Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 053

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан, улсын яллагч, хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох 1913000460058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Н А овгийн Бы Д, 1966 оны 07 дугаар сарын 16-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тусгай дунд боловсролтой, Засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр баг, Цагаан, түнгэд оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь зохих зөвшөөрөлгүйгээр 1.9 м/куб/ /сийрэг шоо метр/ мод бэлтгэн байгаль орчинд 114.000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь өөрийн гэрийн гал түлэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар арал” гэх нэртэй газарт Хус модтой ойн сав газраас 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр сүх ашиглан хууль бусаар 1.9 м/куб/ /сийрэг шоо метр/ мод бэлтгэн байгаль орчинд 114.000 төгрөгийн бодит хохирол учруулсан байна.

Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- 2019 оны 02-р сарын 20-ны өдөр мөрдөгчөөс Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

-2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хус модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургаар/хх-ийн 11-12 дугаар хуудас/,

-2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр мөрдөгчөөс Хураагдсан модонд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

-2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сүхэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ххийн 20 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21 дүгээр хуудас/,

2019 оны 02-р сарын 22-ны өдрийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн

М.Нурсултаны 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч М.Нгийн “...Манай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар арал” гэх газар нь хус модтой ойн сав газар байдаг. Уг ойн сав газраас мод бэлдэх үед заавал байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авч мод бэлтгэх учиртай. Гэтэл Б.Д нь ямар нэгэн эрхийн бичиг авахгүйгээр ойн сав газраас мод бэлдсэн. ...Б.Д нь байгаль экологид учруулсан хохирол болох 114.000 /нэг зуун арван дөрвөн мянган/ төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл зааснаар гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 342.000 /гурван зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг сумын Төрийн сангийн 5182070030 тоот дансанд бэлэн хийж, байгаль экологид учруулсан хохирлоо бүрэн төлж, мөнгө тушаасан баримтаа надад өгсөн. Одоо миний зүгээс хэн нэгэн хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

- Гэрч С.Бердимуратын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн үед Байгаль орчны хяналтынулсын байцаагч ажилтай М.Нгийн хамт тус сумын “Хар арал” гэх газар хяналт шалгалт хийж явахад тус сумын 4 дүгээр багийн иргэн Б.Д нь эрхийн бичиггүй түлээний 1 хэсэг хус мод бэлтгэсэн байсныг илрүүлж өөрийг нь дагуулж ирж өөрөөр нь Зил-130 маркийн 98-98 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж ирж тус сумын Засаг даргын Тамгын газрын манаач Ж.Бердимуратад хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн

28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ойн сав газраас зөвшөөрөлгүй мод бэлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй. Би өөрөө анх удаа ийм хэрэг хийсэн. Маш их гэмшиж байна. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү. Би манай сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч М.Нгийн нэхэмжилсэн 342.000 /гурван зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг сумын Төрийн сангийн 5182070030 тоот дансанд хийж, бэлэн мөнгө тушаасан баримтаа М.Нд өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан. Үүнд: шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,

  • 2012 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр олгосон “РД:0, овог:НА, эцэг/эх/-ийн нэр:Б, нэр:Д, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Баяннуур, төрсөн огноо:1966-07-16 хаяг:Баян-Өлгий, Алтанцөгц, 4-р баг, Цагаан, түнгэ, хүчинтэй хугацаа:0000-00-00, хэд дэх:1, ГП:Е2071906, огноо:2018-0117” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,
  • Баян-Өлгий аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 02 дугаар сарын25-ны өдрийн “Иргэн Б.Дийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ныөдрийн “Б.Дийн өмчлөлд г0202000042 улсын бүртгэлийн дугаартай, БаянӨлгий, Алтанцөгц, 4-р баг, Цагаан, түнгэ гэх хаягтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 5000 мкв талбайтай, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн газартай, ү0202000139 улсын бүртгэлийн дугаартай, Баян-Өлгий, Алтанцөгц, 4-р баг, Цагаан, түнгэ гэх хаягтай, хувийн сууцны зориулалттай, 160 мкв талбайтай, 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгөтэй” гэх лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/,

-Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэн Б.Д нь тус багийн иргэн, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг ба малчин өрх юм. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 2, үхэр 12, хонь 50, ямаа 247, нийт 247 мал тоолуулсан. Төлөв даруу зантай, урьд нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй ба сумын үлгэр жишээч ахмад малчдын нэг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч Б.Д нь ямар нэгэн харилцах, хугацаагүй болон зээлийндансгүй болохыг тодорхойлсон ХААН банк, Голомт банк, Хас банкны албан бичиг, хуулгууд /хх-ийн 55-57 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Д нь Төрийн банканд 141,82 төгрөгийн үлдэгдэлтэй болохыгтодорхойлсон Төрийн банкны албан бичиг, хуулга /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, дээр дурдагдсан зүйлээс өөрөөр хууль зөрчсөн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамааралтай, үгүйсгэх нотлох баримт байхгүй шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг хангасан, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил, тогтсон ажил хөдөлмөр, орлого байхгүй, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Д нь шунахайн сэдэлтээр, өөрийн гэрийн гал түлэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Хар арал” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сүх ашиглан хууль бусаар 1.9 м/куб/ /сийрэг шоо метр/ хус модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэснээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, бэлтгэсэн модоо ачилцаж Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын Тамгын газарт буулгаснаар гэмт хэрэг тус тус төгссөн байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.Д нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын “Хар арал” гэх нэртэй газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.9 м/куб/ /сийрэг шоо метр/ хус мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

Иймд шүүгдэгч Б.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Дийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас ойн санд 342.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч М.Нгийн мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Дийн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 342.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 342.000 төгрөг болгож төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан ХААН банкны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалт, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон хамгийн бага хэмжээгээр буюу 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм.

Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй сүхийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж зөвшөөрөлгүй бэлтгэсэн 1.9 м.куб хус модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н А овгийн Бы Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 480 “дөрвөн зуун ная” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

  1. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүхийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж зөвшөөрөлгүй бэлтгэсэн 1.9 м.куб хус модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газархүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Дийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК