Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 100

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

Нарийн бичгийн дарга К.Еркежан,

Улсын яллагч Б.Ботакөз,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ботакөзөөс Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913001840109 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Бын А, 1992 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, хилийн 288 гудамж, 6-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 0.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар

ангийн санхүүгийн тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх үед 2019 оны 2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 08-ны хооронд Өлгий сумын 8 дугаар багт байрлах “Цамбагарав Өгөөж" ХХК-иас хүнс бараа болон бэлэн мөнгө гаргаж авах явцад тус компани ажилтан Т.Н 24.000.000 төгрөгийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ шилжүүлэг хийснийг мэдсээр байж завшиж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.    Шүүгдэгч Б.Аг гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Шүүгдэгч Б.А нь Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн

дугаар ангийн санхүүгийн тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх үед 2019 оны 2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 08-ны хооронд Өлгий сумын 8 дугаар багт байрлах “Цамбагарав Өгөөж" ХХК-иас хүнс бараа болон бэлэн мөнгө гаргаж авах явцад тус компани ажилтан Т.Н  24.000.000 төгрөгийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ шилжүүлэг хийснийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

    Хохирогч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Хилийн цэргийн 0165 дугаар анги нь манай компанитай гэрээтэй бөгөөд байнга хоол хүнсээ манайхаас авч, өдөр тутам, сар сараар тооцоо хийдэг байсан. Мөн уг байгууллагатай гэрээтэй учраас холбогдох хүнс, барааны мөнгө нь төрийн сангаас манай компани дансаар дамжуулан орж гардаг байсан. Ингээд уг мөнгөнөөс 2019 оны 02 дугаар сар Б.А нь 25 сая төгрөгийг гаргаж авсан байсан. Үүнийг тухайн үед тэмдэглэж аваагүй байсан.Тэгээд хэд хоногийн дараа дахиж Б.А тооцоо нийлэхэд 25 сая төгрөг илүү гарсан. Учир нь би урьд өгсөн 25 сая төгрөгийг тэмдэглэж хасалт хийгээгүйгээс болоод уг мөнгө илүү гарсан байсан. Ингээд би 25 сая төгрөгийг дахин Б.Ад гаргаад өгсөн. Тэгсэн уг мөнгийг Б.А нь хувьдаа завшсан нь тогтоогдсон. А өмнө нь 25 сая төгрөгийг авсан гэдгийг мэдсээр байж намайг тэмдэглэж хасалт хийгээгүйг далимдуулж дахиад 25 сая төгрөгийг гаргуулж авсан байсан. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус бүр 2 удаагийн гүйлгээгээр нийт 6 сая төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мобайлаар 3 сая төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 5373099281 тоот дансанд 10 сая төгрөг, мөн тус өдөр 5039566555 тоот дансанд 5 сая төгрөг тус тус шилжүүлсэн. Дээрх хоёр данс нь Ан эмээ, төрсөн дүүгийнх нь данс байсныг дараа нь мэдсэн. Б.А нь нийт 24 сая төгрөгийг шилжүүлгээр завшсан. 1489500 төгрөгт хүнс бараа авсан боловч цэргийн ангид өгөөгүй, өөрөө ашигласан байсан. Тэгэхэд нийт 25489500 төгрөгийг хувьдаа завшсан байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/,

               Гэрч Л.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ингээд 2018 оны тооцоо нийлэхэд манай компаниас ихээхэн хэмжээний хүнсний бараа болон бэлэн мөнгө гаргаж авах явцад тус ангийн санхүүгийн албаны дарга Б.А нь 25489500 төгрөгийг хувьдаа ашигласан болох нь тогтоогдсон. Хилийн цэргийн 0165 дугар анги нь манай компанитай гэрээтэй бөгөөд байнга хоол хүнсээ манайхаас авч, өдөр тутам, сар сараар тооцоо хийдэг байсан. Мөн уг байгууллагатай гэрээтэй учраас холбогдох хүнс, барааны мөнгө нь төрийн сангаас манай компани дансаар дамжуулж гардаг байсан. Ингээд уг мөнгөнөөс 2019 оны 2 дугаар сард Б.А нь 25 сая төгрөгийг гаргаж авсан байсан ба үүнийг тухайн үед Н тэмдэглэж аваагүй байсан. Хэд хоногийн дараа дахин Б.Атай тооцоо нийлэхэд 25 сая төгрөг илүү гарсан. Учир нь манай дэлгүүрийн бөөний төвийг хариуцсан Н нь урьд өгсөн 25 сая төгрөгийг тэмдэглэж хасалт хийгээгүйгээс болоод уг мөнгө илүү гарсан байсан. Тэгээд 25 сая төгрөгийг Б.Ад гаргаад өгсөн байсан. Тэгсэн уг мөнгийг Б.А нь хувьдаа завшсан нь тогтоогдсон. А өмнө нь 25 сая төгрөгийн авсан гэдгийг мэдсээр байж Н тэмдэглэж хасалт хийгээгүйг далимдуулж дахиад 25 сая төгрөгийг гаргуулж авсан байсан. Нийт учирсан 25.489.500 төгрөгөөс 18.300.000 төгрөгийг А нь бэлнээр төлж өгсөн бөгөөд бид нар хоорондоо тохиролцож үлдсэн 7200000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны дотор барагдуулж өгөх талаар гэрээ хийсэн болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

 Гэрч Ц.Жавзансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  ...А нь “Цамбагарав Өгөөж” ХХК-иас 25.489.500 төгрөгийг завшсан байсан ба үүнээс 18300000 төгрөгийг өгсөн. 7200000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны дотор төлж өгөхөөр гэрээ байгуулсан. А нь дээрх завшсан мөнгөнөөс миний ээж Дэндэв овогтой Цэрэнхандын данс руу 10000000 төгрөг, дүү нь Б овогтой Бийн данс руу 5000000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байсан. Ингээд би тухайн үед Агаас ийм их мөнгийг хаанаас авсан юм бэ, ямар учиртай мөнгө төгрөг вэ гэхэд албаны мөнгө байгаа, би өөрөө хэрэгтэй үед авна, түр зуур эмээ, дүүгийн дансанд байлгаж байгаарай гэж хэлж байсан. Мөн тухайн үед миний 2 дахь хүү Б.Б нь хэрэгт холбогдсон байсан ба надад хэлэлгүйгээр Б нь уг мөнгийг аваад хэргийн хохиролд өгсөн байсан. Чухам уг мөнгийг А завшиж авсан мөнгө төгрөг гэж бид хэд мэдээгүй юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

            ХохирогчТ.Нээс гаргаж өгсөн Б.Атай тооцоо хийсэн болон мобайлаар мөнгө шилжүүлсэн мөнгөн дүнг бичсэн баримтын хуулбар /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

             ХААН банкин дахь яллагдагч Б.Ан 5371084493 дугаартай дансанд Т.Нийн 5197037427 тоот данснаас 6000000 төгрөгийн орлого орсон байдлыг хариулсан дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

             Яллагдагч Б.А нь Т.Нээс 3 сая төгрөгийг найз Оргилболдын дансаар дамжуулан авсныг харуулсан дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/

            Хохирогч Т.НээсБ.Ан нагац эмээ Д.Цэрэнхандын данс руу 10 сая төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

            Хохирогч Т.Нээс Б.Ан дүү Б.Бийн данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Б.Ан мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би Дорноговь аймагт ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Цагааннуур сум дахь Хилийн цэргийн 0285 дугаар ангид нягтлан бодогчоор томилогдон ирээд, тэнд ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сараас эхлэн тус аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангийн Санхүүгийн тасгийн даргаар томилогдон 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажилласан. Хилийн цэргийн 0165 дугаар анги нь “Цамбагарав Өгөөж” ХХК-тай олон жилийн өмнөөс хамтран ажиллаж ирсэн. Тэдний найдвартай түнш бөгөөд уг компани бөөний төвтэй гэрээ байгуулж, цэргүүдийн бараа хүнсийг татаж авдаг байсан. 2018 оны 11 дүгээр сард уг бөөний төвийн данс руу төрийн сангаас шилжүүлсэн 25.000.000 төгрөгийг бэлнээр гаргуулан аваад байгууллагын хэрэгцээнд зарцуулсан. Ингээд

2019 оны 2 дугаар сард тооцоо нийлэхэд 25.000.000 төгрөгийн зөрүү гарсан. Учир нь, 2018 оны 11 дүгээр сард 25.000.000 төгрөгийг Н эгч Хилийн цэргийн 0165 дугаар ангид бэлэн мөнгөөр гаргаж өгснөө тэмдэглэж аваагүйгээс зөрүү үүссэн. Тэгээд би үүнийг мэдсээр байж дахин 24.000.000 төгрөгийг бэлэн бусаар 10.000.000 төгрөгийг эмээ болох Цэрэнхандын данс руу /дансны дугаарыг нь санахгүй байна/, дүү болох Бийн данс руу /дансны дугаарыг нь санахгүй байна/ 5.000.000 төгрөгийг, өөрийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөгийг, үлдсэн 3.000.000 төгрөгийг найз болох Оргилболдын данс руу тус тус шилжүүлж авсан. Ингээд би 24.000.000 төгрөгийг хувьдаа завшсан.

             Миний бие хуульд таарахгүй буруу зүйл хийсэн болохоо ухаарч гэмшиж байна. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Ан үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 24.000.000 төгрөг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Т.Нт учруулсан шууд хохирол 24.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Т.Нийн шүүхийн шатанд гаргаж өгсөн “Б.А нь төлөх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэг санал гомдол байхгүй болно” хэмээн бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Т.А бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Ан үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Б.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох Е 1697450 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслахт даалгах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Б овогт Бын Аг “төлбөр тооцооны алдаатайгүйлгээ буюу эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Аг  450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэхтогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ан гадаад паспортыгшүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Болатбект даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Адурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанбуюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолынбиелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАЛГАТ