Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 98

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Нарийн бичгийн дарга К.Еркежан,

Орчуулагч Ж.Ахмарал,

Улсын яллагч Х.Өрен,

Хохирогч А.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр,

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Дт холбогдох 1813001950123 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Х.Д: Монгол Улсын иргэн, С овогт Хы Д, 1995 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс к, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 0

Шүүгдэгч Х.Дийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ДХны Д 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн А.Дийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хооронд үүссэн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгч Х.Д нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн А.Дийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хооронд үүссэн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Баян-Өлгийн аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч

К.Хайратын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 261 дугаартай “...Иргэн А.Дийн биед зүүн дээд эрүү чамархайн урьд хэсэгт, гойморийн урьд хана нь хугарсан, хажуугийн таславч баруун тийш мурийлттай, хамрын яс хугарсан, зүүн доод зовхи хацар хавдсан нүүрний баруун талд хавдартай, зүүн нүд дээд доод зовхинд хөхөрсөн, хүзүүний зүүн талд зулгарсан, дээд ба доод уруулд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно.  Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох тогтоогдсон байна.

Хохирогч А.Дийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохир шүүгдэгч Х.Д учруулсан болох нь:

 - Шүүгдэгч Х.Дийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд өглөө 06 цагийн үед сэрсэн чинь Хбай, А.Д нар яваад өгсөн байхаар нь би босоод Берикболатыг дагуулж аваад нэг шил архи аваад А.Дийн гэрт очсон. Тэгээд хаалгыг нь тогшоод гэрт нь ороод чи яагаад явчихсан вэ? гэж цээж рүү нь би 2 удаа цохисон. Тэгээд бидний аваад очсон архийг хувааж уугаад сууж байгаад чи Цэнгэл сум явахгүй бол мөнгийг минь өг гэхэд одоо мөнгө байхгүй гэсэн. Би чамаас болж ахын 40 хоногийн буяны ажилд очиж чадсангүй гэж уурлаад улмаар А.Д бид хоёр маргалдаж би А.Дийн зүүн талын шанаа, нүд, хацар хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохисон. А.Дэд учирсан 600000 төгрөгийг бэлнээр төлж өгсөн. А.Д намайг уучилсан тул хэргийг минь хурдан хугацаанд шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Хохирогч А.Дийн мөрдөн байцаалтын өгсөн: “...2018 оны 06  дугаар сарын  04-ний өдөр  20 цагийн үед Д манай гэрт ирээд бид хоёр нэг шил архи уусан. Тэр үед Д намайг Цэнгэл сум руу хүргэж өгөөч гэхээр нь би  архи уусан байгаа мотоцикл жолоодохгүй гэж хэлсэн. Тэр үед Х манай гэрт ирсэн байсан ба тэгвэл би мотоциклыг жолоодож яваад ирэх үү? гэхээр нь би зөвшөөрч гэрт байсан охиноо Хгийн гэрт үлдээгээд миний мотоциклыг Х жолоодож Д бид хоёр сундлаад Дийн гэрт очсон. Гэрт нь очихоос өмнө гүүрийн цаад далд нэг дэлгүүрээс Д нэг шил архи аваад орсон.    Дийн гэрт аав нь Х, бэр эгч нь А, хөрш нь болох манай худ Алтынгүл, хүү нь Берикболат,

Берикболатын найз охин нь гэж нэг эмэгтэй сууж байсан.  Бид цай уугаад сууж байхад

Дийн авсан нэг шил архийг задлаад бид нэг нэг хундаг архи уусан. Берикболат 2 хундага архи уугаад найз охиноо хүргэж өгнө гэж хэлээд ээж нь болох Алтынгүл, найз охин хоёроо дагуулаад гараад явсан. Д, Х бид гурав гэрт үлдээд үлдсэн архийг Д бид хоёр хувааж уугаад улмаар 23 цаг өнгөрөөгөөд гараад Х миний мотоциклыг жолоодож улмаар би голд нь хамгийн сүүлд нь Д сундлаад тэдний гэрээс нь гараад домбортой 3 замын уулзварт очиж шатахуун аваад улмаар нисэх буудал явах хар замаар явж байгаад нисэх буудлын хашааны хажууд ирэх үед Х мотоциклын тоормосыг гишгэж тонгойсон. Тэр үед би урагшаа харсан чинь улаан алаг хашааны хаалт төмөр байсан ба тухайн хаалтыг би хоолой хэсгээрээ мөргөж бид газар унасан. Тэр үед миний хоолойн хэсгийн арьс нь шалбарч цус гарсан ба Х, Д нар ямар ч гэмтэл аваагүй. Тэгээд мотоциклыг босгож аваад би өнөөдөр явахаа больё, маргааш явъя гэж хэлээд дахин тэр байдлаараа сундалж аваад Х жолоодож Домбортой 3 замын уулзвараар Дийн гэрт очиж хоолойноос гарсан цусыг угаагаад тэдний гэрт хоносон юм. Өглөө 06 цагийн үед Х бид хоёр босоод мотоциклыг Х жолоодож гэрт ирсэн. Гэрт ирээд мотоциклоо тавьчхаад Хгийн гэрт байсан охиноо сэрээгээд гэрт очоод унтчихсан юм. Тэгж байхад 09 цагийн үед байх Берикболат, Д нар гэрт ирээд хаалга тогшихоор нь би хаалгыг тайлсан чинь Д миний цээж руу 2 удаа цохиж чи яагаад алга болсон вэ? гэсэн. Тэгээд тэр хоёрын гарт нь нэг шил архи байсан ба тэр архийг хувааж уусан. Тэр үед чи өчигдөр чамд өгсөн бензиний мөнгийг өг гэхээр нь би мөнгө байхгүй, бензин хийсэн гэж хэлсэн. Тэр үед Д надад чи худлаа хэллээ. намайг хуурлаа, чи Цэнгэлд хүргэж өгнө гэж хэлээд би таксинаас хоцорчихлоо гэж уурлаад намайг зүүн талын нүд, нүүр, хамар хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж зодсон. Тэгээд Х хаана байна гэхээр нь гэртээ байгаа гэсэн. Тэгвэл Хгаас мөнгө аваад өг гэж хэлээд намайг Хгийн гэрт дагуулж очиход Х унтаж байсан ба эхнэр нь Д бид хоёрыг хөөгөөд явуулсан. Тэгээд гэрт ирээд мөнгө байвал гаргаад өг гэхэд би үлдсэн 4000 төгрөг байгаа нэг шил архи ууя гэж гаргаж өгсөн. Тэр мөнгөнд дахин нэг шил архи уугаад улмаар Берикболат, Д нар унтаад өгсөн. Би ч гэсэн хэвтэж байгаад босоод гадаа гараад явж байхад дүү болох Жансерик хүрч ирээд мэдээд улмаар цагдаад гомдол гаргасан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Ямар нэгэн маргаан байхгүй. Би ямар нэгэн гомдол саналгүй. А.Дээс бэлнээр 600000 төгрөг авсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн дарамт, шахалт байгаагүй гэх” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 дугаар хуудас/,

-Гэрч А.Берикболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед би гэрт босоод барилгын ажил руу явах гэж байхад Д хашаанд хүрч ирээд А.Дийн гэр руу явчхаад ирье, өчигдөр Цэнгэл явна гэж надаас мөнгө авсан юм. Тэр мөнгийг аваад ирье гэхээр нь хурдан яваад ирье гэж би дагаад Доомбортой уулзвараас “Ексел” маркийн машинд суугаад Өлгий сумын 4 дүгээр багт А.Дийн гэрт очиж буугаад таксыг явуулсан. Замд бид хоёр 1 шил архи аваад очсон. Тэгээд гэрт нь очиж хаалгыг тогшиж хаалга тайлахаар нь Х.Д эхлээд орсон ба би гадаа хаалга тайлах хүртэл нь сууж байя гэж цонхны хажуу талын өрсөн модонд сууж байсан. Х.Д дотогшоо орчихсон ба бид орох үед гэрт охин нь байсан ба өөр хүн байгаагүй. Би орох үед А.Дийн баруун талын хацар хэсгээр шалбарсан, зүүн талын хоолой хэсэг нь шалбарсан байсан. Тэдний гэр руу явж байх замд Д надад өчигдөр Цэнгэл сум руу явж байгаад мотоциклтой нисэх буудлын хаалтыг мөргөж унасан гэж хэлж байсан. Бид дотогшоо ороод гэрт нь архи уух гэж байхад А.Дийн охин нь гараад явсан. Бид архи уугаад сууж байгаад Х.Д, А.Дээс өчигдрийн бензин хийсэн мөнгийг авъя гэхэд одоо мөнгө байхгүй гэж хэлээд улмаар тэр хоёр маргалдсан. Тэр үед Х.Д А.Дийн зүүн талын нүүр. хацар орчимд гараараа хэд хэдэн удаа цохиж байхаар нь би салгаж авсан юм. Тэр үед А.Д, Х.Дт би Хбайгаас аваад өгье гэж дагуулаад баруун талд нь байдаг Хбай гэх хүний гэрт очсон. Би араас нь дагаж очсон ба Хгийн эхнэр нь хаалгыг тайлсан ба гэрт нь Хбай унтаж байсан. Би ороод үүдэнд нь байсан ба Д Хбайг сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. А.Д хэлэхдээ бензин авсан мөнгийг Х бид хоёр хувааж төлнө гэж Хбайгийн гэрт дагуулаад очсон Хбай сэрэхгүй болохоор нь бид гурав гараад А.Дийн гэрт очсон. Тэгээд А.Д толгой өвдөөд байна дахиж нэг юм уух уу? гэж халааснаасаа 4000 төгрөг гаргаж өгөхөөр нь Х.Д гараад нэг шил 0.5 литрийн “Сангийн далай” нэртэй архийг авч ирээд бид гурав хувааж уусан. Тэр үед Х.Д, А.Д нар хоорондоо учраа ололцож бие биенээсээ уучлалт гуйсан. Тэгээд архийг уугаад жоохон унтаж авъя гэж 2 хүний оронд А.Д бид хоёр хэвтсэн ба жижиг оронд Х.Д хэвтсэн. Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд сэрээхэд би сэрсэн, юу болсон вэ? гэж асуухад та нар яагаад хүн зодсон вэ? гэхэд би хэн ч зодоогүй А.Д мотоциклоос унасан гэж хэлж байсан гэхэд А.Д би гомдол гаргахгүй гэж хэлсэн. Гэвч хажууд нь дүү нь гэх залуу миний ахыг зодсон юм шиг байна гэж хэлээд биднийг цагдаад өгсөн. Тухайн үед А.Дийг Х.Д зодсон нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Дийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Дийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч Х.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дуг зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар

зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Дийн эрүүл мэндэд хөн хохирол учирсан бөгөөд үүссэн хохирол, хор уршгийг шүүгдэгч Х.Д төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.    Шүүгдэгч Х.Дийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгч Х.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Дийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэ үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаа нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 /дөрвөн зуун тавь/ нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч Х.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. С овогт Хы Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Х.Дийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Х.Д нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагданхоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч Х.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэхарга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БаянӨлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Дийн 00828137 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Х.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК