| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2023/0921/З |
| Дугаар | 221/МА2024/0196 |
| Огноо | 2024-03-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2024/0196
“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Нэхэмжлэлийн шаардлага “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний А/000 дугаар “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 975 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2023/0921/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний А/000 дугаар “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 975 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан “Э ” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/000 дугаар тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын төлбөрийн хувьд, газрын төлбөрийг төлсөн байна гэж дүгнэсэн тухайд Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу газар эзэмшигч нь газрын төлбөрийг улирал бүрийн эхний сард төлсөн байхаар хуульчилсан байхад хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Э ” ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэл 171.973.975 төгрөгийн ноогдол үүссэн Газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс гадна Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу газар эзэмшигч нь газрын төлбөрийг улирал бүрийн эхний сард төлсөн байхаар хуульчилсан байхад хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Э ” ХХК нь газрын төлбөрийн өр үүсгэсэн.
3.2. Мөн 2023 онд төлбөрийг сар бүрийн 20-ны дотор газрын төлбөрийг төлөх хуваарь гаргасан ч тухайн хугацаандаа төлөөгүй 7 сард нэг удаа 2 дахь удаагийн төлөлтийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй байна. Газрын тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн 2022 оны үзлэгээр тогтоогдсон. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчи, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн. Үүнд тус компаниас хариу ирүүлсэн. Гэтэл Байгаль орчин аялал жуучлалын сайдаас маргаан бүхий акттай холбоотой сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
3.3. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 866 тоот санал, газар дээр нь үзлэг хийсэн гэрэл зураг зэргээр нотлогдож байна.
3.4. Үүнээс гадна “Т” ТББ байгууллагаас тус яаманд ирүүлсэн хүсэлт, мэдээлэлд “Э ” ХХК нь тус ашиглахаар авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд газрыг ухаж, хаус барьж байгаа талаар баримт мэдээлэл ирүүлсний дагуу тухайн хамгаалалтын захиргаанаас шалгалтын ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар буюу 2022 онд Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас газрын үзлэг хийсэн баримтаар тус үзлэгээр нэхэмжлэгч нь газраа ашиглаагүй, тодорхой үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон буюу, зориулалтын бусаар ашигласан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэх үндэслэлд хамаарч байна.
3.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.
2.1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.2. Маргаан бүхий үйл баримтын тухайд:
2.3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Э ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/32 дугаар тушаалыг үндэслэн Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Бумбатын ам нэртэй 43366 м.кв талбайг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгогдсон.
2.4. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/000 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
2.5. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ... газрын төлбөр төлөгч байна” 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ... газарт төлбөр ногдуулна” гэж, 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заасан бөгөөд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшигч этгээд нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж, газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлж байж газар эзэмших эрх нь хамгаалагдах зарчимтай.
2.6. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр газар ашиглах гэрээг байгуулснаас хойш маргаан бүхий газартаа “Тархины саажилттай хүүхдийн амралт, сувиллын газар”-г байгуулахаар Стандарчлалын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6426:2013”-ийн стандартын дагуу орон байр барихаар ажиллаж байсан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагатай 2022/060 дугаартай “Газар ашиглах гэрээ”-г байгуулж бусад баримт бичгийг хөөцөлдөх боломжтой болсон. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “архитектур төлөвлөлтийн даалгавар”-ийг гаргуулсан. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн зөвлөлийн 16 дугаар хурлаас газар ашиглагчийг аялал жуулчлалын цогцолбор барих загвар зургаа батлуулсан, 2023 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ийн дагуу хашаа барьж өөрийн ашиглаж байгаа газраа хүрээлүүлэн үйл ажиллагаа явуулж байсан гэх боловч Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс шүүхэд ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 4/5308 тоот албан бичигт “Э ” ХХК нь 2023 онд газрын төлбөрөө 171,943,975.00 ногдол үүснээс 57,233,980 төгрөгийг хуваарийн дагуу барагдуулж 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 114,709,995 төгрөгийн өр, ногдлын дутуутай байна” гэх тодорхойлолтыг ирүүлснээс үзвэл газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хариуцагчийн хийсэн үзлэгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна.
2.7. Нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөөгүй, газар ашиглаагүй шалтгаанаа “Ковид цар тахлын улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. Учир нь 2020, 2021 онд тодорхой хугацаагаар хөл хорио тогтоосон нь тухайн жилийн турш газрын төлбөр төлөх боломжгүй байсан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.
2.8. Түүнчлэн, хэрэгт авагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, нэхэмжлэгчийн “... Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага стандартын дагуу орон байр барихаар ажиллаж байсан” гэх тайлбар зэргээс үзэхэд 2 давхар орон сууц /хаус/ барихаар төлөвлөсөн байх тул маргаан бүхий талбайг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашигласан гэж үзэхээргүй байна.
2.9. Мөн анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий акттай холбоотой сонсох ажиллагаа хийсэн талаар баримт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
2.10. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа сонсох ажиллагааг хийсэн байхад анхан шатны шүүх “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий акттай холбоотой сонсох ажиллагаа хийсэн талаар баримт байхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 975 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/000 дугаар “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ