Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2023/0169/З |
Дугаар | 221/МА2024/0175 |
Огноо | 2024-03-12 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0175
Г аймгийн ЗД
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай ………….. дугаар албан шаардлагыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, дээрх албан шаардлагуудад хамаарах Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Аудитын тайлан баталгаажуулах тухай А/00 дугаар тушаалыг болон аудитын тайланг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 842 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, У.О, Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0169/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г аймгийн Засаг дарга нь “Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай ……… дугаар албан шаардлагыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, дээрх албан шаардлагуудад хамаарах Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Аудитын тайлан баталгаажуулах тухай А/00 дугаар тушаалыг болон аудитын тайланг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 842 дугаар шийдвэрээр: “...Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3, 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 29 дүгээр зүйлийн 29.1.9-д заасныг баримтлан Г аймгийн Засаг даргаас Үндэсний аудитын газрын нэр бүхий аудиторуудад болон Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай ....... дугаар албан шаардлагыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, дээрх албан шаардлагуудад хамаарах Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Аудитын тайлан баталгаажуулах тухай А/00 дугаар тушаалыг болон аудитын тайланг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.4-д “Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл” гэж хууль санаачлагчаас энэ хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх Улсын Их Хурлын тогтоолын төслийн эх бичвэрийг”, 37 дугаар зүйлийн 37.1-д "Хууль санаачлагч тогтоолын тослоо энэ хуулийн 41.1-д заасан журмын дагуу өргөн мэдүүлнэ, Төрийн аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн аудитын байгууллага төлөвлөгөөт бус аудитыг Улсын Их Хурлын шийдвэр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хянан шалгах түр хорооны шийдвэр болон хуульд заасан бусад үндэслэлээр хийнэ", 12.2-т "Энэ хуулийн 12.1-д заасны дагуу холбогдох этгээд төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэх тохиолдолд энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт урьдчилан мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр уг аудитын хамрах хүрээ, хугацааг тогтооно" гэж тус тус заасан байна.
3.2. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу төлөвлөгөөт бус аудитыг Улсын Их Хурлын шийдвэрээр явуулахад Улсын Их Хурлын тогтоол гаргах зайлшгүй шаардлагатай байх ба Улсын Их Хурлын гишүүн Б.Э-н өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шилжүүлсэн үйлдлийг Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хамаарах шийдвэр гаргах үйл ажиллагаатай хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал Улсын Их Хурлын шийдвэр гэдэг нь Монгол Улсын Их Хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд гаргадаг хууль, бусад шийдвэр буюу тогтоолын хэлбэртэй байх бөгөөд Улсын Их Хурлын 1 гишүүний өргөдөл, гомдлын талаарх асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрх хэмжээнд нийцүүлэн анхан шатны шүүхээс тайлбарлаж байгааг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
3.3. ... Хэдийгээр Төрийн аудитын байгууллагад аудит хийх эрх хэмжээг хуулиар олгосон ч аудит хийхтэй холбогдсон үйл ажиллагаа буюу албан шаардлага гаргах захиргааны үйл ажиллагааг шүүхийн хяналтаас гадуур буюу бусдын шүүхэд мэдүүлэх эрхийг үгүйсгэх байдлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 842 дугаар шийдвэрээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс маргаан бүхий албан шаардлагуудад дурьдсан зөрчил гэх зүйлийг бодит нотлох баримтад үндэслээгүй, аудит хийхдээ нарийвчлан зохицуулсан хууль, журмуудыг зөрчсөн, процесс алдаануудыг гаргасан, аудитын байгууллагаас аудит хийхдээ давхардал үүсгэсэн, захиргааны байгууллагын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үгүйсгэж зөрчилд тооцсон, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан шийдвэрт үндэслэсэн асуудлыг буруу дүгнэсэн, аудитын байгууллагын буруутай үйлдлийг Монгол Улсын Ерөнхий аудиторын А/00 дугаар тушаалаар баталгаажуулсан үндэслэлгүй зэрэг болон шүүх хуралдааны тэмдэглэлд дурьдсан бусад асуудлуудын хүрээнд өргөн хүрээнд тайлбарлан маргасан боловч тэдгээрт дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлүүдийг нь хяналгүйгээр нэхэмжлэл гаргах эрхийн талаар хязгаарласан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
3.4. … Нэхэмжлэл гаргаж буй захиргааны байгууллагын хувьд өөр захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хууль тогтоомжид заасан нийтийн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ тохиолдолд захиргааны байгууллага шууд утгаараа нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор бус, харин бусад захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байдлыг таслан зогсоох зорилгоор гаргаж буй нэхэмжлэлийн төрөл тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.9-д “захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгох” гэж заасан хүрээнд шийдвэр гаргах учиртай” гэж зохицуулсан байтал анхан шатны шүүхээс захиргааны байгууллагаас нэхэмжлэл гаргах асуудалд зөрүүтэй байдлаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.5. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлд гаргасан нэмэлт тайлбартаа:
4.1. ... Гэтэл маргаан бүхий захиргааны актаар хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны төсвийг баталсан, түүнийг нь нэхэмжлэгч Г аймгийн Засаг даргын зүгээс хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд биелүүлж ажилласан нь хууль зөрчсөн талаар тусгаж, зөрчлийг арилгахыг үүрэг болгожээ. Энэ нь нэхэмжлэгч аймгийн Засаг даргын зүгээс хуульд заасан нийтийн эрх зүйн чиг үүргээ чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актыг хэрэгжүүлж ажиллавал хууль зөрчсөн, эсвэл цаашдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй болгох, цаашлаад хуульд зааснаар хурлын шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр ажлаасаа огцрох, сахилгын шийтгэл хүлээх, эсвэл маргаан бүхий актуудыг буруу гэж үзэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээ биелүүлж ажиллавал дараагийн удаад хариуцагч Үндэсний аудитын газраас төлбөрийн актаар төлбөр тогтоох, хариуцлага тооцох хууль зүйн үндэслэл бүрдэх гэсэн аль ч замаар нь явсан хариуцлага хүлээх үр дагаварт хүргэж байгаа. Иймд маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч Г аймгийн Засаг даргын хувьд тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгосон, цаашид нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон, хуульд нийцэхгүй захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
4.2. Дээр дурдсан үндэслэлүүдээс улбаалан маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцэхгүй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс үүнийг анхаарч үзэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Г аймгийн Засаг дарга нь дээр дурдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлэн ажиллах үүрэгтэй. Тэгвэл маргаан бүхий Үндэсний аудитын газрын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан шаардлагын зорилго нь “Хөрөнгө оруулалтын шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж хэрэгжүүлсэн зөрчлийг арилгуулах” гэж ойлгож байгаа тул хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан энэхүү захиргааны актыг гаргаж байж, энэхүү зорилгодоо хүрэх боломжтой, бодит нөхцөлд тохирсон үндэслэлтэй шийдвэр болно гэж үзэж байна.
4.3. Учир нь маргаан бүхий захиргааны акт гарсан байлаа ч гэлээ нэхэмжлэгч Г аймгийн Засаг даргын зүгээс түүнийг үндэслээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төсвийг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул түүнийг бодит байдал дээр, хэрэгжилтийн түвшинд нэхэмжлэгчийн зүгээс биелүүлэх боломжгүй. Тодруулбал маргаан бүхий дээрх албан шаардлагад дурдагдсан зөрчил гэх 5 зүйл нь бүгд Г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны төсвийг батлах тухай болон 2022 оны төсөвт тодотгол хийх тогтоолуудаар яг тэрхүү үнийн дүнгээрээ батлагдчихсан, Засаг даргын зүгээс нэг ч төгрөгийг тогтоолд зааснаас илүү зарцуулаагүй бөгөөд маргаан бүхий албан шаардлагаар иргэдийн Төлөөлөгчийн Хуралд хандаж тогтоолоор ийм төсөв баталсан чинь хууль бус байна зөрчлөө арилга гэвэл иргэдийн Төлөөлөгчийн Хуралд хуулиар олгосон бүрэн эрх нь байгаа учраас тогтоолдоо өөрчлөлт оруулах, засах, эсвэл бүр хүчингүй болгосноор албан шаардлага биелэгдэх нөхцөл бүрдэхээр байхад хуулиар эрх хэмжээ олгогдоогүй аймгийн Засаг даргад зөрчлийг арилга гэж үүрэг болгож байгаа нь захиргааны актыг байгаа оноогүй, зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдал биелэгдэх боломжгүй, хуульд нийцэхгүй болохыг харуулж байна. Иймээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, үндэслэлтэйгээр үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
4.4. … Нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан захиргааны үйл ажиллагаа, шийдвэр гаргахдаа харгалзсан нөхцөл, үндэслэлийн талаар болон хэргийн бусад оролцогчоос гаргасан тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хийсэн шүүхийн дүгнэлт нь “хэргийн оролцогчийн маргаагүй асуудал”-д хамаарахгүй гэж тайлбарласныг харгалзаж үзээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй. Учир анхан шатны шүүхээс Маргаан бүхий Үндэсний аудитын газрын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1073/А0160136, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар, мөн өдрийн 1074/А0150055, СНАГ-2022/29/ШТА-ЭА дугаар албан шаардлагад дурдагдсан зөрчил гэх үйл баримтууд нь үндэслэлтэй эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б болон Ш.Э нарын зүгээс зөрчил гэх зүйлс нь зөрчилд тооцогдохгүй талаар маргасан байхад анхан шатны шүүхээс энэ талаар маргаагүй мэтээр шүүхийн шийдвэрт дурдсан нь хуульд нийцэхгүй. Тухайлбал А усан спорт чийрэгжүүлэлтийн газрын үйл ажиллагааны дэмжлэг, гадна тохижилтын ажил гэх зөрчлүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
4.5. Уг төсөл арга хэмжээ нь Г улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан Алтай усан спорт чийрэгжүүлэлтийн газар УТҮГ-ын байр нь дотор болон гадна тохижилтын ажил нь хийгдээгүйгээр аймагт хүлээлгэн өгсөн тул тэрхүү бүтээн байгуулалтыг үйл ажиллагааг нь жигдрүүлж, дутуу орхисон ажлыг гүйцээн барьж, ашиглах нь аймгийн удирдлагуудын үүрэг бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан боловч дотор гадна тохижилтын ажил бүрэн биш байсныг гүйцээж хөрөнгө оруулалт хийж байгаа үйл ажиллагаа нь дээрх журамд бүрэн нийцнэ. Гэтэл анхан шатны шүүхээс уг асуудлаар болон албан шаардлагад дурдсан бусад асуудлаар огт дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.
4.6. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр гаргасан давж заалдах гомдлын үндэслэл болон энэхүү гомдлын үндэслэлд гаргаж байгаа нэмэлт тайлбаруудын хүрээнд хэргийг хянаж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Г аймгийн Засаг даргаас Үндэсний аудитын газрын аудитор болон Монгол Улсын ерөнхий аудиторт холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай …………. дугаар албан шаардлагыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, дээрх албан шаардлагуудад хамаарах Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Аудитын тайлан баталгаажуулах тухай А/00 дугаар тушаалыг болон аудитын тайланг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... холбогдох этгээд төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэх тохиолдолд энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт урьдчилан мэдэгдэхээр заасантай нийцсэн, нэхэмжлэгч талын аудитыг Улсын Их Хурлын шийдвэргүйгээр явуулсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй … хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд хийж гүйцэтгэсэн аудит, аудитын багийн өгсөн албан шаардлагыг хууль бус гэж маргахын тулд нэхэмжлэгч нь захиргааны байгууллага болохынхоо хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүрсэн гэдгээ тайлбарлаж, үндэслэлтэйгээр маргах, харин шүүхийн зүгээс үүнд нь анхаарал хандуулж шийдвэрлэх буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.9-д зааснаар шийдвэр гаргах учиртай. Иймээс маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч Г аймгийн Засаг даргаас хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болоогүй, захиргааны байгууллага болохын тухайд захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа нь зогсож, чиг үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үр дагавар үүсгээгүй байна ... маргаан бүхий албан шаардлагуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.3. Тодруулбал, маргаан бүхий Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” …. ЭА дугаар албан шаардлагаар “... Төсөвт байгууллагын төсөвт хуваарилах зардлыг Засаг даргын ерөнхий дансанд хуваарилж зарцуулсан, аймгийн удирдлагууд Төрийн хэмнэлтийн тухай хууль болон төсвийн хэмнэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлээгүй, аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүү, Төрийн сангийн хэлтсээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангаас санхүүжин хэрэгжиж буй хөтөлбөрийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих дотоод хяналт сул байгаагаас сангийн хөрөнгийг зориулалт бус, үр ашиггүй, үр өгөөжгүй зарцуулсан, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, данснаас хасах, тайлагнах журамд заасан зарим заалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай нийцээгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 271 дүгээр тогтоолоор баталсан Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журамд заасан хөрөнгийн ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох талаар зохицуулалт тусгаагүй, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлаагүй, орон нутгийн иргэдийн санал аваагүй төсөл, арга хэмжээнд болон зориулалт бусаар зарцуулсан, аймаг болон сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх дүнгээр баталсан, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалтын шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг баталж хэрэгжүүлсэн, орон нутгийн өмчийн газар нь орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, данснаас хасах, тайлагнах журмын дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн худалдах доод үнийн саналыг боловсруулах ажлыг гүйцэтгээгүй” гэж дүгнэж, Хөрөнгө оруулалтын шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж хэрэгжүүлсэн зөрчлийг арилгаж, биелэлтийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлж, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Г аймгийн Засаг даргад даалгасан байна.
2.4. Үндэсний аудитын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” …….. дугаар албан шаардлагаар “... Тусгай хамгаалалттай газрыг дуудлага худалдаагаар зарж, газар эзэмших эрхийг олгосон, аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг сэргээх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргахдаа дуудлага худалдаа зохион байгуулаагүй, зарим сумдын Засаг дарга нар газар ашиглуулах, эзэмшүүлэхтэй холбоотой хууль зөрчсөн шийдвэрүүд гаргасан” гэж дүгнэж, дуудлага худалдаа зохион байгуулахгүй, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхгүйгээр 12 иргэн, аж ахуй нэгжид газар эзэмших эрх сэргээх, газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх, зориулалтыг өөрчлөх шийдвэр гарган олгосон, 4 иргэн газрын зориулалтыг өөрчлөн олгосон зөрчлүүдийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэн биелэлтийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлж, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Г аймгийн Засаг даргад даалгажээ.
2.5. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3-д “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх”, 29 дүгээр зүйлийн 29.1.9-д “аудитын тайланг баталгаажуулах”, 29.3-д “Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана”, 33.2-д “Улсын Их Хурлын Байнгын хороо төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх танилцуулгыг сонсож болно” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/00 дугаар тушаалаар дээрх 2 албан шаардлагыг баталгаажуулсан байна.
2.6. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллага нь төрийн аудитын байгууллага байна”, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.3.3-д “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх, 6.7-д “Энэ хуулийн 6.3.3-т заасан эрхийг хэрэгжүүлэхэд энэ хуулийн 12.1 дэх хэсэг хамаарахгүй”, 7 дугаар зүйлд “Төрийн аудитын төрөл, хэлбэр”, 7.2-д “Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 7.1-д заасан аудитыг нэгдсэн, хамтарсан, зэрэгцээ, баталгаажуулах, мэдээллийн технологийн болон бусад хэлбэрээр хийж болно”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээд үйл ажиллагаандаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актыг хэрэгжүүлж байгаа эсэхэд аудит хийнэ”, 12 дугаар зүйлд “Төлөвлөгөөт бус аудит” гээд 12.1-д “Төрийн аудитын байгууллага төлөвлөгөөт бус аудитыг Улсын Их Хурлын шийдвэр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хянан шалгах түр хорооны шийдвэр болон хуульд заасан бусад үндэслэлээр хийнэ”, 21 дүгээр зүйлд “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох” гээд 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж тус тус заажээ.
2.7. Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Үндэсний аудитын газрын аудиторууд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалт хийсэн байх тул аймгийн Засаг даргад чиглэж, тодорхой үйлдэл хийхийг үүрэг болгосон Үндэсний аудитын газрын нэр бүхий аудиторуудын дүгнэлт, түүнийг баталгаажуулсан Монгол Улсын ерөнхий аудиторын тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.8. Өөрөөр хэлбэл дээрх албан шаардлагууд болон Ерөнхий аудиторын дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж, үр дагавар үүсгээгүй, маргаан бүхий шийдвэр нь нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамаарахааргүй байна.
2.9. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь дуудлага худалдаа зохион байгуулахгүй, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхгүйгээр 12 иргэн, аж ахуй нэгжид газар эзэмших эрх сэргээх, газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх, зориулалтыг өөрчлөх шийдвэр гарган олгосон, 4 иргэн газрын зориулалтыг өөрчлөн олгосон зэрэг зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... 1074 дүгээр албан шаардлагад дурьдсан зөрчлүүдийг арилгаад явж байгаа” гэх тайлбарыг гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.10. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Улсын Их Хурлын гишүүн Б.Э-с Г аймгийн Засаг дарга О.А нь орон нутгийн өмчийг үнэгүйдүүлэх, төсөв хөрөнгийг зүй зохисгүй зарцуулж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаа талаарх мэдээллийг судлан үзэж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авхуулах талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт албан бичиг хүргүүлсэн байх ба энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “ ... хуульд заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасанд хамаарах тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ