Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 105

 

2016.10.12                    №105

             
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2016/0111/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  хийсэн  хуралдаанд

Улсын яллагч:                                       Ц.Цэен-Ойдов,
Иргэдийн төлөөлөгч:                           Ж.Энхтуяа,
Нарийн бичгийн дарга:               Э,Лхагвасүрэн
Хохирогч:                       Ц.Оргилбулаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:               Д.Оюунцэцэг,         
Шүүгдэгч:                       Н.Оюунбаатар  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулж
Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1977 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, “Хэнтий-Ус” ХХК-ны уурын зууханд галч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 2-р баг Булгийн 4-5 тоотод оршин суух, урьд 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сум дундын 28-р шүүхээр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан гэх Боржигон овогт Насанбуянгийн Оюунбаатарт /РД:СР77121915/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201523000305  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Оюунбаатар нь танхайн сэдэлтээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нутаг тээвэрчдийн 2-9 тоот урд талд байх иргэн С.Цэндсүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн энэ хэрэгт холбогдуулан шалгагдаж байхдаа бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 04 сарын 06-ны өдөр прокурорын хяналтаас зориуд зайлсхийж оргосон гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:    
          Хохирогч Ц.Оргилбулагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Талийгаач С.Цэндсүрэн нь манай төрсөн аав юм. Манай төрсөн эгч Оюунгэрэл мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдсон боловч дуудсан цагт ирээгүй учраас би төрсөн хүүгийн хувьд хохирогчоор тогтоогдож  оролцож байгаа юм. Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Миний хувьд гомдол гээд байх зүйл байхгүй. Би багаасаа аавыгаа мэдэхгүй намайг бүр бага байхад эцэг, эх хоёр маань салцгаасан юм. Ер нь талийгаач эцэг маань ганцаараа удаан байсан болохоор жожигдуу болчихсон хүн байсан юм. Би уг нь өөр дээрээ асарч хамт амьдарья гэж хэлдэг боловч уурлаад зөвшөөрдөггүй байсан. Би эцгийгээ өнгөрөхөөс өмнө сүүлд 2014 онд л уулзсан. Ингээд  оршуулгын зардалд 100000 төгрөг, сүүлд  задланд ороход 40000 төгрөг, газар руу явсан 60000 төгрөг нийт 200000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.
Гэрч Х.Барсболдын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 10 сарын 22-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд би олон нийтийн эргүүл болох Ганцогтын хамт Хэрлэн сумын 3-р багийн тээвэрчдийн 2-14 тоот хашааны урд байдаг жижиг амбаарт ганц бие хөгшин амьдардаг Цэндсүрэн гэх айлаар 19 цаг 40 минутын өнгөрч байхад ороход гэрийнх нь хаалга эвдэрхий, гэрэл байхгүй байсан. Тэгээд Цэндсүрэнгийн гэрээр ороход өвгөн зүүн хойд талдаа баруун тийшээ харсан байдалтай өмдгүй хэвтэж байсан. Тэгээд би юу болов та зүгээр үү гэж асууж хувцасаа өмсөөч яагаад хэвтэж байгаа юм бэ гэхэд юмаар хучаач гэж хэлсэн. Тэгэхэд өвгөн бие зүгээр гэж аяархан хэлсэн. Тэр өдөр нилээн хүйтэн өдөр байсан. Тэгээд гэр дотрыг нь хараад эмнэлэг дуудсан. Тэгээд эмч рүү залгахад энэ хүн чинь үзүүлэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө эмч утсаар залгаад би үзчихлээ гэж хэлсэн. Би өвгөнтэй анх уулзахдаа гар утсаараа бичлэг хийсэн юм гэсэн мэдүүлэг /1х- 75-76 х/
Гэрч Б.Ганцогтын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 10 сарын 22-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Цэндсүрэн гэх өвгөний  гэр рүү ороод Барсболд дэслэгч бид хоёр хоёулаа утасныхаа гар чийдэнг тусгаад харахад ертөнцийн зүгээр толгой нь баруун тийшээ харсан хөл нь зүүн тийшээ харсан нүүрээ хойд зүгт харуулсан бие зүүн хажуугаараа харсан жоохон эвхрэлдэж атийсан, бөгсөн биенээсээ шалдан байсан. Барсболд цагдаа та хувцасаа өмсөхгүй юм уу гэхэд жоохон тээршаасан байдалтай “зүгээр зүгээр” гэж хэлсэн. Барсболд цагдаа утсаараа зураг авч байсан гэсэн мэдүүлэг /1х-77-78 х/
Гэрч Г.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: Нэгдсэн эмнэлгийн 103-ийн жижүүрт 21 цаг 00 минутанд тээвэрчдийн 2-р эгнээний урдуур ороход хашааны буланд Цэндсүрэн гэдэг хүний биеийн байдал хүндэвтэр байна өмнө нь байгаасаа өөр байна гэсэн дуудлагын дагуу очсон.  Тэгээд хаалгыг нь нээгээд харахад нэг өвгөн цаашаа хараад хэвтэж байсан. Би тэр өвгөнийг цаашаа хараад байж байхаар нь үзүүл гээд гарыг татаад дээш нь эргүүлэхэд баруун гараараа намайг түлхээд бараг цохих дөхсөн. Тэгээд цаашаа эргээд байсан. Даралтыг нь үзэхэд 140/90 байсан. Нөгөө гарыг үзэхэд 140/90 байсан. Тэгээд судасны цохилтыг үзэхэд хүчдэлт дүүрэлт нь сул хоёр талдаа ижил жигд байсан. Зүрхний цохилт үздэг багажаар үзэхэд 78, хүчилтөрөгчийн хангамж 92 той байсан. Тэр хүний даралт их байсан учир эм уулгасан. Би хавирга цээжин хэсгийг барьж үзээгүй. Хэвлий хэсгийг үзсэн чагнуураа цээжин дээр нь тавьж үзэхэд ямар нэгэн зовиур байхгүй гээд уцаарлаад байсан гэсэн мэдүүлэг /1-х79-82 х/
Гэрч Л.Очирмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өглөөний 07 цаг 50 минутын үед гэрээсээ гараад ажил руугаа явж байгаад Цэндсүрэн гуайд санаа зовоод хаалгыг онгойлгохгүйгээр завсраар нь харахад Цэндсүрэн гуай цаашаа хараад хэвтчихсэн. Бөгсөн бие нүцгэн дээгүүрээ цээжин хэсгээрээ цамцтай газар хэвтэж байсан. Тэгээд би нэг л биш боллоо гээд ажил дээрээ очиж багийн даргад хэлээд багийн дарга цагдаад хэлсэн гэсэн мэдүүлэг /1х- 86х/
Гэрч М.Үржингийн мөрдөн байцаалтад өгсөн: Н.Оюунбаатар нь манай нөхөр байгаа юм. Би өглөө 08 цаг өнгөрөөгөөд ажилдаа явдаг. Хааяа 09 цаг гээд явдаг. Тэгээд өдөр гэртээ ирвэл ирнэ заримдаа ирдэггүй.  2015 оны 10 сарын 20-22-ны өдрүүдэд Оюунбаатар нь гэртээ байсан. Намайг гэрт очихоос өмнө хэнтэй хаагуур явсан талаар бол мэдэхгүй. Манайд хөнгөн цагаан хайруулын таваг байдаг. Тэрэндээ юм хайрч иддэг. Манай нөхөр Оюунбаатар ёопошик талх хийдэг. Манай нөхрөөс өөр хүн ёопошик талх хийдэггүй гэсэн мэдүүлэг.  /1 х-103-108 х/
Гэрч Б.Галбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 сарын 06-ны өдөр хэрэг бүртгэгч Баатарцогт ахмад намайг албадан саатуулах байрнаас гадуур даалтанд байгаа Н.Оюунбаатарыг аваад хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт хэлээд аймгийн Тахарын албанд хүлээлгэж өг” гэсэн тул албадан саатуулах байрнаас Оюунбаатарыг дагуулж яваад аймгийн прокурорын газар орсон. Ороод Оюунбаатарыг та энэ үүдэнд сууж бай, би дээшээ гараад ирье гэхэд за гээд үлдсэн. Буугаад ирэхэд алга болсон байсан гэсэн мэдүүлэг /2хх -130х/
Шүүгдэгч Н.Оюунбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ өдөр яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна.  Гэрээсээ гараад Маргад баарны зүүн талын хойшоо явсан засмал замыг хөндлөн гараад зүүн хойд зүгт чигээрээ яваад зүүн тийшээ эргээд Баазын дэлгүүрийн урд талаар гараад зүүн тийшээ явсан. Тэгээд явган явж байтал талийгаач Цэндсүрэн өвгөний гэрийн урдуур зүүн тийш явж байтал өвгөний гэрийн хаалга онгорхой байсан. Хүн байна уу гээд хаалгыг онгойлгоход Цэндсүрэн өвгөн өөрөө байж байсан. Гэртээ ганцаараа сууж байсан. Тэгээд би гэрт нь ороод та яасан бэ?  Та давгүй юу гэж асуусан. Тэгтэл өвгөн идэж уух ч юм байхгүй мөнгө төгрөг байхгүй  хоёр гурван хоног юм идээгүй  гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ явсан. Гэртээ очоод гурилаа зуураад эсгэгч хийгээд жоохон хөөг гээд хүлээж суусан. Тэгээд гурил маань жоохон хөөхөөр нь хайруулын тавган дээр хайраад ёопошик хийсэн. Тэгээд би ёопошкоо уутанд хийгээд гэрээсээ гараад эргээд Цэндсүрэн гуайн гэрт очсон. Тэднийд очих замаараа баазын дэлгүүрээр  нэрийг нь мэдэхгүй байна  хуванцар савтай ундаа 1000 гаруй төгрөгөөр худалдаж аваад талийгаачийнд очсон. Тэгээд өвгөнд ундаа ёопошик  хоёроо өгсөн. Тэгээд даараад байна гэхээр нь эргэж яваад 4-р сургуулийн хогон дээрээс цаасан хайрцаг аваад буцаж өвгөнийд очоод галыг түлж өгье гэхэд тэг гэж талийгаач хэлсэн. Зуух нь яндан байхгүй төмөр зуух байсан. Тэгээд би зуухан дотор нь ил гал түлж авчирсан цаасаа хавтгайлж хуйлж байгаад түлж өгсөн. Гал түлээд сууж байтал Цэндсүрэн өвгөн чи дахиад дээрэм хийх гээд байна уу? Надад юу ч мөнгө төгрөг байхгүй гээд хэл амаар доромжлоод байсан. Би юу гэж дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг галын хажууд сууж байтал өвгөн төмөр таягаараа миний толгойн дундуур цохиод авсан. Төмөр таягаараа намайг тонгойж байхад толгойн орой хэсэг рүү таягаараа нэг удаа цохиод авахад нь би яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Танд тус болж байхад чинь яаж байгаа юм бэ? Гэсэн. Таягаараа цохихоор нь би өвгөнийг түлхсэн. Цэндсүрэн гуай намайг түлхэх үед газар сандалгүй сууж байсан. Тэгээд би түлхэж унагаад цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөчихөөд эргэж харалгүй гараад явчихсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би хүний амь насыг хөнөөгөөгүй. Намайг буруу хараад галыг нь түлж өгөх гээд  сууж байхад таягаараа цохихоор нь уур хүрээд л өшиглөсөн буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Харин намайг прокурор оргон зайлсан гэж буруутгаж байна. Тухайн үед Цэндсүрэн өвгөнийг нас барсан гэхээр нь би маш их айж байсан. Ингээд л хэрэгт ордог юм байх даа гэж бодсон. Би айсандаа л явчихдаг байсан. Цагдаа, прокурор дээр шалгагдаж байхдаа чөлөө зөвшөөрөлгүй оргоод зугатаад явсан минь үнэн миний буруу. Үнэн зөвийг нь тунгаан шийдэж өгнө үү гэсэн мэдүүлэг.
Шүүх эмнэлгийн шарил шинжилсэн шинжилгээний №1300  дугаартай
1.Шүүх эмнэлгийн цогцос задлан шинжилгээний акт №50-ийн 1,3,4,5,6-р хариулт үндэслэлтэй 2, 8-р хариулт үндэслэлгүй байна.
2.Талийгаачийн цээжний битүү гэмтэл олон талын олон хавирганы шууд ба шууд бус хугарал, зүүн 2,3-р хавирганы хавхлааст хугарал, өвчүүний хөндлөн хугарал, баруун уушигны бүрэн бус авчилт, үнхэлцэг хальс, өрцний хэсэг, цээж, зүүн гуяны цус хуралт, баруун зүүн шилбэ, зүүн шагайн зулгаралт тогтоогдлоо.
3. Зүүн 2,3-р хавирганы шууд хугарал, өвчүүний хугарал нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн тус нэг удаагийн үйлчлэлээр хоёр талын олон хавирганы хугарал, үнхэлцэг хальс, өрцний хэсгийн цус хуралт нь цээж дарагдах шахагдах үед үүснэ. Дээрхи механик гэмтлүүдийг хүн үйлдлээр үүсгэж болно. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Осголт нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зам тээврийн ослын өвөрмөц шинжүүд үгүй байна.
4. Цээжний битүү гэмтэл нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байна.
5. Талийгаачийн битүү гэмтэл хоёр талын олон хавирганы хугарал шууд ба шууд бус хугарал, зүүн 2, 3-р хавирганы хавхлааст хугарал, өвчүүний хөндлөн хугарал, баруун уушигны бүрэн бус авчилт, үнхэлцэг хальс, өрцний хэсэг, цээж, зүүн гуяны цус хуралт, баруун зүүн шилбэ, зүүн шагайн зулгаралт  бүхий гэмтэл нь шинэ гэмтэл байна. Баруун шилбэний зулгаралт бүхий гэмтэл хуучин гэмтэл болно.
6. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.
7. Зүүн хавирганы хавхлааст ба өвчүү, хоёр талын олон хавирганы хугарал, баруун уушгины бүрэн бус авчилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт болно. Үнхэлцэг хальс, өрцний хэсэг, цээж, зүүн гуяны цус хуралт, баруун зүүн шилбэ, зүүн шагайн зулгаралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Цээжний битүү гэмтлийн дараа хязгаарлагдмал үйлдэл хийх, ярих чадвартай.
9. Дээрх гэмтлийг авснаас хойш талийгаач хэдий хугацаанд амьд явах эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.
10. Талийгаач нь осгож нас баржээ.
11. Ходоодонд хоолны агууламж байхгүй байв.
12. Нас барах үед согтолтгүй байжээ.
13. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна.
14.Биологийн шинжилгээний хариунаас харахад талийгаачийн цус O/I/ бүлгийн цустай байсан байна.
15.Шүүх эмнэлгийн шарил шинжилгээ хийх үед нас бараад 72 цагаас дээш болсон байна гэсэн дүгнэлт.   /1 хх-213-216х/
Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 28 тоот шинжээчийн
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Алтанцэцэгийн №50 тоот шинжээчийн дүгнэлтийн 1,3,4,5,6-р заалтууд нь үндэслэлтэй байна. 2, 8-р заалтууд үндэслэлгүй байна.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Д.Мөнхбат, Б.Долгормаа нарын 2015.12.01-ны өдрийн №1300 тоот шинжээчийн дүгнэлт үнэн зөв үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт  /2хх -240-243 х/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх- 18-21х/
Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-35-38х/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-50-51х/
гэрэл зургийн үзүүлэлт /1хх-39-48х/
Цогцсыг оршуулсан газраас нь гаргаж үзлэг хийсэн тэмдэглэл /1хх- 49-50 х/
Хэнтий аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албаны тоот /2 хав 82-83 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Оюунбаатарын танхайн сэдэлтээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нутаг тээвэрчдийн 2-9 тоот урд талд байх иргэн С.Цэндсүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн энэ хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 04 сарын 06-ны өдөр прокурорын хяналтаас зориуд зайлсхийж оргосон гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Оргилбулаг нь шүүгдэгч Н.Оюунбаатараас оршуулгын зардлын 200000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт энэ талаарх нотлох баримтууд авагдаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг танхайн сэдэлттэй бус шүүгдэгч нь урьдаас ямар нэгэн гэмт санаа агуулж үйлдээгүй тухайн үеийн нөхцөл байдлаас  үүсч үйлдэгдсэн, хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийвэрлэж эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй  гэж маргаж байгаа боловч түүний маргааны үйл баримт нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар төмөр таяг, ногоон өнгийн “Спрайт” нэртэй ундааны сав, ундааны сав зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар “CD” 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290,  294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ :

    1. Шүүгдэгч Боржигон овогт Насанбуянгийн Оюунбаатарыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан мөн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтнаас оргосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оюунбаатарт  07 /долоо/  жил 01 /нэг/ сарын  хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  01 /нэг/ жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 07 жил 01 сарын  хорих ял дээр Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01  жил  хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 07  жил 07 сарын хугацаагаар тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Оюунбаатарт оногдуулсан 07  жил 07 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Оюунбаатарын цагдан хоригдсон 135 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
    6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар төмөр таяг, ногоон өнгийн “Спрайт” нэртэй ундааны сав, ундааны сав зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар “CD” 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээн хавсаргасугай.

    7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

    8. Хохирогч нь оршуулгын зардлын 200000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

    9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

    10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Оюунбаатарт  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.


                          ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.МӨНХТУЛГА


     ШҮҮГЧИД                         Д.ГАНЗОРИГ


   Л.УЯНГА