Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 02110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны 93 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЗЖ65022211, Боржигон овогтой Гомбын Жаргалсайханы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамжны 46 дугаар байрны 4 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧЗ69031878, Боржигин овогтой Барбаатарын Отгон-Өлзийд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23 954 500 төгрөг гаргуулахыг хүссэниргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Идэрхангай /үнэмлэх 0487/, хариуцагч Б.Отгон-Өлзий, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх /үнэмлэх 1336/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Б.Отгон-Өлзийд 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 12 000 доллар зээлүүлсэн. Ингээд мөнгийг 1 сарын хугацаатай зээлсэн боловч зээлийн хүүг надад сар болгон 500 000-700 000 төгрөгийн хүүг 3 жил төлсөн. Ингээд 2011 онд манай ээж нас барж, мөнгө хэрэгтэй болоод 1000 долларыг монгол төгрөгөөр тооцож, дараа нь манай эхнэр хөхний хорт хавдартай болж, мөнгө хэрэгтэй болж дахин 1000 доллар авсан. 2008 оны 10-р сараас 2012 оны 9-р сар хүртэл сар бүр хүү 700 000 төгрөг өгсөн. Гэхдээ 33 000 000 төгрөг болсныг мэдэхгүй. Одоо үндсэн зээлээс үлдэх 10 000 доллар буюу 23 954 500 төгрөгийг Б.Отгон-Өлзийгөөс нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б.Отгон-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Г.Жаргалсайханаас 12 000 долларыг 1 сарын хугацаатай зээлсэн. Би дүү Г.Отгонжаргалыг нь танидаг, түүгээр дамжуулж зээлсэн. Ингээд сарын дараа зээлсэн мөнгөө төлөх боломжгүй бол сар болгон хүү төлж ирсэн. Зээлийн хүүг 2013 оны 9 дүгээр сар хүртэл би 33 000 000 төгрөг төлсөн. Ингээд авсан зээлээ би нугалж төлсөн болохоор болсон гэж бодож явсан. Гэтэл 2013 оны 12 дугаар сард намайг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудсан, байцаалт авч, би болсон бүх зүйлээ ярьж 33 000 000 төгрөг төлсөн гэдгээ хэлсэн. Надаас Г.Отгонжаргал нь мөнгө авсан гэдгээ хэлсэн байсан, бараг нугалж мөнгийг төлсөн байна, дахиж ирэх шаардлагагүй гэсэн. 2013 оны 12 дугаар сараас хойш би зээлээ төлсөн гэж ойлгож байсан. Би 2000 доллароос гадна 33 000 000 төгрөг төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь Б.Отгон-Өлзийд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23 954 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Г.Жаргалсайхан нь 2008 оны 09-р сарын 05-ны өдөр Б.Отгон-Өлзийтэй зээлийн гэрээ байгуулж, 12000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлдүүлэгч нь 12 000 долларыг шилжүүлэн өгсөн, харин зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 12 000 долларыг Монгол банкны албан ёсны ханш 1150.78 төгрөгөөр тооцож 11 507 800 төгрөг, нэг сарын хүү 575 390 төгрөг нийт 12 083 190 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Харин зээлдэгч нь 2008 оны 10-р сараас 2012 оны 9-р сарын 8-ныг хүртэл сар бүр хүүнд тооцож 700 000 төгрөг буюу 32 900 000 төгрөг, 2011 онд үндсэн зээлээс 2000 долларыг 1350 төгрөгөөр тооцож 2 700 000 төгрөг нийт 35 600 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн, энэ талаар талууд маргаагүй болно.

 

Зээлийн гэрээг талууд сунгаагүй бөгөөд зээлдүүлэгч нь төлбөл зохих үүргээ биелүүлсэн, харин 23 518 810 төгрөгийг илүү төлсөн гэж дүгнэлээ. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Нөгөө талаас, Г.Жаргалсайхан нь эрхээ зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хугацааг хэтрүүлснийг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 398 222 төгрөг төлөхөөс 257 700 төгрөг төлж, 175 922 төгрөг дутуу төлсөн байна. Иймд нөхөн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Барбаатарын Отгон-Өлзийгөөс 23 954 500 /хорин гурван сая есөн зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн Гомбын Жаргалсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 58-р зүйлийн 58.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 700 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, 175 922 /нэг зуун далан таван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА