Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 01822

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, Туулын  дугаар гудамж,  тоотод оршин суух, Осор овогт Оюунцэцэгийн Ариунтуяа /РД: ЖЮ/-ийн нэхэмжлэлтэй

            Гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ариунтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сүмбэр, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

            Нэхэмжлэгч О.Ариунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 онд БНСУ руу виз гаргуулах зорилгоор БНСУ-ын иргэн Ли Жунхүнтэй  2007.12.06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Түүнээс хойш тэр хүнтэй уулзаагүй. Тэр хүн түрүүлээд Солонгос улс руу явсан. Миний бие Солонгос улс руу огт яваагүй. 2008 онд П.Түмэнжаргалтай танилцаж хамт амьдарч байхад тэрээр 2008.11.23-ны өдөр авто ослын улмаас нас барсан. Түүнээс хойш хүнтэй суугаагүй байсаар 2012 онд нөхөр Баатархүүтэй танилцаж 2014 онд охинтой болсон. Солонгос улсын иргэнтэй батлуулсан баталгаагаа салгах гэж гадаад хүнтэй суусан хүмүүсийн эрхийг хамгаалах сангаар хөөцөлдсөн боловч Солонгос улсад намайг нас барсан гэж бүртгэгдсэн байсан. Иймд БНСУ-ын иргэн Ли Жунхүнтэй батлуулсан гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

            Гуравдагч этгээд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сүмбэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын 2018.04.26-ны өдрийн 12/3433 албан тоотоор Осор овогт Оюунцэцэгийн Ариунтуяагийн БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон асуудлаарх мэдээллийг шалгахад гэрлэлт бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримт архивын санд байхгүй байна. Уг нь гэрлэлт бүртгэхэд гэрлэгчид холбогдох баримтыг бүрдүүлж бүртгүүлдэг бөгөөд энэ хүнийг гаргаагүй байгаа нь уг гэрлэлт нь хүчин төгөлдөр бус байна гэсэн үг гэв.

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч О.Ариунтуяа 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр БНСУ-ын иргэн Ли Жунхүнтэй гэр бүл болсон гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            О.Ариунтуяа 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөд Солонгос улсын иргэн /РД: КР71111702/ Ли Жунхүнтэй гэрлэлтээ бүргүүлж гэр бүл болжээ.

            Нэхэмжлэгч нь Ли Жунхүнтэй хамт амьдарч байгаагүй, Солонгос улс явахын тулд түүнтэй гэрлэлт бүртгүүлсэн талаар тайлбарлаж байх бөгөөд тэрээр Ү.Баатархүүтэй гэр бүл болж, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тэд дундаасаа хүүхэдтэй болсон нь хэрэгт авагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн албан тоот, Б.Учралын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3. улсын бүртгэлийн эх нотлох баримтын архив болон цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах, 11 дүгээр зүйлийн 11.5.4.-т тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн архивын хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийхээр заасан байх ба Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12/3433 дугаар албан тоотоор БНСУ-ын иргэн Ли Жунхүн, О.Ариунтуяа нарын гэрлэлтийг бүртгэсэн баримт тухайн байгууллагын архив хадгалагдаагүй, энэ талаарх баримт байхгүй байна гэжээ.

            БНСУ-ын иргэн Ли Жунхүн, О.Ариунтуяа нарын гэрлэлтийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3., 11 дүгээр зүйлийн 11.5.4. дэх заалтуудыг зөрчсөн, мөн О.Ариунтуяа анхнаасаа БНСУ-ын иргэнтэй гэр бүл болох санаа зорилгогүй байсан, БНСУ-ын виз гаргуулахаар түүнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн талаар мэдүүлж байх тул 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн БНСУ-ын иргэн Ли Жунхүн, О.Ариунтуяа нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10.-т зааснаар БНСУ-ын иргэн Ли Жунхүн, О.Ариунтуяа нарын 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхбаярт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО