| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2019/0037/Э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 622
Г.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Цэрэнжамц,
яллагдагч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,
хохирогч П.Баянбаатар,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/1536 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цэрэнжамцын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаартай эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.Бд холбогдох ....................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.Б, 1963 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийнхээ хамт амьдардаг, .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../;
Г.Б нь 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 41-621 тоотод иргэн Л.Алтанцагийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Баянбаатартай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Г.Бы өмгөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г.Бы өмгөөлөгч миний бие эрүүгийн хэргийн материалтай танилцаад дараах үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж байна. Үүнд:
1. Г.Бы гар, шуунд учирсан зулгаралт, хөхрөлтийн гэмтлүүдэд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байна.
2. Хохирогч П.Баянбаатарын барьж дайрсан хар иштэй Хятад хутгыг эд мөрийн баримтаар тооцож өгнө үү.
3. Хохирогч П.Баянбаатарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх тул дахин байцаалт авч өгнө үү.
4. Г.Бы мэдүүлэгт: "хохирогч П.Баянбаатар нь эхнэр Отгонцэцэгийгээ зодчихсон байсан" гэж, "үүнээс болж хоорондоо муудалцсан" гэдэг. Иймд энэ асуудлаар Отгонцэцэгийг гэрчээр байцааж өгнө үү" гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15-д зааснаар яллагдагч Г.Бы өмгөөлөгч Б.Наранцэцэгийн хүсэлтийн заримыг хангах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно, мөн хуулийн 1.3-д гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлохоор тус тус хуульчилсан байна. Иймд:
1. Г.Бд холбогдох хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийг нотлохын тулд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан Г.Бы гар, шуунд учирсан зулгаралт, хөхрөлтийн гэмтлүүдэд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаж шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна. Яллагдагчийн биед учирсан гэмтлийг хавтаст хэргийн 9,10-р талуудад фото зургаар бэхжүүлэн авсан атлаа шинжээчийн дүгнэлт гаргуулж хавтаст цуглуулж бэхжүүлээгүй байна.
2. Хохирогч П.Баянбаатарын барьж дайрсан хар иштэй Хятад хутгыг эд мөрийн баримтаар тооцож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулах,
3. Яллагдагч Г.Бы мэдүүлэгт: "хохирогч П.Баянбаатар нь эхнэр Отгонцэцэгийгээ зодчихсон байсан" гэж, "үүнээс болж хоорондоо муудалцсан" гэдэг. Иймд энэ асуудлаар Отгонцэцэгийг гэрчээр байцааж өгнө үү" гэжээ. Энэ хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай байна. Гэрчээр Отгонцэцэгийг хавтаст хэргийн 27 дугаар талд асуусан байх боловч дутуу асуусан байх тул дахин асуух, хэрэг учрал болоход Алтанцаг байсан байх тул мөн Алтанцагаас дахин мэдүүлэг авч асуудлыг тодруулах ажиллагааг хийх нь зүйтэй байна.
Харин хохирогч П.Баянбаатарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх тул дахин байцаалт авч өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Цэрэнжамц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1536 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
Нотлох баримтаар: Хохирогч П.Баянбаатарын "...Алтанцаг эгчтэй ууж байгаад үлдээсэн архийг Г.Б ах бид хоёр ширээний хоёр талд өөд өөдөөсөө харж сууж байгаад мах идэнгээ хувааж уусан. Архи дуусахын үед би согтож эхэлсэн. Тэгтэл Г.Б ах намайг би чамайг насныхаа эрэмбээр санаагаар яаж ийж байгаад номхруулж чадна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд муу санаа нас хоёр байдаг юм байна гэхэд надад залуу нас чадал хутга 3 байна гэж хэлээд мах идэж байсан хар иштэй хутгаа аваад ширээний хойд талаар тойроод явсан. Тэгээд цаашаагаа юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд цээжний зүүн хэсгээс цус гарчихсан унтаж байсан гудсан дээрээ хэвтэж байсан. Тэгээд өндийгөөд цус гарч байгаа цээжээ хартал амьсгалахаар цус гараад байсан. Тэр үед Г.Б ах ширээний зүүн талд суучихсан би дүүгээ хутгаар хатгачихлаа гээд уйлаад нулимсаа арчаад гараараа толгойгоо бариад сууж байсан..." /хх 19-20/ гэх мэдүүлэг, гэрч Л.Отгонцэцэгийн "...Г.Б ах би Баянбаатарыг хутгалчихсан гэж ярьж байсныг санаж байна..." /27/ гэх мэдүүлэг, гэрч Ж.Баасанжаргалын "...Отгонцэцэг Г.Б хутгалсан Баяраа ах өөрөө хутгалсан гэж ярьсан Отгонцэцэг ингэж хэлсэн..." /хх 28/ гэх мэдүүлэг, гэрч Л.Алтанцагийн "...Отгонцэцэг, Бааска хоёр дэлгүүрлүү явсан. Тэгээд Г.Б, Баянбат хоёр юм яриад суугаад үлдсэн. Би гадаа гарч бие засаад ойролцоогоор 2 минутын дараа буцаад гэртэй орж ирэхэд Баянбаатар цээжээ гараараа дарчихсан цээжнээс нь цус гарчихсан хойморт сууж байсан. Би гэрт ороод юу болсон талаар асуухад Г.Б би Баянбаатарыг хутгалчихсан юм гэж хэлэхээр нь би Г.Баас хутгалсан хутга чинь хаана байна гэж асуухад надад хутгаа хаана байгааг хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би гэрийнхээ хутгануудыг бүртгэхэд цагаан өнгийн төмрөн иштэй хутга байхгүй байсан. Дараа нь цагдаа нар ирээд манай зуухны үнс хийдэг хэсгээс гаргаж ирсэн..." /XX 31-32/ гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар яллагдагч Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр 41-621 тоот иргэн Л.Алтанцагийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Баянбаатартай маргалдаж улмаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогддог.
1. Захирамжийн тодорхойлох хэсгийн 1-д "Г.Бы гар, шуунд учирсан зулгаралт, хөхрөлтийн гэмтлүүд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах" Хэрэг учрал 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гарсан байтал шүүхийн шүүгчийн захирамжаар 66 хоногийн дараа хавтаст хэргийн 9-10 дугаар талд байх гэрэл зургийн үзүүлэлтийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргах саналыг яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн ажиллагааны шатанд гаргаж байна. Прокурор яллагдагчийн гэрчийн өгсөн мэдүүлгийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэнд дурьдаагүй байгаа. Хэрэгт яллагдагч Г.Бы гэрчээр өгсөн мэдүүлэгт ". . Тухайн үед Баянбаатар та хоёр хоорондоо зодолдсон уу, гэхэд Бид хоёр хоорондоо зодолдож ноцолдоогүй, Баянбаатарын өөдөөс нь харж сууж байгаад маргалдаад л хутга барьж байсан гараараа цээж рүү түлхэх гэтэл хутга цээж рүү нь орчихсон..." /XX 34-35/ гэх мэдүүлэг зэргээс шүүгдэгч Г.Бы гарт учирсан гэх зулгаралт нь энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй болох нь тогтоогддог.
2. Захирамжийн тодорхойлох хэсгийн 2-д "Хохирогч П.Баянбаатарын барьж дайрсан хар иштэй Хятад хутгыг эд мөрийн баримтаар тооцож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулах" хэрэг учрал болсон үйл баримтын хүрээнд хохирогчийн барьж байсан гэх хар иштэй хутга нь яллагдагчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй эд мөрийн баримтаар тооцох шаардлагагүй өөрөөр хэлбэл хэрэг учрал болсон газраас эд мөрийн баримтаар цагаан өнгийн төмөр бариултай 19 см урттай хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн байгаа
3. Захирамжийн тодорхойлох хэсгийн 3-д "Яллагдагч Г.Бы мэдүүлэгт: хохирогч П.Баянбаатар нь эхнэр Отгонцэцэгийгээ зодчихсон байсан" гэж, "үүнээс болж хоорондоо муудалцсан" гэдэг. Иймд энэ асуудлаар Отгонцэцэгийг гэрчээр байцааж өгнө үү" гэжээ. Энэ хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай байна. Гэрчээр Отгонцэцэгийг хавтаст хэргийн 27 дугаар талд асуусан байх боловч дутуу асуусан байх тул дахин асуух, хэрэг учрал болоход Алтанцаг байсан байх тул мөн Алтанцагаас дахин мэдүүлэг авч асуудлыг тодруулах ажиллагааг хийх зүйтэй байна" шүүхийн захирамжийг мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгчийн захирамжинд заасны дагуу Отгонцэцэг, Алтанцаг нараас дахин мэдүүлэг авч асуудлыг тодруулах гэсэн нь мөрдөн байцаалтын шатанд дээрх 2 этгээдээс гэрчээр мэдүүлэг авсан байгаа тул шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр асуух боломжтой байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1536 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй...” гэв.
Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэргийн материалтай танилцахад дутуу ажиллагаа их байсан. Энэ талаар прокурорт хүсэлт гаргах гэхэд прокурор хэргийг шүүх рүү шилжүүлсэн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар оролцогчдын эрхийг хангаагүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан. Мөн миний үйлчлүүлэгч одоо 57 настай. Шүүгдэгч, хохирогч нар төрөл садангийн холбоотой. Ер нь хэргийг бүрэн дүүрэн нотолж байж хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой. Хэрэг гарах өдөр шүүгдэгч, хохирогч нар хоёулаа хутгатай байсан бөгөөд шүүгдэгчийн хутга маш жижиг хутга байсан. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
Хохирогч П.Баянбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн Г.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Г.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүх, Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокурорын шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Иймд “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1536 дугаартай захирамжийг хүчингүйд болгуулах..”-аар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Г.Бд холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/1536 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Бд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нь буцаасугай.
2. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очтол Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ