Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00933

 

 

                                                         Б.Б-ын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/01244 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 223/МА2020/00022 дугаар 

магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Татварын хэлтэст холбогдох

2019.01.18-ны өдрөөс 2019.10.18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан  хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч З.Амгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн төлөөлөгч З.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Б.Б нь 2016.12.15-ны өдрөөс тус хэлтэст жолоочоор ажиллаж байгаад З.Амгалан дарга ажилд томилогдож ирээд 2018.05 дугаар сараас жижүүрээр ажиллуулсан. Ингээд 2018.10.18-ны өдөр хэлтсийн дарга З.Амгалан намайг ажлаа хийж байхад 17:30 цагийн үед чамайг ажлаас чөлөөлж байна гээд дараагийн жижүүрийг дуудан ажилд авсан. Миний хувьд 2018.11.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаартай шийдвэр, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.03.25-ны өдрийн 223/МА2019/00007 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.02.06-ны өдрийн 001/ХТ2020/00069 дугаартай тогтоолоор Б.Б намайг Татварын хэлтсийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1,514,030 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 1,514,030 төгрөгийг гаргуулж, 3 сарын хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх ажиллагаа хийгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 2019.10.20-ны өдрөөс Аймгийн Стандарт хэмжил зүйн газарт жолоочоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019.01.18-ны өдрөөс 2019.10.18-ны өдрийг хүртэл 9 сарын цалин хөлсийг нэг өдрийн дундаж цалинг 23,656 төгрөгөөр бодож, ажилгүй хугацааны 189 ажлын өдрөөр тооцож 4,470,984 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Энэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хэлтэст Б.Б 2016.12.15-ны өдрөөс жолоочоор ажиллаж байсан бөгөөд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр түүнтэй 2018.05.04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, Б/11 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай жижүүрээр томилсон. Гэтэл тэрээр жижүүрээр ажиллуулсныг өөр ажилд буруу шилжүүлсэн гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд харьяалах газарт гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаагүй атлаа гэнэт ажиллуулсан, гэрээ огт байгуулж байгаагүй мэтээр шүүхэд тайлбарладаг нь үндэслэлгүй юм. Ийнхүү Б.Б нь жижүүрийн ажил, албан тушаалыг эрхэлж байхдаа 2018.09.29-ний өдөр ажлын цагаар ажлын байраа сул орхиж явсан зөрчил гаргасан бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээний 22.17-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болсон. Ингээд Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай 2018.10.18-ны өдөр Б/39 дүгээр тушаалыг гаргасан. Энэхүү тушаалд хэдийгээр ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж, чанар, үр дагаврыг зайлшгүй бичих шаардлагатай гэх байдлыг тусгаагүй ч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар тусгасан сахилгын зөрчлийг гаргасан нь тогтоогдсон. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн тушаал гаргасан.

Гомдол гаргах хугацааны хувьд Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоол 2020.02.06-ны өдөр гарсан бөгөөд Б.Б нь энэ нэхэмжлэлийн шаардлагаараа 3 шатны шүүхээр явсан тул эрхээ зөрчигдсөн гэдгийг аль хэдийнээ мэдэж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна, 119.4-т шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна гэж заасан байх тул шийдвэр бэлэн болох 7 хоног дээр гардаж авах 14 хоногийг нэмээд тогтоол гарсан 02.06-ны өдрөөс нийт 21 хоногийн дараа гомдол гаргах 3 сарын хугацаа тоологдохоор байна. Үүний дагуу тоолж үзэхэд Б.Б нь 2020.02.27-ноос 3 сар буюу 90 хоногийг тоолж 2020.05.27-нд багтаж шүүхэд гомдол гаргах ёстой байсан байна. Гэтэл Б.Б 2020.06.02-ны өдөр гомдол гаргасан нь гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн хойно гаргасан гэж үзэхээр байна. Татварын ерөнхий газрын хэмжээнд орон тооны илүүдэлтэй байгаа учир орон тооны жижүүр ажиллуулж байгаа 12 албаны 40 орон тооны жижүүрийг 2019.04.01-ний өдрөөс чөлөөлж, гэрээт харуулаар гүйцэтгүүлэх чиглэл ирсний дагуу татварын хэлтэст жижүүрийн орон тоо байхгүй, гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 2019.05.08-ны өдрөөс 2019.10.18-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллуулсан болохоор ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй, цалин байхгүй. Нэхэмжлэгчийн шаардаж буй хугацаанаас амралтын болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг хасаж нарийвчлан тоолоход ажлын 189 хоног биш, 188 хоног болж байгаа юм.

Иймд манай хэлтэс нь Б.Б-ыг дээрх хууль, журам, гэрээний зүйл заалтаа зөрчсөнөөс үүдэн хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн, ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээс 4 сарын мөнгөө авчихсан. Ажилгүйдлийн тэтгэмж болон буцааж олгох тэтгэмж хоёр нь давхардаж авах боломжгүй. 76 хоногоор тооцоод ажилгүйдлийн тэтгэмж авчихсан байхад манайхаас тэтгэмж авах юм бол давхардуулж авах болчхоод байгаа. Энэ дээр 2 хоногийн зөрүү гарч байгаа. Манайхаас ажилгүй байсан хугацааны тэтгэмж авсан, гэрээт харуул хамгаалалтыг авсан хугацаагаар тооцоход 2 хоногийн илүү төлөлттэй харагдана. Иймд нэхэмжилсэн цалин хөлс гэх 4,470,984 төгрөгийг олгохгүй учраас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/01244 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Төв аймгийн Татварын хэлтсээс ажилгүй байсан хугацааны олговорт 4,101,884 /дөрвөн сая нэг зуун нэгэн мянга найман зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулан Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 369,100 /гурван зуун жаран есөн мянга нэг зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Б.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцож, зохих санд шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулахыг Төв аймгийн Татварын хэлтэс /санхүү/-д даалгаж, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 223/МА2020/00022 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/01244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсийн гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч З.Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол 2020.02.06-ны өдөр гарсан бөгөөд Б.Б нь энэхүү тогтоол гарсан өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс өөр ажилд орох хүртэлх хугацааныхаа цалин хөлсний олговрыг авах эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн. Үүнээс хойш 3 сарын хугацааг тоолоход 2020.05.10-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл Б.Б нь 2020.06.02-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хуульд заасан 3 сарын хугацаа өнгөрсөн. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон буюу 2020.05.27-ны өдрөөс 3 сарын хугацааг тоолж байгаа нь үндэслэлгүй юм.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2020.11.03-ны өдрийн 34 дүгээр захирамжаар “Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамж гарсан бөгөөд уг захирамжийг ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч Р.Мөнх-Эрдэнэ гэж гарын үсэг зурсан боловч ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч томилсон захирамж, тогтоол байхгүй байна. Энэ нь давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль ёсны бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр,  магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б нь Төв аймгийн Татварын хэлтэст холбогдуулан 2019.01.18-ны өдрөөс 2019.10.18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан  хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Хариуцагч хяналтын журмаар “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон буюу 2020.05.27-ны өдрөөс 3 сарын хугацааг тоолж байгаа нь үндэслэлгүй, Б.Б-ын шүүхэд гомдол гаргах хуульд заасан 3 сарын хугацаа өнгөрсөн...” гэсэн гомдлыг гаргажээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.03.25-ны өдрийн 223/МА2019/00007 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.02.06-ны өдрийн 001/ХТ2020/00069 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг Төв аймгийн Татварын хэлтэст жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилтан ажлаас буруу халагдсан үйл баримтыг болон урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд урьд авч байсан дундаж цалин хөлсийг ажилгүй байсан бүх хугацаагаар тооцон олгох үүрэгтэй юм.

Төв аймгийн Татварын хэлтэст холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2020.05.27-ны өдөр дуусгавар болсон нь Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.27-ны өдрийн 05/225 дугаар тогтоолоор тогтоогдож байна.   

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 10 хоногийн дараа буюу 2020.06.02-ны өдөр нэхэмжлэгч 2019.01.18-ны өдрөөс 2019.10.18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,470,984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилгүй байсан бүх хугацаа...” гэдгийг ажилтны урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хүртэл хугацааг ойлгодог тул уг хугацаанд ажилтан өөр ажил эрхэлж байсан эсэх нь хамааралгүй болно.  

Б.Б Төв аймгийн Стандарт хэмжил зүйн газарт 2019.10.23-ны өдөр жолоочоор ажилд орсон бөгөөд 2019.01.18-ны өдрөөс 2019.10.18-ны өдрийг хүртэл 9 сарын цалин хөлсийг нэг өдрийн дундаж цалинг 23,656 төгрөгөөр бодож, ажилгүй хугацааны 189 ажлын өдрөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн хийсэн “...олговор олгох хугацааг 188 өдрөөр тооцсон нь зөв боловч нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг олговроос хасаж зөрүүг тооцсон нь хууль хэрэглээний хувьд буруу хэдий ч нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу шийдвэрийг хөндөх шаардлагагүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажлаа эрхлээгүй хугацаан дахь буюу энэхүү шийдвэрээр гаргуулж шийдвэрлэсэн цалин хөлснөөс зохих суутгал хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган томилно” гэж заасан бөгөөд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020.01.06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор томилогдсон шүүгч 2020.11.03-ны өдрийн 34 дүгээр захирамжаар албажуулжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх заалт болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т заасныг зөрчөөгүй, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/01244 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 223/МА2020/00022 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч З.Амгалангийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ               

                               ШҮҮГЧИД                              Б.МӨНХТУЯА

                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                               Б.УНДРАХ