Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 619

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Сид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор П.Болормаа,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ц.Сид холбогдох ....................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц.С, 1972 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дэлгэр хангай” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................../;

 

Ц.С нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүн нэртэй караокед хохирогч О.Мөнхсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Говь түшээ овогт Цэдэнгийн Ц.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Ц.Сид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Төрийн сангийн 100900005406 дугаартай данснаас 80.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Мөнхсайханд олгож, хохирогч О.Мөнхсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Болормаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.С нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн” нэртэй караокед хохирогч О.Мөнхсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг 2018 оны 03 сарын 31-ний шөнө үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчлан тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй гэж тус тус заажээ.

Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Ц.Сийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан болох нь прокурорын тогтоолоор тогтоогддог.

Харин эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Сид холбогдох эрүүгийн 1806030220603 дугаартай хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосныг шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ц.С нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүн нэртэй караокед хохирогч О.Мөнхсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Мөнхсайхан /хх 16-20, 21-22, 78/, гэрч У.Диваагачил /хх 27-30/, Д.Сийлэгмаа /хх 31-33/, Б.Доржханд /хх 34-35/, З.Мэндсайхан /хх 36-37, 38-39/, С.Эрдэнэтуяа /хх 40-41/, С.Бат-Оргил /хх 42-45/, шинжээч эмч Н.Туяа /хх 58-60/ нарын мэдүүлэг,

О.Мөнхсайханы биед зүүн бугалга, зүүн нүдний дээд зовхи, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4528 тоот дүгнэлт /хх 46-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 411 тоот дүгнэлт /хх 54-55/, хохирол төлсөн баримт /хх 103/ болон бусад мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан Ц.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Хэргийг хянахад, 2018 оны 3 дугаар сарын 31-ний тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс 1 жил байхаар хуульчилжээ.

 

 Прокуророос 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Ц.Сид холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх Ц.Сид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байх тул зөвтгөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Ц.Сид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Ц.Сид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ