Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 095

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж, нарийн бичгийн дарга Б.Ардабек, улсын яллагч М.Фарида,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БаянӨлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох 1913002180126 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар  сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “А алтан од" ХХК-ны талбайн инженер ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Бөхөн-Уул, 28 дугаар гудам, 01 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Сийн

Б, регистрийн дугаар:0

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Сийн Б нь 2018 оны 12 дугаар сард тус багийн нутаг дэвсгэрт байрлах “Дастан” шатахуун түгээх станцын хажуугаар явж байгаад иргэн Б.Мгийн гээгдүүлсэн “Самсунг-А6” маркийн гар утсыг олж аваад бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч С.Боос мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж өгсөн гэв.

Хоёр: Эрүүгийн 1913002180126 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Баян-Өлгий аймаг дахь Юнител салбарын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0501/3138 дугаартай албан бичиг, гэрээ /хавтаст хэргийн 7-8, 10 дугаар хуудас/,
  2. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
  3. Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...миний бие 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Мобикомын салбараас “Самсунг А6” маркийн гар утсыг 839.000 төгрөгөөр худалдан авч байсан ба уг гар утсыг 2018 оны 12 дугаар сарын сүүлээр гадуур явж байх үед гээгдүүлсэн байсан. Миний бие алдсан гар утсаа бүрэн бүтэн авсан тул одоо ямар нэгэн гомдолгүй болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,
  4. Иргэний нэхэмжлэгч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Анх уг гар утсыг

Б гэгч надад авч ирж барьцаанд тавьсан ба дараа нь ирж аваагүй тул би уг гар утсыг Х гэгчид худалдсан байсан. Б надад 350.000 төгрөгийг төлж өгсөн болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

  1. Гэрч Д.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын эхээр“Самсунг А6” маркийн гар утсыг Өлгий сумын иргэн Ж.А гэгчээс өөрийн ашиглаж байсан

“Галакси Жи-7” маркийн гар утас болон бэлэн 170.000-180.000 төгрөг өгч худалдан авсан болно. Иргэн Ж.А надад уг гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт Ломбардад байсан гар утас гэж хэлээд худалдсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

  1. “Мөнх эстимейт” ХХК-ны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19/26 дугаартайшинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
  2. Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын20-ны үеэр оройн 16, 17 цагийн үед Өлгий сумын 3 дугаар багт байрлах гэрээс гараад тус багийн нутаг дэвсгэрт байрлах “Дастан” шатахуун түгээх станцын дээд талд айлуудын дунд байдаг шороон замаар аймгийн төв рүү ирж байх замдаа “Самсунг А6” маркийн гар утсыг олж авсан. Дараа нь уг гар утсыг авч кармандаа хийж авсан ба орой гэрт очсон үед гэрт аваачиж хадгалсан байсан. 2019 оны 04 дүгээр сарын эхэнд Улаанбаатар хот руу албан ажлаар явах болсон үед мөнгө төгрөг хэрэгтэй байсан учир уг гар утсыг 04 дүгээр сарын 12-ны өдөр Самал төвийн дотор байдаг ХААН ломбардад барьцаанд тавьж, 290000 төгрөг авсан. Дараа нь мөнгө төгрөг байхгүй байсан учир уг гар утсыг дахиж аваагүй байсан. Би анх удаа болгоомжгүйгээр ийм гэмт хэрэгт холбогдсон, хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,
  3. Шүүгдэгч С.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаархуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дастан” шатахуун түгээх станцын хажуугаар явж байгаад иргэн Б.Мгийн гээгдүүлсэн “Самсунг-А6” маркийн гар утсыг олж аваад бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Баян-Өлгий аймаг дахь Юнител салбарын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05-01/3138 дугаартай албан бичиг, гэрээ /хавтаст хэргийн 7-8, 10 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, гэрч Д.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,  “Мөнх эстимейт” ХХК-ны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 19/26 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас 400,000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Б нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Ж.Ад 350.000 төгрөг төлж өгсөн байна.

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч хохирогч этгээдтэй хоорондоо сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5/54 дугаартай саналд яллагдагч С.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С.Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал эрүүгийн 1913002180126 дугаартай эрүүгийн хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул С.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь учруулсан хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овогт Сийн Быг “бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчС.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчС.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчС.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоорбусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Бын иргэний цахим үнэмлэх,гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Болатбект даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Бд урьдавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаарзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАЛГАТ