Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 295

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо өөрийн байранд байрлах “*******” шашны байгууллага /РД:*******/-ын

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо ******* ******* тоотод оршин суух, ******* Төгс-Эрдэнийн ******* /РД:/-т холбогдох 

Хөдөлмөрийн харилцааг цуцалснаас учирсан хохирол 4.926.250 төгрөг, онгоцны билетний зардалд 3.222.000 төгрөг, нотариатын зардалд 15.500 төгрөг нийт 8.163.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” шашны байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай хийд 1990 онд ******* дүүрэгт анх байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 20 гаран жил сүсэгтэн олондоо зориулан олон төрлийн буян номын үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар ирсэн төдийгүй дэргэдээ "Чандмань-эрдэнэ" дунд сургууль ажиллуулж 500 гаран хүүхдэд Ерөнхий боловсролын болон шашны эрдэм ном зааж сургасан. Энэ хугацаанд өөрийн сурагчдыг шашны ном, эрдэмд гүнзгийрүүлэн сургах зорилгоор Энэтхэг улсын Гоман дацантай 2013 онд “Шавь сургах гэрээ” байгуулан төгсөгч нараа Гүн ухаан, балин урлалын сургалтанд явуулсаар ирсэн. Одоо ч 30 гаран хүүхэд гадаадын олон оронд суралцаж байна. Үүнээс төгсөгч Төгс-Эрдэнийн *******ыг сургахаар 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Гоман дацантай Шавь сургах гэрээ байгуулсан ба 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр түүний сургалтын төлбөр болох 167.500 рупитэй тэнцэх хэмжээний 2.500 ам долларыг төлсөн. Тухайн үед Монгол банкны ханшаар нэг ам доллар 1.970.5 төгрөг байсан. Ингээд суралцаж байхад нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр хийд болон “Чандмань-Эрдэнэ” шашны сургуулийн захиргаа Т.*******тай “Гадаадад сурагч суралцуулах гэрээ" байгуулж, сурагч нь 2 хийдийн болон сургуулийн дотоод дүрэм журмыг сахин хичээнгүй сайн суралцах, ноцтой зөрчил гаргавал суралцах эрхийг нь түдгэлзүүлэх, суралцаж ирээд *******эд тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд хэрэв тус хийдийн дэмжлэгтэйгээр суралцаж ирээд тогтвортой ажиллахгүй бол суралцах хугацаанд зарцуулсан зардал төлбөрийг төлж барагдуулах зэрэг үүрэг хүлээсэн. Гэвч очих болон буцах зардалгүй, эцэг эх нь боломжгүй гээд тусламж гуйхаар нь хийдээс түүнийг сургалтанд явуулах 2 талын зардлыг нь дааж байсан. Тодруулбал: тухайн үед байсан хамгийн үнэтэй суудлын билетийг 2017 оны ******* сарын 15-ны өдөр 3.222.000 төгрөгөөр худалдан авч өгсөн баримт байгаа. Гэвч лам Т.******* нь 2018 оны ******* сарын эхээр буюу Сар шинийн хурлын үеэр цалингаа урьдчилж авчихаад ажлаа хаяж явсан бөгөөд одоо өөр хийдэд шавилан сууж байгаа сураг гарлаа. Иймд өөрийнх нь мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн төлөө хүч хөдөлмөр, санхүүжилт гаргаж өгсөн өөрийн хийдэд ажиллахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлаа хаяж явсан тул Төгс-Эрдэнийн *******аас сургалтын төалбөрийн 2.500 ам долларыг буюу тухайн үеийн ханшаар 1 ам долларыг 1.970.5 төгрөгөөр тооцно/ 4.926.250 төгрөг, буцаж ирэх зардалд зарцуулсан 3.222,000 тегрөг, нотариадын зардалд төлсөн 15.500 төгрөг нийт 8.163.750 төгрөгийг гаргуулж, хийдийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нэргүй хамба руу ярихад өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрч байна. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. “*******” шашны байгууллага нь хажуудаа Чандмань-Эрдэнэ дунд сургуулийг ажиллуулдаг. Энэ сургуульд Т.******* сурч байсан. ******* нь Энэтхэг улсын Гоман дацантай шавь суралцуулах гэрээ байгуулж 2014 онд Т.******* суралцахаар явсан. 2016 оны 4 сард гадаадад суралцуулах гэрээг байгуулж, явуулахдаа 2.500 ам долларыг *******ээс Гоман дацанд сургалтын зардал гэж өгсөн. Дараа нь Т.******* эрүүл мэндийн шалтгаанаас болоод 5 жил сурах ёстой байсан боловч 2017 оны 2 сард эргэж ирсэн. Ирэх болоход түүний төрсөн ээж нь хамба С.Нэргүй дээр ирж өргөдөл гарган гуйсны дагуу *******ийн зүгээс Т.*******ын онгоцны зардалд 3.222.000 төгрөг гаргасан. Ирснээсээ хойш хийдэд ажиллаж байгаад цагаан сарын өмнөхөн 15 хоног тасралтгүй хурал хурдаг өдрүүдэд ажлаа таслаад ирээгүй. Тэгээд ажилдаа ирсэнгүй гэж загнасан тэрнээс биш өдөр болгон загнаад байдаг зүйл байхгүй. Гэтэл загнасан хэмээн ажилдаа ирэхээ больсон байдаг. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд Т.*******тай байгуулсан гэрээ байдаг. Энэхүү гэрээнд сарын 240.000 төгрөгийн цалинтай ажиллуулна гэж заасан. Гэхдээ засал ном хийлгүүлээд иргэдээс өгсөн хандив мөнгийг лам нар өөрсдөө авдаг. Үүнээс гадна гадаадад хүүхдүүдийг сургахдаа ар талыг нь хариуцуулах үүднээс ******* болон Чандмань-эрдэнэ дунд сургууль нар хоорондоо гэрээ байгуулсан байдаг. Т.*******ын сургалтын зардалд зориулан *******ээс Гоман дацанд 2.500 доллар шилжүүлсэн гэх баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Ингээд сургалтын зардал 2.500 ам доллар, онгоцны зардал 3.222.000 төгрөг, нотариатын зардал 15.500 төгрөг, нийт 8.163.750 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шавь суралцуулах гэрээний 4.7-д суралцагчдын суралцах хугацаанд сургалт болон байр хоолны зардлын тодорхой хувийг *******ээс бүрдүүлэх үүрэгтэйг заасан. Тус гэрээний 4.8-д суралцагчдыг ажлын байраар хангах үүргийг ******* хүлээсэн байдаг. Суралцах хугацаандаа суралцагчид сахилга батын зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцалж төлбөр тооцоог буцаан олгохгүй гэсэн зүйл гэрээн дээр байдаг. Мөн тус гэрээний 7.2-т суралцагч нарын хооронд маргаан үүсвэл ******* дангаараа шийдвэрлэнэ гэсэн заалт байдаг. Хамба С.Нэргүйгийн зүгээс хариуцагчийг хийддээ эргэж тогтвор суурьшилтай ажиллана гэвэл нэхэмжлээд байгаа мөнгийг авахгүйгээр эвлэрч болно. Эсхүл төлбөрийг бууруулж эвлэрэх боломжтой байгаа. Мөн хэрэгт Т.*******ын нэр дээр мөнгө хүлээж авсан гэсэн Гоман дацангийн орчуулгатай гэрээг ирүүлсэн. 2.500 ам долларын санхүүгийн баримтаас харахад  хамба лам С.Нэргүй Гоман дацанд өөрийн биеэр 2015 оны 4 сард Энэтхэгийн Гоман дацанд очиж тушаасан. Т.*******тай 2017 оны 2 сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Иймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.******* нь Энэтхэгийн Гоман дацанд 3 жил 3 сар суралцсан. “*******” шашны байгууллагын Гоман дацантай байгуулсан гэрээ нь ямар нэгэн төлбөргүйгээр шавь суралцуулах гэрээ байсан. Гоман дацангаас мэйл ирүүлсэн байдаг. Үүнд Гоман дацан шашны байгууллага нь суралцагчдыг үнэ төлбөргүй сургадаг гэсэн албан бичгийг ирүүлсэн. Гэтэл 2.500 ам долларыг Т.Уламбаяр, Т.*******, Г.Адъяабазар нараас нэхэмжилдэг. 2.500 ам долларыг яг юунд зарцуулсан талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэтхэгт суралцаж байгаа нийт хүүхдүүдэд 2.500 ам долларыг зарцуулсан эсвэл зөвхөн Т.Уламбаяр, Т.*******, Г.Адъяабазар нарт зарцуулсан эсэх нь тодорхойгүй байдаг. Тиймээс 2.500 ам долларыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2.500 ам долларыг яг юунд зарцуулсан талаар нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Т.******* 2500 ам долларыг төлөхөд байлцаагүй. “*******” шашны байгуулагын хийдэд Т.******* 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 11 сар хүртэл ажилласан гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” шашны байгууллага хариуцагч Т.*******аас хөдөлмөрийн харилцааг цуцалснаас учирсан хохирол 4.926.250 төгрөг, онгоцны билетний зардалд 3.222.000 төгрөг, нотариатын зардалд 15.500 төгрөг нийт 8.163.750 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. нь нэхэмжлэгч “*******” шашны байгууллагын Хамба С.Нэргүйгийн зүгээс хариуцагчийг хийддээ эргэж тогтвор суурьшилтай ажиллана гэвэл нэхэмжлээд байгаа мөнгийг авахгүйгээр, эсхүл төлбөрийг бууруулж эвлэрэх боломжтой гэх санал гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй бөгөөд эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаас онгоцны билетний зардалд шаардсан 3.222.000 төгрөгийг төлнө, үлдэх 4.941.750 төгрөгийг төлөхгүй, зөвшөөрөхгүй гэж маргана.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Т.*******ыг үргэлжлүүлэн хийдэд суух боломжгүй тухай тайлбар гаргаж байх ба энэ тухайгаа Т.******* Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогч “*******” шашны байгууллагад өгснөөс хойш 30 хоногийн дараа ажлын байраа орхих эрх үүсэхээр байхад шууд хаяж явсан буруутай бөгөөд ажил олгогч “*******” шашны байгууллага Т.*******ыг ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн харилцааг гэрээний 4.5.4.-т зааснаар хүндэтгэх шалтгаангүйгээр 4-өөс дээш хоног ажилдаа ирээгүй үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “гэрээнд заасан үүргээ   зөрчсөн тохиолдолд тухайн ажилтантай холбоотой дэмжлэг үзүүлж гаргасан зардал 8.000.000 төгрөгийг хийдэд нөхөн төлүүлнэ” гэж заасан. Гэтэл уг 8.000.000 төгрөгт ямар зардал хамаарч байгаа нь тодорхойгүй, гэрээний зорилго, зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл, тайлбар зэргээс дүгнэвэл, ажил олгогч “*******” шашны байгууллага нь өөрийн харьяа шашны бүрэн дунд сургуулийн зүгээс ерөнхий эрдмийн боловсролыг, хийдийн зүгээс шашны боловсролыг олгож, олон жил сургаж бэлтгэсэн ажилтнаа 3 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготой байх ба гэрээний талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө гаргасан зардлын талаар тохиролцсон байх тул 8.000.000 төгрөгийн зардалд нэхэмжлэгчийн шаардаж байгаа хариуцагч Т.*******ын сургалтын зардалд төлсөн төлбөр хамаарч байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь Т.*******ын сургалтын зардалд төлсөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч уг шаардлагаа нотолж ирүүлсэн  “Бэст бичээч” баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулсан төлбөрийн баримт, “*******” шашны байгууллагын 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, “*******” шашны байгууллагын 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн мөнгө хүссэн өргөдөл зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, огноо дугаар засвартай, Т.*******тай мөнгө хүлээлцснийг, эсхүл Т.*******ын сургалтын төлбөрийг төлсөн үйл баримтыг эргэлзээгүй нотолж чадахгүй байна.

Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд болох Т.******* 2016 оны  4 дүгээр сарын 04-ний өдөр “Чандмань Эрдэнэ” шашны сургууль болон “*******” шашны байгууллагатай гадаадад сурагч суралцуулах тухай гэрээг байгуулж, уг гэрээнд Т.*******ыг хийддээ тогтвор суурьшилтай ажиллаагүй бол сургалтын нөхөн төлбөрт 5.000.000 төгрөгийг нөхөн төлнө гэж заасан нь нэхэмжлэлийн шаардлагыг шууд нотлох баримт болохгүй юм.  

Мөн нэхэмжлэгчийн Т.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2017 оны 0******* сарын 03-ны өдөр байгуулагдсан байх ба Голомт банкны 2017 оны 0******* сарын 15-ны өдөр Т.*******ын нэр дээр билетний мөнгө шилжүүлсэн орлогын мэдүүлэгээс үзэхэд 2017 оны 0******* сарын 15-ны өдөр Т.******* Энэтхэг улсад байсан байхад 2017 оны 0******* сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээ хуулийн дагуу байгуулагдсан эсэх нь тодорхой бус, бодит байдалтай зөрчилдөж, үнэн зөв баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас билетний зардалд шаардсан 3.222.000 төгрөгийг зөвшөөрч байх тул 3.222.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хөдөлмөрийн харилцааг цуцалснаас учирсан хохирол 4.926.250 төгрөг, нотариатын зардалд шаардсан 15.500 төгрөг нийт 4.941.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “*******” шашны байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.570 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.*******аас 66.502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” шашны байгууллагад олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч “*******” шашны байгууллагын хамба С.Нэргүй өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн гэх тайлбарыг гаргасан тул “*******” шашны байгууллагын хамба С.Нэргүйг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3., 369 дүгээр зүйлийн 369.1., 369.3.-т заасныг баримтлан хариуцагч ******* Төгс-Эрдэнийн *******аас билетний зардал 3.222.000 /гурван сая хоёр зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” шашны байгууллагад олгож, хөдөлмөрийн харилцааг цуцалснаас учирсан хохирол 4.926.250 /дөрвөн сая есөн зуун хорин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг, нотариатын зардалд шаардсан 15.500 /арван таван мянга таван зуу/ төгрөг нийт 4.941.750 /дөрвөн сая есөн зуун дөчин нэг мянга долоон зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.570 /нэг зуун дөчин таван мянга таван зуун дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 66.502 /жаран зургаан мянга таван зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” шашны байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Шүүх хуралдаанд оролцоогүй зохигч болох С.Нэргүйд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5.-д заасны дагуу гардуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигчид шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                ДАРГАЛАГЧ                                       Н.БАЯРСҮРЭН