Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 005

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е

Улсын яллагч М.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А

Хохирогч С.С

Орчуулагч, хэлмэрч А.Еркегүл

Шүүгдэгч А.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ед холбогдох 181300220222 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч А.Е: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Н овогт Аы Е, 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг эдэлж дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хариуцах чадвартай, РД:0.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Е нь хадам эгч С.Сыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шөнө 23 цагийн үед Өлгий сумын 6 дугаар багт байдаг Ж.С-ы гэрт хадам эгч С.Сыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Хохирогч С.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Тухайншөнө 22 цаг 30 минутын үед гэртээ байхад Е очиж манай гэрийн хаалгыг маш хүчтэй тогшиж, цонх цохиход нь бид нар хаалгаа онгойлгож өгөөгүй бөгөөд хамаатны эгч болох М гэдэг хүн рүү залгаад та манай гэрт хүрээд ирээч гэж хэлээд цагдаа руу залгах гэтэл Е хаалганы цоожны түгжээг эвдээд гэрт ороод ирсэн байсан юм. Орж ирэнгүүтээ шууд А руу гүйгээд чи яахаараа гараад ир гэхээр гарч ирдэггүй юм бэ гэж хэлэхэд нь би дүүг минь зодчих байх гэж бодоод дундуур нь ороод Еын цээж рүү гараараа түлхээд чи яагаад жирэмсэн хүн рүү дайраад байгаа юм бэ, манай гэрт яагаад цоож, цүү эвдэж орж ирсэн юм гэж хэптэл үснээс минь хоёр гараараа зулгаагаад үснээс минь татаад чирэхэд би газарт унасан, тэгтэл Е хөлөөрөө миний нүүр рүү өшиглөхөд миний хамарнаас цус гарсан юм. Тэгтэл А чи болиоч наадах чинь цус алдаад байна гэж хашигарч уйлахад манай хөрш Нурка гэх эмэгтэй орж ирээд намайг босгож байхад цагдаа ирсэн юм. Би 2018 оны 09 сарын 27-ны өдөр нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтээд 10-аад хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Эмнэлэгт хэвтэн эмлүүлэхэд 312000 төгрөг өгсөн юм. Томографийн зураг авахуулахад 95000 төгрөг гарсан. Гаднаас эм тариа авахуулж байсан.. ...Е надаас одоог хүртэл уучлалт гуйгаагүй. Хохирлын мөнгийг төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/
  • Насанд хүрээгүй гэрч С.Бахытханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайнөдөр өвөөгийн гэрт С эгч, А эгч болон манай дүү бид хэд байж байтал оройн 22 цагийн үед байсан байх,  Е хүргэн ах гэрийн цонх, хаалга тогшиж хаалга нээгээрэй гэж хэлэхэд нь бид хаалга нээгээгүй бөгөөд А эгчийн унтаж байсан өрөөний цонхыг тогшиход нь эгч хаалгаа нээгээгүй бөгөөд чимээгүй байж байснаа хаалганы цоожныг эвдээд орж ирээд коридорт зогсож байсан А эгч рүү чиглэн явахад нь С эгч тэдний дундуур ороход Е Сыг эгчийг түлхэж унагаагаад үснээс нь чирэхэд нь би гадагш гараад хөрш айлын Нурка гэх эгчийг дуудсан бөгөөд дахин гэрт орж ирэхэд минь С эгчийн хамарнаас нь цус гарчихсан, коридорийн шал нь цус болчихсон байсан бөгөөд А Еыг гаргахгүй байж байхад Е Аыг ч гэсэн түлхээд гараад явж байхад М эгч Еыг барьж аваад цагдаа ирээд Еыг авч явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/
  • Насанд хүрээгүй гэрч Х.Худакелдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Он,сар, өдөр, цагийн мэдэхгүй шөнө байсан бөгөөд гэртээ Бахытхан ах, Серикгүл эгч, А эгч бид нар гэртээ байтал Е хаалгаа онгойлго гэж маш хүчтэй цохихоор нь бид хаалга онгойлгоогүй ба Е хаалганы цоож эвдээд орж ирээд А эгч рүү гараа зангидаад ойртох үед С эгч түүнийг цээжнээс нь түлхсэн, тэгтэл Е С эгчийн үснээс нь зулгаагаад газарт унагаагаад дээшээ харж унахад нь /Насанд хүрээгүй гэрч Х.Хн нь үйлдлээрээ харуулж байв. /шууд нүүр рүү өшиглөхөд С эгчийн хамарнаас нь цус гарсан юм. Тухайн үед Е намайг бас зодох байх гэж бодоод Бахытжан ах бид хоёр гэрээс зугатааж гараад хашаан дотроо байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/
  • Гэрч С.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Шөнө 22 цагийн үед гэртбайтал Е ирээд хаалгыг хүчтэй цохиод байхаар нь би хувцсаа өмсөөд гарахын хооронд Е хаалганы цүүг эвдээд ороод ирсэн, манай хаалганы цоожны цүү угаасаа эвдэрхий бөгөөд хүчтэй татахаар түгжээ нь гарчихдаг юм. Е орж ирээд над руу дөхөх үеэр С чи хаалга нээгээд ороод ирлээ гээд цээжнээс хойшоо түлхэхэд Е эгчийн үснээс зулгаах үеэр би айгаад тэдний гар нь надад хүрчих байх гэж бодоод өөр өрөө рүү орсон байсан, удалгүй гарч ирэхэд гал тогооны урд талын хэсгийн хэсэг газар нь цус болчихсон байсан бөгөөд том эгч М манайд ороод ирсэн юм. Ед хандаж цагдаа дуудчихсан байгаа гэхээр нь зугтахыг оролдоход нь би түүнийг барьж зогсож байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/
  • Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 09 дүгээрсарын 27-ны шөнө 22 цаг өнгөрч байсан үе байх, Е ирээд агсам тавьж байна, хаалгаа нээгээрэй гэж хэлээд хаалга, цонх тогшоод байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гүйж ирээд аавын хашааны хажууд иртэл хашааг Е даваад миний урд буухаар нь би түүнийг барьж автал цагдаа нар ирсэн, би аавын гэрт ороход Сы хамарнаас нь цус гарчихсан, толгой эргээд байна гээд сууж байсан юм, тэр гал тогооны өрөөний урд талд сууж байсан бөгөөд сууж байсан газар нь цусаар бохирлогдсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/
  • Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгахтухай 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 32 дугаар тал/
  • Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчЕ.Бы 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 445 дугаартай шинжээчийн “...Иргэн С.Сы биед тархи доргилт зүүн нүдний дээд, доод зовхи, баруун болон зүүн талын бугалга, баруун талын хөлний гуяны хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 97 дугаар хуудас/
  • Шүүгдэгч А.Е шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр бисэтгэл санаагаар унаад бага зэрэг архи уугаад явж байгаад хадмынхаа гэр рүү очсон чинь тэдний гэрийнхэн хаалгаа нээгээгүй тул би хаалгыг нь хүчтэй цохиод таттал хаалга  нь онгойчихсон юм, намайг орж оронгуут С чи яагаад хаалга онгойлгоогүй байхад ороод ирээд байгаа юм гэхэд би түүнд хандаж чи битгий бидний амьдралд оролцоорой, чиний асуудал биш гэж хэлэхэд минь миний цээжнээс хойшоо түлхээд намайг алгадахад нь би таньтай ярмааргүй байна гэж хэлээд цээжнээс нь хойшоо түлхээд гараа саваад гэрээс гарсан, тухайн үед миний гар Сы хаана нь хүрсэн эсэхийг би мэдээгүй, дахин ороод ирэхэд гэрт шалны хэсэг газар нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/ болон бусад нотлох баримтуудаар түүний үйлдэл нь нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн шүүгдэгч А.Еын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч А.Еын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Е нь урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялаа эдлээгүй, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлс хийж байгаа болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “...А.Е нь өнөөдрийн байдлаар 500000 төгрөгийн үлдэгдэлтэй байна, төлбөр төлөх чадваргүй гэж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлс хийж байна” гэх албан бичиг болон Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх тухай 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл, эрх, үүргийг нь тайлбарлаж байсан тэмдэглэл, ялтны гаргаж байсан баталгаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, торгох ялаар шийтгүүлсэн А.Еоос авч байсан тэмдэглэл, торгох ялыг биелүүлээгүй А.Ед оногдуулсан торгох ялыг солиулахаар аймгийн прокурорын газарт 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлж байсан санал, түүнд хариу өгч байсан прокурорын албан бичиг, хувийн хэргийг буцааж байсан прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг сунгаж байсан тогтоол  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч А.Еын шүүх хуралдаанд өгсөн “... миний бие 500000 төгрөгийг төлөх ямар ч бололцоо байхгүй, ажил төрөлгүй, хадмын гэрт амьдарч байсан, цаашид ч төлөх чадваргүй тул хорих ялаар сольж өгнө үү” гэх мэдүүлэг зэргийг нь харгалзан үзэж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тусдаа ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Харин өмнөх буюу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг ялтан А.Е нь биелүүлээгүй байх тул уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500 нэгжийг 33 хоног буюу 1 сар 3 хоногийн хорих ялаар сольж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ед оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Е энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаа тусад нь эдэлж дууссанаас хойш үргэлжлүүлж эдлүүлэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Е нь цагдан хоригдсон

хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч А.Е нь хохирогч С.Сд учирсан хохирол болох 407000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд түүнээс 407000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,

4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Н овогт Аы Еыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролучруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

А.Ед 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч

А.Ед оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчА.Ед оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах албаны харьяанд ажиллуулахаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Ень нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгчА.Ед 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сар 3 /гурав/ хонгийн хорих ялаар сольсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчА.Ед оногдуулсан 1 /нэг/ сар 3 /гурав/ хонгийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчА.Ед оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш үргэлжлүүлж энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснааршүүгдэгч А.Еаас 407000 /дөрвөн зуун долоон мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Сд олгосугай.
  7. Энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгч А.Е цагдан хоригдоогүй, хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчА.Еын иргэний цахим үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
  9. Шүүгдэгч А.Ед авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээгөөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  11. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ед авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК