| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2017/03516/И |
| Дугаар | 184/ШШ2018/01019 |
| Огноо | 2018-04-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2018/01019
| 2018 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 184/ШШ2018/01019 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90.376.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХЗХшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хоршооны 1431 дахь гишүүн Б.Онь 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр 476/12 тоот зээлийн гэрээ байгуулж 55.000.000 төгрөгийг сарын 2.4%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн болно. Өнгөрсөн хугацаанд зээлийн болон хүүгийн төлбөр огт төлөгдөөгүй, шаардлага гаргасан боловч үр дүнд хүрээгүй тул 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгож, Б.Оаас үндсэн зээлийн төлбөрт 55.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 29.480.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5.896.000 төгрөг, нийт 90.376.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай хоршоо нь зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй болно гэв.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С ХЗХнь Б.О надтай 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр 476/12 тоот зээлийн гэрээг байгуулж, 55.000.000 төгрөг зээлүүлсэн гэж зээлийн гэрэний үүрэг нэхэмжилснээс Б.О миний бие зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.О миний бие үүнээс өмнө Сидан ХЗХ-той 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 60.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлээс 19.310.470 төгрөгийг төлж, үлдэгдэл зээл 40.689.530 төгрөг үлдсэн. Иймд 40.689.530 төгрөгийг төлөхйийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр надтай 55.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа 2014 оны 2 дугаар сарын 21-нд зээлийн гэрээ байгуулж авсан зээлийн үлдэгдэл 40.689.530 төгрөг дээр өмнөх зээлийн хүүнээс төлөгдөөгүй байсан зээлийн хүүг нэмж, 55.000.000 төгрөгийг зээлсэн гэж гэрээ байгуулсан болно. Нэхэмжлэгч нь 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр надад 55.000.000 төгрөг шилжүүлээгүй, зээлдүүлж өгөөгүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 55.000.000 төгрөгийг хүлээж аваагүй, мөнгө авсан гэх баримт болон 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн бусад баримтууд нь дүр үзүүлж хийсэн баримт юм. Өмнөх зээлийг хаах зорилготой байсан. 20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн байдлаар өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 40.689.530 төгрөг байсан ба энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 28 сарын хүүг тооцож нэмбэл нийт 66.044.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх боломжтой юм. Үлдэх мөнгийг зөвшөөрөхгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлгүй гарсан, түүнчлэн зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэн дараалал, баримтуудыг нэг өдөр үйлдсэн байдал зэрэг нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудыг дүр үзүүлж хийсэн болохыг нотлох юм гэв.
Зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХЗХнь 20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн 476/12 дугаартай зээлийн гэрээний дагуу, зээлийн төлбөрт 55.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 29.480.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5.896.000 төгрөг, нийт 90.376.000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч Б.О нь зээлийн гэрээ болон мөнгө хүлээн авсан баримт, хэрэгт авагдсан бусад бичмэл баримтуудад гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн, уг гэрээний дагуу 55.000.000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн үлдэгдэл төлбөрийг хаасан мэт харагдуулах зорилгоор, бусад баримтыг үйлдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 66.044.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
Ийнхүү талууд 20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, уг гэрээний дагуу 55.000.000 төгрөгийг өгсөн, авсан талаар талууд маргаж буй нөхцөлд нэхэмжлэгч нь мөнгө өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлагаа, харин хариуцагч нь аваагүй гэх татгалзлаа тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч нь, өмнөх зээлийг хааж, шинээр зээл олгохыг хүссэн агуулга бүхий хариуцагч Б.Оын гарын үсэг бүхий бичмэл баримт, зээлийн гэрээний дагуу 55.000.000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэж өгсөн тухай хариуцагч Б.Оын гарын үсэг бүхий 20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн 000164 дугаартай Кассын зарлагын ордер баримт, зээлийн шимтгэлд 165.000 төгрөг авсан тухай мөн өдрийн 000123 дугаартай Кассын орлогын ордер баримт, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн зээлийг хааж дуусгасан тухай Б.Оын гарын үсэг бүхий 2015 оны 12 дугаарс сарын 18-ны өдрийн 000142 дугаартай Кассын орлогын ордер баримтуудыг тус тус гаргаж, өөрийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлжээ. /хх 44, 48-50 дугаар тал/
Харин хариуцагч тал 20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт 55.000.000 төгрөгийг хүлээж аваагүй хэмээн маргасан боловч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 5 сарын хугацаанд өөрийн татгалзлаа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх баримтуудыг үндэслэл бүхий байдлаар няцааж чадаагүйгээс гадна хариуцагч талаас хүсэлт гаргаж, санал болгосон Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд буюу шинжээчид нь 20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 55.000.000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэж өгсөн тухай дүгнэлт гаргажээ. /хх 66-69 дүгээр тал/
Түүнчлэн хариуцагч нь, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг дүр үзүүлж үйлдсэн гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлж хүсэл зоригоо илэрхийлж баримт үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тухайлбал, хариуцагч нь зээлийн дансанд гүйлгээ хийгдсэн дараалал, түүнчлэн дээрх баримтуудыг нэг өдөр үйлдсэн зэрэг нь дүр үзүүлж баримт үйлдсэн болохыг нотлоно гэх боловч гүйлгээний дараалал болон цаг хугацааны давхцал зэрэг нь хариуцагчийн өөрийнх нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бичмэл нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтийг няцааж чадахгүй байна.
Улммаар хариуцагч нь шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй гэх боловч шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тул үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, түүнчлэн дүгнэлтэд бичигдсэн тоо баримтуудыг эргэлзээтэй гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч С ХЗХболон хариуцагч Б.Оад нарын хооронд, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр, 55.000.000 төгрөгийг 30 хоногийн 2.4%-ийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлдүүлэх, мөн зээлдэгч нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү авахаар харилцан тохиролцож хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн, хэлцлийн дагуу мөнгийг шилжүүлсэн үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч нь 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс хойш аливаа зээлийн төлөлтийг С ХЗХнд төлөөгүй хэмээн тайлбарлаж байх тул нэхэмжлэгч нь 55.000.000 төгрөгийн зээл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хүүгийн төлбөрт 29.480.000 төгрөг, зээлийн гэрээний 5.1-д тохиролцсоны дагуу нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5.896.000 төгрөг, нийт 90.376.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй ба шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь зөвхөн зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд, маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Б.Оаас 90.376.000 төгрөгийг гаргуулан С ХЗХнд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 618.590 төгрөгөөс 609.800 төгрөгийн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8.760 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 дугаартай данснаас буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.Оаас 609.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХЗХнд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР