Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 11

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Ж-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАУБХ-т холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Миний хүү А-ын төрснийг анх улсын бүртгэлд Л.Д-ээр овоглон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А-ын төрсний бүртгэлийг өөрчлөн Ж надаар овоглон бүртгэж №0439712, Г-277 дугаар төрсний гэрчилгээг шинэчлэн олгосон бүртгэлийг цахим санд бүртгэн баталгаажуулахыг ОАУБХ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2021/0007/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц-ийн Ц-тай 2003 оноос хамтран амьдарсан бөгөөд бидний дундаас хүү 2005.03.11-ний өдөр төрсөн. Ц бид хоёр 2006 оны сүүлчээр хамтран амьдрахаа больж хоёр тийшээ болсон. Ингэхдээ би хүүгээ өөр дээрээ авч өөрийн асаргаанд байлгасаар өдий хүрсэн.

Одоо хүү маань 16 настай. Гэтэл Ц нь миний хүү А-ыг өөрийн урьд амьдарч байсан Л.Д-ээ гэдэг хүнээр овоглож гэрчилгээ авсан байсан учир 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэний бүртгэлийн ажилтанд хандан өргөдөл гаргаж, хүү А-ын төрсний бүртгэлд өөрчлөлт оруулж хүүгээ өөрөөрөө овоглон №0439712, Г-277 дугаар бүхий төрсний гэрчилгээг шинэчлэн авсан.

Ингээд энэ цаг үеэс эхлэн хүү маань өөрийн эцэг надаар овоглон явсаар өдий хүрсэн.

Гэтэл 16 нас хүрч Иргэний үнэмлэх авах гэтэл Төрсний бүртгэлийн лавлагаа /гэрчилгээ нь хуучин овог Л.Д-ээр гарч ирсэнээр эцгийн нэр зөрүүтэй болоод байна. Энэ байдлаас дүгнэлт хийхэд Улсын бүртгэлийн байгууллага нь миний 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шинэчлэн хийлгэсэн эхний бүртгэлийг хүчингүй болгож хүүгийн маань надаар овоглосон бүртгэлийг цахим санд оруулаагүйгээс хүүгийн маань МУ-ын иргэний үнэмлэх авах эрх зөрчигдөж байна гэж үзэж байна.

Яагаад цахим санд оруулаагүй гэж үзээд байна вэ гэхээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэний бүртгэлийн ажилтан Э.Б гэсэн гарын үсэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын тамга тэмдэг бүхий МУ-ын үнэт цаас болох 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ж-ын А гэсэн №0439712, Г-277 дугаар бүхий төрсний гэрчилгээ байгаад байгаа нь үүнийг нотолж байна гэж үзэж байна.

Иймд миний хүү А-ын төрснийг анх улсын бүртгэлд Л.Д-ээр овоглон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А-ын төрсний бүртгэлийг өөрчлөн Ж надаар овоглон бүртгэж №0439712, Г-277 дугаар төрсний гэрчилгээг шинэчлэн олгосон бүртгэлийг цахим санд бүртгэн баталгаажуулахыг ОАУБХ-т даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А /ФД05231116/-ыг 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгох үед эх Ц-ын Ц , Л-ийн Д нар гэрлэлттэй байсан бөгөөд Л.Д-ээр төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна. Тухайн үед үйлчилж байсан буюу 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.2, 12.2.3-д заасан баримтуудад үндэслэн Л.Д-ээр овоглон төрсний бүртгэлд бүртгэсэн байна. 2010 оны 06 дугаар сарын 30-нд Ц.Ц, Б.Ж нар хүсэлт гарган 52 дугаартай эцэг тогтоосны бүртгэл хөтөлсөн байна.

Иргэн Б.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагын дагуу одоогийн мөрдөгдөж буй Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ” гэсэн заалтыг баримтлан хүчингүй болгох боломжтой юм.

Улсын бүртгэгч дангаараа бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй, мөн хяналтын байцаагчид энэ асуудлаар хандсан байсан. Хяналтын байцаагч энэ бүртгэлийг байгаа нотлох баримтын хүрээнд хүчингүй болгож дүгнэлт гаргах боломжгүй байна. Тиймээс шүүхийн шийдвэрээр шийдүүл гэсний дагуу энэ ажиллагаа хийгдэж байна” гэв.

 

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Ж нь ОАУБХ-т холбогдуулан “Миний хүү А-ын төрснийг анх улсын бүртгэлд Л.Д-ээр овоглон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А-ын төрсний бүртгэлийг өөрчлөн Ж надаар овоглон бүртгэж №0439712, Г-277 дугаар төрсний гэрчилгээг шинэчлэн олгосон бүртгэлийг цахим санд бүртгэн баталгаажуулахыг ОАУБХ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

            Шүүхээс Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 оны 10 сарын 14-ний өдрийн хууль/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.5, 31 дүгээр зүйлийн 31.1.2, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны 06 сарын 21-ний өдрийн хууль/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Б.Ж-ын хүү А нь 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрснийг 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Л.Д-ээр овоглон бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 112/000305 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, төрснийг бүртгэх анкет 277 дугаартай ХААТР-11/Б/ маягт, хүү А-ын №0063357 дугаартай төрсний гэрчилгээ /Д-ээр овоглосон/-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Тухайн бүртгэл хийх үед ээж Ц.Ц нь Л.Д-тэй гэрлэлтийн баталгаатай байсан байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 оны 10 сарын 14-ний өдрийн хууль/-ийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.2, 12.2.3-д заасан баримтуудад үндэслэн Л.Д-ээр овоглон анх төрснийг бүртгэсэн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

            Б.Ж нь эцэг тогтоолгох хүсэлтээ захиргааны байгууллагад гаргасны дагуу 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А-ын эцгээр Б.Ж-ыг тогтоож улсын бүртгэлд бүртгэн, төрсний гэрчилгээг шинэчлэн олгосон болох нь Эцэг тогтоосныг мэдэгдэх хуудас №51 дугаартай ХААТР-14/Б/ маягт, Эцэг тогтоохыг хүссэн Б.Ж-ын өргөдөл, хүү А-ын №0063357 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /Л.Д-ээр овоглосон/, Ам бүлийн тодорхойлолт, Ц.Ц-ын өргөдөл, А-ын №0439712 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар / Б.Ж-аар овоглосон/, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Эцэг тогтоосон тухай лавлагаа” зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

            Хүү А-ын эцгээр Б.Ж-ыг тогтоож бүртгэсэн эцэг тогтоосон улсын бүртгэл нь Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 оны 10 сарын 14-ний өдрийн хууль/-ийн 17 дугаар зүйлийн 17.1 /Эцэг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, ...-ийг тус тус үндэслэн бүртгэнэ/, 17.3 /Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эцгийг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг ... үндэслэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ/, 17.5 /Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан энэ хуулийн 17-д заасан баримт бичгийг хүлээн авч эцэг тогтоосныг бүртгэж, төрсний гэрчилгээг шинэчлэн олгоно/-т тус тус заасныг зөрчөөгүй, бүртгэл хүчин төгөлдөр байна.

            Харин Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 оны 10 сарын 14-ний өдрийн хууль/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 /Эцэг тогтоосныг бүртгэсэн бүртгэл/-т зааснаар ийнхүү эцэг тогтоосны улсын бүртгэлийг үндэслэн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулаагүй орхигдуулсны улмаас хүү А-ын иргэний улсын бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй болсон, энэ нь түүний эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа учраас анх төрсний бүртгэлийг Л.Д-ээр овоглон бүртгэсэн бүртгэлийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны 06 сарын 21-ний өдрийн хууль/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 /Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ/-т зааснаар хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Хүү А-ын эцгээр Б.Ж-ыг тогтоож бүртгэсэн эцэг тогтоосон улсын бүртгэл, түүнийг үндэслэн олгосон А-ыг Б.Ж-аар овоглон улсын бүртгэлийн байгууллагаас олгосон №0439712, Г-277 дугаартай төрсний гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа тул Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны 06 сарын 21-ний өдрийн хууль/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1 /Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно/-т зааснаар хүү А-ын төрсний бүртгэлийг Б.Ж-аар овоглон №0439719, Г-277 дугаар төрсний гэрчилгээ шинэчлэн олгосон бүртгэлийг цахим санд өөрчлөн бүртгэхийг ОАУБХ-т даалгаж, улсын бүртгэлийн мэдээллийн зөрүүтэй байгаа зөрчлийг арилгаж, улсын бүртгэлийн зөрүүтэй байдлын улмаас зөрчигдөж буй эрхийг сэргээх нь зүйтэй байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 оны 10 сарын 14-ний өдрийн хууль/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.5, 31 дүгээр зүйлийн 31.1.2, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны 06 сарын 21-ний өдрийн хууль/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтуудыг баримтлан Б.Ж-ын ОАУБХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б.Ж-ын хүү А-ын төрснийг анх улсын бүртгэлд Л.Д-ээр овоглон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, хүү А-ын төрсний бүртгэлийг Б.Ж-аар овоглон №0439719, Г-277 дугаар төрсний гэрчилгээ шинэчлэн олгосон бүртгэлийг цахим санд өөрчлөн бүртгэхийг ОАУБХ-т даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАУБХ-ээс 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж-т олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ