотод үйл ажиллагаа явуулдаг Н а ХХК /РД /,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Хайрхан тоотод оршин суудаг гэх Л.Алтандаваа,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Баруун баян уул тоотод оршин суудаг гэх Л.Өнөрцэцэг нарт холбогдох,
Гэм хорын хохирол 418.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбилэг, иргэдийн төлөөлөгч М.Мөнхбат, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэцэгсүрэн түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016.05.17-ны өдөр өөрийн эзэмшлийн 34-09 УБН улсын дугаартай Приус маркийн автомашинаа нөхөр Жаргалсайханаар жолоо бариулан хүүхдийнхээ хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг 8 дугаар хороо, Баянхошууны тойргийн замд замын хөдөлгөөнд оролцож байтал Л.Алтандаваа нь Х.Верна маркийн 32-46 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.4, 9.2-т заасан зохицуулалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас надад 3.333.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс даатгалаас 2.935.000 төгрөг авсан. Иймд тухайн автомашины эзэмшигч Нэткапитал авто ХХК-иас гэм хорын хохирол эмчилгээний төлбөр 290.000 төгрөг, автомашины үнэлгээний төлбөр 105.000 төгрөг, архиваас материал гаргуулсны хөлс 16.000 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, нийт 418.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Неткапитал авто ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Алтандаваа нь 2016.01.21-ний өдөр Неткапитал авто ХХК-иас Хьюндай верна маркийн 32-46 УНН улсын бүртгэлийн дугаартай автомашинаа барьцаалан 1.350.000 төгрөгийн зээл авахдаа зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан. Манай байгууллага зээлийн гэрээний хүлээсэн үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд Л.Алтандаваагийн өмчлөлд байгаа автомашиныг Неткапитал авто ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, зээлдэгч автомашинаа унаж ашигладаг болно. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 5.1.4-т барьцааны тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд байгууллагад хамааралгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцахыг баталсан. Тиймээс Г.Цэцэгсүрэнд учирсан хохирлыг манай байгууллага хариуцахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэцэгсүрэн 2016.05.17-ны өдөр зам тээврийн осолд орж, өөрт учирсан хохирол 418.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Неткапитал авто ХХК-нд холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Неткапитал авто ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Г.Алтандаваа нь 2016.05.17-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны тойргийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Неткапитал авто ХХК-ийн эзэмшлийн Хьюндай аксент верна маркийн 32-46 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас Б.Жаргалсайханы жолоодож явсан Г.Цэцэгсүрэнгийн эзэмшлийн Тоёота приус маркийн 34-09 УБН улсын дугаартай автомашиныг ... мөргөж зам тээврийн осол гаргажээ. /хх-ийн 10-11 дүгээр тал/
Уг зам тээврийн осолд холбогдогч Л.Алтандаваагийн гаргасан зөрчилд захиргааны шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 8 дугаар тал/
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар Неткапитал авто ХХК нь өөрийн эзэмшлийн Хьюндай аксент верна маркийн 32-46 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Л.Алтандаваад шилжүүлэн өгсөн байх тул Г.Цэцэгсүрэнд учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй байна.
Хавтаст хэргийн материалд авагдсан баримтаас Г.Цэцэгсүрэнгийн эмчилгээнд зарцуулсан төлбөр, эрүүгийн төв архивын үйлчилгээний хөлсний зардал, нотариатын үйлчилгээний хөлс, үнэлгээний үйлчилгээний хөлс нийт 398.000 төгрөгийг хариуцагч Неткапитал авто ХХК-иас гаргуулах нь зүйтэй байна. /хх-ийн 15, 17-18 дугаар тал/
Шүүх хамтран хариуцагчаар Л.Алтандавааг татахад тэрээр оршин суугаа хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлж, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа /хх-ийн 148 дугаар тал/ Л.Өнөрцэцэг нь нэхэмжлэгчийн тодорхойлж өгсөн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян Уул 2-19 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тухайн хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Л.Алтандаваа, Л.Өнөрцэцэг нарт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар Неткапитал авто ХХК-ийн 398.000 төгрөг гаргуулан Г.Цэцэгсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар Л.Алтандаваа, Л.Өнөрцэцэг нарт холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах тухай Г.Цэцэгсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Неткапитал авто ХХК-ийн 12.590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цэцэгсүрэнд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.МӨНХТӨР