Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 126

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан,

Хэлмэрч А.Еркегүл,

Улсын яллагч Х.Өрен,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен,

Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Нд холбогдох 1913000650066 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдөр БаянӨлгий аймгийн Алтай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, эхнэрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Хын

Н, регистрийн дугаар 0,

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Х.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ггийн малыг итгэмжлэн хариуцан хариулж яваад 8 тооны бог малыг бусдад өгөх өр төлбөртөө өгч, хувьдаа завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Х.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ггийн малыг итгэмжлэн хариуцан хариулж яваад 8 тооны бог малыг бусдад өгөх өр төлбөртөө өгч, хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

  1. Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Манайх Алтайсумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар молда” гэх газарт өвөлждөг юм. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хотонд байсан бог малаа тоолоход 8 тооны ямаа, 1 тооны хонь нийт 9 тооны бог мал дутсан юм. Би алга болсон бог малыг 5 өдөр ойр орчмын айлуудаас хайгаад олоогүй. Тэгээд сумын цагдаад тэмдэглүүлсэн. Миний алдсан 9 тооны бог малын 7 эм ямаа, 1 сэрх, 1 хонь нийт 9 тооны мал байсан ба зүүн чихэнд догол имтэй, баруун чихний урд талаас нь сэтэрхий имтэй, тамгагүй юм. Би малаа алдахаас өмнө надад ажил гараад манай багт ойрхон өвөлждөг Х гэдэг айлын хонь малтай нэг өдөр малаа нийлүүлж Хын хүүхдээр хариулуулсан юм. Тэгэхэд миний малыг Хын хүүхэд хариулж байгаад бусдад зарсан гэж бодож байна. Иймд хулгайд алдсан 9 тооны бог малыг буруутай этгээдээс хохирлыг минь бардуулан өгч, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...Х.Н надаас уучлалт гуйж, миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Цаашид миний бие Х.Нгаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
  2. Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Миний бие тус суманд10 жил гаруй ченж хийж байгаа. Энэ жилийн хувьд ч гэсэн мал махийн бүтээгдэхүүн цуглуулсан. Надаас Х.Н гэдэг залуу 2018 оны 9,10 дугаар сард байх өдрийг сайн санахгүй байна 150.000 төгрөг зээлж авсан. Оронд нь ямаа мал өгнө гэж авсан юм. Би цуглуулсан малыг авсан айлуудын өөрт нь хадгалж байгаад 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр нэг газарт цуглуулсан. Тэр үед Х.Нд тааралдаж зээлдсэн мөнгөө шаардсан юм. Х.Н надад удахгүй танд ямаа мал өгнө гэсэн. Тэгээд Х.Н 11 дүгээр сарын 22-ны өдөр над руу утсаар ярьж “Та хаана байна. Би хөдөө мал хариулж байна. Танд өгөх ёстой ямаа малыг чинь өгье” гэж надыг дуудсан. Тухайн үед би Алтай сумын 2 дугаар багт мал, мах цуглуулж байсан болохоор Х.Нд “Би танай газарт ойрхон явж байна. Удахгүй цагийн дараа очно” гэж хэлээд өдрийн 13 цагийн үед Х.Нгийн мал хариулж байсан газарт өөрийн Уаз-469 маркийн машинаар очиж Х.Н надад өөрийн ямаа мал гэж малын сүргээс 8 тооны /эм/ ямаа мал барьж өгсөн нь үнэн. Би Х.Нгаас авах ёстой буюу зээлсэн 150.000 төгрөгийг хасаж үлдсэн 100.000 төгрөгөө гэрээс очиж авсан юм. Би Х.Нгаас 1 тооны ямаа малыг 30.000 төгрөгөөр үнэлж авсан. Х.Нгаас авсан 8 тооны ямааг гарал үүслийн гэрчилгээтэй авсан юм. Би Х.Нд тодорхой хэлсэн. Чиний энэхүү надад өгч байгаа өөрийн мал биз дээ дараа нь ямар нэгэн асуудал байхгүй юу гэж тодорхой асуусан. Тэгэхэд Х.Н нь надад асуудал байхгүй. Миний өөрийн ямаа мал гэж надад зарсан нь үнэн. Би Х.Нгаас авах ёстой өр төлбөрөө бүгдийг авсан ба Х.Н надад ямар нэгэн өр төлбөргүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас/,
  3. Гэрч Т.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би ах дүү дөрвүүлээ баамьдралдаа хулгай хийж зөрчил гаргаж үзээгүй хүмүүс юм. Анх удаа миний төрсөн хүү болох Х.Н энэхүү малын хулгайн хэрэгт холбогдсон гэж цагдаагийн байгууллагаас сонсож мэдсэн. Би хүү Х.Нгийн хулгайн хэрэгт яаж яваад холбогдсон талаар надад болон манай гэр бүлийн зүгээс мэдэх зүйл байхгүй байна. Магадгүй хүүхэд зан гаргаж энэхүү хэрэгт холбогдсон гэж бодож байна. Х.Н бага боловсролтой, хуулийн ямар нэгэн мэдлэггүйгээс болж энэхүү малын хулгайн хэрэгт холбогдсон гэж бодож байна. Дараа нь Х.Нгийн өөрөөс нь асууж тодруулахад хүнээс мөнгө зээлдэж авсан. Тэр зээлдэж авсан мөнгийг танаас авах гэсэн боловч айж асуугаагүй гэж надад Х.Н хэлсэн. Тэгээд энэхүү хэргийг үйлдсэн. Хүнээс мөнгө зээлдэж авахдаа оронд нь ямаа мал өгнө гэж авсан гэж надад хэлсэн юм. Энэхүү хэрэгт гарсан бүх хохирлыг хохирогч Б.Гд бүрэн барагдуулж өгсөн. Х.Н миний ганц залуу хүүхэд бид нэг гэрт хамт амьдардаг учраас хохиролгүй болгосон юм. Иймд хүү Х.Нн энэхүү хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
  4. Шүүгдэгч Х.Нн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааныхэлэлцүүлэгт өгсөн: “...Манайх Алтай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хар толгой гэх газарт өвөлждөг. 2018 оны 10 дугаар сард шинээр гэр бүл болсон. Одоо аав, ээж, эхнэрийн хамт хөдөө мал маллаж нэг гэрт хамт амьдарч байгаа юм. Шинээр гэр бүл болохоос өмнө надад санхүүгийн асуудал гараад Б гэдэг ченж хийдэг ахаас аав, ээждээ хэлэхгүйгээр 2018 оны 09 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна 150000 төгрөг зээл авч оронд нь ямаа мал өгнө гэж авсан юм. Тэр зээлээр авсан мөнгийг Бд өгөх цаг болсон байсан ба Б 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр надтай таараад зээлдэж авсан мөнгө төгрөгийг хурдан өгөөч гэсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай багт ойрхон өвөлждөг Б.Ггийн малыг өөрийн малтай нийлүүлж авч хариулсан. Тэр Б.Г надад гуйж нэг өдөр малаа хариулж өгөөч гэж хэлсэн байсан. Тэгээд Б ахтай утсаар ярьж би хөдөө хонь мал хариулж явна та ирж малаа аваарай гэж хэлж дуудсан. Тэгээд Б нь би хөдөө 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хонь малаа “Шар молда” гэдэг нэртэй газарт мал хариулж явсан тэр газарт өөрийн Уаз-469 маркийн машинаар ирсэн. Тэр “Шар молда” гэх газраас ченж С.Бд хохирогч

Б.Ггийн 8 тооны ямааг хулгайлж, зарж борлуулсан маань үнэн. Дараа нь хохирогч Б.Г тухайн үед миний малыг чи эзэн болж хариулж байсан ба 1 тооны /эм / хонь мал байхгүй байна. Тэрийг бас чи авсан гэж надад хохирогч Б.Г хэлж 1 тооны хонины үнийг төлүүлж авсан. Би нэгэнт хүний малыг хууль бусаар авч, бусдад хохирол учруулсан болохоор хулгайлж авсан 8 тооны ямаан дээр 1 тооны хонь малыг нэмж төлж өгсөн. Тэгээд өөрийн мал гэж хэлээд 8 тооны /эм/ ямаа малыг худалдаж урьд өмнө зээлдэж авсан 150000 мянган төгрөгийг хасаж, 100000 мянган төгрөгийг дараа нь авъя гэж хэлсэн. Надаас Б нь 1 тооны ямааг 30000 мянган төгрөгөөр тооцож авсан юм. Тэгээд 2 сарын дараа цагдаад баригдсан болно. Иймд хүний малыг санаатай бусдад зарж борлуулсан үйлдэлдээ маш их харамсаж байна. Хийсэн хэрэгт гэмшиж, буруугаа хүлээж байна. ...Тэр өдөр Б.Г надад бог малаа хариуцуулж үлдээсэн бөгөөд би өөрийн малтайгаа нийлүүлж хамт хариулж байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна.“ гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 123 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Нн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Х.Нн үйлдэл Б.Ггийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр итгэмжлэн хариуцуулж өгсөн бог малыг хариулж байхдаа бусдаас авсан өр төлбөртөө уг малаас 8 тооны ямаа өгсөн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Х.Нг дээрх гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гд учирсан хохирлыг шүүгдэгч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байнай. Энэ нь хохирогч Б.Г, гэрч Т.Х, шүүгдэгч Х.Н нарын мэдүүлгээр тогтоогдож байт тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан гэт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ш.Н урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 47 дугаар хуудас/ тогтоогдож байна.

 Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах боломжтой гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Х.Нн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Мөн шүүгдэгч Х.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн хохирогч Б.Гд төлөх төлбөргүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Х.Н нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Х.Нг тэнссэн 2 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Х.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БаянӨлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Хын Нг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамланшүүгдэгч Х.Нг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Х.Н нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснааршүүгдэгч Х.Нг тэнссэн 2 жилийн хугацаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөхтөлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Х.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргахэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэнтохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         П.ДОРЖБАЛ