Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2016/0115/Э
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
Улсын яллагч:                 Ц.Цэен-Ойдов,
Нарийн бичгийн дарга:         Алтансувд,
Иргэдийн төлөөлөгч:             Ч.Алдармаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:         Д.Оюунцэцэг,
Шүүгдэгч:                 Л.Энхтайван нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Энхтайванд холбогдох  201623000194 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, 1960 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баян-Уул суманд төрсөн, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Хэнтий аймгийн Хэрлэн сум 3-р баг Баянмөнхийн 10-22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Лувсан-Ёндонгийн Энхтайван /РД: СЭ60122571/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Л.Энхтайван нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 10-р гудамжны 17 тоот хашаанд иргэн А.Мөнхнасангийн зүүн нүдэн тус газар нь цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Мөнхнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Өмнөдэлгэр сумаас аймгийн төвд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Ирсэн өдрөө өөрийн ээжийн төрсөн дүү Цэцэг эгчийнд ирсэн. Намайг ирээд байж байхад ээжийн төрсөн дүү Эрдэнэсувд гэртээ согтуу байсан.  Тэгээд Эрдэнэсувд, Цэцэг бид гурав миний авч ирсэн 0.5 литрийн “Цагаан архи” нэртэй хувааж уусны дараа Эрдэнэсувд эгч нилээн согтсон байсан болохоор нь одоо 3-лаа архи уухаа болье сайхан хоол унд хийж идчихээд орой унтахдаа ганц шил
D:\2016 Мөнхномин\шийтгэх тогтоол\шийтгэх тогтоол 96.1  Энхтайван.docx
архи ууя гэж би хэлсэн. Эрдэнэсувд эгч намайг хэлсэний дараа одоо шууд ууя гэсээр байгаад нийслэл нэртэй 2.5 литрийн пиво дахиж авсан. Пивоо ууж дуусаагүй байх үед Эрдэнэсувд эгчийн нөхөр Энхтайван ирээд Эрдэнэсувд эгчийг чи дандаа ах дүү нартайгаа нийлж архи уудаг гэж загнаад хоорондоо хэрэлдээд байсан. Энхтайван ах ирэхдээ нилээн согтуу байсан. Хоорондоо хэрэлдээд байхаар нь та одоо гэртээ харьж амар, согтуу хэл амаа олохгүй гэж хэлэхэд миний өөдөөс уурлаад та нар эгчийгээ дандаа ингэж өмөөрдөг гэхээр нь би Энхтайван ахыг баруун талын шанаад тус газар нь нэг удаа цохисон юм. Цохисны дараа намайг гэр рүү орох гээд явж байтал Энхтайван ах намайг дуудахаар нь очиход миний хүзүүгээр тэврээд хашаанаас гараад явж байтал миний зүүн талын нүд рүү цохисон. Тэгээд нүдээ цохиулчихаад гэр рүү орсон. Энхтайван гэр рүүгээ явсан байх...Даваа гариг буюу 6 сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу яаралтай яваарай гэж хэлсэн. Миний нүдний цөцгий цувсан гэж хэлсэн. Энхтайван ах бид 2-ын дунд өр авлага, өш хонзон байхгүй. Манай эгч Эрдэнэсувдыг зоддог гэж хүнээс сонсож байсан, гэхдээ тэр талаар юм бодож явдаггүй. Миний зүүн талын нүд огт юм харахгүй байгаа ба эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/,
Гэрч Б.Цэцэгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай төрсөн эгч Сувдаагийн хүү Мөнхнасан 2016.06.10-ны өдөр Өмнөдэлгэр сумаас манай гэрт ирсэн. Тухайн үед манай гэрт манай хамгийн бага дүү Эрдэнэсувд, манай нөхөр Уртнасан нар байсан юм. Гэрт өдөр эгчийн хүүхэд Мөнхнасан нэг шил 0.5 литрийн нэрийг нь мэдэхгүй архитай ирсэн. Тэгээд Мөнхнасан, Эрдэнэсувд бид гурав хувааж уугаад байж байтал Эрдэнсувдын нөхөр Энхтайван манай гэрт согтуу орж ирээд гэрт орох гээд байхаар нь гэртээ оруулахгүй гэтэл миний баруун хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Намайг цохисны дараа Мөнхнасан над дээр ирэхээр нь би амбаар руугаа яваад орсон юм. Удалгүй Мөнхнасан ирээд Энхтайван миний зүүн талын нүд рүү цохичихлоо гээд ороод ирсэн юм. Би бол цохиж байхыг хараагүй...Гэрт орж ирэхдээ л нүдээ дараад орж ирсэн, цус гараагүй байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13тал/,
Гэрч Б.Эрдэнэсувдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр би уугаад халамцуу өөрийн эгч Цэцгээгийн гэрт очоод байж байхад гаднаас хамаатан Мөнхнасан нэг шил архитай орж ирсэн. Түүнээс хойш би тасарсан байсан. Нэг мэдэхэд орой болсон байсан. Маргааш нь сонсоход Энхтайван Мөнхсайханы нүд рүү цохисон гэсэн яриа байсан...Энхтайван зан байдлийн хувьд төлөв даруу зантай, ажилсаг, бусадтай эв найрамдалтай, хааяа архи уучихдаг хүн ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Шинжээчийн дүгнэлт: 2016.159 тоот дүгнэлтэнд: Дүгнэлт 1. А.Мөнхнасангийн биед зүүн нүдний эвэрлэг рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, 3. Дээрх гэмтэл нь шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-д зааснаар нүдний хараа буурах заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтээр 34.1.1-д зааснаар 35% тогтонги алдагдана /хх-ийн 42 тал/,
Шүүгдэгч Л.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 51-52, 57-58 тал/  зэрэг болно.
Шүүгдэгч Л. Энхтайван нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг, Баянмөнхийн 10 дугаар гудамжны 17 тоот хашаанд хохирогч                            А.Мөнхнасангийн зүүн нүдэн тус газар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч гэрч нарын мэдүүлгүүд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Иймээс шүүх шүүгдэгч Л. Энхтайванийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй.
Мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч А.Мөнхнасан “...Тэгээд Эрдэнэсувд, Цэцэг бид гурав миний авч ирсэн 0.5 литрийн “Цагаан архи” нэртэй архи хувааж уусны дараа... нийслэл нэртэй 2.5 литрийн пиво дахиж авсан. Пивоо ууж дуусаагүй байх үед Эрдэнэсувд эгчийн нөхөр Энхтайван ирээд Эрдэнэсувд эгчтэй хэрэлдээд байхаар нь та одоо гэртээ харьж амар, согтуу хэл амаа олохгүй гэж хэлэхэд миний өөдөөс уурлаад та нар эгчийгээ дандаа ингэж өмөөрдөг гэхээр нь би Энхтайван ахыг баруун талын шанаад тус газар нь нэг удаа цохисон” гэсэн мэдүүлгийн үндэслэн уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч А.Мөнхнасангийн буруутай үйлдэл нөлөөлжээ гэж шүүх дүгнэв.
Хохирогч А.Мөнхнасан нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 88 тал/ гэсэн  байх тул шүүх шүүгдэгч Л.Энхтайваныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тус тус харгалзав.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Лувсан-Ёндонгийн Энхтайваныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхтайваныг 3 /гурав/ жил,  4 /дөрөв/ сар, 01 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Энхтайванд оногдуулсан 3 жил, 4 сар, 01 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Л.Энхтайван нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй бөгөөд энэ хэрэгт битүүмлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүйг тус тус дурьдсугай.
5. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Энхтайванд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.


 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА
                                  ШҮҮГЧ             Д.ГАНЗОРИГ
                                        Л.УЯНГА