Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 314

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, ******* /РД:*******/

Хариуцагч: *******,*******од бүртгэлтэй,  *******,*******од оршин суух,  /РД:/-т холбогдуулан

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гарсан эмчилгээний зардал 213.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэл, өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Д.Энхзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд Н.Лхагвадэмбэрэл, өмгөөлөгч Б.Золзаяа нар тайлбарлахдаа: Би Д.Энхзоригтой 2009 онд танилцаж, 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Энхжаргалыг төрүүлсэн. Д.Энхзориг 2012 оны 9 дүгээр сараас хойш байнга архи ууж, хэрүүл маргаан үүсгэх болсон. Үүнээс болоод 2014 оноос эхлэн тусдаа амьдарсан. Би түүнийг охиноо бодоод архинаас гараад хүрээд ирэх болов уу гэж бодсон. Гэтэл 20 хоногийн дараа эгч нь танилцуулсан гээд өөр хүнтэй хамтран амьдрах болсон байсан.

Д.Энхзориг 5 сарын дараа яриад нөгөө хүүхэнтэйгээ таарч тохирохгүй байна гэхээр нь би уучилж буцаад нийлээд удалгүй жирэмсэн болсон. Энэ талаар Д.Энхзоригт хэлэхэд авахуул гэсэн. Би гаргана гэж байгаад хүү Э.Энхтүвшинг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрүүлсэн.

Гэтэл Д.Энхзориг хамт амьдарч байсан хүүхнээсээ салаагүй хоёр хүүхэдтэй болсон байсан. Одоо Д.Энхзориг тэр хүүхэнтэйгээ хамт амьдарч байгаа ч би өөрийн хүүхдүүдээ эцэг Д.Энхзоригтой хамт байлгах зорилгоор 1 сар хамт амьдарсан боловч яваад өгсөн.

Иймд цаашид хамт амьдрах хүсэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж,  охин Э.Энхжаргал, хүү Э.Энхтүвшин нарыг өөрийн асрамжид байлгаж, эцэг Д.Энхзоригоор тэжээн тэтгүүлмээр байна. Бид гэр бүл болсоноос хойш өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байгаагүй тул эд хөрөнгийн маргаан байхгүй.

Мөн охин Э.Энхжаргал халуун тогоонд түлэгдэж, маш их сорвитой байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Энэ хугацаанд Д.Энхзориг охиноо харж хандаж, тусалж дэмжиж байгаагүй тул гарсан эмчилгээний зардал 213.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Энхзориг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2009 онд танилцаж, 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Энхжаргал, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э.Энхтүвшин нар төрсөн. Миний хүүхэд мөн эсэхэд маргах зүйлгүй. Бид 2014 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Би түүнээс уучлалт гуйсан боловч хамт амьдрахгүй гэсэн. Намайг архи их уугаад байхаар эгч нэг эмэгтэйтэй танилцуулсан. Бид хамт амьдраад 2 хүүхэдтэй болсон ч таарч тохирохгүй байсан. Ингээд Н.Лхагвадэмбэрэлтэй буцаж нийлсэн. Гэвч Н.Лхагвадэмбэрэл байнга хардаж хэрүүл хийх болсон тул тусдаа амьдарсан. Одоо хамт амьдрах хүсэлгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Мөн охин Э.Энхжаргалын эмчилгээний зардал 213.000 төгрөгийг өгнө гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэл хариуцагч Д.Энхзоригоос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гарсан эмчилгээний зардал 213.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Д.Энхзориг нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэл гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэл, хариуцагч Д.Энхзориг нар 2009 онд танилцаж, 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Энхжаргал, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э.Энхтүвшин нар төрсөн байх ба хүүхдүүд одоо эх Н.Лхагвадэмбэрэлийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн №0169726 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн 0000935152-3852, 6201000268 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Баянбигэр” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/

Нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэл гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Д.Энхзориг архи их уудаг байсан ...2014 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна ... мөн тэрээр хамтран амьдрагчтай болсон...” гэж тайлбарласан, хариуцагч Д.Энхзориг “...намайг байнга хардаж, хэрүүл маргаан үүсгэдэг байсан... Би 2014 онд Ж.Нарантуяатай танилцаж хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон...Би Н.Лхагвадэмбэрэлийг гэх хайр сэтгэлгүй болсон...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тайлбар зэргээс үзвэл, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хариуцагч Д.Энхзориг өөр хүнтэй хамтын амьдралтай болж, хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдож байна.

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэл, хариуцагч Д.Энхзориг нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Н.Лхагвадэмбэрэл үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Д.Энхзоригоос илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан, насны байдал зэргийг харгалзан 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Энхжаргал, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Энхтүвшин нарыг эх Н.Лхагвадэмбэрэлийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.Энхзориг бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй. 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Энхзоригоос сар бүр тэтгэлэг гаргуулж охин Э.Энхжаргал, хүү Э.Энхтүвшин нарыг тэжээн тэтгүүлэв.

Харин хариуцагч Д.Энхзориг цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэл охин Э.Энхжаргал, хүү Э.Энхтүвшин нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Д.Энхзориг зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Мөн зохигчид дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн ба хариуцагч Д.Энхзориг хүүхдийн эмчилгээнд гарсан зардал 213.000 төгрөгийг төлнө гэснийг дурдав.

Нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Энхзоригоос 133.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэлд олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Энхжаргал, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Энхтүвшин нарыг эх Н.Лхагвадэмбэрэлийн асрамжид байлгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Энхжаргал, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Энхтүвшин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар охин Э.Энхжаргал, хүү Э.Энхтүвшин нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Энхзоригоос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Д.Энхзориг цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч Д.Энхзориг хүүхдийн эмчилгээнд гарсан зардал 213.000 /хоёр зуун арван гурван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэлд төлөхөөр зөвшөөрсөнийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.600 /нэг зуун гучин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Энхзоригоос 133.600 /нэг зуун гучин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Лхагвадэмбэрэлд олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                            З.ТҮВШИНТӨГС