Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0197

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

Нэхэмжлэлийн шаардлага Үндэсний аудитын газрын төлбөр барагдуулах тухай 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 202/А0160093 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 820 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, О.Б, Ш.Ц, Ц.А

Хариуцагч Б.Б, Б.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0590/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХК нь Үндэсний аудитын газрын төлбөр барагдуулах тухай 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 202/А0160093 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”-аар маргасан байна.          

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 820 дугаар шийдвэрээр Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29, 4.1.39, 4.1.41, 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.19, 37.2.3, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Э ХК-аас Үндэсний аудитын газрын аудиторуудад холбогдуулан гаргасан Үндэсний аудитын газрын төлбөр барагдуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 202/А0160093 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ... Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 113 дугаар тогтоолоор Таван толгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг нэн яаралтай эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг өгсөн бөгөөд Тагнуулын Ерөнхий Газрын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1222 тоот албан бичгээр “Загийн усны хоолой” гүний усны ордоос “Э ” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил нь төрийн нууцад хамаарах тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу зохион байгуулж болох талаар уламжилсан. Үүний дагуу “Э ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Н-01 тоот тушаалаар компанийн хэмжээнд Төрийн нууцад хамааруулсан ажил үйлчилгээг худалдан авах харилцааг зохицуулсан “Төрийн нууцад хамруулсан бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах журам”- ыг баталж, мөрдөж эхэлсэн бөгөөд уг журмын дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулалтыг явуулж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Н" ХХК, “Т” ХХК нарын түншлэл, “Э " ХХК, “Б ХХК нарын түншлэл, “Ч" ХХК, “С” ХХК нарын түншлэлтэй “Загийн усны хоолой” гүний усны ордоос “Э ” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай гэрээг байгуулсан.

3.2. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д заасан захиалагчийн техник хяналтын зөвлөх үйлчилгээг аливаа иргэн, аж ахуйн нэгж Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ийн 2.2-т заасны дагуу компанийн өөрийнх нь байнгын ажиллагаатай Хяналтын багаар болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийг сонгон шалгаруулах аргаар авдаг. Мөн дүрмийн 2.8-д “Захиалагч барилгын тухай хуулийн 37.1.4-т заасан барилгын үе шатны ажилд тавих хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилон ажиллуулна” гэж заасны дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/47 тоот тушаалаар томилогдсон Хяналтын баг нь “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ийн 3.10-т “Захиалагч барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, ил далд ажил болон тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга хийсэн акт, санхүүжилт зэрэг холбогдох бусад баримт бичгийг барилгын ажил гүйцэтгэх төлөвлөгөө (график), гэрээнд заасны дагуу барилгын үйл ажиллагаанд оролцогчидтой хамтран сар бүр хянан баталгаажуулна” гэж заасны дагуу тухай бүр барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг албажуулсан. Тус дүрмийн 3.4-т “Захиалагч барилгын ажлын явц, үе шатанд тавих хяналтыг гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдтэй хамтран гэрээний үндсэн дээр өдөр, сар, улирал бүрээр гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Захиалагч барилга угсралтын ажлын аль ч үе шатанд захиалагчийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ авах гэрээ байгуулах эрхтэй. Үе шатны ажил гэдгийг Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.41-т барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаа тус бүрийн технологийн дараалал гэж тодорхойлж өгсөн бөгөөд захиалагчийн хяналт тавих Зөвлөх үйлчилгээний ажлыг тухайн гэрээгээр хяналт тавих ажлын хэмжээ, байнгын ашиглалтын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа, туршилт тохируулгын хугацаанд (1 жил) зэрэг аль ч үе шатанд хэдэн ч Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон авч, гэрээнд тусгах замаар тохиролцож болох юм.

3.3. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь компанийн хэмжээнд хэрэгжиж буй барилга, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, “Загийн усны хоолойн гүний усны ордоос “Э ” ХК-ийн нүүрсний уурхай хүртэл ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх 3-н гэрээг Төрийн болон албаны нууцаас гаргахаар холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн бөгөөд Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 449 дүгээр тогтоолоор “Э ” ХК-д хэрэгжиж буй төрийн нууцад хамааруулсан төсөл хөтөлбөртэй холбоотой гэрээ, баримт бичгийг төрийн нууцаас гаргаж, ил болгосон. Ингэснээр Барилгын тухай хуулийн 37.2-т “Захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно” гэж заасныг хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах боломж бүрдэж, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 тоот тушаалаар Загийн усны хоолойн төслийн захиалагчийн техникийн хяналтын хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох Үнэлгээний хороог байгуулсан. Тус Үнэлгээний хороо нь 2023 оны 02 дугаар сарын 15, 2023 оны 05 дугаар сарын 04, 2023 оны 07 дугаар сарын 07, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд удаа дараа Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай тендерийг зарлаж, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ЭТТ-2023/1208 дугаартай захиалагчийн хяналт хэрэгжүүлэх гэрээг Барилгын хөгжлийн төвтэй байгуулсан. Уг гэрээгээр 3.3.1-д “Төслийн барилга угсралтын ажил эхэлснээс энэ гэрээг байгуулах хүртэлх хугацаанд хийгдсэн ажлыг шалган дүгнэлт зөвлөмж гарган, шаардлагатай бол засуулах зааварчилгаа бүхий тайланг захиалагчид хүргүүлснийг Захиалагч тал баталгаажуулж акт үйлдсэний дараа эхний төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх төлбөрийг төлнө” гэж заасан бөгөөд үүнээс захиалагчийн хяналтыг барилга угсралтын ажлын аль ч үе шатанд авч болохоос гадна, өмнө нь хийгдсэн барилга угсралтын ажилд Барилгын хөгжлийн төвөөс бүхэлд нь хяналт тавих бүрэн боломжтой болох нь харагдаж байна.

3.4. Иймд захиалагч үйл ажиллагаагаа холбогдох хууль журамд нийцүүлэн явуулсаар байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6.2-т “...нэхэмжлэгч нь ... хуулиар тогтоосон захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамаарч мэргэжлийн эрх бүхий байгууллагаар эсхүл захиалагч өөрсдөө хяналтаа хэрэгжүүлэх эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх байжээ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.5. ... Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 7.2-т “...нийт захиалагчийн хяналтын зардал нь гэрээгээр 4.9 тэрбум төгрөг бөгөөд үүнээс зарцуулаагүй атлаа ямар ч хяналтгүй баталгаажуулсан 3,4 тэрбум төгрөгт төлбөрийн акт тавьсан хариуцагч нарын шийдвэрийг буруутгах боломжгүй, үүнийг байгууллагын ашиг болгож үлдээж болохгүй, аудит таслан зогсоох үндсэн үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа хариуцагч Б.Б-н тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, баталгаажуулалт гэж юуг хэлж байгаа талаараа дүгнэлт өгөөгүй, 3.4 тэрбум төгрөгийг байгууллагын ашиг болгож үлдээж болохгүй, аудит таслан зогсоох үндсэн үүрэгтэй гэх хариуцагчийн тайлбарыг яагаад үндэслэлтэй гэж үзэж байгаагаа анхан шатны шүүх тайлбарлаагүй, 7.3-т дурдсан Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт нь төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой төсөвт байгууллагын үйл ажиллагаанд хамаарахуйц заалт байтал “...холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн тохиолдолд ч төлбөрийн акт тавих эрх хариуцагчид байна” гэж Үндэсний аудитын газрын хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлэн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.6. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлэхээр заасан. “Э ” ХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасны дагуу төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан ашгийн төлөө хуулийн этгээд бөгөөд одоогийн байдлаар “Э ” ХК-ийн хувьцааны 81.5 хувийг “Э” ХХК, 18.44 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн, Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж, санхүүгийн жил тус бүрээр төсвийн зарцуулалтаа тайлагнаж, дараагийн жилийн төсвөө батлуулах зарчмаар ажилладаг төсвийн байгууллагаас төрийн өмчийн оролцоотой ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн санхүүгийн бүртгэлийн онцлогийг ялгаж авч үзээгүйгээрээ “Үндэсний аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 202/А0160093 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт нь Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан нийт хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрхийг зөрчсөн шийдвэр байхад уг төлбөрийн актыг анхан шатны шүүхээс хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

3.7. “Э ” ХК нь барилга, дэд бүтцийн хэрэгжиж буй гэрээний урьдчилж гарсан зардлуудыг “Дуусаагүй барилга” гэсэн дансанд хуримтлуулан бүртгэж байгаа бөгөөд тайлант хугацааны зардлаар хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл, барилга угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын зардал болох 3,442.6 сая төгрөг компанийн данснаас гараагүй, захиалагчийн техникийн хяналтын зардлыг баталгаажуулж, аккруэль сууриар зардалд огт бүртгээгүй байгаа. Үндэсний аудитын газрын “аккруэль суурь” буюу “мөнгө төлсөн эсэхээс хамаарахгүйгээр зардлыг хүлээн зөвшөөрсөн” гэх тайлбар нь санхүүгийн нотлох баримтыг үнэлэхгүйгээр буруу дүгнэлт хийж, компанийн нягтлан бодох бүртгэлд зардлаар хүлээн зөвшөөрч бүртгээгүй байгаа дүнг “захиалагчийн хяналтын зардал” гаргасан гэж тооцон, төлбөрийн акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бүртгээгүй зардлыг үнэлж, зөрчил гэж үзсэн үндэслэл нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар батлагдсан “Албан шаардлага, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан төлбөрийн акт тогтоох үндэслэлд хамаарахгүй байна.

3.8. Иймд, “Э ” ХК-ийн үйл ажиллагаанд Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй, тогтоогдоогүй, аудиторын зөрчил гэж үзэж төлбөрийн акт тогтоосон нь төрийн аудит бодитой байх зарчмыг удирдлага болгоогүй, хууль зүйн үндэслэлгүй, тусдаа гэрээгээр тооцогдох гүйцэтгэлийг ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлээр тооцож тооцоолол хийсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул Үндэсний аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн захиалагчийн техникийн хяналтын зардал 3,442,627,918.0 төгрөгийг үндэслэлгүй баталгаажуулсан гэх 202/А0160093 дугаартай төлбөрийн актыг үндэслэлтэй гэж үзсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 820 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

                                                               ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “Э ” ХК-иас Үндэсний аудитын газрын, Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Э, аудитын менежер Б.С, ахлах аудитор Б.Б нарт тус тус холбогдуулан “Үндэсний аудитын газрын “төлбөр барагдуулах тухай” 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 202/А0160093 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “...Э ” ХК-ийн дүрмийн 1.2-д компанийн зорилго, үйл ажиллагааны чиглэлийг журамласан байх ба 1.2.2-д “Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” гэсэн байх боловч нэхэмжлэгч компани нь гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/47 дугаар тушаалаар “Загийн усны хоолой” гүний усны ордоос “Э ” ХК-ийн нүүрсний уурхайн хүртэлх ус хангамжийн системийн шугам хоолойн барилга угсралтын явцад хяналт хийх захиалагчийн хяналтын багийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталж, хяналтын багийн тайланг 6 сар тутамд гүйцэтгэх захиралд танилцуулахыг Барилга, дэд бүтцийн газарт үүрэг болгосон нь Барилгын тухай хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй, ялангуяа 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авна” гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. “Э ” ХК нь Барилгын тухай хуулийн 37.1.19-д “барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах” гэж заасны дагуу хуулиар тогтоосон захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамаарч мэргэжлийн эрх бүхий байгууллагаар эсхүл захиалагч өөрсдөө хяналтаа хэрэгжүүлэх эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой. “Э” ХК нь “Загийн усны хоолой” гүний усны ордоос “Э” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн системийн шугам хоолойн барилга угсралтын явцад хяналт хийх захиалагчийн хяналтын багийн бүрэлдэхүүнийг өөрийн компаниас бүрдүүлж, Барилгын тухай хууль болон Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-д заасны дагуу шаардлага хангаж, бүртгүүлсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй субъектын үйлчилгээг аваагүй нь буруу байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Загийн усны хоолойн гүний усны ордоос Э ” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай гэрээг нийт 118.3 тэрбум төгрөгөөр, үүнээс барилга угсралтын ажилд тавих захиалагчийн техникийн хяналтын зардлыг 5 хувь буюу 4,944.4 сая төгрөг байхаар тооцож гэрээнд тусгасан боловч төслийн хэрэгжилтэд хяналт тавих гэрээ байгуулаагүй, хөндлөнгийн хяналт хэрэгжүүлээгүй мөртлөө барилга угсралтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтын зардлыг оруулан баталгаажуулсан. Загийн усны хоолойн гүний усны ордоос Э ” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36 дугаартай гэрээт ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт хэрэгжүүлэх мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, ямар ч гэрээ байгуулалгүйгээр захиалагчийн хяналтын 3,442,627,918.0 /гурван тэрбум, дөрвөн зуун дөчин хоёр сая, зургаан зуун хорин долоон мянга, есөн зуун арван найман/ төгрөгийг үндэслэлгүйгээр баталгаажуулсан болох нь тогтоогдож байна.

2.4. Хариуцагчаас дээрх төгрөгийг Төрийн сан дахь Аудитын шалгалтын орлогын 100900000601 дүгээр дансанд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төвлөрүүлж, улсын төсвийн орлого болгохыг Э ” ХК-д даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, хуульд нийцжээ.

2.5. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д “Усны барилга байгууламж гэж усны түрэлт, урсцыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг хэлнэ” гэж, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд барилга байгууламжийн ангиллыг зааж өгсөн бөгөөд 10 дугаар зүйлийн 10.2-д “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно” гэж тус тус заасан.

2.6. Дээрх хуульд заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн журам шинэчлэн батлах тухай 211 дүгээр тушаалаар “барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ыг баталсан, уг журмын нэгдүгээр хавсралтаар барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг, хоёрдугаар хавсралтаар барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тодорхойлох аргачлалыг гуравдугаар хавсралтаар барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тус тус баталсан байх бөгөөд Загийн усны хоолойн барилга, байгууламж нь “онцгой төвөгшилтэй” барилга, байгууламжийн ангилалд хамаарахаар байна.

2.7. Загийн усны хоолойн гүний усны ордоос Э ” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх ЭТТ-2022-34, 35, 36 дугаартай гэрээг нууцад хамруулан гүйцэтгэгчид болох Н” ХХК болон Т” ХХК-иудын түншлэл, Э” ХХК болон Б ХХК-ийн түншлэл, Ч” ХХК болон “С” ХХК-ийн түншлэлийг тус тус сонгож гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлж байгаа боловч захиалагчийн хяналт хэрэгжүүлэх хуулийн этгээдтэй гэрээ байгуулж ажиллаагүй нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй.

2.8. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна” мөн хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн чиг үүргийг заасан бөгөөд 37.1.4-д “барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээг байгуулж ажиллах”, 37 дугаар зүйлийн 37.2.3-д “захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно”, 42 дугаар зүйлийн 42.2-т “энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ заавал авна”, 46 дугаар зүйлийн 46.5-д “ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвхөн үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.

2.9. “Э” ХК нь стратегийн ач холбогдолтой өндөр өртөгтэй хийгдэж байгаа “Онцгой төвөгшилтэй” төслийг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн хөндлөнгийн хяналтгүйгээр барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь дээрх Барилгын тухай хуулийг тус тус зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46 дугаар зүйлийн 46.1.6-д “гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулах”, Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 2.7-д “Захиалагчийн санхүүжилтийн эх үүсвэр нь барилга байгууламжийн төсөвт өртөгт тусгагдсан байх бөгөөд зардлыг зориулалтын дагуу ашиглана” гэж тус тус заасан.

2.11. Үндэсний аудитын газраас “Э ” ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт сэдвээр “Э ” ХК-ийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийж 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” акт тогтоосноос хойш 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-тай “Загийн усны хоолой” гүний усны ордоос”Э” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам сүлжээний барилгын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлэх ЭТТ-2023/1208 дугаартай гэрээ байгуулж, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-иас барилгын захиалагчийн чиг үүрэг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг авахаар тохиролцсон байх ба гэрээний 3.1 дэх хэсэгт гэрээний дүнг 1,494,005,000 /нэг тэрбум дөрвөн зуун ерөн дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг байхаар тогтоосныг дээрх хууль тогтоомжийг биелүүлээгүй байна.

2.12. Өөрөөр хэлбэл “Загийн усны хоолой” гүний усны ордоос “Э ” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам сүлжээний барилгын ажлын гүйцэтгэлд нэхэмжлэгч компани өөрөө хяналт тавьж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нийт захиалагчийн хяналтын зардал нь гэрээгээр 4.9 тэрбум төгрөг бөгөөд үүнээс зарцуулаагүй атлаа хяналтгүй баталгаажуулсныг төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулсан гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 0820 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ