| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02340/и |
| Дугаар | 02229 |
| Огноо | 2018-07-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 02229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол-2 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах, Хера пропертийз ХХК-д холбогдох 13 578 728 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үүрийнтуяа, Г.Загар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Загар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хера пропертийз ХХК 2016 оны 6 дугаар сард манай Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд 1491/2015 тоот Техникийн нөхцөлийн дагуу цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ хийх хүсэлт гаргасан. Хүсэлтийнх нь дагуу 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хера пропертийз ХХК-тай 2065274 кодтой цахилгаан эрчим хүчний гэрээ хийсэн. Хера пропертийз ХХК нь 2017 оны 4-р сараас төлбөрөө төлөхгүй байсан тул манайх Эрчим хүчний зохицуулах хороонд 2017 оны 11 дүгээр сард албан бичиг хүргүүлсэн. Хариу албан бичигт Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгүүдэд заасны дагуу дээрх цахилгаан эрчим хүчний үлдэгдэл төлбөрийг Хера пропертийз ХХК хариуцан төлөх эрх зүйн үндэслэлтэй, мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт албан бичиг хүргүүлэхэд ...тус барилга, байгууламжуудыг улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулсан, ус, дулаан дамжуулах 3, 4 дүгээр төвөөс дулааны хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангаж байгаа бөгөөд танай байгууллага нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчид үйлчлэх төвтэй цахилгааны гэрээ байгуулсан тул дээрх ашиглалтанд орсон орон сууцны барилгуудын ашиглалт, үйлчилгээг өнөөдрийн байдлаар хариуцаж буй Хайрхан 89 СӨХ болон иргэн аж ахуй нэгж байгууллагуудаас төлбөрийг гаргуулан гэрээний үүргээ биелүүлж ажиллана уу гэсэн албан хариу ирсэн. Хера пропертийз ХХК нь 2017 оны 6 814 065 төгрөг, 2018 оны 6 764 946 төгрөг нийт 13 578 728 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Харин 2017 оны 12-р сард Ус дулаан дамжуулах 3, 4-р төвийн барилгыг Нийслэлийн өмчид бүртгэж авсан тул 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх цахилгааны төлбөр 6 814 065 төгрөг болж байгаа. Үүнээс 2017 оны 12 дугаар сарын төлбөрийг хасч 5 367 997 төгрөгийг Хера пропертийз ХХК-иас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хера пропертийз ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, газрын эзэд болон хувийн хэвшлүүдтэй хамтарч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч компани байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 5 367 997 төгрөг нь Хера пропертийз ХХК-ийн хэрэглээнээс үүссэн төлбөр биш. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар Хайрхан хорооллын 46 дугаар байрны 46А, Б, В, 54 дүгээр байрны А, Б зэрэг байруудын цэвэр ус дулаан хэрэгцээний халуун усаар хангаж буй цэвэр ус, дулаан дамжуулах 4 дүгээр төвийн 2017 оноос 2018 онуудад үүссэн цахилгааны төлбөр байгаа. Тиймээс 46 дугаар байрны 46А, Б, В, 54 дүгээр байрны А, Б зэрэг байруудын оршин суугчид нь 2016 оноос хойш 2017оны 3 дугаар сар хүртэл хэрэглээнээс үүссэн цахилгааны төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд төлдөг байсан. Энэ төлбөрт Хера пропертийз ХХК анхнаасаа ямар нэгэн байдлаар оролцоогүй. Байгуулсан гэрээ нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Хера пропертийз ХХК тус объектын өмчлөгч болон хэрэглэгч биш байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээд гэсэн заалт зөрчигдөж байгаа. Уг гэрээг байгуулах асуудлыг төсөл хэрэгжүүлэгчийн хувьд захиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, мөн дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа Хүчит чулуу ХХК нарт хандаж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай гэрээ байгуулах асуудлыг тавьсан боловч асуудал нь удааширч шийдэгдэхгүй байсан. Асуудал шийдэгдэхгүй байсны улмаас барилгын ажил зогсож, Улсын комисс ажиллах хугацаа нь удааширч байсан. Дулаан авах хугацаа нь хойшлогдож, зуны улиралдаа багтааж дулаан авах боломжгүй байсан. Үүнтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгчийн хувьд Хера пропертийз ХХК албан бичиг өгч цахилгааны гэрээ байгуулснаар цахилгаан түгээх төвд нь цахилгаан холбогдсон. Улсын комисс ажиллаж, дулаан дамжуулах 4 дүгээр төвийг ашиглалтанд оруулж, цахилгаан эрчимээр хангах гэрээг шилжүүлэх асуудлыг холбогдох байгууллагад нь удаа дараа хандсан боловч өмчийг хүлээж аваагүй байгаа шалтгаанаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шилжүүлэх боломжгүй байдал үүссэн. Гэр хорооллыг дахин төлөвлөж, шинэчлэх, зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдсан тус барилга нь ус хангамжийн шугамын барилга байдаг. Энэ барилгыг Хүчит чулуу ХХК гүйцэтгэж 2016 оны 10 дугаар сард Улсын комиссод хүлээлгэж өгсөн. Дулаан дамжуулах 4 дүгээр барилгын тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулах акт гарсанаар захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нийслэлийн өмчид бүртгэх ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн өмчид бүртгэх ажил нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдахгүй, маргаантай байгаа гэдэг шалтгаанаар удааширч 2017 оны 10 дугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан. Энэ хугацаанд Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Орон сууцны удирдах газар, Нийслэлийн засаг даргын орлогч дарга нарт удаа дараа дулаан дамжуулах 4 дүгээр төвийг хүлээлгэж өгөх асуудлаар хандсан боловч арга хэмжээ авахгүй байсаар байгаад цаг хугацаа алдсан. 4 дүгээр төвийн комиссын акт нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гарсан боловч жилийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 125 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолыг үндэслэж, Нийслэлийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А864 тоот захирамж тус тус гарсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамж гарсан байхад Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн өмчид бүртгэж хүлээж авах комиссын бүрэлдэхүүн томилох асуудал нь удааширсаар байгаад 2018 оны 3 дугаар сард Нийслэлийн өмчид бүртгэж авч, Орон сууцны нийтийн аж ахуй удирдах газрыг ашиглалттай холбоотой бүх зардлыг хариуцахаар бүртгэж авсан. Нийслэлийн өмчид бүртгэн авах захирамж нь гарч Хэрэглэгчид үйлчлэх төв хариуцаж ажиллуулахаар болсон боловч 2018 оны 3 дугаар сараас хойш үүсэж байгаа цахилгааны төлбөртэй холбоотой асуудлыг зохицуулж чадахгүй байгаа нь бид нарын хувьд ойлгомжгүй байдал үүсч байна. Хера пропертийз ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу төслийг 2016 онд хэрэгжүүлж, нийт 320 айлын орон сууцыг туслан гүйцэтгэгч Бэг бүрд ХХК, Эй Эс Эс инженеринг ХХК, иргэн Я.Ганболд нартай хамтран ажиллаж, 168 айлын орон сууцыг Бэг бүрд ХХК, 89 айлын орон сууцыг Эй Эс Эс инженеринг ХХК, 63 айлын орон сууцыг иргэн Я.Ганболд тус тус гүйцэтгэж 2017 онд улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгыг барьсан Бэг бүрд ХХК, Эй Эс Эс инженеринг ХХК, иргэн Я.Ганболд нар нь тус тусдаа өөрсдийн барьсан барилгынхаа ашиглалтыг хариуцаж, Сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан. Ингэснээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай орон сууцад дулаан түгээх, хэрэгцээний халуун усаар хангах гэрээг Орон сууцны конторыг СӨХ-ны үйл ажиллагаатай давхар ажиллуулж эхэлсэн. Ашиглалтанд орсон дээрх байрууд нь ус дулаан дамжуулах 4 дүгээр төвд Улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтанд орсноор манай компанид ямар ч хамааралгүй болсон. Дээрх барилгуудын хувьд төсөл хэрэгжүүлэгчийн эрх үүргүүд нь дуусгавар болсон. Барилгуудын цэвэр, бохир ус ашиглалтын төлбөрийг нэгдсэн журмаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв 16 хураан авч, Ус сувгийн удирдах газарт шилжүүлдэг хэрнээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д төлөх төлбөрийг зөвхөн 54 дүгээр байрны 54А байрнаас хураан авч, үлдсэн байруудаас нь хураахгүй ялгавартай байдлаар хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Манайх цахилгааны төлбөрийг хүлээх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харъяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Хера пропертийз ХХК-д худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 578 728 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5 367 997 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Хера холдинг ХХК, Монгол улсын Хөгжлийн банк хамтран 2014 оны 04-р сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын 4 ш ус, дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ тоот 05/2014 тоот гэрээ байгуулж, Засаг газрын 2013 оны 118 болон 285 дугаар тогтоолоор батлагдсан төслийг хэрэгжүүлэхээр / хх 26-28/ тохирчээ.
Дээрх ус, дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажил нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн, Хера пропертийз ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч болох талаар хариуцагч маргаагүй байна.
Ус, дулаан дамжуулах барилга угсралтын ажлыг эхлүүлэх техникийн 1491/2015 тоот техникийн нөхцөлийг Хера пропертийз ХХК-ний нэр дээр олгож, тухайн ажлыг гүйцэтгэж гүйцэтгэж ашиглалтад оруулсан /хх 9,35, 36/, улмаар ус, дулаан дамжуулах ЦТП 3, 4 станцын цахилгааны гэрээг тухайн компанитай байгуулж, цахилгааны тоолуурыг ладаж өгөхийг хүссэн хүсэлтийг 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн 2/202 тоот албан бичгээр Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд /хх 60/ гаргажээ.
Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 2016 оны 06-р сарын 17-ны өдөр Хера пропертийз ХХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ-г 2 жилийн хугацаатай байгуулж, гэрээний 1, 2 дугаар хавсралтаар хангагч, хэрэглэгчийн хоорондын эзэмшлийн заагийг тогтоосон /хх 11-14/, Хера пропертийз ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч болсон байна.
Хэрэглэгч нь энэ хуулийн 30-р зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй.
Талуудын хооронд хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө төлөөгүйгээс маргаан гарсан байх ба Хера пропертийз ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...хэрэглэгч биш,Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 46 дугаар байрны 46А, Б, В, 54 дүгээр байрны А, Б байрны оршин суугчдын төлбөр, Эрчим хүчээр хангах гэрээ нь хууль бус.. гэж маргажээ.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд баригдсан 168 айлын орон сууцыг Бэг бүрд ХХК, 56 айлын орон сууыг иргэн Я.Ганболд, 89 айлын орон сууцыг Эй Эс Эс ХХК тус тус барьж 2016 онд байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн /29-34/ байх ба тухайн сууцны оршин суугчдын хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэгч маргаагүй, оршин суугчид хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө тоолуурын заалтаар эрх бүхий байгууллагат төлдөг байна.
Харин хэрэглэгч Хера пропертийз ХХК нь ХТП-4302-ийн 0.4 кв талд тоноглосон рубильникийн эхний холбоосоор гарсан төлбөрийг төлөх үүрэгтэй, талуудын хооронд байгуулсан Эрчим хүчээр хангах гэрээ нь хуульд нийцсэн байна.
Эрчим хүчний захицуулах хорооны 2017 оны 11-р сарын 8-ны өдрийн 5/1176 тоот албан бичигт Хера пропертийз ХХК нь төлбөрийг төлөх үүрэгтэй, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2018 оны 02-р сарын 26-ны өдрийн 2/369 тоот Хера пропертийз ХХК-д өгсөн албан бичиг нь нийслэлийн өмчид бүртгэгдсэнээс хойшх асуудалтай холбоотой /хх 7-8/ байх ба Хера пропертийз ХХК нь иргэн Я.Ганболд, Хайрхан СӨХ, Бэг бүрд ХХК, оршин суугчдад ус, дулааны төлбөрийг хариуцан төлөх талаар хандаж байсан /хх 37-42/ нь буруу байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн 125 дугаар Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал орчмын Ус, дулаан дамжуулах 3, 4-р төвийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод зөвшөөрсөн, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11-р сарын 15-ны өдрийн А/864 тоот Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай захирамжаар дээрх барилга, байгууламжийг Нийслэлийн өмчид бүртгэж /хх 44-52/ нийслэлийн өмч болжээ.
Иймд Хера пропертийз ХХК нь 2017 оны 4-р сарын 1-нээс 12-р сарын 1-нийг хүртэлх 5 367 997 төгрөгийг төлөх үүрэгтэй, харин нэхэмжлэгч нь барилга байгууламжийг Нийслэлийн өмчид бүртгэгдсэнээс хойшх хугацааны төлбөрийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь зөв гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хера пропертийз ХХК-иас 5 367 997 /таван сая гурван зуун жаран долоон мянга есэн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ний харъяа Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 844 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Хера пропертийз ХХК-иас 100 837 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА