| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0102/Э |
| Дугаар | 099 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 099
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
Нарийн бичгийн дарга К.Еркежан,
Орчуулагч, хэлмэрч Ж.Ахмарал,
Улсын яллагч Б.Ботакөз,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди,
Шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ботакөзөөс Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913002090136 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Мн Ж, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 0.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн үед БаянӨлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ховд гол” хэмээх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хөрш айлын залуу яагаад чам руу исгэрдэг юм” гэж шалтаглан, бусадтай харилцах эрхэд нь халдах замаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Д.Нурсаулег зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч М.Ж мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 1913002090136 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Би Чоно гэх залууд чи над руу исгэрдэг хэн юм вэ? би чиний үеийн хүүхэд юм уу? гэж уурласан. Улмаар цай уугаад дуусаад хөрш айлын Ч, хадам ах М.Б, хадам дүү М.Х нар гараад явсан. Тэрээр би ширээний хажууд сандалд сууж байсан чинь Ж ирээд Ч чам руу ямар учраас исгэрдэг юм вэ? гэж миний баруун талын хацар руу зүүн талын гараараа нэг удаа алгадсан. Би юм хэлээгүй. Тэгээд оройн 23 цагийн орчимд унтах гэж байхад Ч ямар учраас исгэрдэг юм вэ? гэж хэлээд дахин миний нуруу орчимд гараараа нэг удаа цохисон ба тэр үед би ухаан алдаад унасан ба өмдөндөө шээчихсэн байна. Ухаан ороод харсан чинь миний гарыг хадам ах М.Б эхнэр нь Нургүл, хадам дүү Хийн эхнэр нь Айкүмис нар ирээд миний гар хөлийг барьж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
Тэгээд өглөө 08:00 цагийн үед миний бага хүү А миний хоньж байсан гэрт ирж хүргэн ах Ж ирж Нурсауле ухаан алдаж унасан байна аваарай гэж хэлсэн гэсэн. Тэгээд би гэрт ирж эхнэр мөн 2 охиноо дагуулж Ховд багт байдаг хүргэн Жийн гэрт 12 цагийн үед очсон. Тэгээд гэрт орж охиноо харсан чинь нэг нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Тэрээр би охиноос асуусан чинь Ж архи ууж ирж надад гар хүрсэн гэж хэлсэн, тэгээд охин Нурсаулегийн хувцас хунарыг авч гэртээ дагуулж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн үед БаянӨлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ховд гол” хэмээх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэртээ эхнэр Д.Нурсаулед “хөрш айлын залуу яагаад чам руу исгэрдэг юм” хэмээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Д.Нурсаулег зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Д.Нурсаулегийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/, гэрч М.Жалыны /хоч нэр нь Ч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, гэрч Ш.Дауитийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, гэрч М.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2627 дугаар хуудас/, гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Ж.Нургүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 233 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Жийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч М.Жийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Д.Нурсаулег зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нурсалегийн биед хөнгөн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Жээс нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүгдэгч М.Жт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч нь хохирогчтой сайн дураараа эвлэрч, энэ тухай баталгааг прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлтийн хамт гаргаж өгсөн байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5/56 дугаартай саналд яллагдагч М.Жт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч М.Ж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/.
Мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан тул М.Жт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч М.Ж нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгүүлж байгаагүй байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Ж цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
М.Жийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАЛГАТ