Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 182

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, улсын яллагч, хяналтын прокурор Х.Өрен нарийн бичгийн дарга К.Еркежан, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт С-н Ад холбогдох 1813003290227 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1971 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар баг 9 дүгээр гудамжны 36 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Иовогтой С-н А, РД:00000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь тус аймгийн Бугат сумын 3 дугаар багийн иргэн Оразай овогтой Аийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед урд өдөр нь үүссэн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан хэрэлдэж, түүний цээж рүү гараараа цохиж биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1 .Шүүгдэгчийн гэм буруугийн талаар :

Шүүгдэгч С.А нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед, БаянӨлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Аийг “2 хонь 2 хуцаар сольж авсан” маргааны улмаас түүний цээж рүү нь гараараа нэг удаа цохиж, улмаар нуруу хэсэгт гараараа нэг удаа цохин түүний биед хөнгөн зэргийн гэмтэл буюу биед нь цээжний битүү гэмтэл, цээжний баруун талын 5,6-р хавирганы мурийлттай, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавантай, баруун 4,5,6-р хавирганы харалдаа хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн талын өвдөгний хэсэгт хавдартай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл учруулсан байна.

 Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хохирогч О.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хонио туугаад постын баруун хойд талд ирсэн чинь бор өнгийн Уаз-469 маркийн машин ирээд зогссон. Машинаас С.А, Х гэх 2 хүн бууж ирсэн. Тэгээд А надад чи том эр хонь өг, энэ жижиг 2 хонио аваад яв гэсэн. Би Ад том эр хонь өгч чадахгүй, болохгүй бог 2 хуцаа аваад яваарай гэж хэлсэн. Тэр үед “чи том хонь егөхгүй, миний 2 том хуцыг авдаг хэн юм бэ, мориноосоо буугаад ир” гэсэн. Би мориноосоо буусан чинь миний цээж рүү нэг удаа цохисон. Би тэр үед “та битгий зод. Би нуруундаа хагалгаа хийлгэсэн хүн байгаа юм” гэхэд алив харъя гэж миний хувцасыг тайлаад улмаар нуруу хэсэгт нударгаар нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 9  дүгээр хуудас/,
  • Гэрч К.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.А тухайн залууд чи мориноосоо буугаад ир гэж хэлсэн бөгөөд бууж ирэхэд нь А цээжнийхээ гол хэсэгт нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
  • Гэрч Х.Болатханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Аи мориноосоо бууж байсан ба А Аийн цээж рүү гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч О.Аийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон тухай тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний абланы шинжээчийн  2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 477 тоот дүгнэлтэнд: “иргэн О.Аийн биед цээжний битүү гэмтэл, цээжний баруун талын 5,6-р хавирганы мурийлттай, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавантай, баруун 4,5,6-р хавирганы харалдаа хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн талын өвдөгний хэсэгт хавдартай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэх /хх-иийн 28 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч С.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр малын маргаанаас болж Бугат сумын 3 дугаар багийн иргэн О.Аи эцгээр минь дуудаж хэл амаар доромжлохоор нь уурлаад очиж, уурандаа О.Аийн цээж рүү нэг удаа баруун гараар, гараа зангидаж нударгаараа нэг удаа цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:

  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн Засаг даргын “ Тус багийн иргэн Сансызбай овогтой А /БЭ71012710/ тоот регистрийн дугаартай. Ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. С.А нь төлөв даруу, тусархаг, хамт олонч зантай. Урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн 1093 дугаартай “Сансызбай овогтой А /БЭ71012710/ нь Өлгий сумын 2 дугаар багт байршилтай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр олгосон “РД:БЭ71012710, овог:Ители эцэг /эх/-ийн нэр:Сансызбай, нэр:А, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1971/01/27, төрсөн газар:83,01, хаяг:Баян-Өлгий, Өлгий 2-р баг, Цагаан эрэг, бүртгэлийн дугаар:830136432488, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн  142 дугаартай “Сансызбай овогтой А /БЭ71012710/-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

  • Шүүгдэгч нь харилцах, хадгаламж, хугацаагүй хадгаламж, зээлийн ямар нэгэн данс эзэмшдэггүй болохыг тодорхойлсон Капитрон, Голомт, Хас банкнуудын Баян-Өлгий салбарын тодорхойлолт / хх-ийн 46,49,52 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч нь ХААН банк болон Төрийн банканд данстай болохыг тодорхойлсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-48, 50-51 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдалттай болохыг нотолсон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 56 дугаар хуудас/,
  • Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 57-63 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны соёл, өөрийн сэтгэл хөдлөл, уур омгоо удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч О.Аийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 477 дугаартай  дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн хохирол байна.

Иймд шүүгдэгч С.Аын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч О.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршигт 144000  төгрөг гарсаныг, шүүгдэгч нь төлсөн ба  хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа эвлэрсэн, хохирогч О.Аи нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Аыг бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

2 .Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай :

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 240.000, дараагийн сард нь 240.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Тус хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах явцад прокурорын сонсог 480000  төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч С.Ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 480 “дөрвөн зуун наян” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор буюу эхний сард нь 240.000 төгрөг, дараагийн сард нь 240.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5 .Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6 . Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7 .Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Аын иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.

8 .Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,               ШҮҮГЧ              Д.АЗЖАРГАЛ