| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/02035/И |
| Дугаар | 184/ШШ2018/01732 |
| Огноо | 2018-07-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2018/01732
| 2018 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 184/ШШ2018/01732 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, өнөр хороолол 2 байр 358 тоотод оршин суух Барга овогт Нямсүрэнгийн Идэрчулуун /ЧР80111771/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох
ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Идэрчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Аэрологийн ерөнхий технологич инженерээр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ажлаас халагдсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 490 дугаар шийдвэрээр ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 104 хоног*41,380 төгрөг=4,303,520 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож ажилд эгүүлэн тогтоосон. Н.Идэрчулууныг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Б/05 тоот тушаалаар аэрологийн өртөөний ерөнхий технологич инженерээр эгүүлэн томилсон. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилогдсон өдөр болох 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 39 хоногийг нэг өдрийн дундаж цалин болох 41,380 төгрөгөөр тооцож нийт 1,631,820 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч “Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газар”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагч Н.Идэрчулууныг урьд эрхэлж байсан ажилд нь газрын даргын тушаалаар 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр томилсон. Шүүхийн шийдвэр гарахгүй удсан учир ажилд томилсон тушаал хугацаа алдаж гарсан асуудал байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилдаа орох хүртэл хугацааны цалинг төлөх учир нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй. Нэг өдрийн дундаж цалинг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тодорхойлсон 41,380 төгрөгөөр тооцож олгохыг зөвшөөрч байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Идэрчулуун нь Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Н.Идэрчулуун нь Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/29 дугаар тушаалаар тус газрын Аэрологийн өртөөний ерөнхий технологич инженерийн ажил, албан тушаалаас халагдсныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 490 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч байгууллагаа нэхэмжлэгч Н.Идэрчулууныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр томилсон болох нь Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 дугаар ажилд томилох тухай тушаал болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Идэрчулуун нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилдаа эгүүлэн томилогдсон хугацаа буюу 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй, түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн аваагүй шалтгааныг шүүхийн шийдвэр хугацаандаа гараагүй удсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хэмжээг тодорхойлохдоо нэг өдрийн дундаж цалин хөлсийг 41,380 төгрөгөөр тооцсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх ба хариуцагчийн төлөөлөгч энэ талаар маргаагүй.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 41,380 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан 39 хоногийн цалин нийт 1,613,820 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.”, мөн хуулийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу ажил олгогч буюу хариуцагчид ажилтны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 40,772 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шидвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Идэрчулуунд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул шүүх нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ажилгүй байсан хугацааны цалин олговор 1,613,820 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Идэрчулуундолгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Н.Идэрчулууны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 40,772 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Идэрчулуунд олгосгай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН