Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 676

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч Ц.Мөнхтуяа,  

          хохирогч Б.Ц,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЗ/1566 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ж.Бад холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж.Б, 1971 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ........................тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн гэх, /РД:................../;

 

Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13 дугаар гудамжны 201б тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Цэрэнпагмыг айлган сүрдүүлж харгис хэрцгий харьцсан, хэл амаар доромжлон догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан байдлыг гүйцэд тогтоогоогүй байна.

Прокуророос “Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлгийн 13 дугаар гудамжны 201б тоотод оршин суух гэртээ өөрийн эхнэр Б.Цэрэнпагмыг айлган сүрдүүлж хэл амаар доромжлон гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр хэргийг ирүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ж.Бад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсанаас хойш тэрээр олон удаа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Цэрэнпагмыг удаа дараа хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж зөрчин, яллагдагчид шүүгчийн захирамжаар 2 удаа зөрчлийн шийтгэл оногдуулсан байна.

Гэвч яллах дүгнэлтэд тусгасан Ж.Бын 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэртээ өөрийн эхнэр Б.Цэрэнпагмыг айлган сүрдүүлж хэл амаар доромжилсон гэх нэг удаагийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж үзэхгүй тул яллагдагч чухам ямар үйлдлүүдээр гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн эсэхийг шалган тогтоох зайлшгүй шаардлагатай юм.

Мөн Ж.Бын уг үйлдлүүд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжтэй эсэхэд анхаарвал зохино.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хохирогч Б.Ц “...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу цагаан сарын шинийн 3-ны өдөр би охинтойгоо хамт айлд очиж золголт хийчихээд гэртээ ирэхэд манай нөхөр Ж.Б архи уучихсан нилээн согтуу хашаан дотроо нохойгоо зодоод орилж хашгираад явж байхаар нь гэртээ оруулахад намайг янхан банзал хаагуур яваад ирэв гээд агсам тавиад хэл амаар доромжлоод байхаар нь би аргаа бараад цагдаад дуудлага өгсөн. Би өмнө нь Ж.Быг агсам тавиад байхаар нь зөндөө олон удаа цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэхэд хонуулж, баривчилгаа болон архины эмчилгээнд удаа дараа явуулж байсан...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Баянзүрх дүүргийн шүүхээр орж 1 жилийн тэнсэн харгалзах ял авсан. Одоо тэнсэнгийнх нь хугацаа дуусаагүй байгаа...”

“...Би цагдаад 22 удаа дуудлага өгч байсан. Үүнээс 10 гаруйд нь эрүүлжүүлж, баривчилгаанд 2-3 удаа явж байсан... Ийм үйлдэл удаа дараа гарч байсан, хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Амгаасэдийн: “...Би Ж.Быг сайн мэднэ. Ж.Б нь байнга архи ууж ар гэртээ /эхнэр Б.Цдаа/ агсам тавьдаг хүн байгаа юм. . .Ж.Быг архаг архичдын судалгаа, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд авч бүртгэсэн байгаа...” гэх мэдүүлэг.

“Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт, ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1526 дугаартай шийдвэр,

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 345 дугаартай шийтгэвэр, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийтгэвэр, Цагдаагийн асап сан буюу Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжтэй нь нотлогдож байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1499 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

 

Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч Ц.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Бын үйлдэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй. Иймд хэргийг дахин мөрдөн байцаалтанд прокурорт буцааж өгнө үү. Шүүгдэгч Ж.Б нь хорих 461 дүгээр ангид 2019 оны 5 дугаар сарын 8-наас өнөөдрийг хүртэл саатуулагдаж байна. Нийт 56 хоног хоригдож байгаа бөгөөд биеийн байдал хүнд байгаа. Шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргуулж өгнө үү. Эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

 

Хохирогч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь шүүгдэгч Ж.Бтай 25 жил амьдарч байна. Шүүгдэгч Ж.Б нь согтуу орж ирээд намайг хэл амаар доромжилдог байсан болохоос зодож гар хүрдэггүй байсан. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна, эсэргүүцэл үндэслэлгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн материалыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ж.Бад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсанаас хойш Ж.Б нь олон удаа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Цэрэнпагмыг удаа дараа хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомж зөрчжээ.

 

Яллагдагчид шүүгчийн захирамжаар 2 удаа зөрчлийн шийтгэл оногдуулсан байх бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан Ж.Бын 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэртээ өөрийн эхнэр Б.Цэрэнпагмыг айлган сүрдүүлж хэл амаар доромжилсон гэх нэг удаагийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж үзэхгүй тул энэ талаар зайлшгүй тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтоох, Ж.Бад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

Мөн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаанаас гадна шүүгдэгч Ж.Бын өмнө шийтгүүлсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь хэрэгт хавсаргах, Ж.Бын хувьд урьд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж байсан эсэхэд зохих дүгнэлтийг хийсний үндсэн дээр яллах дүгнэлт үлдэж шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЗ/1566 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очтол Ж.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ -ЭРДЭНЭ