Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Д.Аын гомдолтой, НМхгЭчхуб М.Ад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: У овгийн Д-ийн А, 

 

Хариуцагч: НМхгЭчхубМ.А,

Гомдлын шаардлага: “НМхгЭчхуб М.Агийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0069143 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч НМхгЭчхуб М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч Д.Ааас шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: “Миний бие Д овогтой А миний бие Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах “А-а” шүдний эмнэлэгт Нүүр амны их эмчээр ажилладаг. Манай эмнэлэг нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулж байна.

2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 5-19 тоотод оршин суух Н овогтой С гэх иргэний шүдний үзлэг болон шүд авах уйл ажиллагаатай холбоотой гомдол гаргаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч М.А гэх хүн ажлын байр нь дээр ирж холбогдох бүх баримт бичгийг хураан авч, удаа дараа ажил дээрээ дуудан тайлбар авсан байдаг. Миний бие бичгээр болон аман хэлбэрээр холбогдох тайлбараа өгсөн байдаг, мөн гэрчээр 1 дүгээр эмнэлгийн эмчээс ч мэдүүлэг авсан.

Эрүүл мэндийг хамгаалах технологи-эрүүний их ба бага араа шүдийг авах мэс ажилбар MNS 5372-11:2004 Монгол Улсын стандартад заасны дагуу яаралтай үед тухайн иргэнд яаралтай тусламж үзүүлэх үүргийн хувьд аман хэлбэрээр тайлбарлан өөрийнх нь зөвшөөрсний дагуу шүд авах мэс ажилбарыг хийж гүйцэтгэн дараа нь гарах үр дагавар болон бусад зөвлөмжүүдийг өгсөн. Хэрэв уг иргэн зөвшөөрөөгүй байхад хүнд авах мэс ажилбарыг хийх боломж байхгүй болно.

Гэвч энэ гаргасан үйлдлийг нарийн судалж, ирээдүйд гарах эрсдэл болон бус асуудлуудыг үл хайхран ямар нотлох баримтаар тогтоогдсон нь тодорхой бус, тайлбар мэдүүлэг авахдаа асуултаа хөтөлж асуух, тулгаж асуух зэрэг холбогдох хуулийн процөссийг зөрчиж, нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 6.8-д заасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч М.А нь 2021 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 0069143 шийтгэлийн хуудсаар миний ажиллах эрхийг сараар хасч, 1 сая төгрөгөөр торгосон.

Иймд Мэргэжлийн хяналтын байцаагч М.А нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0069143 улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2-т заасан гомдол мэдээлэл шалгах хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баримталж ажиллаагүй.  Мөн бүх нийтийн бэлэн байдлын тухайд зарим нэг байгууллагын үйл ажиллагаа хязгаарлаагүй байгаа. Тэгсэн байхад процессийн баримт бичгээр хугацаа сэргээгээд явах ёстой байсан. Гэтэл үүнийг ноцтой зөрчсөн. Даргаас өгсөн чиглэлийн дагуу гэх боловч тэр талаарх баримт хэрэгт авагдаагүй байдаг. Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 5.5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гэж заасан. Гэтэл хяналт шалгалтыг эрх байгууллагын удирдамжгүйгээр явуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Удирдамжийг танилцуулах замаар хяналт шалгалт эхэлж байгаа. Энэ заалтыг зөрчөөд хяналтад орж байгаа хүний эрхээ эдлэх боломжийг хязгаарласан. Зөрчлийг нотлох үүргийг биелүүлээгүй гэж байна. Эрх бүхий албан тушаалтан өөрөө ямар нотлох баримт гаргаж өгөх талаар хэлээд шаардаад авах үүрэгтэй байсан. Мөн стандартад тавигдсан баримтуудаа шаардаж авах ёстой. Гэтэл хариуцагч маягтыг шаардаж аваагүй. Тэмдэглэл хөтөлж баримтжуулаагүй учир өөрөө шаардаж аваагүй байна.

Эмчилгээний карт, үйлчлүүлэгчийн карт гэх мэт баримтууд бол өөр өөрийн зорилготой чиглэлтэй байна. Миний үйлчлүүлэгч бодит үзлэг хийсэн талаарх асуудал баримтаар нотлогдож байгаа. Аман доторх үзлэг хийгээд оношоо тавьсан. Буйлны цочмог үрэвсэл гэдэг онош огт тавиагүй. К05 буюу шүдний холбоосын үрэвсэл гэдэг үндсэн оношийн товчилсон хэлбэрээр бичсэн гэдэг. Өөрөөр хэлбэл буглаа буюу хүндэрсэн онош тавьсан. Шүд өвдсөн хүнд нүдэнд нь эмчилгээ хийсэн зүйл биш юм. Огт хамааралгүй эмчилгээ хийсэн зүйл байхгүй юм. Д.Аын хувьд үзлэгээ хийгээд оношоо тавьсан. Үзлэгийг бодит хийгээд тэмдэглэл  үйлдсэн байгаа. Ингээд шүдийг нь авсан. Буглаа буюу хэсэг газрыг зүсэлт хийж гадагшлуулсан. Амокцилин гэх тариа 10 цагаар хийнэ гэж бичиж өгсөн. Дараа нь тариаг сольсон. Хийсэн бүх эмчилгээ стандартын дагуу явсан. Харшлах зүйл хийсэн юм байхгүй. 46 дугаар шүдийг аваад хагалгаанд орсон гэж үзэж болохгүй. Олон архаг үрэвсэлтэй гээд 4 шүд яригдсан. Гэрчийн мэдүүлгээр тодорхой байгаа. Холбогдогч хүлээн зөвшөөрсөн байх нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй. Оролцогчид эрх үүрэг тайлбарлаагүй байдаг. Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмыг зөрчиж ажиллагаа явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч М.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн  эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0069143 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай А-а эмнэлгийн эмч Д.Аын гаргасан гомдолд хариу тайлбарыг хүргүүлж байна.

НМхгЭчхуб М.А миний бие 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 5-19 тоотод оршин суух иргэн Н.Сэс 06-0201110164/1566 дугаартай албан тоотоор ирүүлсэн өргөдөл гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан зөрчлийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авах журмын дагуу хүлээн авсан байдаг.

Монгол Улс дотооддоо Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 20 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын А/1242 дугаар захирамжийн дагуу ”Бух нийтийн бэлэн байдал”-д шилжсэнтэй холбоотойгоор 2020 оны 12 дугаар сарын 20-ноос хойш төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх тухай удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу хяналт шалгалтыг хийж Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2102000006 дугаартай зөрчлийн хэрэг нээн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу Зөрчлийн хэрэг бүртгэлтийг 14 хоногийн хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл шалган шийдвэрлэж дуусгасан.

Хяналт шалгалтаар нүүр, ам судлалын эмч Д.А нь эмнэлэг үйлчилгээнд баримтлан ажиллах стандарт, удирдамжийг мөрдөж ажиллаагүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1. А-а ХХК-ийн шүдний эмнэлгийн эмч Д.А нь эмчилгээний картанд өвчтөний биеийн байдлыг гүйцэд үнэлээгүй, асуумжийг дутуу товч авсан, оношийг тавихдаа бодит үзлэг, рентген зураг бусад шинжилгээг үндэслэл болгосон тухай бичилт хийгдээгүй зөрчил илэрсэн. Энэ нь эрүүл мэндийн технологи. Эрүүний их, бага араа шүдийг авах мэс ажилбар MNS5372-11:2004 стандартын 8.1 дэх өвчтөн урьд өмнө нь шүд авахуулах болон хэсгийн мэдээ алдуулалттай хагалгаа хийлгэж байсан эсэх, архаг хууч өвчин эмгэг, төрөлхийн гажиг согог ба бусад гэх мэт өвчтөний түүхийн талаар нэн шаардлагатай асуулга авсан байх/, 8.4 дэх Өвчтөний биеийн ерөнхий байдал ба эрүү нүүрний орчимд нягт нямбай үзлэг хийсэн байна/, 8.6 дахь хэсэгт /Холбогдох рентген зургийн шинжилгээ хийсэн байна/ гэж заасан байдаг. /Зөрчлийн хэрэгт хавсаргасан 35, 37 дугаар хуудасны нотлох баримтаар тогтоогдсон/.

2. Эмчилгээний картанд өвчтөний шүдийг авсны дараа амны хөндийд ямар заалтаар зүслэг хийсэн, зүслэг хийсэн үйлдлийн талаарх тэмдэглэлийг бичээгүй, буглаа /абсцөсс/, шүдний холбоосын үрэвсэл К05 гэдэг оношийг тавьсан, Олон улсын өвчний ангиллаар үндсэн онош, дагалдах онош, хүндрэл тавигдах ёстой. Тэгэхээр тухайн өвчтөнд яг ямар онош нь үндсэн өвчний онош болж байгаа нь тодорхойгүй байсан./Зөрчлийн хэрэгт хавсаргасан 35 хуудасны нотлох баримтаар тогтоогдсон/.

З. Мөн амны хөндийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй архаг үрэвсэлтэй, шилжих нугалаасаар хавдсан, авсан шүдний оромноос идээ гараагүй учир шилжих нугалаасаар зүслэг хийгдсэн, шүд авсан оромтой байхад эмийн эмчилгээг хавсарч аваагүй, өвчтөнөө дахин хянасан тухай бичиглэл байхгүй байсан зөрчил илэрсэн. Энэ нь Эрүүл мэндийн технологи, Эрүүний их, бага араа шүдийг авах мэс ажилбар MNS5372-11:2004 стандартын 13.3 дахь хэсэгт /Шүдний тулгуур эд архаг үрэвсэлтэй байсан, эсвэл шүдийг хүндрэлтэй авсны дараа орчны зөөлөн эд нь их хэмжээгээр гэмтсэн бол шүдний оромд нунтаг антибиотик хийнэ/, 14.7 дахь хэсэгт авсан шүд нь хурц үрэвсэлтэй, эсвэл шүд авахад хүндрэлтэй байсан тохиолдолд өвчтөнг маргааш нь дахин ирүүлж үзнэ/, Шүдний гаралтай эрүү, хоншоор ясны хальсны үрэвслийн оношилгоо, эмчилгээний зааврын Б.3.2.3.1 дэх /Мэс заслын эмчилгээг яаралтай заалтаар,... хэсгийн мэдээгүйжүүлгийн дор хийнэ/, 3.2.3.6. дахь /Шархны хөндийд ариун уусгуур тавина/, Б.3.3.3, Б.3.3.4 дэх Мэс заслын дараа эмийн эмчилгээг өвчний үе шатаас хамаарч, нянгийн шинжилгээнд үндэслэн тохирох антибиотик эмчилгээг уухаар, 3-4 хоног гэж заасан байдаг./Зөрчлийн хэрэгт хавсаргасан 35, 39-42 хуудасны нотлох баримтаар тогтоогдсон/.

4. Шүд авах үйлдэл нь мэс ажилбарт хамаарагддаг бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалаар баталсан ”Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 5.7 дахь хэсэг ”Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчээс дараах тохиолдолд зөвшөөрсөн, эсхүл татгалзсаныг бичгээр авна/, 5.7.3 дахь хэсэгт ”Мэс ажилбар, мэс засал хийх тохиолдол бүрт” зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулна гэж заасан байдаг.

Өвчтөний өөрийн хүсэлтээр шүдийг нь Эрүүл мэндийн технологи. Эрүүний их, бага араа шүдийг авах мэс ажилбар MNS5372-11:2004 стандартад заасны дагуу яаралтай журмаар авсан гэх боловч тус стандартын 7.4 дэх хэсэгт /өвчтөн, түүний төрөл төрөгсдөд шүд авах болон түүнээс улбаалан гарч болох хүндрэлүүдийн талаар тайлбарлан ойлгуулж, шүд авахыг албан ёсоор зөвшөөрүүлсэн байна/ гэж заасан байтал өвчтөнийг зөвшөөрлийн хуудастай танилцуулж гарын үсэг зуруулаагүй байсан./Зөрчлийн хэрэгт хавсаргасан 43 хуудасны нотлох баримтаар тогтоогдсон/

”А-а” ХХК-ийн эмнэлэг нь шүдний өвчний оношилгоо, эмчилгээ нүүр амны согог заслын тусламж үйлчилгээ үзүүлэх ЭХ-16/22/З687 дугаартай тусгай зөвшөөрөлтэй, Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэг, ”Клиникийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 6813:2017 стандартын 4.1-д Клиник нь үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг, амбулоториор болон өдрийн эмчилгээ, үйлчилгээний хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага байна юм.

Нүүр, ам судлалын их эмч Д.А Эмчлэх эрхийн ИЭ0021344 дугаартай гэрчилгээтэй, 2022 оны 10 сарын 27 хүчинтэй хугацаатай, 2012 онд ЭМШУИС-ийг нүүр ам судлалын их эмчээр төгссөн. 2015 онд АШУУИС-ийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж нүүр амны согог заслын мэргэжлээр мэргэшсэн байна. Иймээс эмч Д.А нь мэргэшсэн эмч бөгөөд үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж, баримтлан ажиллах ёстой.      

Мэргэшсэн эмчийн хуульд заасан үүрэг гэдэг нь ”Эрүүл мэндийн тухай”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийн 28.4.3 дахь ”Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэж заасан байдаг.

Зөвшөөрлийн хуудас нь Эрүүл мэндийн сайдын А/611 дүгээр тушаалын арваннэгдүгээр хавсралт, Эрүүл мэндийн маягт СТ-1 хавсралт 8-аар батлагдсан анхан шатны маягт бөгөөд тус тушаалын гуравдугаар хавсралт болон Монгол Улсын статистикийн тухай хуулийн 2 дугаар булгийн 6 дахь заалтад заасны дагуу хувийн хэвшлийн эмнэлгүүд нь амбулаторийн тусламж үйлчилгээний үзүүлэлтийг батлагдсан маягтаар тогтсон хугацаанд тайлан гаргаж хүргүүлнэ гэж заасан байдаг.

Иймд дээрх нотлох баримтуудаар зөрчил нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

... хугацаатай холбоотой асуудал дээр тайлбар хэлэхэд 2020 оны 11 сарын 10-нд ирсэн буюу бид нар бүгдээрээ мэдэж байгаа Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдал буюу улаан түвшинд байсан. Улаан түвшинд 2020 оны 12 сарын 14 өдөр хүртэл үргэлжилсэн. 15-наас хэсэгчилсэн байдлаар буюу тусгай үйлчилгээний мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 02 сарын 20-ноос хойш төлөвлөгөөт шалгалтыг хийнэ гэсэн. 12 сарын 25-нд шалгалтаар очоод 5 хоногийн хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх  ажиллагаа хийгдээд зөрчлийн хэрэг нээгдсэн. Хяналт шалгалтаар очиход тодорхой материалууд дутуу байсан. Иймд дутуу зүйлийг бүрдүүлэхээр зөрчлийн хэрэг нээсэн. Д.А эмч хяналтын карт гэж яриад байгаа. 12 сарын 25-нд зөрчлийн хэрэг нээгээд 01 сарын 07 хүртэл хугацаанд Д.А эмчийг хоёр удаа дуудсан байдаг. 12 сарын 25-нд анхны мэдүүлэг авахаар дуудаж ирүүлэхдээ дутуу материалыг араас дахиж явуулах тухай ярилцаад явсан. Миний чатаар ажлын байрны тодорхойлолт хохирогчийн шүдний зураг явуулаад бусад материалыг надруу явуулаагүй. Хяналтын картыг шаардсан боловч гаргаж өгөөгүй. Картны тухайд амбулаторийн үзлэгүүд бичигдээгүй байгаа. Хяналтын карт тухайн үед байхгүй байсан. Үзлэгийн картанд ерөнхий болон хэсэг газрын бичилт бичигдэх ёстой. Ар талд нь онош гэж байгаа. Онош дээр оношоо тавих ёстой. Эмчилгээ дээр 46 дугаар шүдийг авч зүслэг хийсэн. Оношийн тухайд би буруу зөв тавьсан гэж хэлээгүй. Хийсэн үйлдлийн технологи нь тавьсан оноштойгоо зөрсөн харагдаж байгаа. Буглаа гэдэг онош тавьсан байхад өвдөлт үрэвсэл намдаах ёстой. Тэгж байж эмчилгээ хийнэ. Мэдээллийн хуудас дээр нэг бүрчлэн дурдах ёстой. Мэс ажилбарын үед хийгдсэн үйлдлийн технологи мөн адил бичих ёстой. Анхан шатны маягт гэсэн сайдын тушаал гэж байдаг. Ёс зүйн дүрмийн дагуу үйлчлүүлэгчид заавал танилцуулж гарын үсэг зуруулах ёстой. Д.А өөрийн гаргасан алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрсөн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.Сэс гаргасан “...А эмчийн халдвар ариутгал, хамгааллын стандарт баримтлаагүй, эмчилгээний стандарт, удирдамжийн дагуу эмчилгээ хийгээгүй, эмчийн ур чадвар, харьцаа хандлагын ёс зүйгүй харьцаанаас шалтгаалан ... гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон...”[1] тухай гомдлыг   НМхгЭчхуб М.А шалгаад 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0069143 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.Аыг Зөрчлийн тухай хуулийн 6.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эмчилгээ үйлчилгээнд баримтлан ажиллах стандарт, удирдамжийг мөрдөж ажиллаагүй” зөрчил үйлдсэн гэж үзэж 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, эмчлэх эрхийг 3 сараар хасаж шийдвэрлэжээ[2].

 

Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчөөс иргэн Н.Сд шүд авах эмчилгээ хийсэн тухайдаа маргаагүй, харин шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан удирдамжгүйгээр хяналт шалгалтын ажиллагааг явуулсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, зөрчил нотлогдоогүй байхад торгууль оногдуулж, эмчлэх эрх хассан нь хууль бус” гэж тайлбарласан маргасан бол хариуцагчаас “Эмчилгээний картанд өвчтөний биеийн байдлыг гүйцэд үнэлээгүй/асуумж дутуу авсан/, 3 онош бичсэний аль нь үндсэн онош болох нь тодорхойгүй, MNS5372-11:2004 стандартыг баримтлаагүй, зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулаагүй тул шийтгэлийн хуудас нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан гомдлыг эс зөвшөөрсөн.

Зөрчлийн тухай хуулийн 6.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг “Эмнэлэгийн мэргэжилтэн гэж тодорхойлсон байх ба хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Эмнэлгийн мэргэжилтэн дараах үүрэг хүлээнэ”, 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтууд нэгтгэн авч үзвэл, хариуцагч улсын байцаагч нь иргэн Н.Сийн гомдлоор зөрчлийн хэрэг нээж хянан шалгах ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.2-т “зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх”, 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасан эрх хэмжээнд нийцсэн байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу удирдамж авалгүйгээр хяналт шалгалтын ажиллагаа хийсэн нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй.

Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, зөрчлийн хэрэг нээх эсэхийг шийдвэрлэхээр заасан байх ба хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь Н.Сэс 2020 оны 10 дугаар сарын 09-нд гаргасан гомдлыг 2020 оны 11 дүгээр сарын 11-нд хүлээн авч 102000006 тоот зөрчлийг хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нээсэн нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Гэвч энэхүү нөхцөлд байдал нь Ковид-19 халдварын тархалтыг буруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг удаа дараа тогтоосонтой холбоотойгоор хэрэгжээгүй байх ба иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдлоор зөрчлийн хэрэг нээх эсэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх, улмаар энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь иргэний төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх үндсэн эрхийг хязгаарлахаар байх тул хуулийн дээрх хугацааг маргааны тохиолдолд хэрэглэх боломжгүй юм.

 

Эрүүл мэндийг хамгаалах технологи, Эрүүний их ба бага араа шүдийг авах мэс ажилбар MNS5372-11:2004 стандартын 5 дугаар зүйлд араа шүд авах заалт нь яаралтай ба төлөвлөгөөт гэж хуваагдахаар заасан байх ба 5.1-д яаралтай журмаар авах мэс ажилбаруудын заалтыг нэрлэн заасны зэрэгцээ уг стандартын  15 дугаар зүйлд шүд авсны дараа тохиолдож болзошгүй ерөнхий биеийн болон хэсэг газрын хүндрэлийг тодорхойлон бичжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон гомдол гаргагч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн тайлбарын хүрээнд эмч Д.А нь иргэн Н.Сийн 4-6 дугаар шүдийг яаралтай заалтаар авах мэс ажилбарыг хийсэн нь Эрүүний их ба бага араа шүдийг авах мэс ажилбар MNS5372-11:2004 стандартын дагуу эсэх, улмаар маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байна. Тодруулбал,

“А-а” шүдний эмнэлэгийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн картанд өвчтөний тусгай анамнезийг “...20-3 хоногийн өмнөөс өвдөөд хавдсан” гэж бичсэн байх ба оношийг эмч Д.Ааас “Abcess, KO5, Periodontites 46 шүд” гэж бичжээ.

Хариуцагчаас дээрх оношийг “3 онош тавьсан боловч аль нь үндсэн онош болох нь тодорхойгүй, Abcess буюу буглаа нь үндсэн онош бол өвдөлт намдаах эмчилгээ хийж, рентгэн зураг авч, дараа нь зүсэлт хийх ёстой байсан, КО5 буюу буйлны цочмог үрэвсэл гэсэн оношийн үед амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээ, үрэвсэл намдаах эмчилгээ хийсний дараа шүд авах ёстой байсан, Periodontites буюу шүдний холбоосын үрэвслийн үед яаралтай заалтаар шүд авч ёстой байсан” гэж тайлбарлах боловч эмч Д.Аын тавьсан Periodontites буюу шүдний холбоосын үрэвсэл онош нь зөв эсхүл буруу байсан эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоохтой холбоотой ажиллагаа хийгээгүй байх тул өмгөөлөгчийн “миний үйлчлүүлэгч 2 онош тавьсан гэж хэлсэн. Шүдний холбоосын үрэвсэл нь үндсэн онош бөгөөд буглаа болон буйлны үрэвсэл нь дагалдах онош тул шүд авсан нь стандартын дагуу хийгдсэн” гэсэн тайлбарт шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн гомдол гаргагчаас шүдний холбоосын үрэвслийн үед MNS 5372-11:2004 стандартад заасны дагуу яаралтай тусламж үзүүлэх үүргийн хувьд аман хэлбэрээр тайлбарлан өөрийнх нь зөвшөөрсний дагуу шүд авах мэс ажилбарыг хийж, дараа нь гарах үр дагавар болон бусад зөвлөмжүүдийг өгсөн гэж гомдол гаргасан байх ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ч.Тээс “2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр авахуулсан “R” зургийг үзэхэд 4-6 шүдний ором бага зэргийн үрэвсэлтэй, 4-5, 4-4, 4-3, 4-2 дугаар шүднүүд тулгуур эдийн болон холбоосын архаг үрэвсэлтэй байсан”[3] гэж мэдүүлж байжээ.

Энэ тохиолдолд өвчтөний гомдолд дурьдсан “...08 дугаар сарын 27-нд Одонтогенный под остры остеомлит нижний челюсти справа с периостити оношоор, 10 дугаар сарын 20-нд Одонтогенный хронический тотальный остеомлит нижний челюсти справа оношоор хагалгаанд орсон” гэсэн үр дагавар нь 4-6 шүд авах мэс ажилбараас үүссэн хүндрэл эсэх, эсхүл 4-5, 4-4, 4-3, 4-2 дугаар шүднүүдийн тулгуур эдийн болон холбоосын архаг үрэвслээс үүсэлтэй эсэх, эсхүл бүүр буглаа болон буйлны үрэвслийн эмчилгээ хийгээгүйгээс үүссэлтэй өвчлөл эсэх нь тодорхойгүй байсан байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ эмч Д.Аын үйлчилүүлэгчийн өвчинд тавьсан онош нь зөв эсэх болон өвчтөнд хийсэн эмчилгээ нь тохирсон эсэх, мөн өвчтөний хагалгаанд орох шалтгаан болсон “Одонтогенный под остры остомиелит” болон “Одонтогенный хронический тотальный остеомлит” оношууд нь шүдний холбоосын үрэвсэл өвчний үед гарч болох хүндрэл юмуу эсхүл булгаа болон буйлны үрэвслийн эмчилгээг хийлгүйгээр шууд шүд авах мэс ажилбар хийснээс үүссэн хүндрэл юмуу гэдгийг нягтлан тогтоохтой холбоотой нарийн мэргэжлийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр эмч Д.А нь шүдний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологийг баримталсан эсэхийг дүгнэх боломжтой байсан гэж үзэхээр байжээ.

Иймд хариуцагч улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тухайн ..., хуулийн этгээд зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”-ийг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байх ба энэ үйлчилгээний цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр НМхгЭчхуб М.Агийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0069143 дугаартай шийтгэлийн хуудсыг 3(гурван) сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан НМхгЭчхуб М.Агийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0069143 дугаартай шийтгэлийн хуудсыг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч НМхгЭчхуб М.А нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол НМхгЭчхуб М.Агийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0069143 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

 

 

[1] Хавтаст хэргийн 30 дахь талд

[2] Хавтаст хэргийн 64 дэх талд

[3] Хавтаст хэргийн 37 дахь талд