Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 185

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Еркегүл,

Улсын яллагч М.Отгонжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек

Орчуулагч Ж.Ахмарал

Шүүгдэгч К.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Бд холбогдох 1813000000221 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч К.Б: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х Б, 1977 оны 08 дугаар сарын 18-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын  дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:0000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Б нь бэлчээрийн маргааны улмаас Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч К.Б нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хатуу” гэх газрын өвөлжөөнд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10  цагийн үед бэлчээрийн маргааны улмаас тус багийн иргэн Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн үед манай хөрш хамт өвөлждөг тус багийн иргэн К.Б гэх залуу өөрийн хонь ямаа зэрэг мал сүргийг тууж гол руу явж байсан. К.Б малаа ус руу тууж явахгүй манай өвөлжөөний хажууд бэлчээгээд байхаар нь учрыг нь хэлэх гэж мотоциклээр малын хажууд очоод дуут дохио өгч зогсоод мотоциклээс бууж байхад К.Б нь “Чи яагаад малын хажууд дуут дохио өгсөн вэ” гэж шууд над руу дайрч, намайг зодож эхэлсэн. К.Б тухайн үед өөрийн гарт байсан модор толгой руу хэсэг хэд хэдэн удаа цохисон ба дараа нь гараараа миний нүр хэсэгт цохисон. Тухайн үед миний хамар амнаас цус гарсан байна ” гэх мэдүүлэг. /ххийн 12-13-р хуудас/,
  • Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2018 оны  11 дүгээр сарын 15-ны өдрийн 542 дугаартай шинжээчийн дүгнэлт “....Иргэн В.Бийн биед тархины доргилттой, тархи толгойны духны болон турк эмээлийн орчим даралттай, дээд эрүүний үүдэн нэг шүд 4 зэргийн суларсан, шүдний буйланд хавдартай, цус хуралттай, дээд уруулд хавдартай, дотор талд хэгзэрсэн шархтай, хамрын нуруунд хавдартай, хамрын хөндийд нөжирсөн цустай, зүүн нүдний доод зовхинд өнгөц цус хуралттай, зулайн дагзанд хавдартай, хүзүүний урд хэсэгт хөх ягаан туяатай, хүзүүний ар хэсэгт хөх ягаан туяатай, цус хуралттай, зулайн дагзанд хавдартай, хүзүүний урд хэсэгт хөх ягаан туяатай, хүзүүний ар хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун мөрөнд хавдартай, баруун мөрний хөдөлгөөн хязгаарлагдсан зэрэг зөөлөн эдийн бэртэл тогтоогдлоо. Иргэн В.Бийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” /хх-ийн 17-р хуудас/
  • Яллагдагч К.Бын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/, мөн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч К.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч К.Б нь урьд мөн газрын маргаан гаргаж байсан нь тус сумын засаг даргын тодорхойлолтоор батлагдаж байна.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч К.Быг 455000 төгрөгөөр торгох ял оногуулах талаар санал гаргаж байгаа боловч шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд зэвсэгийн чанартай буюу ташуур хэрэглэж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан зэргийг дүгнэж үзээд 800000 төгрөгөөр торох ял оногуудах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт

зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 800 нэгж нь 800000 /найм зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч К.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар з ү й л ү ү д и й г з а а с н ы г т у с т у с у д и р д л а г а

болгон                                                                                 ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Х Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Быг 700  “долоон зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч К.Бын иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгосугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч К.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК