Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0193

 

 

                                                               

 

 

 

 

 

 

 

         

С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/000 тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд Богдхан уулын Түргэний ам нэртэй “С ” ХХК-д ашиглах зориулалтаар олгогдсон газрын хугацааг дахин 5 жилээр сунгахыг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 867 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 125/2023/0401/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С ” ХХК-иас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдууланБайгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/000 тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд Богдхан уулын Түргэний ам нэртэй “С ” ХХК-д ашиглах зориулалтаар олгогдсон газрын хугацааг дахин 5 жилээр сунгахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан С  ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/597 тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд Богдхан уулын Түргэний ам нэртэй С  ХХК-д ашиглах зориулалтаар олгогдсон газрын хугацааг дахин 5 жилээр сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь судлаагүй, таамаглал дэвшүүлсэн байдлаар дүгнэсэн, мөн нотлох баримтыг үндэслэж шийдвэр гараагүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т шүүгч Улсын дээд шүүхийн 2008 оны 15-р тогтоолын 1.10-т заасан “Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж зөв тайлбарласан боловч түүнийг хэрэглэхдээ холбогдох нотлох баримтыг үндэслэл болгон шийдвэрт тусгаагүй.

3.2. Мөн зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж зам талбай бариагүй байхыг ойлгоно гэжээ. Үүнийг тайлбарлаваас нэхэмжлэгч “С ” компани газрын зориулалтын дагуу ашиглахтай холбоотой Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай хуульд заасны дагуу газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах уүрэг хүлээдэг. Түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баталж Хан-Уул дүүргийн засаг дарга, Богд Хан уулын дархан цаазат газартай хамтран гурвалсан гэрээг байгуулдаг зохицуулалттай. Гэтэл Богдхан Уулын дархан цаазат газар гэрээг баталгаажуулж манай компанид өгч бид тамга тэмдэг, гарын үсэг зурсны дараа Хан-Уул дүүргийн засаг даргад батлуулахаар өгсөн. Хан-Уул дүүргийн Засаг даргын туслах тухай гэрээний 4 эх хувийг гардаж авсан байдаг ба нэхэмжлэлийн шаардлагад тусгасан нөхцөл байдлаас шалтгаалан гэрээг баталгаажуулах боломж бүрдэхгүй явсаар ийм нөхцөл байдалд хүрсэн. Угтаа тухайн гэрээг баталгаажуулаад бидэнд буцаагаад өгсөн тохиолдолд бид Байгаль орчин, Аялал жуулчлалын яамд гэрээг батлуулахаар хүсэлт гарган өгөх зохицуулалттай байтал төрийн шат шатны гүйцэтгэх эрхийг хэрэгжүүлэх сүбьект болох Хан-Уул дүүргийн Засаг даргаас шалтгаалан энэхүү гэрээ байгуулах процесс бүхэлдээ зогсонги байдалд орсон.

3.3. Шүүх маргаан бүхий газарт үзлэг хийсэн ба манай компани газрыг нэг ч хөндөөгүй хэвээр байгаа нь үнэн болно. Учир нь газрыг гэрээний үндсэн дээр эрхийг хэрэгжүүлж, үүргээ хүлээх нь хуулиар тогтоосон хэлбэр байтал дур мэдэн газар дээр үйл ажиллагаа явуулах, газрыг хөндөх, хашаа хайс барих зэрэг үйлдэл хийх эрхгүй болохыг анхан шатны шүүхэд удаа дараа тайлбарлан хэлсэн. Мөн газар дээр хашаа хайс барих, зориулалтын дагуу ашиглахтай холбоотой архитектур төлөвлөлтийн даалгавар авах зэрэг анхан шатны ажлуудын үндсэн суурь бичиг баримт нь газрын гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зураг байдаг талаар нотлох баримтаар хавсарган өгсөн. Төрийн шат шатны үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад хүсэлт гаргахтай холбоотой анхан шатны баримт бичгийн бүрдэл хангагдаагүй байхад манай компанийн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.7-д Хан-Уул дүүргийн засаг дарга гэрээнд гарын үсэг зураагүй талаар хууль бус үйлдэл холбогдуулан эрхээ хамгаалж маргах боломжтой байхад эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Богдхан Уулын дархан цаазат газраас батлагдсан маягтын дагуух гэрээг баталгаажуулж Хан-Уул дүүргийн Засаг даргад эх хувиар нь түүний туслахад 3 удаагийн үйлдлээр хүлээлгэн өгсөн ба Засаг даргын туслах хүлээн авсан тухай бичгээр баримт үйлдэх шаардлагагүй гэж тайлбарлан авсан байдаг. Мөн гэрээг 3 удаа өгөх болсон нь шалтгаантай ба Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас дараах шалтгаануудаар газрын гэрээг шинэчилж байсан. 1. Газрын төлбөрт өөрчлөлт орсонтой холбоотой, 2. Газрын тухай хуульд өөрчлөлт орсон. Мөн угаахтай холбоотой Авлигатай тэмцэх газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Байгаль орчны яам хамтран бүх компанид үзлэг, шалгалт хийх нэрийдлээр бүх төрлийн хүсэлт хүлээн авахыг зогсоож, шалгалтын үр дүн гартал ямар нэгэн шийдвэр гаргахгүй хэмээн хүсэлт хүлээн авах, гэрээ батлах процессийг зогсоож байсан.

            3.4. Эцэстээ нэхэмжлэгч талаас бус төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр хуулийн өөрчлөлт зүгээс хамаарч гэрээ батлагдахгүй байх нөхцөл бүрдсэн байгаа нь нэхэмжлэгчээс хамаарах үйлдэл биш тул бид эрхээ хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр хохирч үлдэх нь өрөөсгөл ойлголт, үүнийг нөгөө талаас нь харвал төрийн байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан тэр олон зарчмаа мөрдлөг болгон ажилласан бол гэдэг талаас нь харж хэргийг дүгнээгүй.

            3.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1, 115.2.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 4 га газрыг 5 жилийн хугацаагаар нэхэмжлэгч “С ” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулсан бөгөөд маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/597 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг газрын тухай хууль зөрчсөн, газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэмээн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

2.2. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... С  ХХК нь газар ашиглах гурвалсан гэрээг 3 удаа Богдхан Уулын дархан цаазат газартай байгуулсан боловч Хан-Уул дүүргийн Засаг дарга гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулахгүй. Шалтгаан тодорхойгүй, аливаа зөрчил гараагүй байхад тодорхойгүй шалтгаанаар гэрээг баталгаажуулаагүй … нийтийн цар тахал гарсантай холбоотой улс даяар төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсоож ковидын хамгаалалтын горимд шилжсэнтэй холбоотой үйл ажиллагааг зогсоосон шалтгаанаар манай компанийг нэг ч үйл ажиллагаа явуулаагүй гэж хэт нэг талыг барьсан” гэж тайлбарлан маргажээ.

2.3. Анхан шатны шүүх “... газар ашиглах эрхийн гэрээ байгуулагдаагүй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргасан өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй бөгөөд ашиглах эрх олгосон 2016 оноос эрхийг дуусгавар болгосон 2022 оныг хүртэл хугацаанд газрыг ашиглаагүй нь тогтоогдсон, энэ хугацаанд нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалаагүй хүндэтгэн үзэх шалтгаанд дүүргийн Засаг даргын гэрээг батлаагүй үндэслэл орохгүй байна. Нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд дүүргийн Засаг даргаас газар ашиглах гэрээнд гарын үсэг зураагүй тохиолдолд түүний хууль бус эс үйлдэхүйд холбогдуулан эрхээ хамгаалж маргах боломжтой байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй 6 жилийг өнгөрүүлсэн байна. Харин маргаан бүхий актад усан сан бүхий газрын онцгой хамгаалалттай бүстэй давхцалтай гэх үндэслэлийг заасан нь буруу. Газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд түүний хугацааг сунгуулах эрх нь газар ашиглагчид байна” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

2.5. Нэхэмжлэгч газар дээрээ зориулалтын дагуу ашиглаж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй,  дүүргийн Засаг даргын газар ашиглах гэрээг баталгаажуулж гарын үсэг зурж өгөөгүй үйлдэлд ямар нэгэн байдлаар маргах эрхээ эдлээгүй, 2016 онд маргаан бүхий газрыг ашиглах тушаал гарснаас хойш газрыг хөндөж барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрх гэх мэт ямар ч үйл ажиллагаа явуулаагүй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

2.6. Хэдийгээр нэхэмжлэгч хуулийн этгээдээс “...нийтийн цар тахал гарсантай холбоотой улс даяар төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсоож ковидын хамгаалалтын горимд шилжсэнтэй холбоотой үйл ажиллагааг зогсоосон” гэж маргах бөгөөд нэхэмжлэгч нь цар тахлаас өмнөх цаг хугацаанд ч газрыг ашигласан гэх үйл баримтууд тогтоогдохгүй байна.

2.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн тус хэргийг анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1“Давж заалдах гомдол гарсан хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр товлон зарласан. Уг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох” тухай хүсэлтийг гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр товлосон боловч тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч компани нь итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, Б.О-гт итгэмжлэл олгосон тул шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

            Гэвч 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч компани нь “С.О-д дахин итгэмжлэл олгон, Б.О-г цаашид өмгөөлөгчөөр оролцоно. Өмгөөлөгч Б.О нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд оролцож байгаа, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангасан гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ