Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 189

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Оюунчимэг, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Б.Нарангэрэл,

улсын яллагч Р.Энхтуяа,

хохирогч Ж.Лхагвасүрэн, Д.Зулгэрэл,

шүүгдэгч Л.Баатарбилэг, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овогт Лхангаагийн Баатарбилэгт холбогдох эрүүгийн 2015 2601 2199 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1975 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант 8 дугаар баг, Нарангийн 6 дугаар гудамж, 4 тоотод оршин суух хаягтай гэх боловч /Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй/, улсаас авсан гавъяа шагнал үгүй,

-урьд 2000 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн сум дундын шүүхийн 54 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэхь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийг журамлан өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ангийг нэмж нэгтгэн 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүгчийн 03 тоот захирамжаар 1 жил 10 сар 1 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн сум дундын шүүхийн 23/А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар, энэ хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 01 хоногийн хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 06 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүгчийн 01 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 04 сар, 21 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан Мянган овогт Лхангаагийн Баатарбилэг РД:ПЭ75091915,  

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Л.Баатарбилэг нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8В байрны 4 дүгээр орцны 00 тоотод согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйлс болох пивоны шилээр хохирогч Д.Зулгэрэлийн толгойн тус газар цохиж танхайрсан,

давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр худалдааны төвийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журам ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйлс болох чулуугаар хохирогч Д.Зулгэрэлийн гаран тус газарт цохиж “алганд зулгаралт, зүүн шуунд цус хуралт” бүхий гэмтэл учруулж танхайрсан,

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48 дугаар гудамж 25 тоот хашаанд байрлах нийтийн байрны 06 тоот өрөөнд “иргэний үнэмлэх авна” гэх үл ялих зүйлээр шалтаглан Д.Зулгэрэл, Ж.Лхагвасүрэн нарыг гэртээ амарч байхад танхайн сэдэлтээр амь насанд аюултайгаар заазуур барьж, довтолж Ж.Лхагвасүрэнгийн эрүүний зүүн ирмэг, өвчүү, цээжний зүүн урд хэсэг, баруун бугалга, зүүн хавирганы нуманд шарх, хэвлий, цээжний баруун урд, доод хэсэг, баруун мөрөнд зүсч олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгий аргаар санаатай алахыг завдсан”,

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Л.Батболд, Б.Гэрэлмаа нарын “батлан даалтанд өгөх” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

Шүүгдэгч Л.Баатарбилэг нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8В байрны 4 дүгээр орцны 00 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл болох пивоны шилээр хохирогч Д.Зулгэрэлийн толгойн тус газар цохиж танхайрсан болох нь...

- хохирогч Д.Зулгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо өндөр настны автобусны буудал дээр явж байхад Баатарбилэг согтуу надтай тааралдаад намайг хамт явъя гэхээр нь үгүй гэтэл чирч гулдчаад миний амьдарч байсан нийтийн байрны ард талд гаргаж байгаад түлхэж унагаагаад цохиж байтал дээрээс 2 залуу бууж ирээд салгасан...тэр хооронд би зам хөндлөн гарч  такси бариад 8в байрны 4-р орцны жижүүр Гантуяагийнд очоод 30-40 минут орчим болж байхад Баатарбилэг ирээд намайг асуухаар Гантуяа /орцны жижүүр/ намайг байхгүй гэж хэлэхэд хаалгыг онгойлгоод ороод ирсэн, намайг явъя гэхээр нь үгүй гэсэн ба Гантуяа цагдаа дуудлаа гэхэд гараад явчихсан. Тэгээд тэднийд унтах гээд хэвтэж байтал шөнө 01-02 цагийн үед орж ирээд сөхөө өгөхгүй толгой руу юмаар нүдээд байсан...Гантуяа салгах гээд дийлээгүй, цагдаа дуудна гэсэн чинь гараад явчихсан /1х, хх-181-182/ гэх болон энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,   

- гэрч Ц.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шиг санагдаж байна...тэр өдөр Зулгэрэл манайд ирэхдээ дан өмдтэй үс нь сэгсийчихсэн, маш их айсан шинжтэй байсан...тайвшраад байж байтал Баатарбилэг араас нь ирээд хаалга тогшоод байсан...би байхгүй гэтэл өрөөний цонхоор гараа оруулаад хаалга дотроос нь онгойлгоод ороод ирсэн...Зулгэрэлийг явъя гээд чирээд байхаар нь би цагдаа дуудлаа гээд гар утсаа гаргасан чинь яваад өгсөн...тэгээд манай бага насны 2 хүүхэд Зулгэрэл бид 4 жижүүрийн өрөөндөө байж байтал шөнө 02 цаг болж байсан байх...цонх хагалаад Баатарбилэг ороод ирсэн. Тэгээд Зулгэрэл рүү учир зүггүй дайраад зодоод боргио пивоны дотроо юмтай шилээр толгой руу нь цохиод байсан...гэхдээ шил хагараагүй, би цагдаа дуудахаар утсаа гаргаж иртэл хам хум гараад явчихсан...манай жижүүрийн өрөөний 20х20 хэмжээтэй цонхыг гараараа цохиж хагалсан...Баатарбилэг орж ирээд Зулгэрэлийн толгой руу пивоны шилээр цохиод байсан...гэх мэдүүлэг /1х, хх-189, 2х, хх-113/,

- гэрч О.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд:...намайг хүмүүс Халиунаа гэж авгайлж дууддаг, миний бүтэн нэр бол Энхтуяа, би Зулгэрэл Баатарбилэг 2-ыг таньдаг болоод 3-4 жил болж байна. Бид нар нэг байранд орцны жижүүрүүд хийж байгаад танилцаж байсан. Лхагвасүрэнтэй танилцаад 1 жил гаруй болж байна. 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр намайг гэртээ байж байхад Зулгэрэл над руу яриад нийтийн байранд гэртээ байна. Босож чадахгүй хэвтэж байна гэхээр нь би нэг эм тан аваачиж өгсөн чинь намайг өчигдөр Баатарбилэг ийм болтол зодчихлоо гээд босох тэнхэлгүй, тархи толгой нь энд тэндээ хавдчихсан, 2 нүд нь бүлцийгээд уйлчихсан юм шиг, бие нь их хөндүүртэй ёолоод байсан. Тэгээд 21-р хорооллын 8В байрны 4-р орцны жижүүр Гантуяагийнд байхад Баатарбилэг гаднаас согтуу орж ирээд архи пивоны шилээр цохьсон гэж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-190/,

- гэрч Ч.Ганшимийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8А байрны “Сүрлэг 21” СӨХ-ны захирал ажилтай, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай СӨХ-д харъяалагддаг 8В байрны 4-р орцны жижүүр Гантуяагийн амьдардаг байрны цонхыг Баатарбилэг гэгч хагалсан байсан боловч манай СӨХ-ны зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, мөнгөн дүнгээр үнэлэхгүй...гэх мэдүүлэг /2х, хх-143-144/ зэрэг нотлох баримтуудаар, мөн

Шүүгдэгч Л.Баатарбилэг нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр худалдааны төвийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журам ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйлс болох чулуугаар хохирогч Д.Зулгэрэлийн гаран тус газарт цохиж “алганд зулгаралт, зүүн шуунд цус хуралт” бүхий гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...

- хохирогч Д.Зулгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 худалдааны төвийн урд Баатарбилэг нь Лхагвасүрэн бид 2-той согтуу таараад намайг түлхэж унагаад үсдэж өшиглөсөн...тэгээд надруу чулуу шидээд би тэрэнд нь оногдсон...замаар 2-3 хүн явж таараад салгаж болиулсан...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “алганд зулгаралт, зүүн шуунд цус хуралт” гэмтэл тогтоогдсон. Баатарбилэг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр учруулсан. Намайг 21 худалдааны төвийн тэнд над руу чулуу шидэхэд нь би гараараа хааж байгаад оногдоход зүүн шуунд цус хуралт үүссэн, үсдээд газраар чирэгдэхэд алганд зулгаралт үүссэн...тухайн үед миний 2 өвдөг нилээд хөндүүртэй зулгарсан байсан боловч би тэр эмчид үзүүлээгүй юм...гомдолтой маш их сэтгэлийн дарамттай, айж байна...намайг Лхагвасүрэнтэй хардсан зүйл байхгүй...гэх болон /1х, хх-182, 2х, хх-38-39, 110/ энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, 

- гэрч Ж.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед Зулгэрэл бид хоёр “21” худалдааны төвийн шөнийн захын хажууд явж байтал Баатарбилэг яг өөдөөс ганцаараа ирсэн бөгөөд Зулгэрэлийн үснээс зулгааж унагаагаад хэд хэдэн удаа цохиод бид 2-г ийшээ явъя гээд чирээд байсан чинь хажуугаар явсан хүмүүс болиочээ гэхээр нь бид 2 зугтаагаад явах гэтэл, араас чудуу шидээд Зулгэрэлийн гаран дээр оносон...тухайн үед гудамжинд явж байгаад салгасан хүмүүсийг танихгүй...гудамжинд явсан хүмүүс боль гээд салгасан...гэх мэдүүлэг /2х, хх-112/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:...Д.Зулгэрэлийн биед алганд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл болно...гэх дүгнэлт /1х, хх-64/ зэрэг нотлох баримтуудаар, мөн

            Шүүгдэгч Л.Баатарбилэг нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48 дугаар гудамж 25 тоот хашаанд байрлах нийтийн байрны 06 тоот өрөөнд Ж.Лхагвасүрэн нарыг гэртээ амарч байхад “иргэний үнэмлэх авна” гэх үл ялих зүйлээр шалтаглаж буюу танхайн сэдэлтээр, амь насанд аюултайгаар заазуур барин довтолж Ж.Лхагвасүрэнгийн эрүүний зүүн ирмэг, өвчүү, цээжний зүүн урд хэсэг, баруун бугалга, зүүн хавирганы нуманд шарх, хэвлий, цээжний баруун урд, доод хэсэг, баруун мөрөнд зүсч олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгий аргаар санаатай алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь...  

            - хохирогч Ж.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би хамтран амьдрагч Зулгэрэлийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48-25 тоотод байрлах нийтийн байрны 06 тоот 2015.10.30-ны өдөр, 11 цагийн үед Зулгэрэлийн хуучин хамт амьдардаг байсан Баатарбилэг цоожлоогүй байсан хаалгыг түлхэн орж ирээд “архи авч өг” гэж хэлээд намайг хувцсаа өмсөөд босохын хооронд энгэрээсээ төмөр иштэй заазуур гаргаж ирээд эхлээд миний цээж хэсэг рүү зүсээд дараа нь баруун гарын булчин хэсэгт зүсээд хамгийн сүүлд нь чамайг багалзуурыг чинь зүсээд гүрээг чинь ханаад алчихья гээд хүзүү рүү зүсэх гэхээр нь би толгойгоо бага зэрэг доошлуулаад миний зүүн талын чихний доод хэсгээс эрүүний доод эрмэгээр гүн зүссэн, яагаад гэхээр заазуур нь миний зүүн эрүүний жавж хэсгийг зүсэхдээ шүдний араанд тултал нэвт зүссэн, энэ үед Зулгэрэл босч ирээд Баатарбилэгийг салгах гэтэл Баатарбилэг Зулгэрэлийн үснээс зүүн гараараа зулгааж доош нь дараад баруун гартаа барьсан заазуураа нөгөө гартаа шилжүүлж бариад гэрт байсан шүүгээн дотроос гэрийн бор өнгийн модон бариултай заазуурыг гаргаж ирээд та нарыг ална гээд байсан...энэ үед Баатарбилэгийг Зулгэрэлийн хамт цааш нь түлхэхэд Баатарбилэг хүчиндээ хаалга мөргөхөд онгорхой байсан учир гадагш гарч коридорт унасан...тэр үед би зүүн гартаа барьчихсан байсан хутган дээр цохиод зугтаасан. Баатарбилэг заазуураа бариад намайг хөөхөөр нь нийтийн байранд байгаа хүмүүст хандан орилж тусламж гуйхад 07 тоот хаалганы залуу гарч ирсэн...энэ үед би зугтаад нийтийн байрны 2 давхарт гарч эмээгээс тусламж хүссэн...Баатарбилэг нийтийн байрнаас гарч намайг хайж байгаа бололтой байрны баруун тийш болон шатны доод хэсэг рүү харснаа хашаагаар гараад зугтаасан...би Д.Зулгэрэлтэй 2015 оны 08 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48-25 тоотод байрлах нийтийн байрны 06 тоотод хамт амьдарч байгаа...Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү.... “намайг зүсэх үед миний эхнэр Зулгэрэл хажуугаар орж ирээд салгасан...гэтэл Баатарбилэг Зулгэрэлийг заазууртай гараараа давхар үсдээд доош нь би тэр 2-ыг давхар түлхэхэд Баатарбилэг хаалганы босгонд тээглээд унасан...тэгэхээр нь би амь авраарай гээд гэрээс гарч зугтаасан...Баатарбилэг газар унах үедээ 2 гартаа заазуур барьсан байсан...надад Баатарбилэг гэгчийг заазуураар цохих битгий хэл эгцлэн харах ч зориг байхгүй...гэх болон /1х, хх-31-34, 2х, хх-141-142/ энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,   

            - гэрч Д.Зулгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 10 дугаар сарын 30-ны өглөө өөрийн хамтран амьдрагч Ж.Лхагвасүрэнгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48-25 тоотод байрлах нийтийн байрны 06 тоот түрээсийн байрандаа амарч байх үед миний хуучин хамт амьдардаг байсан Баатарбилэг нь гаднаас согтуу орж ирээд гадна талынхаа куртикийг тайлж байхдаа ганц юм гэж хэлэх шиг болоод дотуураа өмссөн байсан хар өнгийн биеийн тамирын цамцны энгэрээс ямар нэгэн зүйл гаргаж ирэх гэж байгаа юм шиг ухаад байсан. Энэ үед Лхагвасүрэн хувцсаа өмдөө өмсөж байсан. Тэгтэл Баатарбилэг энгэрээ ухаж байгаад нэг жижгэвтэр цэнхэр өнгийн хуванцар бариултай, сүүлд уг бариулыг нь хугалчихсан бололтой цагаан өнгийн металл бариул нь үлдчихсэн байсан заазуурыг гаргаж ирээд та 2-ын хоолойг огтлоно гэж хэлээд бид 2-ын хэвтэж байсан зүгт дайрсан...энэ үед Лхагвасүрэн миний урдуур ороод Баатарбилэгийн урдаас очтол Баатарбилэг барьж байсан заазуураар Лхагвасүрэнгийн цээж хэсэгт хамаагүй сийчээд зүссэн...тэгээд хоолны хэсэг рүү гараа далайж байгаад баруун гартаа барьж байсан заазуураар хүчтэй цохих шиг болтол Лхагвасүрэнгийн эрүүний доод хэсгээс цус ихээр гарсан...би Лхагвасүрэнгийн ард нь байсан болохоор яг хаана нь яаж цохисныг хараагүй, ямар ч байсан эрүүнээс нь цус гараад байхаар нь би “чи хүн аллаа ш дээ болиоч” гэхэд намайг зүүн гараараа үсдээд доош дарсан чигээрээ манай шүүгээг ухаад бор өнгийн модон иштэй заазуур гаргаж ирээд та нарыг ална гээд орилоод байсан. Энэ үед Лхагвасүрэн бас түлхээд Баатарбилэг арагш хүчиндээ хаалга мөргөөд хаалга онгойж, Баатарбилэг ар нуруугаараа коридорт унасан. Энэ үед Лхагвасүрэн Баатарбилэгтэй ноцолдож байгаад зугтаасан. Баатарбилэг босч ирээд 2 заазуураа гартаа барьсан чигээрээ Лхагвасүрэнгийн араас хөөсөн. Би “хүн аллаа туслаарай” гээд орилсон. Баатарбилэг 2 заазуураа бариад зам хөндлөн гараад гүйж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-41-42/,

            - гэрч Г.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлбэ-117 чиглэл буюу Сонгинохайрхан дүүргийн 19, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дэд ахлагч Н.Батбаярын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд өглөө 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо өндөр настангийн буудлын хажууд байх нийтийн байранд ахлагч Н.Батбаярын хамт албаны 20-57 УНҮ улсын дугаартай Киа маркийн авто машинаар тухайн газар луу явсан. Биднийг нийтийн байранд очиход нэг жижиг биетэй эрүү, цээж, гарын булчин хэсэгт зүсэгдсэн шархтай залуу 06 тоотод байсан...эхнэр нь гэх эмэгтэй тэр заазууртай залуу урд зүг рүү зугатаасан гэсний дагуу урд зүг рүү явахад нийтийн байрнаас 200 м-ийн зайд ТМ шатахуун түгээх станцын тэнд 2 гартаа заазуур барьсан нүүр нь цус болсон эрэгтэй хүн түгээгч эмэгтэйтэй уулзаад зогсож байсан. Бид 2 очиж түүнийг саатуулан, барьж явсан бор модон иштэй заазуур, нөгөөх нь төмөр иштэй бариул хэсгээрээ тахийж мурийсан, бор модон иштэй заазуураас жижиг заазуур 2-ыг хурааж Сэлбэ-10-т хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /1х, хх-44-45/,

            - гэрч М.Цэрэнхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 ны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд манай шатахуун түгээх станцын хойд зүгээс зам дагаад нүүр нь цус болчихсон зүүн гартаа 2 заазуур барьсан эрэгтэй хүн гүйж ирээд надаас гар утсаараа яриулахыг хүссэн...би гар утсаа өгөөд тэр хүн нэг хүнтэй намайг шаачихлаа гэх мэт зүйл ярьж байхад эргүүлийн машинтай  цагдаа  нар ирээд барьсан, нэг заазуур бор модон иштэй, нөгөөх нь модон иштэй заазуураас жижигдүү заазуур байсан, цус юм шиг улаан шингэн зүйлээр бохирлогдсон байсан...гэх мэдүүлэг /1х, хх-49-50/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 15706 дугаартай:...Лхагвасүрэнгийн биед эрүүний зүүн ирмэг, өвчүү, цээжний зүүн урд хэсэг, баруун бугалга, зүүн хавирганы нуманд шарх, хэвлий, цээжний баруун урд, доод хэсэг, баруун мөрөнд зурагдсан зулгарал үүсчээ...дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...гэх дүгнэлт /1х, хх-62/,

            -  шинжээч эмч Б.Ариунзулыг байцаасан…15706 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Лхагвасүрэнгийн биед эрүүний зүүн ирмэг, өвчүү, цээжний зүүн урд хэсэг, баруун бугалга, зүүн хавирганы нуманд шарх, хэвлий, цээжний баруун урд, доод хэсэг, баруун мөрөнд зурагдсан зулгарал гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн, олон удаагийн, үйлчлэлээр нэг цаг хугацаанд, нэг багаж зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл болно. Олон тооны шарх гэмтэлд 1-с дээш тооны шарх гэмтэл хамаардаг тул Лхагвасүрэнгийн биед үүссэн 9 гэмтэл нь олон тооны шарх гэмтэлд хамаарна, хүний биед үүссэн аливаа шарх гэмтэлд нэгэн байдлаар зовж зүдрэх байдал үүсгэнэ...гэх мэдүүлэг /2х, хх-126/,

            - “Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48-25 тоотод хүн заазуурдуулсан” гэх мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэг хийсэн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүний тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-3-9/, 

            - иргэн Хишигнямаас 8945-9196 дугаарын утсаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 13 минутад ирүүлсэн “Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48-25 тоотод байрлах нийтийн байранд амьдардаг хүнийг заазуур барьсан хүн нүүрийг нь заазуураар зүсчихсэн, цусандаа хутгалдсан” гэх мэдээлэл /1х, хх-10/,   

            - эд мөрийн баримтаар хураан авсан 2 ширхэг заазуурыг хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-13, 16-30/,

            - эд мөрийн баримтаар хураан авсан цэнхэр өнгийн судалтай алчуурыг хэрэгт хавсаргах тогтоол /1х, хх-186/, 

            - Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8/3391 дугаартай албан бичгээр ирүүлсэн... “Ж.Лхагвасүрэн /РД:ВА76092810/, Д.Зудгэрэл /РД:ГД83051762/ нар тус хэлтсийн гэр бүлийн хүчирхийллийн  хохирогчийг Түр хамгаалах байранд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хамгаалалтанд байгааг тодорхойлов” гэсэн тоот /1х, хх-27/,

            - шүүх сэтгэц эмгэг судлалын 968 дугаартай:...Л.Баатарбилэг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй.  Л.Баатарбилэгийн удамд сэтгэцийн ямар нэгэн өвчтэй хүн бий гэх баримт үгүй байна. Л.Баатарбилэг нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. Л.Баатарбилэг нь сэтгэцийн хувьд өөртөө болон орчиндоо одоогоор аюулгүй байна...гэх дүгнэлт /1х, хх-69/,

            - шүүгдэгч Л.Баатарбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нийтийн байранд Лхагвасүрэн /Жижгээ/-гийн гэрт очсон. Намайг очиход Баясаа гээд Зулгэрэлийн хүүхэд нь гадаа тоглож байсан...гэрийн хаалга онгорхой байгаа гэхээр нь нээгээд ортол Зулгэрэл боссон. Лхагвасүрэн орон дээр хэвтэж байсан. Би Зулгэрэлээс бичиг баримтаа авъя гэхэд байхгүй гэсэн. Гэтэл Лхагвасүрэн намайг яв зайл гээд шүүгээнд байсан төмөр иштэй заазуур гаргаж ирээд сууж байсан миний дух руу тэр заазуураараа цохьсон. Би заазуурыг булааж авахад Зулгэрэл дахин шүүгээнээс бор иштэй заазуур гаргаж ирээд Лхагвасүрэнд өгтөл над руу дайрахаар нь би бас булааж аваад, түлхэж өөрөөсөө холдуулаад бор иштэй заазуураар Лхагвасүрэнгийн эрүүн тус газар нь нэг удаа зүссэн. Тэгээд гарч зугтаагаад шатахуун түгээх станц дээр явж байгаад цагдаа нар баригдсан. Тухайн үед 2 заазуураа 06 тоотод хаячихаад яваад өгсөн...Лхагвасүрэнд хардалтаас болж гэмтэл учруулаагүй, Зулгэрэлтэй харилцаагаа тасалсан байсан, ганцхан үлдээсэн бичиг баримтаа авах гэж л очсон юм...гэх мэдүүлэг /1х, х-101-102, 213-214, 2х, хх-442-43/ зэрэг нотлох баримтуудаар, мөн   

 

            Шүүгдэгч Л.Баатарбилэг нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Л.Батболд, Б.Гэрэлмаа нарын “батлан даалтанд өгөх” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь...

            - Л.Баатарбилэгт 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан тухай баримт /1х, хх-90-92/,   

            - мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №30 дугаартай прокурорын тогтоол /1х, хх-76-77/,  

            - Л.Баатарбилэгийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №03 дугаартай прокурорын тогтоол /1х, хх-78/,

             - хэрэг түдгэлзүүлснийг сэргээх тухай 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №19 дугаартай прокурорын тогтоол /1х, хх-180/, 

            - Л.Баатарбилэгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн санал /1х, хх-199/, 

            - гэрч Л.Батболдын...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн ах Л.Баатарбилэгийг батлан даалтанд аваад гэр лүүгээ явж байтал надаас 5.000 төгрөг аваад Хангай захын хажууд найзындаа хононо гэж байсан...тэрнээс хойш манайд ирээгүй, би хайгаад олохгүй байна...гэх мэдүүлэг /2х, хх-53/,  

            - шүүгдэгч Л.Баатарбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг дахиж цагдан хорино гэхээр нь айсандаа цагдаагийн өрөөнөөс гараад зугтаасан нь үнэн. Тэрнээс хойш Сонгинохайрхан дүүрэг, ханын материал, эцэс хавиар байсан, хийсэн ажилгүй байсан. Цагдаагаас оргон зайлснаа бол хүлээж байна...гэх мэдүүлэг /1х, х-209-210/, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Л.Баатарбилэгийг хүнийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алахыг завдсан,  

            танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

            мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

            Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Л.Баатарбилэгийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч нь бусдыг илтэд үл хүндэтгэн, бүдүүлэг, догшин авирлан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, мөн онцлох шалтгаангүйгээр бусдын амь биед нь аюултай аргаар халдан довтолж, олон тооны гэмтэл учруулснаас гадна түүний тухайн давтолсон аюултай үйлдэл нь бусдаар таслан зогсоогдсон байх тул шүүгдэгчид холбогдох тухайн гэмт хэргүүдийн зүйлчлэлд эргэлзээтэй байдал байхгүй гэж үзнэ.       

            Шүүгдэгч Л.Баатарбилэг нь танхайрах гэмт хэрэг үйлдэхдээ 181 дүгээр зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон байх боловч тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т зааснаар ял оногдуулах боломжгүйг тэмдэглэв.    

            Хохирогч нь шүүгдэгчийн гэмт халдлагын эсрэг хамгаалалт хийх эрхтэйгээс гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг төгс үйлдэх боломжийг таслан зогсоохын тулд хийсэн аливаа иргэний үйлдэл гэмт хэрэгт тооцогдохгүй байх хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Л.Баатарбилэгт учирсан хөнгөн гэмтлийн төлөө Ж.Лхагвасүрэн,  Д.Зулгэрэл нарыг гэмт хэрэгт холбогдуулах үндэслэлгүй болно.     

            Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтгүй байх ба нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

            Шүүгдэгч Л.Баатарбилэгийн урьд өмнө үйлдэж, шийтгүүлсэн гэмт хэргийн /1х, хх-122-123/ ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон буюу ялтай байдалгүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

            Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.   

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулав.  

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн модон бариул бүхий 27.5 см-ын урттай /ажлын хэсгийн урт нь 15 см, өргөн нь үзүүр хэсгээрээ 7 см, дунд болон адаг хэсгээрээ 6 см өргөнтэй 12.5 см урттай бор өнгийн модон бариул бүхий бариулын өргөн 3 см-тай заазуур 1 ширхэг, 21.5 ссмын урттай, ажлын хэсэг нь 12 см өргөн нь үзүүр хэсгээрээ 5 см, дунд хэсгээрээ 5.5 см адаг хэсгээрээ 5 см, бариул нь металл бүхий дугираг хэлбэртэй 9.5 см урттай заазуур 1 ширхэг, цэнхэр өнгийн судалтай алчуур 1 ширхэг тус тус хураагдаж ирсэн бөгөөд битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь 2015.10.31-ний өдрөөс /1х, хх-74/ 2015.12.11-ний өдрийг /1х, хх-86/ хүртэл 41 хоног, 2016.01.25-ны өдрөөс /1х, хх-201/ 2016.11.04-ний өдрийн байдлаар 284 хоног нийт 325 хоног цагдан хоригдсон байна.       

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Мянган овогт Лхангаагийн Баатарбилэгийг хүнийг танхайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар санаатай алахыг завдсан,

            танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,  

            мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

                                                  

            2. Шүүгдэгч Л.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Л.Баатарбилэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын зарим болох 5 сар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Л.Баатарбилэгийн биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.   

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баатарбилэгийн биечлэн эдлэх 6 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Л.Баатарбилэгийн цагдан хоригдсон 325 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцсугай.     

            6. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүйг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан, тус тогтоолын үндэслэх хэсэгт бичигдсэн шинж бүхий заазуур 2 ширхэг, судалтай алчуур 1 ширхэгийг тус тус устгасугай.

            8.  Шүүгдэгч Л.Баатарбилэгийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.         

            9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.     

            10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Баатарбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ГАНБААТАР

 

                                                 ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                                 Г.АЛТАНЦЭЦЭГ